Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2017/0151/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000243 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** 1977 оны 12 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод түр оршин суух хаягтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** тоотод оршин суух албан ёсны хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Шүтээн” зочид буудлын ард иргэн ***ын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Самсунг ноте 1 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн орой 18-ын буудлаас найзыгаа таксинд суулгаж өгсөн. Найзыгаа таксинд суулгаж өгөөд ирж явах замдаа хохирогч ***той /үл таних/ тааралдсан. Тухайн үед хохирогч *** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би хохирогч ***оос “би таныг гэрт чинь хүргээд өгөх үү” гэж асуусан чинь хохирогч *** “үгүй” гэж хэлээд байж байтал хохирогч ***ын халаасанд нь гар утас дуугарсан. Тэгээд би хохирогч ***ын гар утсыг халааснаас нь авч, түлхэж унагаагаад цаашаа зугтааж гүйсэн. Би гүйгээд зам хөндлөн гарч явахдаа 2 цагдаад баригдсан.

…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 6-8/,

 

-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 25-ны орой 20 цагаас 00 цаг хүртэл шинэ Дарханд байрлах “Сатурн” нэртэй баарны караокед өөрийн найз Бумаа, *** нарын хамтаар дуулж байгаад гартээ харихаар таксинд суугаад хуучин Дархан орж, “Голд” зочид буудлын харалдаа буугаад ээжтэйгээ байдаг болохоор архиа гаргангаа агаарт алхаж байгаад гэртээ ороё гээд гэр рүүгээ алхаж явтал гэнэт жижиг биетэй 40 орчим насны танихгүй залуу гарч ирээд “гэрт чинь хүргээд өгье” гэхээр нь  би “зүгээр ээ, таниар хүргүүлэхгүй, өөрөө гэртээ харьж чадна” гээд явах гэтэл тэр залуу намайг заамдаж аваад цааш нь чирээд нэг машины урд боож унагаасан. Тэгэхэд би хэсэг хугацаанд ухаан алдсан.  Сэрэхэд миний халаасанд байсан хар өнгийн Самсунг   ноте-1 маркийн гар утас алга болсон байсан. Тэр шөнө гар утсаа хайж явж байгаад эрүүлжүүлэхэд орсон. Маргааш нь гар утас руугаа залгахад Цагдаагийн газар байна гэж хэлсэн юм.

…Миний хувцасаар боосон хүзүү улайсан байсан, зүүн хөл шагай өвчтэй болсон байсан өөрөөр гэмтэл бэртэл байгаагүй. Сүртэй гэмтээгүй учраас эмнэлэгт үзүүлээгүй.

...би нилээн согтуу байсан болохоор санаанд ороогүй гэнэт боож аваад амьсгал боогдоод би эсэргүүцэл үзүүлж чадаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,

 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хамт ажилладаг Цагдаагийн газрын сүлжээний инженер ***ын хамтаар түүний машинтай хуучин Дарханд 00 цаг өнгөрч байхад явж байтал  “Шүтээн” зочид буудлын арын талбайд хоёр хүн маргаад байгаа бололтой байхаар нь юу болоод байгаа юм бол гээд хартал нэг намхан залуу өөрөөсөө арай биеэрхүү залуугийн хоолойг хувцасаар нь боож газар унагаагаад замын эсрэг тал руу шүүх чиглэлд зугтаахаар нь араас нь хөөж байгаад барьж аваад юу болсон талаар нь тодруулж, бичиг баримтыг шалгахад халаасандаа 2 утастай байсан нэг гар утас нь нокиа, нөгөө гар утас нь нөте-1 маркийн гар утас байсан. Тэгэхээр нь энэ нөте-1 маркийн гэр утас хэнийх болохыг тодруулахад миний гар утас гэж байсан бөгөөд дэлгэцний кодыг онгойлгож мэдэхгүй байсан юм. Тэгэхээр нь тэр этгээд сэжигтэй этгээд байна гэж бодоод Цагдаагийн газар ирж Эрүүгийн төөөлөгч ***эд хүлээлгэн өгсөн. Эргэж очоод нөгөө этгээдийг нь тухайн орчмоор нь хайхад тэр орчимд байхгүй байсан. Тэгтэл тэр шөнө цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон юм байна лээ.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 25-наас 2017 оны 3 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч *** хамтаар хувийн ажилтай хуучин Дарханд машинтай явж байтал Дархан сумын 4 дүгээр баг “Шүтээн” зочид буудлын арын талбай дээр 2 хүн зодолдоод байгаа бололтой байхаар нь харахад намхан залуу нь өндөр залуугаа хоолойг нь боож газар унагаад гүйгээд явсан. Тэгэхээр нь тэр зугтаасан залууг араас нь  дагаж очоод барьж авахад Тамир гэх залуу байсан. Биед нь бичиг баримтыг нь шалгаж болсон асуудлыг тодруулахад түүний биеэс нөте-1 маркийн гар утас, нокиа маркийн гар утас 1 гарч ирэхээр нь “нөте маркийн гар утас хэнийх гар утас юм бэ?” гээд асуухад минийх гэсэн боловч кодыг нь мэдэхгүй байсан. Тэгэхээр нь сэжигтэй этгээд байна гэж бодоод Цагдаагийн газар дээр авч ирж эрүүгийн төлөөлөгч ***эд хүлээлгэн өгөөд буцаж хамт байсан залууг олж ирэхээр тухайн орчим хайхад нөгөө өндөр биеэрхүү залуу нь байхгүй байсан юм. Тэгтэл тэр  залуу гар утсаа хайж явж байгаад эрүүлжүүлэхэд орсон байсныг маргааш нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** 23 цаг өнгөрч байхад гэртээ очно гээд ганцаараа яваад өгсөн, түүний араас гэр гэртээ харьцгаасан. Тэгтэл маргааш нь *** гар утсаа алдчихсан гэж хэлсэн.

…Маргааш нь *** надтай таарсан юм. Тэгэхдээ гар утсаа дээрэмдүүлчихсэн л гэж хэлсэн. Нарийн зүйл хэлээгүй, ямар ч гэсэн гар утас минь цагдаа дээр байна гэнээ гэхээр нь “өө ашгүй дээ, олдсон л бол яамаа дай гэж хэлээд өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 14/

 

-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 120000 төгрөг байна.” гэх 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 19-20/,

 

-“…***ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26/,

 

-“…магадлуулагч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл байсан болно. Үйлдсэн хэргийхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэг чадвартай болно. Магадлуулагч *** нь сэтгэцийн өвчингүй эрүүл, эмнэлэгийн байнгын хяналтад байдаггүй болно. Магадлуулагч *** нь сэтгэцийн өвчингүй эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. Магадлуулагч *** нь сэтгэцийн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх 36/17 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа /хэргийн 30/,

 

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42/,

 

-Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 61/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Шүтээн” зочид буудлын ард иргэн ***ын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Самсунг нөте 1 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт болох нь шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тухайн үед хохирогч *** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би хохирогч ***оос “би таныг гэрт чинь хүргээд өгөх үү” гэж асуусан. Тэгсэн хохирогч *** “үгүй” гэж хэлээд байж байтал хохирогч ***ын халаасанд нь гар утас дуугарсан. Тэгээд би хохирогч ***ын гар утсыг халааснаас нь авч, түлхэж унагаагаад цаашаа зугтааж гүйсэн.” гэх мэдүүлэг, хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний хувцасаар боосон хүзүү улайсан байсан, зүүн хөл шагай өвчтэй болсон байсан өөрөөр гэмтэл бэртэл байгаагүй. ...би нилээн согтуу байсан болохоор санаанд ороогүй гэнэт боож аваад амьсгал боогдоод би эсэргүүцэл үзүүлж чадаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Дарханд 00 цаг өнгөрч байхад явж байтал  “Шүтээн” зочид буудлын арын талбайд хоёр хүн маргаад байгаа бололтой байхаар нь юу болоод байгаа юм бол гээд хартал нэг намхан залуу өрөөсөө арай биеэрхүү залуугийн хоолойг хувцасаар нь боож газар унагаагаад замын эсрэг талруу шүүх чиглэлд зугтаахаар нь араас нь хөөж байгаад барьж аваад юу болсон талаар нь тодруулж, бичиг баримтыг шалгахад халаасандаа 2 утастай байсан нэг гар утас нь нокиа, нөгөө гар утас нь нөте-1 маркийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/, “үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 120000 төгрөг байна.” гэх 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 19-20/ болон бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх  үзлээ.

 

Хохирогч *** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ажилтай тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй, ***аас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн хариу өгсөн байх ба эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 6-8 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

            Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 42/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдооүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар шүүгдэгч ***т 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.      

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ