Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00075

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00075

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, С аймаг, С сум, * дүгээр баг, *-* тоотод оршин суух, Г овогт Бгын Н /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19** оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, С сум, 2 дугаар баг, Ш гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух, В овогт Лийн А /РД:********/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай,

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Н /цахимаар/, хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд Л.Атай танилцан хамт амьдраад 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн 10 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2001 онд том хүү Ц-О, 2015 онд бага хүү Н нар төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, байнгын хардалт, архины хэрүүлтэй хөндий харилцаатай байсаар 2015 оноос тус тусдаа амьдарч өдийг хүртэл 2 хүүхдээ миний бие асран халамжилж ирсэн. Тусдаа амьдрах хугацаанд нөхөр А нь 2 хүүхдэдээ хайр халамж, сэтгэл санааны болон эд материалын туслалцааг үзүүлж байсан удаагүй, эцэг хүнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлаагүй одоо ч өөрчлөгдсөн зүйл байхгүй. Одоо бид тус тусын амьдралтай болж байгаа. 2 хүүхдээ би өөрөө асран халамжилна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2000 оноос 2017 оны хооронд С аймгийн С суманд Б.Нтай гэр бүл болж амьдарч байсан. 2001 онд хүү Ц-О, 2015 онд хүү Н нар төрсөн. Бид таарч тохирохгүй байсан тул хэсэг хугацаанд тусдаа амьдраад үзье гэж шийдсэн. Хүүхдүүдээ бодоод хамт амьдраад үзье гэж бодоод 2020 онд очсон боловч Н татгалзсан. 2021 оноос найз нөхөд манай эхнэрийг өөр хүнтэй болсон гэж хэлсэн нь үнэн байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Сэ аймгийн С сумын * дүгээр багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1*** тоот албан бичиг /хх-2/, С аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн огноо дугааргүй албан бичиг /хх-3/, С аймгийн С сумын Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-4/, нэхэмжлэгч хариуцагч нарын 004**** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 50481***** дугаартай хүү Ц-Оын төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, 43310****** дугаартай хүү Нын төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-8/, С аймгийн С сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ** тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-9/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь Л.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Б.Н, Л.А нар нь 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн 10 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон, тэдний дундаас 2001 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү А.Ц-О /РД:********/, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү А.Н /РД:********/ нар төрсөн болох нь 004**** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-5/, 5048******* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, 433100****** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Хүү А.Н нь С аймгийн С сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн * дүгээр ангид сурдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх Б.Нгийн асрамжид байдаг болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

С аймгийн С сум дахь Сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл ирүүлжээ.

Гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү А.Нын асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Б.Нгийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Л.Аыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ааас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г овогт Бгын Н /РД:********/, В овогт Лийн А /РД:********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү А.Н /РД:********/ нь эх Б.Нгийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Л.Аыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

4.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ааас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ