Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2018/01745

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2018/01745

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн ************* оршин суух, Э овогт Я-ын О / -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************** оршин оршин суух, У овогт Б-ийн Н / т холбогдох 942.200 /есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Я.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь иргэн Ныг өөрийн эзэмшлийн Ганзам цайны газарт 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс бэлтгэгч, үйлчлэгчээр ажилд авсан. Ажилд орсны дараа 2016 ны 01 дүгээр сарын 23-нд нөхөр Энхбаярын хамт ирж 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр ноолуурын мөнгө аваад өгнө гэж хэлээд нөхөр, хүүхэд, өөртөө 1.760.000 /нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөгийн бараа авсан юм. Энэ барааны үнийг бэлэн 100.000 төгрөг, 1-р сарын цалингаас 190.000 төгрөг, 3-4 дүгээр сарын цалингаас 220.000 төгрөг, 2-5 дугаар сарын цалингаас 195.800 төгрөг, хямдралаар 92.000 төгрөг, ажилтан Дэчингийн төрсөн өдрийн 20.000 төгрөг суутгуулж, одоо 942.200 төгрөгийн өгөхгүй хохироож байгаа тул уг хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Я.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б .Н манай Ган зам ХХК-д ажилд орж ажиллаж байгаад 20 гаруй хоногийн дараагаар буюу 1 дүгээр сард нөхрийн хамт 1.760.000 төгрөгийн үнэ бүхий барааг хавар 04 дүгээр сард ноолуур гарах үед төлнө гэж зээлж аваад нөхөр Энхбаяр нь 200.000 төгрөгийн үнэтэй, хар хөх өнгийн хүрэм авч тэр дор нь өмсөөд, мөн Н өөртөө гутал, хүүхдүүддээ гадуур хувцас зэргийг авч 2 торонд хийгээд авч явсан. Манай дэлгүүрийн бараа Турк бараа тул үнэтэй байдаг бөгөөд тиймдээ ч 1.760.000 төгрөг болсон. Тухайн үед Н нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэгээд Нын ажилласан хугацааны цалинг барааны төлбөрт суутгал хэлбэрээр авч, одоо түүнээс үлдэгдэл 942.200 төгрөгийг гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь Нтай энэ талаараа ярилцаж, багагүй хугацаанд хөөцөлдөөд огт өгөөгүй бөгөөд шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрч чадаагүй. Энэ талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Б.Н нь зээлж авсан 1.760.000 төгрөгийн үнэтэй барааныхаа төлбөрийг цалингаасаа суутгуулж байсан. Тэрээр цалингаасаа 817.800 төгрөгийг суутгуулж, үлдэгдэл 942.200 төгрөгийг одоо болтол өгөлгүй шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаагаа ойлгож байгаа үгүйг нь мэдэхээ байлаа. Б.Н намайг ганцхан өөрийнх нь цалинг бодоогүй, бусад 3 ажилтныхаа цалинг бодож гарын үсэг зуруулж байсан, надад цалин гэж бэлэн мөнгө гэж өгч байгаагүй, түүнийг намайг зохиогоод бичсэн гэж л яриад байна. Цалинг тухайн өдрийн орсон орлогоороо боддог учир их, бага янз янз бичигддэг юм. Ер нь бол ашигаа аваад үлдсэн мөнгийг 3 ажилчиндаа хуваагаад боддог. Би Ныг хэдий зээлтэй байгаа ч гэсэн ажил хийж байгаа юм чинь цалингийн дээж болгож 10.000 төгрөг авъя гэхээр нь өгсөн. Бас нэг удаа 8.750 төгрөг авъя гэхээр нь мөн өгч байсан. Б.Н харин ч барааны өр 1.760.000 төгрөгөөс гадна тухайн сардаа бараа авч түүнийгээ бас хажуугаар нь цалингаасаа суутгуулдаг байсан. Б.Н манайхаас гарахынхаа өмнө ногоон өнгийн юбка, сандаал хоёрыг бэлэн мөнгөөрөө авчихаад түүнийгээ буцааж өгнө гэхээр нь би аваагүй нь үнэн. Нтай тохиролцох шаардлага байхгүй. Харин ч зээлээр авсан барааны үнэ 1.760.000 төгрөгийг ноолуур гарахаар төлнө гэж байсныг цалингаас нь суутгасаар 942.200 төгрөг болгосон. Н баримтгүй дан худлаа яриад байна.

Иймд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тус хэргийг шийдвэрлэж хариуцагч Б.Наас миний 942.000 төгрөгийг гаргуулж өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Батсумъяагийн Н нь Э овогтой Я-г О-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.Нэхэмжлэлд байгаа гэрийн хаяг нь миний хаяг биш, мөн миний овог, нэрийг бичээгүй, зөвхөн гараараа Н гэж нөхөж бичсэн нь хэн гэх овогтой Над холбогдуулж нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй зөвхөн миний утасны дугаарыг бичсэн байна. Гэтэл ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т хариуцагчийн овог, эцгийн нэр, хаягийг бичиж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах ёстойг хуульчилсан байна.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон хавсарган өгсөн баримтууд нь бүгд худал бөгөөд хуурамчаар үйлдсэн баримтууд хавсарган өгсөн байхаар харагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд хавсарган өгсөн баримт дээрхи хүлээн зөвшөөрсөн Н гэж гарын үсэг зурсан байна. Энэ гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 65.1.11 зүйлд зааснаар шүүгч нь иргэний хэрэг үүсгэхээс татгалзах ёстой байхад иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ган зам худалдаа үйлчилгээний төвд зөөгчөөр ажиллаж байсан нь үнэн. Ажиллаж байх хугацаандаа 1.760.000 төгрөгийн бараа зээлээр авсан нь үнэн. Гэхдээ тухайн оны 1, 2, 3 дугаар сард бүтэн, 4 дүгээр сард хагас ажиллаж авах ёстой цалингаасаа зээлээр авсан барааныхаа үнэнээс суутгуулж, мөн дээрээс нь бэлэн 100.000 төгрөг өгч өрнөөсөө тодорхой хэмжээг нь төлсөн. Гэхдээ 1.760.000 төгрөгөөс 120.000 төгрөгийг хасах ёстой юм. Юунд гэхээр төрсөн өдрийн мөнгө гэж хурааж авсан, түүнийг өөрөө ч буцааж өгнө гэсэн. Я.О нь намайг цалингаа сар сардаа авч байсан гэж байна. Би анх ажилд орсон цагаас гар дээрээ цалингаа бэлэн авалгүй дуугүй яваад байсан. Бараа зээлсэн гэх үндэслэлээр суутгал хэлбэрээр төлөлт хийгдэж, дээрээс нь би бэлэн 100.000 төгрөг өгч зээлсэн барааны үнийн дүнгээс хасуулж байсан. Би 04 дүгээр сарын 30-ны өдөр цалингаа бодуулахад 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан цалин Дээгий эгчид 480.00 төгрөг, надад 380.000 төгрөг гэж тухайн сарын цалин гарсан. Анх ажилд ороход цалинг 250.000 гэж тохиролцсоноос, сүүлд тухайн өдрийн орлогоороо гээд өөрчлөгдсөн. Тэгээд би 380.000 төгрөгөөс төлөх ёстой мөнгийг өөрт нь яс бодож хасуулаад үлдэгдэл 8.750 төгрөг гарахаар нь гарын үсэг зурж авч байсан. Тэр нь миний 1 сараас 5 сар хүртэл хугацаанд ажиллаад гар дээр авсан мөнгө юм. Уг нь би 6 сар хүртэл ажиллаад ямарч өр ширгүй болоод гарна гэж бодож байсан чинь 4 сарын цалин 380.000 гэж бодсон боловч бичилт хийхдээ 2 сар дээр хувааж бичсэн байхаар нь ажлаасаа гарсан. Надаас шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч ... 1, 2 сар цалингүй ажиллаж цалин аваагүй байж болно. Яагаад ийм олон сар цалингүй ажиллаад байсан юм ... гэж асуухад нь би ... зээлсэн барааны үнийн төлбөрт суутгагдаад төлбөр төлөгдөөд явж байгаа гэж бодсон чинь эсрэгээрээ төлөгдөөгүй 1.760.000 төгрөг хэвээрээ байсан ... гэж хэлж байсан. Бас намайг Ган зам худалдаа үйлчилгээний төвөөс сар болгон бараа авч байсан гэдэг нь худлаа. Манай гэр бүлд улсаас хүнсний бараа авах эрхийн талон олгож түүгээрээ гэрийнхээ сарын хүнсээ хангалттай хангадаг учир идэж уух зүйл зээлээр нэмж авах шаардлага байхгүй. Хүнсний бараа авсан гэвэл 2 уут гурилан бүтээгдэхүүн, 1 уут хуурай сүү л авсан байх, өөр зүйл авч байгаагүй. О эгчийн зарж байгаа бараан дотор намхан ултай бор гутал байхаар нь би энэ дажгүй гутал байна хавар л авч өмсөхөөс гэсэн чинь чи авах гэж байгаа юм бол одоо авахгүй юу, хавар мөнгийг нь өгөөрэй гэсэн бөгөөд би авъя ч гэж аваагүй юм. Би О эгчийг өр төлбөр ихтэй, өндөр зээлтэй, түрээс өндөр төлдөг, ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй байдалд ордог талаар мэддэг учир орлого оруулъя гэж хүнлэг сэтгэлээр ханддаг байсан. Тэр ч утгаараа би өөрийн төрсөн дүү охинтойгоо очиж Ган зам дэлгүүрээс 600.000 гаруй мянган төгрөгт хувцас худалдаж авсан ба манай дүү 300.000 гаруй, би нэхэмжлэгчийн сая ярьсан ногоон сандаал, юбка хоёрыг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. О захирал банкны зээл төлөх эргэн төлөлт хийх гэрээнд заасан хугацаа нь болохоор хүнээс мөнгө сураад бөөн л юм болоод байдаг байсан болохоор орлого оруулъя л гэж бодож бараанаас нь зээлээр авдаг байсан. Надаас ч мөнгө зээлээд банкны зээлээ төлж байсан удаа цөөнгүй. Хүн тэгж боддоггүй юм билээ. Сүүлд маргаан үүсээд байхаар нь бараагаа буцааж ав гэсэн чинь зарагдсан бараа буцааж авдаггүй, заавал 942.200 төгрөгөө авна гээд уурлаж, бараа хийж байсан тор урж шидчихээд явсан гэв.

 Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсаншүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.О нь хариуцагч Б.Над холбогдуулан худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 942.200 /есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуу/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Я.О нь ... Б.Н нь манайд 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажилласан ба ажиллаж байхдаа хавар ноолуурны үеэр мөнгийг нь өгнө гэж хэлээд 1.760.000 төгрөгийн хувцас зээлээр худалдан авсан. ... Тэгээд өрнөөсөө өгч л байя гээд 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн, би Б.Нын 1 дүгээр сарын цалин 210.000 төгрөг бодогдсоноос 190.000 төгрөгийг, 2 болон 5 дугаар сарын цалингийн нийлсэн мөнгөнөөс 195.800 төгрөгийг, 3, 4 дүгээр сарын цалингаас 220.000 төгрөгийг тус тус өрнөөс суутгаж, худалдан авсан гутлын үнэнээс 20 хувийн хөнгөлөлт эдлэх ёстой байсны 92.000 төгрөгийг, төрсөн өдрийн 20.000 төгрөгийг, нийт 817.800 төгрөгийг тус тус хасаад 1.760.000 төгрөгийн зээлээр авсан барааны үнээс 942.200 төгрөгний өр үлдсэн тул гаргуулж өгнө үү. ... гэж,

Хариуцагч Б.Н нь ... би 1.760.000 төгрөгийн барааг худалдан авсан нь үнэн. Гэхдээ нийт 5 сар энэ хүний цайны газар үйлчлэгчээр ажилласан. Үүний таван сарын цалин 250.000 төгрөгөөр тооцоод нийт цалин 1.250.000 төгрөг үүн дээр бэлэн өгсөн 100.000 төгрөг, гутлын хямдрал 92.000 төгрөг, төрсөн өдрийн 20.000 төгрөг зэргийг хасахаар би 283.000 төгрөг л нэхэмжлэгчид өгөх үлдэгдэлтэй байгаа. ... гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Я.Оээс 201оны 01 дүгээр сард 1.760.000 төгрөгний үнэ бүхий бараа худалдан авсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Т.Жавзмаагийн шүүх хуралдаанд өгсөн 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр нэг орой 20 цагийн үед дэлгүүр хаасны дараа Н нь нөхөр, 2 хүүхдийн хамт ирээд нөхөр болон хүүхдүүддээ гадуур хувцас, бусад бараа зээлж авч явсан. Би ч ялгаагүй бараа зээлээр аваад төлбөрийг цалингаасаа суутгуулаад явдаг байдаг. Би энэ байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа хүн. ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба дээрх үйл баримтанд талууд маргаагүй.

Дээрхээс дүгнэж үзвэл худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх тул хэлцлийг амаар хийсэн гэж тооцох үндэслэлтэй байна.

Талууд худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулснаар Иргэний хуульд заасан гэрээний харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн байх тул худалдагч буюу нэхэмжлэгч Я.О нь худалдан авагч буюу хариуцагч Б.Наас гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй юм.

Харин хариуцагч Б.Н нь ... барааны үнэ болох 1.760.000 төгрөгөөс төлсөөр байсан. Одоо 283.000 төгрөгний үлдэгдэлтэй. ... гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч Б.Наас 942.200 /есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Од олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 23-нд Энхбаяр, Нараа нарын зээлээр авсан бараа гэж барааны жагсаалт бүхий баримт 1 хуудас, Ганзам цайны газар ажиллаж байсан Б.Нын цалингийн түүвэр 1 хуудас, ажилчдад олгосон цалин хөлсний тооцоо гэх 4 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.500 төгрөгөөс 942.200 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 27.163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 337 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагчаас 27.163 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б-ийн Н-аас 942.200 /есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я-ийн О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.500 / хорин долоон мянга таван зуу/ төгрөгөөс 27.163 /хорин долоон мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 337 /гурван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагчаас 27.163 / хорин долоон мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА