| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0936/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/948 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/948
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Б.Солонго,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Б-н овогт Х-н Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405********* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "Ө****" СӨХ-н дарга ажилтай, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Өнөр хотхоны ** дүгээр байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б********н овогт Х***********н Ж (РД:УП********),
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Ө хотхоны ** дүгээр байрны иргэн Б.Б "зам дээр байгаа дугуй холдуулаагүй" гэх үл ялих зүйлээр шалтаглаж нүүр лүү нь хоёр удаа мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б: “...Тухайн үйл явдлаас хойш шүүгдэгч хохирол төлсөн байгаа. Шүдний эмнэлэгт үзүүлсэн. Шүдний ломбо тогтохгүй байгаа, 3, 4 жилийн дараа имплант хийлгэж магадгүй гэж хэлсэн. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ий дахин өгсөн: “...Би бусдад зодуулсны улмаас дүрс оношилгооны шинжилгээ 150,000 төгрөг, шүд ломбодуулсан 55,000 төгрөг, шүдний зураг авхуулсан 35,000 төгрөг нийт 240,000 төгрөгийн зардал өөрөөсөө гаргасан. Сэтгэл санааны болон өөр зүйл нэхэмжлэхгүй. Надаас гарсан мөнгийг авчихвал би санал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Ө хотхоны ** дүгээр байрны иргэн Б.Б "зам дээр байгаа дугуй холдуулаагүй" гэх үл ялих зүйлээр шалтаглаж нүүр лүү нь хоёр удаа мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Х.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Ө хотхоны ** дүгээр байрны иргэн Б.Б "зам дээр байгаа дугуй холдуулаагүй" гэх үл ялих зүйлээр шалтаглаж нүүр лүү нь хоёр удаа мөргөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ий өгсөн: “...байрны манай орцны 6 давхарт амьдардаг Ж гэх ах намайг дуудаад "Энэ дугуйг хөдөлгөөд замаас зайлуулаад өг гэсэн" тэр дугуй нь өөр хүнийх бас түгжээтэй байсан учраас би уучлаарай чадахгүй гээд гэр рүүгээ цааш явах гэсэн чинь намайг хойноос татаж аваад" би энийг холдуулаадах гээд байгаа юм биш үү" гэж над руу өндөр дуугаар ярихаар нь би чадахгүй ээ намайг яг одоо тавиадах гээд хэлээд түүний гарыг холдуултал Ж ардаас хүрч ирээд "Чи надтай ингэж харьцдаг болсон юм уу" гээд заамдаж авсан. Тэгээд намайг нүүр рүү миний дух руу 2 хөмсөгний гол руу мөргөсөн тэгээд дараа нь баруун нүдний дээд хөмсөг хавьд дахиад мөргөсөн тэгээд намайг цохих гэж оролдохоор нь би цохилтоос бултсан. Тэгсэн чинь цаанаас Жий найз гэх нэг эрэгтэй хүрч ирээд бид хоёрыг одоо болно гээд салгасан. Тэгээд би гэр рүүгээ орсон тэр хоёр цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ий дахин өгсөн: “...Би бусдад зодуулсны улмаас дүрс оношилгооны шинжилгээ 150,000 төгрөг, шүд ломбодуулсан 55,000 төгрөг, шүдний зураг авхуулсан 35,000 төгрөг нийт 240,000 төгрөгийн зардал өөрөөсөө гаргасан. Сэтгэл санааны болон өөр зүйл нэхэмжлэхгүй. Надаас гарсан мөнгийг авчихвал би санал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч О.Т-н өгсөн: “...Тэгээд Ж ахын дүү дугуйгаа босгоорой гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу чадахгүй гэж хэлээд Жий өөдөөс муухай хараад байсан. Тэгсэн Ж нөгөө үл таних залууг мангасдсан. Нөгөө залуу Жий толгой руу мөргөсөн. Тэгэхээр нь Ж зөрүүлээд мөргөсөн. Би энэ үед нь очиж салгасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6086 дугаартай хүний биед хийсэн 1. Б.Б-гийн биед тархи доргилт, баруун хөмсөгт цус хуралт, зүүн дээд 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3.6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Ж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Х.Ж нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Ж-д нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Б.Б “...хохирол барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, шүүх хуралдаанд хохирогч “...шүүгдэгч эмчилгээний төлбөр төлсөн, цаашид гаргах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Гэсэн хэдий ч хохирогч Б.Б нь цаашид эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай гэж мэдүүлж байгааг харгалзан үзэж гэмт хэргийн улмаас цаашид гарч болох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******н овогт Х-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Ж-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ