| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
2024 оны 12 сарын 16 өдөр Дугаар 2024/ШЦТ/166 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч А.*******
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *******-д оператор ажилтай, *******, *******, *******, *******, ******* оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
-Нийслэлийн шатны шүүхийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр СU сүлжээ дэлгүүрийн гадна тухайн үед үүссэн маргааны улмаас А.*******тай маргалдан улмаар нүүрэн тус газарт ундааны сав шидэж түүний биед зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын салст, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний баруун хажуу хэсэг, урд доод хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: …Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг,
Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2024 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчмын үед CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байгаад манай дүү гаднаас гүйж орж ирээд гурван залуу намайг зодох гээд байна гээд орж ирсэн. Тэгээд би гараад залуучууд юу болоод байна гэсэн чинь үгийн зөрүүгүй энэ залуу хүрч ирээд над руу дайрч ууж байсан устай саваа над руу шидсэн. Тэгээд миний зүүн нүдэнд оносон. Үүнээс болж миний зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрч хугарсан.
Би одоо эмчилгээний зардалд нотлох баримтаар 3850000 төгрөгийн зардал гарсан. Тухайн үед мэс засалд орж нүдний ухархайн хагалгаанд орж хугарч цөмөрсөн ясыг авч хиймэл яс буюу инплант суулгуулсан. Бусад хугарч цөмөрсөн ясыг солиход эрсдэл их байна гээд хагалгаа хийхээс эмч татгалзсан. Би хувийн эмнэлгээр явж үзсэн боловч маш их өндөр төлбөртэй байсан учраас улсын 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон.
Би одоо сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх болно. Би одоо харааныхаа 60 хувийг алдаад байгаа, олон хоног ажилгүй байсан.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1372200 төгрөг,
УБТЗ-аас олгодог 13 дахь сарын цалин үүнийг би авч чадахгүй болоод байгаа учраас 2714000 төгрөг,
Ажилгүй байх хугацаанд зээлээ төлж чадахгүй байдалд орсон учраас ******* зээл авч зээл төлсөн түүний хүү 947000 төгрөг
Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч А.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд *******т уйл ажиллагаа явуулдаг СU сүлжээ дэлгүүрт үйлчлүүлэх гээд орж байсан чинь манай дүү намайг гараад ирээч гээд дуудсан юм. Тэгээд гараад ирсэн чинь үл таних 3 залуу манай дүүг заамдаад зогсож байсан. Тэрнээс өмнө манай дүү ийг таксинд явах уу гээд явахгүй гэсэн чинь манай дүүг алгадсан юм шиг байсан. Тэгээд тэрнээс болж манай дүү намайг орж ирээд дуудсан юм. Тэгээд би юу болсон юм гээд асуусан чинь над руу тэр 3 дайраад чи юу юм гээд Э.******* нь над руу илүү дайраад намайг заамдаад авсан. Тэгээд би цагдаа дуудлаа гэсэн чинь дууд цагдаатай чинь цуг зодно гээд над руу дайраад байсан. Намайг ерөөсөө цагдаа руу залгах сөхөө өгөхгүй дайраад байхаар нь арай гэж салаад байж байсан чинь Э.******* гэх залуу ууж байсан ундаагаа миний зүүн нүд рүү шидчихсэн. Тухайн үед би цохичихлоо гэж бодсон чинь ундаа шидчихсэн байсан. ...Э.******* гэх хүнийг огт танихгүй, өмнө огт уулзаж байгаагүй. ...Би гомдолтой байна. Миний нүдний хагалгаа, ажлаа алдсан хохирол бас бус зардал тооцоод 15000000 төгрөг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/
Гэрч И. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр машинаа гражжид хийх гээд явж байгаад "С1Г дэлгүүрийн гадаа А.******* гэх ахтайгаа таараад СU дэлгүүр орчхоод гарч ирсэн юм. Гарч ирсэн чинь үл таних 3 ах согтуу намайг таксинд яваадах гэхээр нь би явахгүй гэсэн чинь Э.******* гэх залуу нь ирээд намайг цохисон. Тэгэхээр нь дэлгүүр рүү ороод би ахыг дуудчихаад гарч ирээд маргалдаад байж байсан чинь ах гарч ирээд юу болоод байна залуусаа гэсэн чинь манай ах руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах гээд нэг залууг нь очоод хавирч унагаасан. Э.*******, гэх хоёр залуу нь ахтай муудалцаад байхаар нь би салгасан чинь Э.******* гэх залуу нь ууж байсан ундаагаа ахын нүүрэн тус газар шидчихсэн. ...Тухайн үед , гэх хоёр залуу А.******* ахыг цохиж зодсон асуудал байхгүй зүгээр маргалдсан. Харин Э.******* гэх залуу нь ундаагаа нүүрэн тус газар нь шидчихсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч М. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны шөнө найзыгаа гэрт нь хүргэж өгөөд CU-гийн гадаа 2 дүүтэйгээ таараад юм яриад зогсож байхад CU дотроос нэг залуу гарч ирээд яагаад машин налаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь таксинд явах уу гээд асуусан тэгтэл би таксинд явдаг нь би биш ээ гэж хэлсэн. Тэгээд явчих гэж хэлтэл ахыгаа дуудчихсан байсан. Тэгээд маргаад байж байтал Э.******* ууж байсан ундааны саваа тэр А.******* гэх залуу руу шидчихсэн. Тэгтэл нүүрэн тус газар нь оночихсон . Усны сав шидчихсэн өөрөөр бол цохиогүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...А.******* нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ 38674 төгрөгийн зардал мөн нэгдсэн эмнэлэгт 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амбулаторийн үзлэг 19328 төгрөг, мөн нэгдсэн эмнэлэгт 22-ны өдөр амбулаторийн үзлэг оношилгоо 72952 төгрөг, мөн Нэгдсэн эмнэлэгт 24-ний өдөр амбулаторийн үзлэг оношилгоо 72952 төгрөг, Улсын 1 дүгээр төв эмнэлэгт 31-ний өдөр амбулаторийн үзлэг оношилгоо 20000 төгрөг, Улсын 1 дүгээр Төв эмнэлэгт 11 дүгээр сарын 04-ний өдөр амбулаторийн үзлэг оношилгоо 72952 төгрөг мөн нэгдсэн эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр амбулаторийн үзлэг 19328 төгрөг, Улсын 1 дүгээр төв эмнэлэгт 11-ний өдөр мэс засал 1927680 төгрөг Мандал сумын нэгдсэн эмнэлэгт 15-ны өдөр 72952 төгрөг нийт 2336818 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ...Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлдөг. Төлөхдөө утга дээр хохирогчийн регистрийн дугаар нэрийг бичиж хийх ёстой байдаг. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 10 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад найзынхаа өвөөгийн ажил явдал дээр өдөржин байж байгаад орой 22 цагийн орчимд тэндээс гараад CU дэлгүүрийн урд найзуудтайгаа машин дотор 2,4 литрийн сэнгүүр нэртэй пиво гурван савыг хувааж ууцгаасан юм. Тэгээд ууж дуусчхаад машинаасаа буугаад тэнд такси хайж байгаад надтай цуг явж байсан ах нэг танихгүй машин асаалттай зогсож байхаар нь хаалгыг нь татаад ийшээ суучихъя гээд байсан. Тэгсэн чинь CU дэлгүүрээс нэг дүү гарч ирэхээр нь ах тэр дүүг таксинд явах уу гэж асууж байсан. Тэгээд гэнэт тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн.Тэгэхээр нь очоод тэр дүүг зүгээр бай гээд нэг удаа алгадчихсан юм. Тэгсэн чинь тэр дүү бай бай та гурав би ахыгаа дуудна гээд CU дэлгүүр рүү гүйж ороод ахыгаа дуудаж гаргаж ирээд юу хүмүүс вэ яах гэж байгаа юм гэхээр нь бид гурав чи хэн юм гээд согтуу байсан болохоор жоохон томорчихсон юм. Тэр ах төмөр замын галын хувцастай явж байхаар нь болих гээд байж байсан чинь дүү нь манай хоёрыг хавираад унагаасан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд ахыг нь түлхээд ууж байсан ундаагаа нүүрэн тус газар нь шидчихсэн. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 42 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай/хх-ийн 02 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.*******ийн согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 6 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №5632 дугаартай хохирогч А.*******г үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 7 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №228 дугаартай дүгнэлт
1.А.*******гийн биед зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салст, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний баруун хажуу хэсэг, урд доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2.Зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салст, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.*******гаас гаргаж ирүүлсэн хохирлыг баримт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 72-90 дүгээр хуудас/
Хохирогч А.*******гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хувиар, цалингийн цэс, орон сууцны зээлийн гэрээ, цалингийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч Э.*******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрийн үүдэнд хохирогч А.*******гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газар руу ууж байсан устай савыг шийдэж хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын салст, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний баруун хажуу хэсэг, урд доод хэсэгт зулгаралт үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/,гэрч И.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч Э.*******ийн эрүүгийн хэрэгт сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 42 дугаар хуудас/,Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжийн №5632 дугаартай хуудас/хх-ийн 7 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №228 дугаартай дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогч А.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн эмчилгээний зардлын баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаар чиглэсэн идвэхтэй санаатай үйлдлээр илрэх ба шүүгдэгч Э.*******ийн гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч А.*******гийн зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын салст, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний баруун хажуу хэсэг, урд доод хэсэгт зулгаралт үүсгэн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч А.*******гийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж ирүүлсэн 46 ширхэг, 3622000 төгрөгийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа ба шүүгдэгчийн зүгээс эмчилгээний болон бусад зардалд 4000000 төгрөгийг нөхөн төлснийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхээр байна.
Харин шүүхийн шатанд шинээр гаргаж ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хувиар, цалингийн цэс, орон сууцны зээлийн гэрээ, цалингийн зээлийн гэрээ зэрэг 5033200 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын хуульд заасан/нотлох баримтыг эх хувиар эсхүл хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх/ шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.******* нь нотлох баримтын шаардлага хангаж, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Харин шүүгдэгч Э.*******ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч А.*******гийн эрүүл мэнд сэтгэцэд учирсан хор уршгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 1.3-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална”. ...гэж, хавсралтын 2.1 “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”...гэж, 2.1.1-д “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)” ... гэж, 2.2.Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно”. ...гэж тус тус заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралт, Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2 дугаар зэрэглэлээр тооцсоныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, хохирогчийн зүй бус харилцаа зэргийг харгалзан үзэж “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2 дугаар зэрэглэл”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660000₮ х 12.99 = 8573400 төгрөгөөс шүүгдэгч Э.*******өөс хохиролд илүү төлсөн 378000 төгрөгийг хасаж тооцож, шүүгдэгчээс 8195400 төгрөгийг гаргуулж хохирогч А.*******д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2336818 төгрөгийг шүүгдэгч Э.*******өөс гаргуулж, Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
мөнгөн хэлбэрээр хохирол хор уршгийг арилгах зардлыг гаргуулах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Э.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрийн үүдэнд хохирогч А.*******гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газар руу ууж байсан устай савыг шийдэж хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын салст, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний баруун хажуу хэсэг, урд доод хэсэгт зулгаралт үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ийг 720/долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд тус тус зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660000₮ х 12.99 = 8573400 төгрөгөөс 378000 төгрөгийг хасаж тооцож, шүүгдэгчээс 8195400 төгрөгийг гаргуулж,
Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизан 31 тоотод оршин суух, овогт ийн *******//-д олгож,
-хохирогчийн нэхэмжилсэн 5033200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтын шаардлагыг хангаж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлзийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2336818 төгрөгийг шүүгдэгч Э.*******өөс гаргуулж, Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн жижиг шар өнгийн хуванцар савыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлыг хэсэгт даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ