Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 0082

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.Л

Шүүгдэгч                                           Х.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Э

Хохирогч                                           С.Ш

Нарийн бичгийн дарга                 Д.Одончимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Эт холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч С.Шын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Х-н Э.

 

            Шүүгдэгч Х.Э нь согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 17-10 тоотод С.Шыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор:

 

  Шүүгдэгч Б овгийн Х-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Эоос 53.900 /тавин гурван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Шад олгож, 2.659.600 /хоёр сая зургаан зуун таван есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Ш давж заалдах гомдолдоо:

... Би 2020 оны 05 дугаар сарын 17-нд Х.Эт зодуулж нүд рүүгээ өшиглүүлсэн, хүнд гэмтэл авсан. Нүдний хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай. Х.Э нь нүд рүү өшиглөөгүй цохисон гэж мэдүүлэг өгсөн байна. Өшиглөснөө хүлээн зөвшөөрөөгүйд гомдолтой байна. Урдаа төмөртэй гутлаар өшиглөсөн. Зодуулсны улмаас нүдний хагалгаанд зайлшгүй яаралтай орох болсон. Гэвч өөрийн санхүүгийн боломж болохгүй, хагалгаанд орж чадахгүй өдий хүрлээ. Би гурван хүүхэдтэй. Том хүү маань оюутан болж байгаа болохоор хагалгаанд орох гэхээр мөнгөний боломжгүй байгаа. Шүүхээр баримт нотолгоотой юманд хохирол барагдуулна гээд байгаа үүнд гомдолтой байна.

Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн нүдний эмч, мэс заслын тасгийн ерөнхий эмч Т гэж хүний хагалгаанд орох шаардлагатай тамгатай бичиг байгаа гэвч нотлох баримт биш гэсэн. Би өөрөө мөнгөгүй учир тийм бичиг хийлгэж ирсэн. Х.Э нь өмнө хэрүүл уруултай тулж байж 100.000 төгрөг эм тарианы мөнгө гэж авсан. Дахиад мөнгө нэхсэн өгөөгүй.

Шүүхээр заргалдаад ав гээд өгөөгүй. Шүүх хурал болдог өдрийн үдээс өмнө 186.500 төгрөг надад хэлэхгүйгээр миний данс руу өмгөөлөгч нь хийлгэсэн гэсэн. Өмгөөлөгч нь болохоор би хийлгэсэн гэсэн дансыг нь олж болдог юм, яадаг юм гэж хэлсэн. Би бодохдоо энэ мөнгө төлсөн байдал нь шүүх хурал дээр Х.Эт ашигтай байсан болохоор хийсэн байх гэж бодсон. Хуулиа мэддэг хүмүүс хуулийн цоорхой ч ингэж ашигладаг юм байна гэж би бодсон.

Энэ хүн анх намайг 30-40 минутын хооронд зодсон, дарамталсан, нүдсэн. Би хэлсэн хууль гэж байдаг юм, хуулиндаа хүн захирагддаг гэж хэлсэн. Гэтэл хуулинд захирагддаггүй зоргоороо амьдардаг хүн гэж байсан. Анх хэлэхдээ цагдаа дуудах гэж байгаа юм уу цагдаатай чинь цуг духанд чинь сум зооно гэж байсан. Гуйгаад байхаар нь би хөнгөрүүлж миний духанд сум зооно гэж өмнөх өргөдөл дээрээ тэгж бичсэн. Энэ хүн өмнө эхнэрээ буудаж ална гээд буугаар сүрдүүлж баривчилгаанд орж байсан юм байна лээ. Би маш их гомдолтой байна. Өмнөх шүүх хурал дээр ганц л үг хэлүүлээд буцаагаад суулгасан. Ахиж үг хэлэх боломж олгоогүй, өөрийнхөө санхүүгийн боломжоор хагалгаанд орно. Урьдчилаад намайг хагалгаанд орохоос өмнө мөнгө өгүүл сайн байна.

Өмнө нь эхнэрийг ярьж мөнгө нэхэхэд пизда минь шүүхээрээ нэхээд аваарай гэсэн хирнээ шүүх хурал болдог өдрийн үдээс өмнө хаанаас ч юм олоод миний данс руу хийсэн байсан. Миний гарсан нийт зардал одоогийн байдлаар 442.800 төгрөгийн зардал гарсан. Э-с 100.000 төгрөг авсан, хэрүүл уруултай авсан. Дараа нь шүүх хурал болдог өдөр 186.500 төгрөг хийсэн байсан.

Шүүх хурлын дараа 53.900 төгрөг хийнэ гэсэн одоо болтол хийгээгүй байгаа. Шүүх хурал болоод миний гарсан зардлаас шүүх хурал дээр машинд хийсэн газны мөнгөнүүдийг бүгдийг /хассан олон өдөр явсан/ 1 өдөр машин эвдрээд найзынхаа машинд бензин хийсэн тэрийг хассан. Хоолонд нэг удаа орсон 13.500 төгрөг хассан. Би үүнд гомдолтой байна. Би арван хоног халуурч хэвтсэн. Би өдөрт орлоготой ажилладаг. Үүнээс болж манай гэр бүлд санхүүгийн хувьд асар их алдагдал гарсан. Энэ хүн бол миний хувьд хуулийг уландаа гишгээд яваа юм шиг бодогдож байна. Эрхэм шүүгч нар гэгээн оюундаа тунгаан бодно биз дээ гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Шүүгдэгч Х.Эт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч С.Шын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 17-10 тоотод С.Штай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Эын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн С.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна.

 

            Х.Эт холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Хохирогч С.Ш нь ... хагалгаанд орох мөнгө өгвөл сайн байна... ... зардлаа бүтэн авмаар байна ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

            Шүүгдэгч Х.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтаар тогтоогдсон хохирлын ихэнх хэсгийг хохирогчид төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчим буюу түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

            Хохирогч С.Шын гаргасан давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх хохирогчийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангасан хохирол болох 340.400 төгрөгийн хохирлоос Х.Э нь 286.500 төгрөг төлсөн гэж дүгнэн шүүгдэгчээс 53.900 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн 2.659.600 төгрөг буюу хагалгаа хийлгэх, ор хоногийн мөнгө, ирэх очих зардал, урсгал зардал, 10 хоногийн хугацаанд алдсан өдөр тутмын орлого зэрэг бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх С.Шад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

            Өөрөөр хэлбэл хохирогчийн гэм хорын хохирол гаргуулахтай холбогдуулан гаргаж өгсөн зарим баримтууд нь нотолгооны шаардлага хангаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхэд гэм хорын хохирол гаргуулахтай холбоотой баримтуудаа ирүүлээгүй байна.

        

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Шын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Хохирогч С.Шын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР