| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
***аймгийн ***сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.**,
Улсын яллагч Н.**,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.**,
Шүүгдэгч Б.**, Д.**, М.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг **сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.**, Д.**, М.**нарт холбогдох **дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр ***аймгийн **суманд төрсөн, эмэгтэй, 56 настай, бүрэн дунд боловсролтой, холбооны залгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт ***аймгийн **сум, * дугаар баг, ** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 243 дугаар зүйлийн 234.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, **овогт ****/РД:*/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын ***-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, **настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, **аймгийн **сумын *** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, **аймгийн **сумын ** баг, **гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй **овогт ****/РД:**/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр **аймгийн ***суманд төрсөн, эрэгтэй, **настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт **аймгийн **сум, ** дугаар баг, **тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, **овогт ****/РД:**/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.**, Д.***, М.**нар 2024 оны 08 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд ***аймгийн **сумын 1 дүгээр багийн нутаг **ам гэх газраас зохих зөвшөөрөлгүй, ховор ургамал болох 206.5 кг хуш модны самар түүж бэлтгэсэн, шүүгдэгч Б.**нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр **аймгийн **сумын ** дугаар багийн нутагт **-5** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй 206.5 кг хуш модны самар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.**нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Манай тэр хавийнхан самарт явж байна гэж сонссон. Тэгээд энэ талаар судалсан. Аавын бие муу байсан тул эмчилгээний зардал хэрэгтэй байсан. Эхлээд **бид хоёр самарт явах гэж байсан. Тэгээд **дүүг дуудсан. Бид 3 хамт явсан. Эмчилгээний зардал олдохгүй хүнээс зээл авъя гэхээр ажил төрөлгүй болохоор мөнгө олдохгүй байсан. Самарт явбал хамгийн хурдан хугацаанд мөнгө олох юм байна гэж бодсон. Тэгээд самарт явсан. Бид нарыг явахаас өмнө тэр хавийн хүмүүс аль хэдийн яваад эхэлсэн байсан. Албан ёсоор захиргаанаас хорио тавьсан зүйл байхгүй байсан. Бид гурав 4-5 шуудай самрыг **орж өгөх санаатай явж байсан. Тэгээд **цагдаагийн пост дээр баригдсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Д.**нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Намайг ах дуудсан. Тэгээд самарт хамт явсан. Унасан самар түүж шуудайлсан...” гэв.
Шүүгдэгч М.*нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Б.**бид хоёр самарт явахаар болсон. Тэгээд дүүгээ дуудсан. Бид гурав хамт самарт явсан. Тухайн үед самарт явахад хорио цээртэй байгаа талаар мэдээгүй. Тухайн сум орон нутгаас зөвшөөрөл авдаг талаар хүртэл мэдээгүй байсан. Хадам аавын эмчилгээнд мөнгө хэрэг болсон тул самарт явахаар болсон. Хүжийн ам гэдэг газарт 5 шуудай цайраа хийж орж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
1. 2024 оны 08 сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүй самар тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийг **аймгийн **сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн №246/1100-3761/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ***аймгийн **сумын ** дүгээр багийн нутаг, Сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байрлах ** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 17 ширхэг фото /хх-ийн 5-8, 9-11-р хуудас/,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ** өгсөн: “...Байгаль орчны сайдын тушаалаар жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01 ний өдөр хүртэлх хугацаанд хуш модны самрыг түүж бэлтгэнэ гэсэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын журам байгаа. Уг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд самар зөвшөөрөлгүй түүх, бэлтгэх, тээвэрлэх нь хууль бус гэмт хэрэгт тооцогддог юм. Хорио тавигдсан тохиолдолд Сум дундын ойн ангид иргэн хүсэлт гаргаж хандаад байгалийн ургамал ашиглах зөвшөөрлийг авч ууланд гарч самар түүх эрхтэй. Аж ахуйн нэгж үйлдвэрийн зориулалтаар бэлтгэх тохиолдолд Засаг даргатай гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр бэлтгэнэ. Тээвэрлэхдээ мөн гарал үүслийн гэрчилгээний дагуу тээвэрлэж болно. Бусад аймаг сумдын харьяалалтай иргэд тухайн самар түүж бэлтгэхээр очсон аймаг сумын Байгаль орчны эрх бүхий албан тушаалтан болон ойн ангиас зөвшөөрлийг авч түүж бэлтгэх газраа заалгаж бэлтгэнэ. Зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн хуш модны самрыг тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг сум дундын ойн ангиас авах ёстой. Гарал үүслийн гэрчилгээнд ямар хэмжээтэй самрыг, хэзээ, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэх нь тодорхой тусгагддаг. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
4. Гэрч О.**-**өгсөн: “...**манай ээж байгаа юм. ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би уг тээврийн хэрэгслийг Банк бус санхүүгийн байгууллагаар авсан. Зээлийг төлөөд дууссан байгаа. Манай ээж асаргаанд байдаг өвөөг хардаг учир ойр зуур унаж бай гээд түр өгсөн. Гэхдээ би машинаа буцааж авна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,
5. **бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 09 сарын 15-ны өдрийн 10 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай: “...**аймгийн **сумын ** тоотод оршин суух хаягтай *овогтой **нь зохих зөвшөөрөлгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед тээвэрлэж явсан Ховор ургамал болох Сибирь хуш модны самрыг хэмжихэд нийт 206.5 кг цэвэр жингээр тооцоход бэлтгэсэн ба тус үр идээ нь шинжилгээнд тэнцэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалд Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ гэж заасан байна. Сибирь хуш модны самар нь Монгол орны 612.9 мянган га талбай бүхий хушин ой **, Баян- Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, *******, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг. Тухайн Сибирь хуш модны самар нь байгалийн зэрлэг ургамал ба, цаашид ашиглах боломжтой, удаан хугацаанд стандарт шаардлага хангаагүй агуулахад хадгалсан нөхцөлд, чанар шинж, бодит жингээ алдана. Хуш модны самар буюу идээг ямар арга хэрэгсэл ашиглаж бэлтгэсэн талаар тодорхойлох боломжгүй байна. Сибирь хуш модны самраас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд нь спортын болон тусгай зохицуулах үйлчилгээтэй хүнсний зориулалтаар, мөн экспортын голлох бүтээгдэхүүн болгон ашигладаг. Хушны самрыг "Хүнсний барааны агуулах. Техникийн шаардлага MNS 5364:2004" стандартын шаардлага хангасан, 70%-иас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, 15°с дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, газраас дээш 20-30см өндөр дээр нарны гэрлийн шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайд хурааж хушны самрыг 1 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд битүүмжлэл сайтай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг /нойтон жин/ тутамд 98,900 төгрөг байна. Иймд иргэн Б.**зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 206.5 кг Сибирь хуш модны самар нь 20,422,850 төгрөг болж байна. Шинжээч ***...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/,
6. ***аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 01-29-02/279/07 дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай: “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин тэнцэх нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 20,422,850x5=102,114,250 төгрөг болов. ***аймгийн **агийн иргэн Б.**нь ургамлын аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 102,114,250 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.**...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/,
7. Яллагдагч Б.**өгсөн: “...Би өндөр настай буюу 89 настай хэвтэрт байдаг, түрүү булчирхай, нойр булчирхай, бөөрний архаг үрэвсэл өвчтэй аавыгаа асардаг юм. Ингээд аав маань эмчилгээнд явах шаардлагатай болоод мөнгө хайсан боловч надад ажил байдаггүй болохоор хүн мөнгө зээлээгүй. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ***аймгийн **сумын ** гэх газар хамтран амьдрагч **, түүний дүү **нарын хамтаар самар түүхээр яваад ууланд очоод 2 хоноод тэндээ нийт 4 бүтэн шуудай 1 тал шуудай цайруулсан самар түүсэн юм. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уулнаас буугаад самраа ** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд ачаад би машинаа бариад **арын суудалд, жолоочийн эсрэг талд Эрдэнэцогт сууж явсан. Уг машин нь манай охин ** өмчлөлийн машин байгаа юм. Би түр хэрэглээндээ аавыгаа асрахад унаж байсан. Ингээд самраа тээвэрлээд явж байхад **сумын цагдаагийн пост дээр замын цагдаа зогсоож шалгаад бид нарыг цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Би самарт анх удаа явж байгаа самар түүхэд зөвшөөрөл авдаг эсэх талаар мэдэхгүй хүмүүс самар их гарч байна болц нь гүйцсэн байна гэхээр нь л, мөнгөний хэрэг болоод явсан юм. Бид нар хамт бэлтгэж хамтдаа зарах гэж явсан болохоор самар бид нарын дундынх тийм болохоор тэнцүү хувааж авахаар байсан. Самар түүж бэлтгэдэг самар шигшүүрийг самар түүж байгаа хүмүүсийн самрын отгоос олж авсан. Муна, шигшүүр 2 ашигласан. Нэг шигшүүр самартай хамт явж байгаад хураалгасан харин муныг ууланд хаясан. Манай охин **хотод 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Тийм болохоор охиноо нааш цааш дуудаад чирэгдэл учруулаад яах вэ гэж бодоод машиныг миний өөрийн эзэмшлийн гээд хэлчихсэн юм. Манай охины хамгийн том нь 3 дугаар анги бага нь 2 настай. **, *бид 3 хамтдаа боргоцой түүж бэлтгээд түүнийгээ цайруулсан. Бүгд л ижилхэн оролцсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/,
8. Яллагдагч Д.**өгсөн: “...Би 2024 оны 08 сарын 13-ны өдөр **суманд гэртээ байхад манай үеэл ах **над руу залгаад самрын болц гүйцсэн гээд хүмүүс яриад байна. Самарт явах уу гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд тэр орой **сум орж **ахын гэрт очоод маргааш нь **аймгийн **сумын *** гэх газар луу **охин ** эзэмшлийн ** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлтэй ахтай хамт амьдардаг **болон ах ***нарын хамтаар 2024 оны 08 сарын 14 ний өдөр явсан. Ууланд очоод **ах, А** эгч бид 3 хамтдаа 20 шуудай боргоцой түүгээд түүнийгээ ууланд байсан самар цайруулагчаар самраа цайруулаад шигшүүрээр цэвэрлэсэн. Боргоцой цайруулахад 4 бүтэн шуудай, 1 тал шуудай самар болсон. Би самарт анх удаа явж байгаа болохоор зөвшөөрөл авдаг тухай мэдэхгүй Би нар хамт бэлтгэж хамтдаа зарах гэж явсан болохоор самар бид нарын дундын учир тэнцүү хувааж авахаар байсан. Би самраас хэдэн төгрөгийн ашиг авах талаар яриагүй. Самар түүж бэлтгэсэн самрын шигшүүрийг самар түүж байгаа хүмүүсийн отгоос олж авсан Самар түүхдээ муна, шигшүүр хоёрыг ашигласан. Шигшүүр нь самартай хамт явж байгаад хураагдсан. Харин муныг нь ууланд нь хаясан. Тэгээд 2024 оны 08 сарын 16-ны өдөр **машин бариад ***ах хажууд нь би арын суудалд суугаад самраа ачаад ** аймагт очиж зарах гэж явж байгаад **сумын Цагдаагийн хэлтсийн постод замын цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-р хуудас/,
9. Яллагдагч М.**өгсөн: “...Би **2021 оноос хойш хамт амьдарч байгаа. Гэртээ эхнэр болон түүний асаргаанд байдаг аав **хамт амьдардаг. Хадам аав **эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод **аймгийн **сумын ****гэх газар луу **охин *** эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлтэй **болон манай дүү **нарын хамтаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр явсан. Ууланд очоод *****бид 3 хамтдаа 20 шуудай боргоцой түүгээд түүнийгээ ууланд байсан самар цайруулагчаар цайруулаад шигшүүрээр цэвэрлэсэн. Боргоцойг цайруулахад 4 шуудай 1 шуудай тал шуудай самар болж байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай хамтран амьдрагч **машин бариад би хажууд нь суугаад, **арын суудалд сууж самраа ачаад ** аймагт авч очиж зарах гэж явж байгаад замдаа ***сумын цагдаагийн постод замын цагдаад баригдсан. Би самарт анх удаа явж байгаа. Самар түүхэд зөвшөөрөл авдаг талаар мэдэхгүй. **суманд хүмүүс самар их гарч байна. Болц нь гүйцсэн байна гэхээр нь мөнгөний хэрэг болоод явсан. Бид 3 хамтдаа боргоцой түүгээд түүнийгээ бэлтгэж цайруулсан. Бүгд ижил оролцсон…” гэх мэдүүлэг/хх-ийн 126-127-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.**, Д.**, М.**нар 2024 оны 08 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд **аймгийн **сумын ** дүгээр багийн нутаг ** гэх газраас зохих зөвшөөрөлгүй, ховор ургамал болох 206.5 кг хуш модны самар түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйл баримт нь:
2024 оны 08 сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүй самар тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийг **аймгийн **сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн №246/1100-3761/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр **аймгийн **сумын 1 дүгээр багийн нутаг, Сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байрлах ***улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 17 ширхэг фото /хх-ийн 5-8, 9-11-р хуудас/, **бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 09 сарын 15-ны өдрийн 10 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай баримт, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **н мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Б.**, Д.**, М.**нар 2024 оны 08 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд **аймгийн **сумын ** дүгээр багийн нутаг ** гэх газраас зохих зөвшөөрөлгүй, ховор ургамал болох 206.5 кг хуш модны самар түүж бэлтгэсэн, тээвэрлэж байгаль экологид 20,422,850 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.**, Д.**, М.**нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.**, Д.**, М.***нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Байгаль экологид 20,422,850 төгрөгийн хохирол учирсан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр ногдуулна гэж заасан ба 102,114,250 төгрөгийг шүүгдэгч нараар нөхөн төлүүлэхээр байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Шүүгдэгч Б.**, Д.**, М.**нар нь байгаль экологид учирсан хохирлын нөхөн төлбөр 102,114,250 төгрөгийг төлөөгүй, бусдад төлөх төлбөртэй байх тул 102,114,250 төгрөгийг шүүгдэгч нараас, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж тус тус Байгаль орчин уур амьсгалын сангийн зохих дансанд оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Н.**эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.**, шүүгдэгч Д.**, шүүгдэгч М.**нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, оролцоо зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зөв гэж улсын яллагчийн зүгээс дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Ял хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.**Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.**1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Шүүгдэгч Д.**Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч **1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Шүүгдэгч М.**Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч **1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Зорчих эрх хязгаалах ялын бүсийг оршин суух газар буюу шүүгдэгч *****аймгийн **сумын нутгаас, *****аймгийн **сумын нутгаас, *****аймгийн **сумын нутгаас гарах эрхийг хязгаарлах ялыг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас 20,422,850 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулаагүй. Төлж барагдуулахаа шүүх хуралдааны явцад илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан шигшүүр нь сум дундын цагдаагийн газрын хашаанд байх ба шигшүүрийг устгах саналыг оруулж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэсэн саналыг оруулж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ** байх тул ** буцааж олгосон байх ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр гарсан 4,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон 122,5 килограмм самрыг устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах саналыг хэлэхдээ гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж дараах саналыг гаргасан болно гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.**: Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Үүнийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ үү. Эдгээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.**аав нь өндөр настай хүн байдаг. Түүний биеийн байдал хүнд байгаа учир ийш, тийш явах хэрэг гарна. Тэгэхээр зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгч нарт 3-ланд нь хамгийн багаар оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.**, Д.**, М.**нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.**эцэг У.**87 настай, насны доройтол оноштойгоор хэвтрийн дэглэмд, шүүгдэгчийн асрамжид байдаг нь тогтоогдож байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг тул шүүх шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.**1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.**, шүүгдэгч М.**нарт тус бүр 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн **сумаар, Шүүгдэгч Д.**оногдуулсан 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн **сумаар, шүүгдэгч М.**оногдуулсан 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн **сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүс нутгаас гарах эрхийг хязгаарлаж шийдвэрлэв.
Бусад:
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 122,3 килограмм самар, самар цайруулахдаа ашигласан шигшүүрийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүхэд хэргийн хамт ирсэн 122.3 кг самар хөгцөрч муудсан байх тул устгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт Б.**, Д.**, М.**нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.**, шүүгдэгч Д.**, шүүгдэгч М.**нарыг зохих зөвшөөрөлгүй ховор ургамал түүж бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.**1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.**, шүүгдэгч М.**нарт тус бүр 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн **сумаар, шүүгдэгч Д.**оногдуулсан 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг *аймгийн ***сумаар, шүүгдэгч М.**оногдуулсан 1 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн ***сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүс нутгаас гарах эрхийг хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн **тоот дансанд оруулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 122,3 килограмм самар, самар цайруулахдаа ашигласан шигшүүрийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.**, шүүгдэгч Д.**, шүүгдэгч М.**нараас хохирол, нөхөн төлбөрт 102,114,250 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн **тоот дансанд оруулсугай.
8.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА