| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0907/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/949 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/949
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Э.Анударь,
хохирогч А.Т,
шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Г.Нямцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо **-** тоотод оршин суух хаягтай, урьд
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 672 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1036 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, А*** **** овогт Г-н О /РД:МР********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.О нь 2024 оны ** дугаар сарын **-ноос **-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг VIP нийтийн караокены гадаа иргэн А.Т-н нүүрэн тус газарт мөргөх үйлдлээр түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, зулайн ар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт" буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т: “...Эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Т-н дахин өгсөн: “...Би Рентген зураг болон үзлэгийн төлбөр 190,000 төгрөгийн баримт байгаа мөн 10 дугаар сард би хамрын хагалгаанд орох болсон тул тухайн хагалгааны төлбөр болох 3,786,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
-таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.О нь 2024 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг VIP нийтийн караокены гадаа иргэн А.Т-н нүүрэн тус газарт мөргөх үйлдлээр түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, зулайн ар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт" буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн тул тул бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн тал дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Г.О нь 2024 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг VIP нийтийн караокены гадаа иргэн А.Т-н нүүрэн тус газарт мөргөх үйлдлээр түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, зулайн ар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт" буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч А.Т-н өгсөн:
“...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах VIP нийтийн караокед найз Л болон дүү Б нарын хамт орсон бөгөөд тус караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм. Гэтэл хажуу ширээнд сууж байсан 2 залуу байсан ба нэгийг нь цаана ширээнд сууж байсан нэг үл таних залуу хажуу ширээнд сууж байсан 2 залуугийн нэгийг нь зодоод явуулчихсан харин тухайн зодуулсан залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд маш согтолттой байх шиг байсан. Төд удалгүй хүн зодоод байсан залуу манай ширээн дээр ирээд надтай хэрүүл маргаан хийх гээд над руу чичлээд яриад байхаар нь чи хөгшөөн тайвшраа гэж хэлэхэд над руу хандаж юм яриад байсан ба би тухайн залууг орхиж гадаа гараад тамхи татаад байж байтал араас гарч ирээд миний гараас татахаар нь манай найз татаж байна гэж бодоод эргээд хартал тухайн маргаан үүсгээд байсан залуу миний хамар луу мөргөчихсөн тул цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үл таних залууг танихгүй урьд өмнө харж байгаагүй. Тухайн үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба хажуу ширээнд сууж байсан залуутай хүртэл маргалдаж улмаар түүний биед халдсан харин дараа манай ширээн дээр ирээд надтай хэрүүл маргаан хийх гээд байсан учраас би тайвшир гэж хэлчхээд орхиод гадаа тамхи татаж байтал миний биед халдсан. Тухайн газар хяналтын камер байсан эсэхийг анзаараагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Т-н дахин өгсөн:
“...Би Рентген зураг болон үзлэгийн төлбөр 190,000 төгрөгийн баримт байгаа мөн 10 дугаар сард би хамрын хагалгаанд орох болсон тул тухайн хагалгааны төлбөр болох 3,786,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч П.Л-н өгсөн:
“...2024 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 17 цагийн үед би найз Т-н хамт машиндаа юм хийлгэж байгаад манай гэрт ирээд машинаа үлдээгээд таньдаг дүүгээ машинтайн нь дуудаад бид 3 ойрд уулзаагүй гээд хамт гадуур ууж байгаад орой БГДүүрэгт байх нийтийн караоке ороход ширээ байхгүй гэхээр нь нэг эмэгтэй ганцаараа сууж байхаар нь хамт сууж байгаад ширээ сулрахаар өөр газар сууя гэж бодоод нэг хүний 2 пиво ууж сууж байсан юм Тэгээд тухайн хамт сууж байсан танихгүй эмэгтэйг нэг махлаг залуу ирж бүжигт уриад нойл байна уу тамхины цэг дээр мөрлөөд яваад байсан тухайн үед бид нар нээх зүйл бодолгүй байж байсан чинь тухайн махлаг шорттой залуу нь хамт байсан найзуудтайгаа манай ширээн дээр ирээд шууд бид 3-г өдөөд хэрүүл маргаан хийгээд байхаар нь бид нар гарах уу гаръя гээд гарсан юм. Тэр үед манай найз Т-р түрүүлж гараад ардаас тухайн махлаг шорт өмссөн байсан залуу гараад би ардаас нь тэгээд найзууд нь хамт гарсан. Ингээд манай найз түрүүлж гараад ардаас нь тухайн залуу гараад би ардаас нь гарч байсан чинь тухайн залуу манай найзыг эргэж харах үед нь шууд толгойгоороо манай найзын нүүр хэсэг рүү мөргөөд манай найз газарт унасан юм. Тэгээд манай найз босоод зодолдох гээд байхаар нь би найзыгаа тэвэрч аваад салгасан юм. Тэгээд хамт байсан дүүгээрээ цагдаа дуудсан тухайн хүмүүс цагдааг ирж байгаa гэдгийг мэдээд зугтаад байхаар нь бид 3 ардаас нь гүйж зугтаалгахгүй гээд зууралдаж байсан. Бид 3 нэг хүний 2,2 пиво уусан байсан. Тухайн хүмүүс нэлээн согтуу байсан бид 3-г орох үед байж байсан. Тухайн караокед байсан майк шорт өмссөн байсан махлаг залуу нь караокеноос манай найз түрүүлж гараад эргээд харах үед нь шууд толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тухайн залуугийн хамт явж байсан найзууд нь цохиж зодоогүй. Би тухайн үед хамт байгаад тэврээд болиулсан учир тийм зүйл болоогүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болормаагийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11*** дугаартай хүний биед хийсэн: “...1.А.Т-н биед хамар ясны хугарал, зулайн ар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.О нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Г.О нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт шүүгдэгч Г.О нь хохирогч А.Т-т 1,900,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж бичигдсэн боловч хохирол төлбөр төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар хохирогчид мэдэгдсэн талаар баримт авагдаагүй. Шүүх хурлын товыг хохирогчид мэдэгдэх үед хохирогч А.Т нь хохирол нэхэмжлэх талаар мэдэгдсэн тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах нь хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг зэргээс дүгнэвэл гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.О нь хохирогч А.Т-т 1,713,680 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар баримтыг гаргаж өгсөн бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлэгт А.Т нь нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг өгсөн байна. Иймд шүүгдэгч Г.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч бага насны 4 хүүхэдтэй. Эхнэр нь ажил хийдэггүй. Мөн аав нь өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А**г **** овогт Г-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.О-т оногдуулсан 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ