| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/95 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/95
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.*сүрэн,
Шүүгдэгч *,
Хохирогч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * *д холбогдох эрүүгийн 2433000130035 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын *-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *эгтэй, * настай, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “*” ХХК-д засал хариуцсан инженер ажилтай, ам бүл 1, * хот * дүүрэг *-р хороо * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- 2017 оны 12 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
- 2022 оны 05 сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, * * /РД:*/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Дөмбөн хорооллын * тоотод хамтран амьдрагч хохирогч *той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед зүүн дал, нурууны зүүн доод хэсэгт хутгаар хатгаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хохирогч *тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед зүүн бугалга, шуу хэсэгт хутгаар хатгаж зүсэгдсэн шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хоёр, түүнээс олон хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв,
Хохирогч *: “...Тухайн өдөр би хөдөөнөөс орж ирээд *тэй уулзсан. *ээс мөнгө зээлье гэж ярьчхаад манай гэрт бид хоёр ирж архидсан нь үнэн. Би өөрөө гэртээ хүн авчраад архи дарс уусан нь миний ч буруутай үйлдэл байна. Тухайн үед архи хэтрүүлэн уусан. Би сайн санахгүй байна. Би унтчихсан байсан...” гэв,
Мөрдөн байцаалтад:
1. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч *ий өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг Дөмбөнгийн задгайд оршин суудаг * гэдэг танил ахындаа хоносон. Тэгээд өглөө нь босоод * ахтай хамт 2 том пиво хувааж уусан юм. Тэгээд пиво ууж байхад над руу танихгүй дугаар залгаад байхаар нь авсан чинь урьд хамт ажиллаж байсан найз * байсан. Тэр надтай уулзах хэрэгтэй байна хаана байна гэхээр нь байгаа газраа хэлсэн. Тэгсэн чинь удалгүй ганцаараа ирсэн. Тэгээд бид гурав болоод пиво уугаад байж байхад * ах явсан. Тэгээд * бид хоёр үлдээд юм яриад байж байсан чинь надаас мөнгө байна уу? зээлээч гээд гуйсан. Тэгээд би хэдэн төгрөг хэрэгтэй талаар нь асуусан чинь 3 сая гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг *ын эхнэр нь машинтай ирж авсан. Тэгээд би банк орж дансандаа байсан 2.900.000 төгрөгийг авч өгсөн. Тэгтэл * эхнэртэйгээ баярлалаа гээд гэртээ урьсан. Тэгээд тэднийд хоол /чанасан мах идээд бид гурав 4 шил архи уусан. Эхлээд 2 шил уусан. Тэгээд дуусаад сүүлийн 2 шил архийг би өөрөө явж авчирсан. Тэгээд тэр хоёр шил архиныхаа 1 ууж байснаа санаж байна. Тэгээд тасарсан байсан. Миний санаж байгаагаар * эхнэртэйгээ муудалцаад байсан. Эхнэр нь * руу дайраад хүзүүг маажсан байсан би дундуур нь орж салгаад байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн би сандал дээр сууж байсан. Тэгсэн миний зүүн гар руу халуун оргиод нойтон мэдрэгдсэн. Тэгсэн чинь гар дагаад цус урсаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р хуудас/,
2. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *ий өгсөн: “...Би тухайн их согтолттой байсан учраас дээрх гэмтлүүдийг хэн учруулсан гэдгийг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гэмтэл шарх архи ууж эхлэх үед ийм гэмтэл шарх байгаагүй. Зүүн бугалгын гадна дээд хэсгээс гадна дунд хэсгийг хамарсан 30х15 см цус хуралт нь бугалагын арын шархнаас болж үүссэн шарх цус хуралт байгаа юм. Би шүүх эмнэлэгт очиж үзүүлэхдээ гэмтэл авсанаас хойш нэлээд хэд хоногийн дараа очиж үзүүлсэн болохоор шархнаасаа болоод хөхөрсөн байсан. Зүсэгдсэн шархуудыг бол * надад учруулсан. Тухайн үед би урьд 2019 онд болсон нөхрийнх нь талаар тоглоом болгоод манай найзыг хайрлаж яваарай * элдэв хүүхэн шухан эргүүлээд яваад байдаггүй үнэн ч хүн чанар сайтай гэдэг утгаар нь ярьчихсан чинь * уурлаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,
3. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч *ын өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед хөдөөнөөс Сайхан сумын төвд ирсэн. Ирээд *тэй утсаар яриад * ахынд байна гэхээр очсон. Би *ээс мөнгө зээлж авахаар тохирсон, оронд нь мал өгөхөөр ярьсан юм. Тэгээд * ахынд 1 том савтай пиво уусан. Намайг ороход тухайн пивийг уугаад сууж байсан юм. Тэгээд тэнд байхад би эхнэр *руу залгаад ирээд ав гэж хэлээд * ирж бид хоёрыг аваад банк орж * 2.900.000 төгрөг авч өгсөн. Тэгээд тэндээсээ манай гэрт очихоор болсон. Замаараа дэлгүүр ороод 1 шил Экс нэртэй 0.75 литрийн архи, 2,5 литрийн том пиво аваад гэрт ирээд мах чанаж идэнгээ * * бид 3 тухайн архи пиво уусан. Манайд анх иднийг унтаж байхад манайд * уусан байхад бид пивоо уусан. Манайд анх очиод * хоол болтол унтсан. Өдөр нь уусан байсан хоёр Экс нэртэй архи хуваад уусан. Тэрнээс эхнэр * ганц нэг удаа уусан байх. Тэгээд хоол болсоны дараа босч архи пивоо уусан юм. Тэгээд * архи пивоо уучихаад явлаа гээд такси дуудаад явсан. Тэгээд эхнэр унтах гэж байхад * орой 2 шил архи аваад ороод ирсэн юм. Тэгээд тэр архийг нь * эхнэр бид гурав ууж байсан. Тэгээд би тэрнээс хойш нилээд согтоод муудсан. Тэгээд нэг санахад эхнэрийн найз * ирчихсэн байсан, тэгээд дараа нь хамт ажилладаг * гэдэг хүн ирчихсэн байсан санагдаж байна. Тэгээд эхнэр бид хоёр маргалдаад тухайн үед бас *тэй эхнэр муудалцаад байсан тэгээд эхнэр бид хоёр гэрээс гараад хажуугийн гэрт охин унтаж байсан газар эхнэрийг унт гэж үлдээгээд гэрт орж ирсэн. Тэгэхэд * * хоёр зөрөөд гарч байсан * сууж байсан. Тэгээд би гэрт ороод унтлаа гээд хэвтсэн. Тэгээд тэрнээс хойш санахгүй байна. Тэгээд сэрэхэд цагдаа ирсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
4. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *ын өгсөн: “...Би тухайн үед их согтолттой байсан учраас дээрх гэмтлүүдийг хэн учруулсан гэдгийг мэдэхгүй байна. Хөлний шархыг би хэрэг болохын урьд орой мал хашиж байгаад хашаа уясан төмөрт хатгачихсан юм. Бусдыг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
5. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрч *ийн өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сайхан сумын овоот хорооллоос төв рүү ахын хүүхдүүдийг харах гээд эхнэр *ын хамт ирээд ахынд байж байхад * руу хадам ээжийн утаснаас * гээд эгч шөнийн 02 цаг болж байхад залгаад ээжийн чинь утас надад байна. Ээж чинь гэрээсээ гараад явчихлаа, би танай гэрийн энд байна, утсыг нь гэрийнх нь гадаа тавьчих уу? гэхээр нь манай эхнэр танд яагаад утас нь байгаа юм бэ? та нар яагаад ууж идээд байдаг юм гэх мэтээр тэр хүнтэй яриад байсан. Тэгээд та утсыг нь яаж гадаа орхих юм бэ? Ука ахад оруулаад өгчих үү? Эсвэл манайд аваад ир гэсэн чинь за эргээд ярья гээд тасалчихсан. Тэгээд манай эхнэр дүү * руугаа чат бичээд юу болсон талаар асуусан юм шиг байна лээ. Манай эхнэр явъя, очно гэхээр нь би ганцааранг явуулахгүй гээд хамт очсон юм. Тэгээд ахыг дуудаад хүргүүлсэн. Очих үед нэг залуу зүүн талын гараа доош тулж барьсан, цус гарчихсан сууж байсан. * буюу хадам аав газар хэвтээд унтаж байх шиг байсан. Амьсгаатай л байсан. Тэгээд эхнэртэй хэлээд би тэр цус алдаад байсан залууг гадаа хүлээж байсан ахын машинд суулгаад аваад эмнэлэг явсан...,Эд зүйлс замбараагүй, газраас цус гоожиж дуссан байсан. Хадам ээж, * ах, нэг залуу мөн * гэх эмэгтэй мөн хасын * гэж дуудаад байсан нэг ах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
6. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрч *гийн өгсөн “...* архи ууж байхдаа "танай нөхрийн чинь урд хүүхэн тайчсан" гээд сонин сонин юм яриад байсан. Тэгсэн чинь * уурлаад хэрүүл болоод байсан. Тэгээд * нөхрийгөө цохиод зодоод байсан. Зодохдоо миний цаана арьсан гутлаар цохиод нүд рүү цохичихоор нь би эрэгтэй хүний тэргүүн рүү нь хүрлээ гээд *д уурласан чинь * надтай "манай нөхрийг өмөөрлөө найзыгаа өмөөрсөнгүй" гээд муудалцаад бид хоёр зууралдаад маргалдсан. Тэгсэн чинь * * нар учраа олно гээд гарч яваад 20 орчим минут алга болчихсон юм. Тэгээд * эргэж орж ирээд шууд газар хэвтээд унтаад өгсөн. * архиа уугаад сууж байсан. Тэгээд би *г асуусан чинь * мэдэхгүй явчихсан гээд тодорхой зүйл ярихгүй байсан. Тэгээд би дуудсан машинтайгаа *г хайгаад том охиныдоо очсон байж магадгүй гээд гэрт нь очсон. Тэр үед би *гийн гар утсыг аваад явж байхад охин нь видео каллаар залгасан. Тэгээд ирээгүй гэхээр нь шууд буцаад гэрт нь очсон чинь байшингийн хаалга нь дотроосоо цоожтой байсан. Тэгээд би цонхыг нь цохиод хаалгыг нь онгойлгуулаад * ах бид хоёр орсон. Тэгээд гэрт * намайг гарахад байсан газраа унтаж байсан, * бас намайг гарахад суугаад үлдсэн сандал дээрээ гараас нь их хэмжээний цус гарчихсан салфетка барьчихсан сууж байсан. * жижиг хар паарны хажууд дулаацаад сууж байсан. Тэгээд би ороод юу болчихвоо чамайг хэн хутгалчихсан юм бэ гэж асуусан чинь * руу гараараа заагаад * намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгсэн * нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад энэ намайг хутгалсан гээд байна" гээд яриад байсан. Тухайн үед гаднаас том охин хутгалчихсан байна ш дээ гээд ороод ирсэн. Тэгээд гэнэт агааг бас хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь * ах цагдаад дуудлага өг гэсэн чинь * би цагдаа дуудчихсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
7. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Гэрч Ю.*ы өгсөн “...024 оны 01 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн үед *тай чат бичиж байхад ирээд авчих гэхээр нь Дөмбөн хороололд айлд очсон. Тэнд *, *, айлын нөхөр гээд залуу, эхнэр нь * гээд 4 хүн байсан. Тэр 4 агар нэртэй архи уугаад байж байсан. Тэгээд тойрч суугаад ууж байснаа * нь нөхрийнхөө цээж рүү нь цохиод унагачихсан. Тэгээд л зодооны эх үүсвэр эхэлсэн. Нөхөр нь юм ярихаар л эхнэр очиж цохиод байсан. Тэгээд дээр нь суучхаад нөхрөө цохиод байхаар нь би салгасан. Тэр үед * бас *г нөхрөө байнга зоддог гээд маргалдаад муудалцаад байсан. Тэгэхэд * унтаад өгсөн байсан. Тэгсэн * нь нөхрөө үүдний таамбрын өрөөрүү чирээд гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэсэн чинь * наад хоёр чинь учраа олчих байх гэсэн. Тэгээд удалгүй нөхөр нь ганцаараа ороод ирсэн. Тэгээд *г асуусан чинь "одоо ороод ирэх байхаа" гэсэн. Тэгээд юм ярьж байж байгаад би 00 орж бие засчихаад хашаагаар нь *г хайсан чинь байгаагүй. Ер нь гарахдаа нимгэн хувцастай гарсан болохоор нь санаа зовоод хайсан юм. Тэгээд би гэрт ороод * байхгүй байна хажуу айл руу орсон уу гэсэн чинь машинд суугаад явчихсан гэж нөхөр нь хэлсэн. Тэгсэн ширээн дээр байсан утас дугарахаар нь аваад хэний утас вэ гэсэн чинь * *гийн утас байна гээд авсан. Тэгээд * утсаар ярьсан чинь дүү нь байсан. Тэгээд *г хайхаар болсон. Тэгээд * бид хоёр *г хайгаад том охиныд нь очихоор явж байхад *гийн утас руу охин нь залгаад ярьсан. Тэгсэн охиныдоо очоогүй байсан. Тэгээд гар утсыг нь охинд нь үлдээх гэж байгаад болиод буцааж гэрт нь аваачиж өгөхөөр явсан. Тэгээд гэрт нь очиход хаалга нь цоожтой байсан. Тэгээд * цонхыг нь тогшоод харчихаад * ирчихсэн байна гэсэн. Тэгээд * хаалга онгойлгоод орсон чинь шалан дээр цус болчихсон байсан. * сугандаа салпетка хавчуулчихсан гар нь цус болчихсон сууж байсан, нөхөр нь дэвсгэр дээр цаашаа хараад хэвтчихсэн байсан. Тэгээд яасан, юу болов гэхэд * * руу заагаад энэ гээд байсан. * бас нөхрийнх нь нуруу цус болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал *гийн охин нь гээд хүүхэд орж ирээд бид хоёр *гийн нөхрийн нурууг сөхөж үзэхэд 1 см орчим ангайсан шарх үүссэн байсан. Тэгсэн чинь * *г хүүхэд Дарханаас шилжүүлж ирчихээд зовоолоо яах гэж авчирсан юм архидах мөрөөрөө архидахгүй хүүхэд зовоолоо гээд маргалдаад тэр хоёр зодолдоод унахаар нь би салгасан. Тэгээд байж байтал араас *гийн том охин нь нөхөртэйгээ орж ирээд *г та дандаа ээжийг уруу татдаг гээд хэрүүл болсон. Тэр үед * гараад явчихсан байсан. Тэгээд гарсан чинь миний машинд сууж байсан. Тэгээд би буулгаад цагдаа дуудна гэсэн чинь би цагдаа дуудчисан гэж хэлсэн. Тэгээд *гийн хүргэн гээд залуу *ийг аваад явсан. * бид хоёр ч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
8. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрч *ийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр үүрэг гүйцэтгэж байсан шөнө 02 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн * бусдад хутгалуулсан байдалтай гаднаас хүнээр хүргэгдэж ирсэн. Тэгээд эмч тусламж үйлчилгээ үзүүлэхэд зүүн гарын суга орчимд шархтай цус ихээр гарч байсан. Тухайн үед * нэлээд согтуу эмнэлгийн ажилтнуудын үгэнд орохгүй гарч явах гээд байсан юм. Тэгээд *ийг хараад үүдний сандал дээр сууж байхдаа би юу болсон юм бэ" гэж асуухад "тухайн архи уусан айлын эхнэр нь хутгалчихсан" гэж хэлж байсан... *ийг цагдаагийн хэлтэс дээр хүргэж өгөөд гэртээ харихаар явсан... Тэнд жижүүр эмч Ундрах, сувилагч нар байсан....” /хх-ийн 62-63 дүгээр хуудас/,
9. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрч *ий өгсөн мэдүүлэгт “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хэргийн газрын үзлэгийн багт томилгоотой байсан. Тухайн шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Эрүүл мэндийн төвөөс цагдаагийн хэлтсийн 15 жижүүрт сумын эмнэлэгт зүүн сугандаа зүсэгдсэн шархтай хүн ирлээ гэсэн дуудлага ирсний дагуу ажлын хэсэгтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дембен хорооллын * тоот хаягт очсон Тухайн дуудлагаар очиход гэрийн эзэгтэй * нь нэлээд хүнд согтолттой ширээнийхээ хажууд сууж байсан * нь гал тогооны текний цаана газар согтуу унтаж байсан. Тэгээд нөхрийг нь сэрээх гэсэн чинь нуруу орчмоос нь цус гараад хувцас нь цус болчихсон байсан. Тэгсэн чинь * "наад хүн чинь зүгээрээ, манай нөхөр унтаж байхад битгий сэрээх гээд бай" гээд уурлаад байсан. Юу болсон талаар *гаас асуухад "би мэдэхгүй байна, юу ч болоогүй" гээд байсан. Тэгээд эдийн засгийн мөрдөгч *, *гийн хүргэн хоёр *ыг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би хэргийн газрын үзлэгээ хийж дуусгаад цагдаагийн хэлтэс дээр ирээд цагдаагийн хэлтсийн жижүүрийн өрөөнд байж байхад эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч * эмнэлгээс *ийг дагуулаад ирсэн. Тэгээд би цагдаагийн хэлтсийн хүлээлгийн өрөөнд сууж байхаар ороод юу болсон ямар хүмүүс байсан талаар асуухад *, эхнэр нь, * гэж эмэгтэй, * гэдэг хүмүүс байсан гэж хэлсэн. Тэгээд би "чамайг хэн гэмтээсэн юм бэ * гэмтээсэн юм уу" гэж асуухад "* биш *ын эхнэр нь" гээд байсан. Тэгээд би "* юу" гэж асуухад "тиймээ" гэж хэлсэн. Надтай ярилцаж байхад *ий архи гараад согтолт нь гайгүй болсон байдалтай байсан. Миний асуусан асуултад хэвийн хариулт өгч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
10. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрч *ын өгсөн “...Намайг жижүүр эмчээр ажиллаж байхад 2 маш их согтолттой эрэгтэй хүн гэмтэл авсан байдалтай ирж байсан. Эхний * гэх залуг нь нэг цагдаа авчирсан. Дараагийн * гэх залууг бас цагдаа авч ирсэн санагдаж байна..., * нь зүүн суга орчимдоо иртэй зүйлээр зүсэгдсэн байж болзошгүй шархтай цус нилээд гойжсон байдалтай ирсэн. * нь нуруу, дал орчимд 2 хэсэг газар бага хэмжээний зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Тухайн хүмүүс маш их согтуу байсан учраас болсон үйл явдлыг мэдэхгүй байсан. * нь согтуу хэлэхдээ авгай нь ингэсэн гээд гараараа хутгалж байгаа үйлдэл гараа урагшаа болгоод үзүүлээд байсан. Тэгээд өөр юм ярихгүй, шархаа оюулахгүй уурлаад байсан. * тэр үед хэн гэмтэл учруулсан талаар огт юм яриагүй санагдаж байна. * нь *ийг бодоход согтолт нь арай бага байсан. Тэр хоёрыг авчирсан залуу гэрт нь очиход ийм болчихсон байсан гээд өөр тоймтой юм ярихгүй байсан. *д даралтын эм уулгаж өвдөлт намдаах тариа хийсэн. Гарны дотор талд 1 оёдол тавьж, гематом /цусан бүлэн/ үүсэн байсан тул Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх талаар хэлж явуулсан. *ын шарх тус бүрд 2 буюу нийт 4 оёдол тавьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,
11. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 168 дугаартай
-*ын биед зүүн дал, нурууны зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэлүүд нь ир үзүүртэй хүчин зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо.
-Дээрх гэмтлийг өөрөө учруулах боломжгүй
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
12. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 167 дугаартай
-*ий биед зүүн бугалга, шуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэлүүд нь ир үзүүртэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо.
-Учирсан гэмтлийг өөрөө үүсгэх боломжгүй
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
13. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-09-р хуудас/,
14. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14-р хуудас/,
15. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хутга, мэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17-р хуудас/,
16. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 20-р хуудас/,
17. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000130035 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 72-76-р хуудас/,
18. 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр яллагдагч *гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 81-82-р хуудас/,
19. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, шийтгэх тогтоолуудын хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86-87, 91-96-р хуудас\,
20. Согтуурал хэмжсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-105-р хуудас/,
21. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88-89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг: Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Дөмбөн хорооллын * тоотод хамтран амьдрагч хохирогч *той маргалдсаны улмаас түүний биед зүүн дал, нурууны зүүн доод хэсэгт хутгаар хатгаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хохирогч *тэй тухайн үед үүссэн маргааны улмаас түүний биед зүүн бугалга, шуу хэсэгт хутгаар хатгаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хоёр, түүнээс олон хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч *, хохирогч Б.*, гэрч *, гэрч Ю.*, гэрч *, гэрч Н*, гэрч * нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 168 дугаартай “хохирогч *ын биед гэмтлийн зэрэг тогтоосон” дүгнэлт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 167 дугаартай “хохирогч Б.*ий биед гэмтлийн зэрэг тогтоосон” дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал хэмжсэн тухай тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хохирогч болон шүүгдэгч нар нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Дөмбөн хорооллын * тоот буюу *ын гэрт их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан болох нь шүүгдэгч *гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би цагдаа орж ирэхэд л сэргэсэн, хутга хэрэглэснээ би санахгүй байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч * нь 4.48 хувийн согтолттой, хохирогч Л.* нь 5.00 хувийн согтолттой өөрөөр хэлбэл хүнд хэлбэрийн согтолттой байсан нь согтуурал хэмжсэн тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-ийн 102-105 хуудас/
Шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрэлдэж, маргалдсаны улмаас хэн нэгнийхээ бие эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 167 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *ий биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтад хохирогч Б.*ий өгсөн “...Надад ямар нэгэн гэмтэл шарх архи ууж эхлэх үед ийм гэмтэл шарх байгаагүй. Зүүн бугалгын гадна дээд хэсгээс гадна дунд хэсгийг хамарсан 30х15 см цус хуралт нь бугалагын арын шархнаас болж үүссэн шарх цус хуралт байгаа юм. Би шүүх эмнэлэгт очиж үзүүлэхдээ гэмтэл авсанаас хойш нэлээд хэд хоногийн дараа очиж үзүүлсэн болохоор шархнаасаа болоод хөхөрсөн байсан. Зүсэгдсэн шархуудыг бол * надад учруулсан...” гэх мэдүүлгээр,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 168 дугаартай хохирогч *ын биед зүүн дал, нурууны зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч тухайн үед болсон асуудлын талаар санахгүй их хэмжээний согтолттой байсан ба гэрчүүдийн мэдүүлэгээр *ын биед *гийн үйлдлийн улмаас нь хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдсон бөгөөд *гийн үйлдэл хохирогч нарт учирсан гэмтэл /хохирол/ хоёр нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *, хохирогч * нар нь хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдардаг ба шүүгдэгч *гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*той хамтран амьдраад 8 жил болж байна...” гэх мэдүүлгээр шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүний эрүү мэндэд хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогчийн *, * нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2024 оны 01 сард *тай хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж улмаар биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо бидний эрүүл мэндийн байдал хэвийн болсон. *тай бид 2 эвлэрсэн тул цаашид түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй болно...” гэх баримт /хх-ийн 106 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *ын өгсөн: “...Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гэмт хэрэг гарахад миний ч гэсэн буруу байгаа.., * бид хоёрын харилцаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч П.*сүрэн: “...Шүүгдэгч * нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Дөмбөн хорооллын * тоотод хамтран амьдрагч хохирогч *той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед зүүн дал, нурууны зүүн доод хэсэгт хутгаар хатгаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Хохирогч Б.*тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед зүүн бугалга, шуу хэсэгт хутгаар хатгаж зүсэгдсэн шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримтууд хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг шүүхэд оруулж байна. Энэ хэрэгт хохирогч *, * нараас хохирол төлбөр, эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй. Төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна. Иймд шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүхэд оруулж байна...” гэх дүгнэлтийг,
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд: “...Шүүх хуралдаан эхлэхээс өмнө гэм буруу болон зүйлчлэл дээр маргахгүй гэдгээ хэлсэн. Нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч * өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Энэ тал дээр маргахгүй гэдгээ мэдүүлсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг илэрхийлж байна. Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дараах дүгнэлтийг хэлье. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг чухалчилж үзэх ёстой. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Мөн эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5-д заасныг хэрэглэх саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг. Хохирогч нар нь маш олон хоног архи уусан, хэт их согтолттой байх үедээ айл гэрт архи уусан. Өмнөх хамтран амьдахаас өмнөх үйл явдлыг ярьсны улмаас хэрүүл маргаан үүссэн. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Одоо шүүгдэгч * нь Улаанбаатар хотод Нэмэгтийн тал гэдэг компанид ажиллаж байгаа талаар ажлын газрын тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байгаа. Иймд шүүгдэгч * нь тодорхой хэмжээний ажил эрхэлж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байна. Түүний хэвийн ажиллаж амьдрах боломжийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Цалингаараа торгох ялыг төлөх боломжтой. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд өөрөө барилгын ажил эрхэлж байгаа, энэ хоёр өөр өөр газарт тусдаа ажиллаж амьдарч байгаа учир боломжгүй байгаад байна. Иймд торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч * шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч * нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэм буруугаа маш их ухамсарлаж байна. Согтуу үедээ арай л муухай зүйл хийсэн байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй.
Шүүгдэгч нь өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба хэдийгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болохгүй ч хувийн байдлыг тодорхойлж байна.
Иймд шүүгдэгч *г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн гэх үндэслэлийг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Учир нь хохирогч Б.* нь согтуурсан үедээ *ын талаар өмнөх хувийн байдалтай холбоотой асуудлыг хөндөж, хамтран амьдрагчид ярьснаас хэрүүл маргаан болж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь Улаанбаатар хотод “*” ХХК-д засал хариуцсан инженерээр ажиллаж байгаа болох нь тус компанийн албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.8 см өргөн, 11.4 см урт ажлын хэсэгтэй, 11.4 см бариултай, 22.8 см урттай төмөр 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * *г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хоёр ба түүнээс олон хүний эрүү мэндэд хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.8 см өргөн, 11.4 см урт ажлын хэсэгтэй, 11.4 см бариултай, 22.8 см урттай төмөр 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН