Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 123

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0148/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000198 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, , 1987 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд  төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн *** гэх газар оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч *** нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Санжинт багийн Буянт гэх газар иргэн ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн ташаа орчимд нь хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хөдөө гэртээ эх, хойд эцэг бид 3 архи хувааж уусан. Ингээд бид хэдийн дунд үл ойлголцол болж хойд эцэг ***ийн зүүн ташаа хэсэгт нь хутгалсан.
…0.75 литр хэмжээтэй 2 шил архи хувааж уусан. Бид хоёрын дунд таарамжгүй харилцаа байгаагүй. Эмчилгээний зардалд 300000 гаран төгрөг өгсөн. 
…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа эвтэй найртай амьдрах болно.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглэхээр эхнэр, хүү бид гурав 0.75 литр хэмжээтэй 2 шил архийг хувааж уусан. 
…гэнэт *** миний утас байхгүй байна гэж хэлээд муудалцаж намайг хутгалсан.  Өмнө нь миний биед ямар ч гэмтэл байгаагүй, тэр өдөр л энэ бүх гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд 300000 төгрөг авсан, бид эвлэрэн хэлэлцсэн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,  

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-4/, 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-9/, 

-Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 10-15/, 
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 16-17/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 18/,

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нөхөр ***ийн хамтаар гэртээ байж байхад 10 цагийн үед манай том хүү Дарханбаатар архи согтууруулах унднааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирээд бид 3 цэргийн баяр болж байна гээд будаатай цай чанаад гэрт байсан “Түмний хишиг” нэртэй 0.750 литрийн  архи гаргаж ирээд бид 3 хувааж уугаад дахиад би авдарт байсан 0.500 литр “Түмний хишиг” нэртэй архи гаргаж ирээд ууж дууссан. Тэгсэн манай хүү Дарханбаатар “миний гар утас хаана байна, утас олоод ир”  гээд хашгираад байхаар нь бид 2 утсыг чинь яаж мэддэг юм бэ?, чи өөрөө нэг газар хаясан юм байгаа биз гэж хэлээд би гадагшаа амбаараас  боорцог оруулж ирэхээр нь гараад 5-10 минутын дараа эргээд гэрт ороод ирсэн чинь Бямбадорж “Дарханбаатар миний зүүн ташаа руу хутгаар хатгачихлаа” гээд цус гарч байхаар нь би хүү *** руу яриад эмнэлэгт дуудлага өгөөд ороод ирсэн чинь Дарханбаатар мотоциклоо унаад явсан байсан юм. Удалгүй хүү *** эмч дагуулж ирээд *** гэгчийг эмнэлэг рүү аваад явсан юм. 
...Манай гэрийн шүүгээнд байдаг ойр зуурын юм хийхдээ хэрэглэдэг байсан хутга байгаа юм. Улаан хүрэн иштэй жижиг тонгорог байгаа юм.
...гэрт ороод ирсэн чинь ***ийн зүүн ташаа орчмоос нь цус гарсан байдалтай байхаа нь би хүү Дарханбаатарыг яаж байгаа ю гээд загнаж уурласан чинь гэрээс гараад явсан юм.” гэх  мэдүүлэг /хэргийн 26-27/,

-Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...*** утсаар залгаад “*** ах, Дарханбаатар ах 2 архи уучихсан хоорондоо маргалдаад хутга шөвөг болсон байна” гэж хэлэхээр нь би сумын төвөөс такси аваад хөдөө гэрт очсон чинь гарт хадам ээж Төгсжаргал ганцаараа уйлаад ийм юм болчихлоо гээд сууж байхад нь манай хүүхэд очоод орон дээр суух гэсэн чинь хадам ээж Төгсжаргал “наанаа битий суу, цус болсон байгаа” гэхээр нь харсан чинь орны ногоон эрээн өнгөтэй бүтээлэг цус болсон байсан ба манай нөхөр *** ах *** гэгчийг аваад эмнэлэг явчихсан байсан юм. 
...намайг очиход Дарханбаатар ах гэрт байхгүй байхаар нь асуусан чинь мотоциклоо унаад явсан гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 28/, 

-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 30/,

-“...Д.***ийн биед бүсэлхийн шарх, зулгаралт, цус хуралт, баруун хацар, баруун бугалганы цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн дал, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйл болон, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49/, 
-Хохирогч Д.***ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хэргийн 52/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Санжинт багийн Буянт гэх газар иргэн ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн ташаа орчимд нь хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хөдөө гэртээ эх, хойд эцэг бид 3 архи хувааж уусан. Ингээд бид хэдийн дунд үл ойлголцол болж хойд эцэг ***ийн зүүн ташаа хэсэгт нь хутгалсан.” гэх мэдүүлэг, хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэнэт *** миний утас байхгүй байна гэж хэлээд муудалцаж намайг хутгалсан.  Өмнө нь миний биед ямар ч гэмтэл байгаагүй, тэр өдөр л энэ бүх гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд 300000 төгрөг авсан, бид эвлэрэн хэлэлцсэн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-4/, гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…5-10 минутын дараа эргээд гэрт ороод ирсэн чинь Бямбадорж “Дарханбаатар миний зүүн ташаа руу хутгаар хатгачихлаа” гээд цус гарч байхаар нь би хүү *** руу яриад эмнэлэгт дуудлага өгөөд ороод ирсэн чинь Дарханбаатар мотоциклоо унаад явсан байсан юм. ...Манай гэрийн шүүгээнд байдаг ойр зуурын юм хийхдээ хэрэглэдэг байсан хутга байгаа юм. Улаан хүрэн иштэй жижиг тонгорог байгаа юм.” гэх  мэдүүлэг /хэргийн 26/, гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...манай хүүхэд очоод орон дээр суух гэсэн чинь хадам ээж Төгсжаргал “наанаа битий суу, цус болсон байгаа” гэхээр нь харсан чинь орны ногоон эрээн өнгөтэй бүтээлэг цус болсон байсан ба манай нөхөр *** ах *** гэгчийг аваад эмнэлэг явчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 28/, “...Д.***ийн биед бүсэлхийн шарх, зулгаралт, цус хуралт, баруун хацар, баруун бугалганы цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн дал, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйл болон, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Хохирогч *** нь хэрэг бүртгэлтийн шатанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн тасагт “гомдолгүй” гэсэн өргөдөл гаргаж байсан /хэргийн 52/ шүүхийн хэлэлцүүлэгт  “...эмчилгээний зардалд 300000 төгрөг авсан, бид эвлэрэн хэлэлцсэн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 49/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
     
Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн хэлтэст  “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 4 цагийн үед эхнэр *** хойд хүү болох ***тай 2 шил архи хуваан ууж ***тай муудалцаж миний биед мэс хүргэсэн. Иймд би гомдолгүй” гэх хүсэлт /хэргийн 52/ гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт “...бид эвлэрэн хэлэлцсэн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***т холбогдох 201709000198 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай, ажлын хэсэг 9 см урт, нийт 20 см урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***т холбогдох 201709000198 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай       
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай, ажлын хэсэг 9 см урт, нийт 20 см урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ