Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00058

 

О.Бийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03266 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 11 000 000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй, хохиролд 4 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2005.04.15-ны өдөр гэрээ байгуулж, БЗД-ийн 4-р хорооны нутагт байрлах 32-р байрны 10 тоот 39 м.кв 2 өрөө сууцыг 1 м.кв талбайг 330 ам.долларт тооцож, бүгд 12 870 ам доллараар худалдаж авахаар болсон. Гэрээний урьдчилгаа 30 хувь 4 000 000 төгрөгийг 2005 оны 4 сард, 2005 оны 5 сард 45 хувь буюу 7 000 000 төгрөг төлсөн. Гэтэл захирал Ж.М хорих ял эдэлж, барилгыг улсын комисс хүлээж аваагүйгээс байрны гэрчилгээ ордер гараагүй. Талууд 2018 онд гэрээг цуцалж, акт үйлдэж урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхөөр болсон. Иймд урьдчилгаа 11 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь уг байранд 13 жил амьдарсан, гэрээг цуцалсан. Мөн орон сууцыг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Орон сууцад суусан түрээсийн төлбөр, биет байдлыг дордуулсан хохирлыг тооцон сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь орон сууцанд 2005.04.15-ний өдөр гэрээ байгуулан 4 000 000 төгрөг төлж орсон боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Бид 2017.10.05-нд гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч нь уг байранд өөрийн худ н.Сг суулгасаар байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх байрыг чөлөөлөхийг н.Сд даалгаж албадан чөлөөлүүлсэн. Иймд 2017.10.05-наас 2018.08.15-ний өдрийг хүртэл 10 сарын түрээсийн төлбөр 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Б,итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:Шүүхийн шийдвэрээр өмчлөгч нь хэн болохыг тогтоогоогүй. Тухайн байрны өмчлөгч биш тул түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэх бол н.Сгээс нэхэмжлэх үндэслэлтэй. Мөн түрээсийн төлбөрийг юуг үндэслэж тооцсон нь тодорхойгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгож, 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч “Г” ХХК-ний нэхэмжлэгч О.Бт холбогдуулан 4 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 205 900 төгрөг, “Г” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талд шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжийг олгоогүй. Нэхэмжлэгч нь хэлцлээ зөрчиж байрыг суллаж өгөөгүйгээс өмчлөгч 9 сар байр түрээслэн төлбөр 4 050 000 төгрөгийг өмчлөгчид төлсөн. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд орж чадаагүй. Энэ тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж нотлох баримт гаргах, өмгөөлөгч авах, хариуцагч татах,мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 11 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “... нэхэмжлэгч нь орон сууцны биет байдлыг дордуулж, суллаж өгөөгүйгээс байрыг сүүлд худалдан авсан өмчлөгчид 4 500 000 төгрөгийн хөлс төлж хохирсныг гаргуулахаар” сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1-2, 16, 48/

 

Тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 90 хоног явагдсан ч уг хугацаанд талуудыг бүрэн мэтгэлцүүлж, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангасан гэх байдал хэргийн баримтаас тогтоогдохгүй байна. Зохигч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй.

 

Анхан шатны шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарч, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. /хх-ийн 17/ Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч талд хэргийн материал нэг удаа танилцуулж, үүнээс хойш танилцуулаагүй, хэргийн 20-68 дугаар хуудсанд шүүхээс шинээр нэмж бүрдүүлсэн баримтууд, сөрөг нэхэмжлэлийн тайлбар зэрэг баримтуудтай хариуцагч танилцаагүйн улмаас хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход сөргөөр нөлөөлж, талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн./хх19/ Мөн нэхэмжлэгч талд хэргийн материал огт танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь зохигчдын нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзнэ. /хх-ийн 19/

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан тайлбартаа “тухайн байранд амьдарч байсан Х.Сгээс хохирлыг  нэхэмжлэх ёстой” гэжээ. Тухайн байрыг Х.С гэх иргэн эзэмшиж байгаад шүүхийн шийдвэрээр албадан нүүлгэн гаргасан үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчийн тайлбартай харьцуулж үзвэл тухайн хэрэгт Х.С гэх иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх, түүнийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр оролцуулах эсэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй юм. Мөн гэрээ цуцлах, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах тухай Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заасан хэлцлийн агуулгатай бичигт “ “ .., 4 000 000 төгрөгийг иргэн Сд буцааж өгөхөөр” талууд тохиролцжээ. /хх-ийн 48, 52/ Уг 4 000 000 төгрөгийн шаардах эрхийг хэн хэрэгжүүлэх, маргааны зүйлтэй холбоотой орон сууцанд хэн бодитойгоор эзэмшиж, оршиж сууж байсан зэрэг байдлыг тодруулах нь нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, шийдвэрлэв.

 

Харин хариуцагчийн төлөөлөгчийн “хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн” гэх давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар, мэдэгдэх хуудсаар, шүүхийн ажилтан биечлэн, боломжит хугацааны өмнө мэдэгдсэн, тов мэдэгдсэн баримтад хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, хэрэгт түүнтэй холбоотой баримт авагдаагүй байна. /хх-ийн 18/ Иймд хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД