| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01747/И |
| Дугаар | 155/ШШ2018/01747 |
| Огноо | 2018-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2018/01747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 1-18 тоотод оршин суух, Нохой овогт Галбадрахын Н /
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум 7 дугаар баг 15-10 тоотод оршин суух, Хариад овогт Мөнх-Эрдэнийн Б / нарт холбогдох
Зээлийн төлбөр 4.232.160 /Дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр, хариуцагч М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Б хамтран зээлдэгч Г.Н нар нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны Хөвсгөл аймаг дахь салбараас зээл авах хүсэлт гаргаж ЗГ4905100650 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.400.000 төгрөгийн зээлийн 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 3.230.010 төгрөг, хүү 737.139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221.427 төгрөг, нийт 4.232.160 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн дагуу өнгөрсөн хугацаанд хэн нэгэн үүрэг гүйцэтгэгчийг тус зээлийн харилцаанаас хасуулах талаар хүсэлт ирүүлж байгаагүй. Иймд хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэлийн шаарддлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд нөхөр болох Г.Нтай хамтран 7.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг анх авах үед би байнгын ажилтай, орлоготой байсан бөгөөд зээлийг хугацаанд нь тогтмол төлөлтийг хийж явж байсан. Харин ажлаасаа гарч ажилгүй болсон үеэсээ зээлийн үлдэгдэл төлбөрийг нөхөр Г.Н төлөхөөр болж банкинд очиж өдрийнхөө орлогоноос 70.000 төгрөгийг төлж зээлийг хаахаар тохиролцож банкинд баталгаа гаргаж байсан. Тухайн үед зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг л үлдсэн байсан. Бусад зээлийг миний зүгээс цалин орлоготой байх үедээ төлж ирсэн. Ер нь бол банкны зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэдэг утгаараа тавь, тавин хувиар зээлийг төлдөг гэж ойлгосон. Миний хувьд тус зээлийн 60-70 хувийг нь төлсөн, уг зээлийг төлсөн талаарх холбогдох баримтыг өмгөөлөгчид гаргаж өгсөн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй байна. Мөн уг зээлийн төлбөрийг хэрхэх талаар Г.Нтай ярилцах шаардлагатай байгаа боловч тусдаа амьдарч байгаа болохоор боломжгүй байдалд орсон. Анх авсан зээлийг би төлж явсаар 2.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байх үед би ажлаасаа гарч орлогогүй болсон, нөхөр Н төлнө гэж өдийг хүргэж дээр нь зөндөө хүү нэмэгдсэн байгаа тул миний хувьд уг зээлийг Г.Наар төлүүлэх саналтай байна. Миний хувьд өнөөдөр өөрийн гэсэн өрхийн орлогогүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч М.Б, Г.Н нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 3.230.010 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 737.139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221.427 төгрөг, нийт 4.232.160 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч М.Б, Г.Н нар нь Голомт банкны Хөвсгөл салбараас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ49051006450 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7.400.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасны дээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Хариуцагч нар нь 7.400.000 төгрөгийн зээлээс 3.230.010 төгрөг, зээлийн хүү 737.139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221.427 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй, баримт гаргаж мэтгэлцээгүйн дээр Голомт банкны Хөвсгөл салбар зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцжээ.
Харин хариуцагч М.Б нь зээлийн ихэнх төлбөрийг миний бие барагдуулсан, үлдэх төлбөрийг Г.Н төлөхөөр бид банкинд тайлбар гаргаж байсан тул би энэ зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч байгууллага нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна.
Мөн нэхэмжлэгч байгууллага нь хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Наас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Г.Н нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардан авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Г.Ныг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь хуульд нийцнэ.
Иймд хариуцагч М.Б, Г.Н нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үлдэгдэл 3.230.010 төгрөг, зээлийн хүү 737.139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221.427 төгрөг, нийт 4.232.160 төгрөгийг гаргуулж Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 82.665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.Н, хариуцагч М.Бгийн өмгөөлөгч В.Энхболд нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг болон хариуцагч М.Б нар нь хуралдаанд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шидвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Б, Г.Н нараас зээлийн төлбөр 4.232.160 /дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82.665 /наян хоёр мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Г.Н нараас 82.665 /наян хоёр мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Б