Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 0083

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          С.Б

Шүүгдэгч                                           П.М

Хохирогч                                           С.Б

Нарийн бичгийн дарга                 С.Бадмааравдан нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолтой, П.Мад холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч С.Бы давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Ж овогт П-н М.

 

            Шүүгдэгч П.М нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагаан гэх газар иргэн С.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор:

 

  Шүүгдэгч Ж овогт П-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.М нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

  Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Б давж заалдах гомдолдоо:

 

...Орхон аймгийн прокуророос шүүгдэгч П.Мад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг сонгосон.

Хохирогч С.Б миний бие нь Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахдаа шүүгдэгч П.Маас эрүүл мэндэд хохирсон эмчилгээ болон гэрч гэгч Х-с 6 өдрийн ажлын хөдөлмөрийн хөлсөө авах гомдол гаргасан.

Анхан шатны мэдүүлэг авахаас эхлэн гурван мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн. Хохирогч миний бие нийт 8 удаа Жаргалант сумаас ирж мэдүүлэг өгч байсан.

Шүүхийн шийтгэх тогтоолыг миний бие 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 7 цаг 40 минутанд Жаргалант сумын шууданчаас биечлэн авсан. Шуудангийн хаягт Жаргалант сум, Улаантолгой баг, Ногооны манаач С.Бд гэж хаяглаж явуулсан байна.

Гэрч гэгч эмэгтэй Х нь өөр хоёр хүний хамт худал өгсөн үйдлийг хариуцлага тооцох хүсэлтийг орхигдуулсан.

Шүүгдэгч П.Маас эрүүл мэндээр хохирсон зардал болон сэтгэл санааны хохирол 8 удаагийн дуудагдсан зардал мөн гэрч гэгч эмэгтэй Халиунаагаас 6 өдрийн ажлыг хөлс зэрэг нийт 6 зүйлийн гомдлыг шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Давж заалдах шатны шүүх П.Мад холбогдох хэргийг хохирогч С.Бы давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

         Шүүгдэгч П.М нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Баянцагаан гэдэг газар иргэн С.Быг зодож баруун талын 9 дүгээр хавирганы далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн ...намайг пийшин янзлаад зогсож байхад над руу хандан ингэж барьдаггүй юм гээд үглээд байхаар нь “хуруу нэмэхгүй байж хошуу нэмлээ” гэж хэлсэн чинь М намайг гараараа шанаа руу цохиж, газар унахад хавирга руу 2-3 удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...хохирогч С.Бы биед баруун талын 9 дүгээр хавирганы далд хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

         Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

  

         Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Мын гэм бурууг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон байх ба шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

         Хохирогч С.Б шүүгдэгчээс эмчилгээний зардал, Жаргалант сумаас ирж очсон унааны мөнгө, сэтгэл санааны хохирол, Х-с 6 өдрийн ажлын хөлс зэрэг хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

         Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь Жаргалант сумаас ирж очсон зардал, эм тариа авсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

 

         Иймд хохирогч С.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

           2. Хохирогч С.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

 

            4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА