Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/00087

 

Ц.А, Ч.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03299 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.А, Ч.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “У” ХХК, “Н” ТӨХК нарт холбогдох,

Гуравдагч этгээд: Ж.Э,

 

Эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохиролд 34 058 678 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: У ХХК-ийн ажилтан, 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн автомашины жолооч Ж.Э гэгч 2014.5.19-ний өдөр урсгал сөрөн, миний жолоодож явсан автомашиныг мөргөсний улмаас хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтаар жолооч Ж.Эийн буруутай үйлдлээс зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилуулж байсан “У” ХХК-ийн захирал Д.Гийг иргэний хариуцагчаар татсан. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарч, прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ослын улмаас нэхэмжлэгчид зүүн мөрний шөрмөс тассарсан, зөөлөн эд няцарч мах үхэжсэн гэмтэл, оношийг Монгол улсад оношлож, эмчилж чадахгүй БНСУ руу онош тогтоолгох, мэс засал хийлгүүлэхээр эхнэрийн хамт явсан юм. БНСУ-ын эмнэлэгт оношлуулан шөрмөс залгах мэс засал хийлгэсэн. Давтан үзлэг хийлгэхээр ганцаараа БНСУ руу зорчсон. Нэхэмжлэлээс зөвхөн өөрийн эмчилгээ, оношлогоонд гаргасан зардлыг нэхэмжилж байна. Үүнд: Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардал 341 000 төгрөг, БНСУ руу зорчсон онгоцны зардал 2 381 600 төгрөг, БНСУ-д оношлогоо, эмчилгээ хийлгэсэн зардал 14 829 474.8 төгрөг, БНСУ-д давтан үзлэг хамрагдсан зардал 272 604 төгрөг, бусад зардалд 1 112 000 төгрөг, нийт 18 936 678.8 төгрөг болгож нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасган өөрчилж байна. Иймд хариуцагч У ХХК-иас гэм хорын хохирол болох 18 936 678.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.А 2014.5.19-ний өдөр миний эзэмшлийн 74-88 УНҮ улсын дугаартай Тоёота Премио маркын автомашиныг жолоодож явах үед У ХХК-ийн ажилтан, 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн автомашины жолооч Ж.Э гэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж мөргөснөөс нэхэмжлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирч, машинд нь зорчиж явсан хоёр иргэн нас барсан. Уг эрүүгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон, гэм буруутай жолооч, түүний ажилладаг компаниас талийгаач нарын хохирлыг бүрэн төлөөд, манай нөхөрт учирсан хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй. Уг осол болох үед манай нөхөр Ц.Агийн жолоодож явсан автомашин нь ашиглах боломжгүй болсон, уг машиныг би осол болохоос 2 сарын өмнө худалдан авсан, шинэвтэр машин байсан тул машины үнэ, автомашинд нэмэлтээр тавьсан байсан эд зүйлсийн үнэ, үнэлгээний зардал зэрэг нийт 15 122 000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна. Иймд хариуцагч У ХХК-иас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу автомашины үнэ, машины эд зүйлсийн үнэ, үнэлгээний үнэ нийт 15 122 000 төгрөгийг гаргуулж, иргэн Ч.Д надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Ж.Эийн барьж явсан тээврийн хэрэгсэл Ш ХХК-ийн нэр дээр байсан ч мөрдөн байцаалтын явцад тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь "У" ХХК байсан нь Фидуцийн гэрээгээр тогтоогдсон. 2014.5.19-ний өдөр яллагдагч Ж.Э нь "У" ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтан байсан. "У" ХХК-ийн зуурмагны машины жолоочоор ажиллаж байсан нь 2014 оны 5 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар тогтоогдоно. 2014 оны 6 дугаар сараас эхлэн төлөхөө больсон нь "У" ХХК эд хөрөнгийн хариуцлагаас зайлсхийж Ж.Эийг ажлаас халсан байдлаар баримт бүрдүүлсэн. "У" ХХК Ц.Агийн хохирлыг барагдуулаагүй. Хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосныг БНСУ-д эмчлүүлсэн эмчилгээний бичгийг үндэслэн хүндэвтэр зэргийн гэмтэлд оруулж хохирогчоор тогтоосон. Хагалгаанд орсноос 2 сарын дараа дахин БНСУ руу очиж давтан эмчилгээ хийлгэсэн. 2014.7.04-ний өдрөөс 2014.8.03-ны өдөр хүртэлх Монгол банкнаас авсан лавлагаагаар хохирлыг тогтоосон. Мөн 2014.9.03-наас 2017.9.07-ны өдөр хүртэл БНСУ руу зорчиж үзлэг, оношилгоо хийлгэсэн дүнг нэмж оруулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу "У" ХХК-иас хохирлыг 100 хувь нэхэмжилж байгаа. "Н" ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг прокурор хэрэгсэхгүй болгож шийдсэн. Хэрэг болсноос 3 хоногийн дараа "Н" ТӨХК улсын бүртгэлд бүртгэгдэж эрх зүйн чадамжтай болсон. Иймд "Н" ТӨХК-ийг хариуцагчаар татах үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэгч нар "Н ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Зам тээврийн осол гарснаас хойш 4 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нар энэ хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Хохирлын нөхөн төлбөрт нэг ч төгрөг аваагүй. Эрүүгийн хэргийн шүүхэд буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлнө гээд тухайн үед батлагдсан өршөөлийн хуульд хамрагдаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай гэдэг нь тогтоогдсон. Тухайн ослыг гаргасан Ж.Э нь "У" ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчин гэдэг нь тогтоогдсон. Монголд Ц.Ан зүүн мөрний шөрмөс тасарсныг оношилж чадаагүй. 2 сарын дараа өвчин нь даамжирч аргагүй эрхэнд БНСУ руу явж хагалгаанд орсон. Харийн орны хэл мэдэхгүй, газар мэдэхгүй учраас өөрийн эхнэр Ч.Дгийн хамт БНСУ руу явсан. Нийт замын зардал 2 381 600 төгрөг гарсан. Монгол банкнаас авсан ханшийн лавлагааны зөрүүгээс үүдэн нэхэмжлэлийн шаардлага 170 000 гаруй төгрөгөөр багасч байгаа. Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлага болох 18 815 506.40 төгрөгийг У ХХК-иас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ч.Дгийн хувьд тээврийн хэрэгсэл худалдан авсан гэдэг нь худалдах худалдан авах гэрээ, иргэн н.Хүрэлбаатарын тодорхойлолт, 14 800 000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг нь тогтоогдож байна. Уг машин нь 2014 онд Монголд орж ирсэн шинэ машин, ашиглах боломжгүй болсон. Машинд нэмэлтээр бүрээс, шалавч зэргийг авч тавьсан. Нэхэмжлэгч Ч.Д нь 15 122 000 төгрөгийг "У" ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гэм хорын хохирлыг "Н" ТӨХК-иас нэхэмжлэх байсан мэтээр тайлбар хийсэнтэй холбогдуулан хэлэхэд гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар өгөх, дүгнэлт гаргах эрх бүхий субъект биш. "У" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлах ёстой байсан гэж ойлгож байна гэжээ.

 

Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ш ХХК тул нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хариуцахгүй. "У" ХХК болон Ш ХХК-ийн хооронд фидуцийн гэрээ байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл Ш ХХК-ийн эзэмшилд байсан учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу Ш ХХК-ийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Ш ХХК гарсан зардлаа Ж.Э эсвэл "У" ХХК-иас нэхэмжлэх боломжтой. Хэрэг удах болсон шалтгаан нь нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу тодорхойлсноос болж хэрэг сунжирсан. Гуравдагч этгээд хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэн гэж ойлгосон. Анхнаасаа Ш ХХК эсвэл Ж.Эийг хариуцагчаар татсан бол хэрэг шийдвэрлэгдчихсэн байсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н ТӨХК-ийн өмгөөлөгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н" ТӨХК-ийг тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдах ямар ч үндэслэл байхгүй. Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тус хэргийг шалгаж байсан техникийн шинжээч 4 удаа дүгнэлт гаргасан. Техникийн шинжээчийн дүгнэлт гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэй, маш тодорхой гарах ёстой байдаг. Гэтэл эхний 2 дүгнэлтэд замын байдлаас үүдэн осол болоогүй гэсэн. Сүүлийн 2 дүгнэлтэд осол замаас болж гарсан гэж байгаа боловч ямар байгууллага Замын хөдөлгөөний ямар ямар заалтуудыг зөрчсөн талаар дүгнэлтэдээ тусгаагүй. Ж.Эийг эсрэг урсгалд орж, урд байгаа машинаа мөргөсөн гэж дүгнэлт гаргасан. Замаас болж осол гараагүй гэж үзэж байгаа. Осол болоод 3 хоногийн дараа буюу "Н" ТӨХК 2014.5.21-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасны дагуу тухайн үед Н ТӨХК нь иргэний эрх зүйн чадамжгүй компани байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг "Н" ТӨХК-иас нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд байгаа Өршөөлийн хуульд хамрагдах тухай Ж.Эийн хүсэлтийн доор Г.М гэдэг хүн хамт гарын үсэг зурсан байдаг. Одоо өнөөдөр өөрийн биеэр ирээд хуралд сууж байна. Ж.Э тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөөр баталгаа өгсөн. Хэрэв Ж.Э Өршөөлийн хуульд хамрагдалгүй эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлүүлсэн бол иргэний хэргийг хамтад нь шийдэх боломж байсан. Нэхэмжлэгч хариуцагчаар хэнийг сонгох, татгалзах эрх нь нээлттэй байдаг тул нэхэмжлэгч тал манай байгууллагыг хариуцагчаас чөлөөлөх хүсэлт өгсөн байх гэж бодож байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн хүрээнд гаргасан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтэнд Зам орчны нөхцөл осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж тогтоогдсон байдаг. Дүгнэлтүүдээр тухайн зам орчны арчлалт засвар үйлчилгээг хариуцаж, төсвөөс санхүүжилт авах авто замын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүрэг хүлээсэн аж ахуй нэгж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тодорхой байна. Иймд У ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нар нь хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндсэн үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий асуудалд хууль зүйн хувьд дүгнэлт хийхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Эийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 18,815,506 /арван найман сая найман зуун арван таван мянга таван зуун зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ад, 15,122,000 /арван таван сая нэг зуун хорин хоёр М/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ТӨХК-д холбогдох шаардлагаас нэхэмжлэгч Ц.А татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-иас 327,637 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-т оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч "Н" ТӨХК-ийг хариуцагчаас хасаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр бодитой, үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй. Хэргийг эрүүгийн журмаар шалгаж байхад "зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн" гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэвч шүүхээс "Н" ТӨХК-ийг зам тээврийн осол хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх баримтыг үндэслэж хариуцагч болохгүй гэж дүгнэсэн. Гэтэл үүсгэн байгуулагдах шийдвэр /тогтоол/ нь 2015 оны 3 дугаар сард гарсан болохыг анхаарч үзээгүй. Мөн "Н" ТӨХК нь "У" ТӨХК-иас салбарлан гарсан компани бөгөөд хэрэв "Н" ТӨХК-ийг хариуцагчаар татахгүй байх нөхцөл үүссэн тохиолдолд шүүхээс өмнө нь байсан "У" ТӨХК-ийг хариуцагчаар татан оролцуулах боломжтой байсан боловч үнэлэлт дүгнэлт, ажиллагаа хийгээгүй. Хариуцагч “У групп” ХХК болон гуравдагч этгээдийн зүгээс хамтран хариуцагчийг татах талаар удаа дараа санал хүсэлт тавьсан боловч шүүхээс авч хэлэлцэхгүй шийдвэр гаргасан. Ослын үед тээврийн хэрэгсэл нь хариуцагч "У Групп" ХХК-ийн эзэмшилд бус, "Ш" ХХК-ийн эзэмшилд байсан. Шүүх Фидуцийн гэрээтэй байсан гэсэн шалтгаанаар "У Групп" ХХК хариуцах ёстой гэж шийдвэрлэсэн. Фидуцийн гэрээтэй байх нь уг тээврнйн хэрэгсэл "Ш" ХХК-ийн эзэмшил биш гэсэн ямар ч нотолгоо болохгүй бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн заалтыг үгүйсгэх нөхцөл болохгүй. Түүнчлэн уг тээврийн хэрэгсэл нь "Ш' ХХК-иас "У Групп" ХХК руу биш, гуравдагч этгээд Ж.Эийн эзэмшилд шилжсэн болохыг шүүхээс анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан хохирлын хэмжээг тооцохдоо шүүхээс буруу тооцоолол хийсэн. БНСУ-аас авчруулсан эмнэлэгт үзүүлсэн баримтууд дээр давхардсан үнийн дүн зөрүүтэй төлбөрийн асуудал нилээдгүй байсан боловч энэ талаар нягтлан шалгалгүй, зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооллыг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсон. Мөн эрүүл мэндэд нь ямар нэгэн гэмтэл учраагүй Ч.Дгийн БНСУ руу ниссэн онгоцны зардлыг хасалгүй, хариуцагчаар төлүүлэх шийдвэр гаргасныг эс хүлээн зөвшөөрч байна. Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг оновчтой тайлбарлан хэрэглээгүй,нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна. Гэвч талууд бүрэн мэтгэлцсэн, зохигчийн эрхийг хангасан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.А, Ч.Д нар нь “У” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 34 058 678 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., Осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн тул “Н” ТӨХК гэм хорыг хариуцна.Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Ш” ХХК. Манайх хариуцагч биш.” гэж маргажээ. /1хх-1-2, 134-137, 2хх-66-68/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч Н ТӨХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасантай нийцжээ. /2хх-83/

 

Хэргийн баримтаас үзэхэд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Налайхын замд Ц.Ан жолоодож явсан 74-88 УНҮ улсын дугаартай Тоёото премио маркийн тээврийн хэрэгсэл Ж.Эийн жолоодож явсан 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч, хоёр хүн нас барж, нэхэмжлэгч Ц.Ан бие махбодид хүндэвтэр гэмтэл, Ч.Дгийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон./ /1хх-4-5, 8-15, 66-68, 138-147, 239, 2хх-29-33, 222-227/

 

Осол гарахад Ж.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.15, 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай болох нь эрүүгийн журмаар тогтоогдсон. Ж.Э нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн асуудлаар маргаагүй тул өршөөлд хамрагдан ялаас чөлөөлөгджээ. / 1хх-4-5/

 

Талууд осол гарсан үйл баримтад, гэм буруугийн асуудал зэрэгт маргаагүй. Харин У ХХК нь хариуцагч биш гэж, мөн хохирлын хэмжээний талаар маргажээ. /1-р хх-ийн 243-244 дугаар хуудас/

 

Дээрх эрүүгийн хэрэгт 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч У ХХК-ийн захирал Д.Гийг иргэний хэргийн хариуцагчаар татсан үйл баримт хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн мөрдөн байцаагчийн тогтоолоор тогтоогдсон. /1хх-6/

 

Зам тээврийн осол гарах үед 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг ашиглахад хяналт тавих боломжтой эзэмшигч нь “У” ХХК байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон. Хуулиар тусгайлан заасан тохиолдолд гэм хорыг учруулсан үйлдэл хийгээгүй ч өмчлөгчийн хувьд хариуцлага хүлээх үүрэг үүсдэг. Хэргийн баримтаас үзэхэд “У” ХХК нь 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшилдээ байлгаж, жолооч Ж.Эөөр бетон зуурмаг зөөлгөх тээвэрлэх гэрээтэй, хариуцагч түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, цалинжуулж байсан үйл баримт тогтоогдсон. Фидуцийн гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Ш” ХХК болсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа ч Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож шилжүүлж байгаа нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “У” ХХК мөн гэдгийг давхар нотолж байна. Мөн уг 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг Ж.Эд зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарлаж бичгийн гэрээг нотлох баримтаар гаргасан. /1хх-172/

 

Гуравдагч этгээд Ж.Э, хариуцагч “У” ХХК нарын хооронд тухайн автомашиныг зээлээр худалдах, Ж.Э тээврийн хэрэгслээр хариуцагч байгууллагын бүтээгдэхүүнийг тээвэрлэж, цалингаасаа хэсэгчлэн үнийг төлөх тохиролцоо буюу холимог шинжтэй гэрээ байгуулагджээ. Тээврийн хэрэгсэл Ж. Эийн өмчлөлд шилжсэн эсэх, эсхүл “У” ХХК-ийн өмчлөлд байгаа эсэх асуудлаар талууд маргасан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар, түүнчлэн гэрээнд тохиролцсоноор үнийг төлж дууссанаар өмчлөх эрх зээлээр худалдан авагчид шилжихээр байна. Хэдийгээр Ж. Э тухайн эд зүйлийг худалдан авсан ч, өмчлөгч нь болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмлэгч нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа шаардлагынхаа үндэслэлийг хариуцагчийн ажилтан Ж.Э ажил үүргээ гүйцэтгэж яваад хохирол учруулсан тул ажил олгогчоос хохирлыг гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан. /1хх-ийн 1-2/ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг буюу ажил олгогч өөрийн ажилтны учруулсан хохирлыг хариуцан арилгах заалтыг анхан шатны шүүхээс баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу байна. Дээрх заалтад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр буюу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа учруулсан хохирлыг ажил олгогч хариуцахаар заасан. Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулах зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд түүний ашиглалтаас үүссэн хохирлыг хариуцагч “У” ХХК хариуцан арилгах ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалт нь зөвхөн бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос гадна эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулах үндэслэлийг давхар тогтоосон тул нэхэмжлэгч Ц.А нь эрүүл мэндэд учирсан хохирлоо, Ч.Д нь автомашинд буюу өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо хариуцагчаас арилгуулахаар шаардах эрхтэй. /1хх-172/

 

Харин хохирлын хэмжээг тогтоохдоо анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Зарим нотлох баримтууд тухайн хэргийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэх байдлыг нотлохгүй байх тул хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагчаас эмчилгээний зардалд нийт 18 815 506 төгрөг шаардсанаас 13 530 302 төгрөгийг гаргуулж, 5 285 204 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 18 815 506 төгрөгт холбогдуулж гаргасан ч хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нийт 16 021 072 төгрөгийн баримтыг гаргажээ. Мөн нэхэмжлэгч Ц.А нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасан гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар бодно гэснийг зөрчиж зарлага гаргасан өдөр бүрийн ханшаар тооцжээ. Нэхэмжлэгчийн гаргасан баримтыг тус бүрээр нь авч үзвэл 2014.07.07-ны өдрийн эмчилгээний төлбөрт 14 370 вон, /1хх-36-38/, 2014.07.10-ны өдрийн эмчилгээний төлбөрт 15 000 вон, /1хх-39-41/, 2014.07.10-ны өдрийн эмчилгээний төлбөрт 155 330 вон /1хх-42-44/, 2014.07.10-ны өдрийн эмчилгээний төлбөрт 615 850 вон /1хх-45-47/, 2014.07.10-ны өдөр эм худалдаж авсан төлбөрт 47 830 вон, /1хх-48-49/, 2014.07.10-ны өдөр эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсний төлбөр 7 028 203 вон /1хх-51-53/, мөрний сойлт худалдаж авсны төлбөр 190 000 вон /1хх-54/, зочид буудлын төлбөр 120 000 вон /1хх-55-57/, такси хөлсөлсөн болон эм худалдаж авсны төлбөрт 34 700 вон /1хх-58-59/, 2014.09.04-ний өдөр эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн төлбөр 24 320 вон, /1хх-61-63/, 2014.09.04-ний өдөр эм худалдан авсан төлбөр 126 290 вон /1хх-64-65/ нийт 8 027 393 вонн буюу нэхэмжлэл гаргах өдрийн төгрөгтэй харьцах ханшаар 13 325 472 /8 027 393 х 1.66=13 325 472/ төгрөг болж байна.

 

Түүнчлэн Монгол Улсад оношлогоо, мэс засал хийлгэх, БНСУ-руу зорчих нислэгийн төлбөр зэрэг 2 695 600 төгрөг /1хх-22-24, 32-33, 60/, нийт 16 021 072 /13 325 472 + 2 695 600/ төгрөг байна. Ц.А нь БНСУ-руу эмчилгээнд эхнэрийн хамт явахад онгоцны зардалд нийт 2 381 600 төгрөг зарцуулсан гэх баримтыг гаргасан. /1хх-32-33, 60/ Гэвч зайлшгүй асран хамгаалагчтай явах шаардлагатай гэх байдал тогтоогдохгүй байх тул дээрх зардлаас түүний эхнэр Ч.Дгийн онгоцны билетийн үнэ 786 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Дээрх БНСУ-ын воноор шаардсан зарлагын баримт дотор мөрөвч, эм худалдаж авсан, зочид буудал, таксины төлбөр гэх нийт 344 500 вон буюу 571 870 /344 500 х 1.66= 571 870/ төгрөгийн зардлын баримт нь /1хх-54-59/ хэнд хамаарах нь тодорхойгүй, тухайн хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдохгүй 20 000 төгрөгийн баримт /1хх-50/ буюу нийт 591 870 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн нийт 16 021 072 төгрөгийн зардлын баримтаас хамаарал нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй 591 870 төгрөг /1-р хх 50, 54-59/-бусад зардал гэх нотлох баримтгүй 1 112 000 төгрөг, Ч.Дгийн онгоцны зардал 786 900 төгрөгийг хасч тооцоход нийт 13 530 302 төгрөгийг /16 021 072-591 870-1 112 000-786 900 = 13 530 302/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 285 204 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан, тус компанийн жолооч Ж.Эийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гаргаж, түүний эзэмшлийн 74-88 УНҮ улсын дугаартай, Тоёота Премио маркийн автомашинд учруулсан хохирол буюу машины үнэ 14 800 000 төгрөг, уг машинд нэмэлтээр тавьсан эд зүйлийн үнэ 174 000 төгрөг, В ХХК-иар ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ хийлгэсний ажлын хөлс 148 000 төгрөг нийт 15 122 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч Ч.Дгийн тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцохдоо шүүх бодитойгоор тухайн эд хөрөнгөд учирсан хохирлоор тооцоогүй. Ч.Д нь уг автомашиныг 14 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлаад н.Хүрэлбаатар гэх хүний тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан. /1хх-17/ Иргэний тодорхойлолтыг н.Хүрэлбаатараас зохих журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүйгээс гадна, хэрэгт авагдсан В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний баримтаар тээврийн хэрэгслийг 12 613 500 төгрөгөөр үнэлжээ. /1хх-66-68/ Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг талуудын хэн аль нь эргэлзээгүй баримтаар нотолж чадахгүй байгаа тохиолдолд үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах баримт гэж үзсэн болно. Дээрх үнэлгээний хэмжээн дээр нэхэмжлэгч талаас үнэлгээ хийлгэсэн 148 000 төгрөгийн зардлыг нэмж гаргах үндэстэй бөгөөд нийт 12 761 500 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг гаргаж Ч.Дд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав./ 1хх-17, 28-29/ Хэргийн 1 дүгээр хавтасны 66-68 дугаар талд авагдсан “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний баримтад  хариуцагч талаас  маргаагүй, үнэлгээ буруу, эрх бүхий этгээд хийгээгүй гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлдог тул хариуцагчаар “Н” ТӨХК-ийг татаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ .., хохирлын хэмжээг нотолсон нотлох баримтыг хуульд нийцүүлж үнэлээгүй” гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/03299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “498 дугаар зүйлийн 498.1” гэснийг “499 дүгээр зүйлийн 499.1” гэж, “18 815 506” гэснийг “13 530 302” гэж, “15 122 000” гэснийг “12 761 500” гэж, “олгосугай” гэснийг “олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 766 876 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 3 дахь заалтын “327 637” гэснийг “289 409” гэж тус тус өөрчлөн, хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД