| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0935/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/947 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/947
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас А**т овогт Б**********н Ж************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405********* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Д**********ь аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто зам барилгын инженер, "Иннермост" ХХК-д цахилгаанчин, ам бүл 4, эмээ, өвөө, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн * дүгээр хороо ***-* тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, А**т овогт Б***********н Ж***********н /РД:ЕЕ********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 цаг 27 минутын үед Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден Парк хотхоны *** дугаар байрны *** тоотод Д.Ө-ийг "чанга дуу чимээ гаргалаа" гэх шалтгаанаар уурлаж, цээжин тус газар нь тогооны таг шидэж, хацар, дух хэсэгт нь 2 удаа цохиж, зүүн гарын булчин хэсгийг базаж, газар чирч зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж: “...Тухайн өдөр хөдөөнөөс эхнэрээ аваад ирсэн унтах гэж байхад гаднаас бөөнөөрөө согтуу орж ирээд хашхиралдаад байсан. Эхний удаа хаалгаа онгойлгоод чимээгүй бай маргааш өглөө эрт ажилтай шүү дээ гэж хэлсэн. Гэтэл чимээгүй болохгүй чанга инээлдээд юм унагаагаад байхаар нь би уурлаад өрөөнөөсөө гараад хэлэхэд Ө намайг самардаад агсам тавиад уурлаад байсан. Тэгэхээр нь Ө түлхэж холдуулсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Ө-ийн өгсөн: “...Би Баянгол дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот байрыг найз С, Ү нарын хамтаар түрээсэлдэг байсан юм. Тухайн байр 2 өрөө байр ба нэг өрөөг нь бид 3 түрээсэлдэг нөгөө өрөөг нь С үеэл ах Ж нь эхнэрийн хамтаар түрээсэлдэг байсан юм. 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би найз С, Ү нарын хамтаар гадуур гарч пиво уусан Тэгээд бид 3 шөнө 04 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед хажууд өрөөний ах эгч байсан эсэхийг мэдээгүй гэртээ ороод бид 3 хоорондоо юм ярьсан. Тэгтэл хажуу өрөөнөөс Ж ах дуугүй байгаа ч унтмаар байна гэж хашхирсан. Тэгэхээр нь бид хэд гэртээ байгаа байна гээд хоорондоо яриад унтахаар болоод орондоо орсон. Орондоо орсны дараа хоорондоо шивнэлдэж юм ярьж байтал Ж ах орж ирээд бид 3-г унтмаар байна гээд хараасан. Тэгэхээр нь би өөдөөс нь давраад байгаарай гээд хэрэлдсэн тэгтэл өөдөөс хоолны тогоо авч шидсэн тэгэхээр нь өөдөөс нь босоод иртэл миний зүүн талын хацар болон толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд миний зүүн гарын булчин хэсгээс хүчтэй бариад татсан. Би өвдөг өө яагаад хөхөрсөн гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан унаад ийм болсон яг яаж байгаад унаснаа мэдэхгүй байна. Тухайн үед манай хоёр найз байсан мөн Ж-ы эхнэр байсан. Тэр хэд бид хоёрыг салгасан. Энэ асуудлаар би эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй ба шүүх эмнэлэгт л үзүүлсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг ээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Г-н өгсөн: “...Би найз залуу Ж-тай 2024 оны 02 дугаар сараас хойш үерхэж байгаа ба 4 дүгээр сараас хойш хамт амьдарч байгаа. Бид 2 хамт амьдарч эхлэхдээ Баянгол дүүргийн 25-р хороо ***-*** тоотыг түрээсэлсэн. Тухайн байр нь 2 өрөө байр ба бид хоёр 1 өрөөг нь түрээслээд хажуу өрөөг Ж-ы үеэл дүү С найзуудын хамтаар түрээсэлсэн. 2024 оны 07 дугаар сарын эхээр байхаа би одоо он сарыг нь мэдэхгүй байна. Манай хажууд өрөөнд эмэгтэйчүүд нэг шөнө 04-05 цагийн үед орж ирэхдээ гаднаас согтуу орж ирсэн ба маш чимээ гаргаад байхаар нь манай найз залуу чимээгүй байгаач өглөө ажилтай шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл манай нөхрийн өөдөөс хэрэлдчихээд эргээд чанга чанга яриад байхаар нь манай нөхөр өрөө рүү нь орсон би өрөөндөө үлдсэн. Ярьж байгааг нь сонсоход чимээгүй байгаач гэхэд Ө бололтой нэг эмэгтэй нь манай нөхөр рүү чамд ямар хамаатай юм зайлаач пизда минь чамтай хамт амьдармааргүй байна гэх зэргээр хэрэлдэж байсан. Тэгтэл 3-4 минутын дараа намайг нөхөр өө аваач ээ гээд орилоод байхаар нь ортол Ө-г С үл таних эмэгтэйн хамтаар хоёр талаас нь барьчихсан зогсож байсан. Тэр үед манай найз залуу Ж-ы энгэр хэсгийг маажсан байсан. Тэгээд би найз залуугаа дагуулж өрөө рүү ороод цагдаад дуудлага өгсөн. Тэд нар бас цагдаад дуудлага өгч байх шиг байсан. Би өөрийн найз залуугаа Өг цохиж зодож байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 цаг 27 минутын үед Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден Парк хотхоны *** дугаар байрны *** тоотод Д.Ө-ийг "чанга дуу чимээ гаргалаа" гэх шалтгаанаар уурлаж, цээжин тус газар нь тогооны таг шидэж, хацар, дух хэсэгт нь 2 удаа цохиж, зүүн гарын булчин хэсгийг базаж, газарт чирч зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Ж нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч хохирогчид 1,300,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 04 цаг 27 минутын үед Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден Парк хотхоны *** дугаар байрны *** тоотод Д.Ө-ийг "чанга дуу чимээ гаргалаа" гэх шалтгаанаар уурлаж, цээжин тус газар нь тогооны таг шидэж, хацар, дух хэсэгт нь 2 удаа цохиж, зүүн гарын булчин хэсгийг базаж, газарт чирч зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Д.Ө-ийн өгсөн: “...Тэгэхээр нь бид нар чимээгүй болоод шивнэлдээд унтах гээд орондоо орц дотор байсан чинь Ж дахиад өрөөнөөсөө гарч ирээд чимээгүй бай, эргүү алнуудаа гээд чанга орилоод том өрөөнд ороод ирэхээр нь би юу гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр Ж жижиг 1 хүний халуун тагаа над руу шидсэн тэгээд миний цээж тус хэсэгт оносон. Тэгээд яагаад байгаа юм гээд боссон чинь тэр Ж миний хацар, дух хэсэгт 2 удаа цохисон мөн миний зүүн гарын тохойны арны булчин хэсгийг гараараа чанга бариад хөхрүүлсэн тэгээд намайг газарт чирээд миний зүүн өвдөгний арьс зулгарсан байсан. Тэгээд би өөрийн гар утсаараа цагдаад дуудлага өгсөн... Ж миний биед халдаад байхаар нь би биеэ хамгаалах гээд цээж хэсэгт нь маажсан өөр халдсан зүйл байхгүй...Миний биед халдсан байдалд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Ө-ийн өгсөн: “...Тэгээд миний зүүн гарын булчин хэсгээс хүчтэй бариад татсан. Би өвдгөө яагаад хөхөрсөн гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан унаад ийм болсон яг яаж байгаад унаснаа мэдэхгүй байна. Тухайн үед манай хоёр найз байсан мөн Ж-ы эхнэр байсан. Тэр хэд бид хоёрыг салгасан. Энэ асуудлаар би эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй ба шүүх эмнэлэгт л үзүүлсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг ээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч А.Ү-н өгсөн: “...Тэр үед харанхуй байсан болохоор би зарим зүйлийг хараагүй Ж нь Ө-г зодож байсан. Тэгэхээр нь би гэрэл асаагаад болиулсан. Тэр үед Ө, Ж ахын цээж хэсэгт нь гараараа маажсан. Тэгээд тэр маргаан болиод Ө цагдаа дуудсан. Тухайн Ж гэх хүн нь бид нарыг цохиж зодсон асуудал байхгүй. Харин Ө-ийн нүүр хэсэг рүү цохисон гэж байсан. Харанхуй байсан болохоор би яг хаашаа цохисон гэдгийг нь хараагүй. Тухайн үед Би Ө, С, Ж ах нар байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Г-н өгсөн: “...Тэгтэл манай нөхрийн өөдөөс хэрэлдчихээд эргээд чанга чанга яриад байхаар нь манай нөхөр өрөө рүү нь орсон би өрөөндөө үлдсэн. Ярьж байгааг нь сонсоход чимээгүй байгаач гэхэд Ө бололтой нэг эмэгтэй нь манай нөхөр рүү чамд ямар хамаатай юм зайлаач пизда минь чамтай хамт амьдармааргүй байна гэх зэргээр хэрэлдэж байсан. Тэгтэл 3-4 минутын дараа намайг нөхөр өө аваач ээ гээд орилоод байхаар нь ортол Ө-г С үл таних эмэгтэйн хамтаар хоёр талаас нь барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 96** дугаартай хүний биед хийсэн: “...1. Д.Ө-н биед зүүн өвдөгт шарх, зулгаралтай, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Б.Ж нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Д.Ө нь “...ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, мөн шүүгдэгч 1,300,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн баримт /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Б.Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А**т овогт Б-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ж-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ