Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Б.Э-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн *******сумын 5 дугаар багийн нутаг  Б.Ө гэх газрын засмал зам дээр *******УНГ улсын дугаартай **загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1,3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчин явсан С.О-ын эрүүл мэндэд хоёр талын дал яс, сээрний 3, 12-р нугалмын их бие, хүзүүний 7-оос сээрний 7-р нугалам хүртэлх нугалмуудын арын хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2-р нугалмын баруун хөндлөн сэртэн, баруун 2, 3, 9, 10, зүүн талын 2, 3, 4-р хавирганы хугарал, сээрний 2, 3-р нугалмуудын арын холбоосын урагдал, духанд шарх бүхий хүндэвтэр хохирол, Б.Х эрүүл мэндэд сээрний 4-р нугалмын их бие, зүүн 2-5-р хавирга, зүүн шуу, баруун дунд чөмөгт ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн зорчин явсан Я.Ц амь нас хохирсон  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9, 10-13 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 14-15 тал/,  цогцост гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-20 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22 тал/, хохирогч Т.Д  мэдүүлэг /хх-ийн 20-25 тал/, хохирогч С.О-ын мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, хохирогч Б.П  мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А мэдүүлэг /хх-ийн 38 тал/, гэрч Б.П мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/, гэрч Б.Х мэдүүлэг /хх-ийн 51, 107 тал/, /, гэрч Ч.М мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/, гэрч Б.А мэдүүлэг /хх-ийн 58-60 тал/, гэрч Б.Ц  мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/, гэрч  Б.Б мэдүүлэг /хх-ийн 66-66 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-76 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр  сарын 18-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт, химийн шинжилгээний хариу /хх-ийн 84-85,86 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-91 тал/, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн магадлагаа /хх-ийн 92-95 тал/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас Я.Ц амь нас хохирч, хохирогч Б.Х, Б.П нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр  сарын 18-ны өдрийн 182 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б  нь: “...тоёота приус загварын ***** улсын дугаартай  цайвар цэнхэр  өнгийн  автомашин дээр  ямар нэгэн  гэм хорын хохирол байхгүй  төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрч байна.  гомдол санал байхгүй...” гэх эвлэрлийн гэрээ, хавсаргасан баримт /хх-ийн 128-129 тал/, хохирогч  Т.Д  нь: “..ямар нэгэн  гэм хорын  хохирол  төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрч байна гомдол санал байхгүй...” гэх эвлэрлийн гэрээ, хавсаргасан баримт /хх-ийн 132-133 тал/, хохирогч  Б.П  нь: “..ямар нэгэн  гэм хорын  хохирол  төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрч байна гомдол санал байхгүй...” гэх эвлэрлийн гэрээ, хавсаргасан баримт /хх-ийн 133-134 тал/, хохирогч  С.О  нь: “..ямар нэгэн  гэм хорын  хохирол  төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрч байна гомдол санал байхгүй...” гэх эвлэрлийн гэрээ, хавсаргасан баримт /хх-ийн 136 тал/,  хохирогч  Б.Х  нь: “..ямар нэгэн  гэм хорын  хохирол  төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрч байна гомдол санал байхгүй...” гэх эвлэрлийн гэрээ, хавсаргасан баримт /хх-ийн 137 тал/, шүүгдэгч Б.Э-ын 20.000.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  төлсөн *****шилжүүлгийн баримт хэрэг /хх-ийн 149 тал/, шүүгдэгч  Б.Э-ыг 4.000.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  төлсөн ******мөнгөн шилжүүлгийн баримт хэрэг /хх-ийн 148 тал/-тус тус хэрэгт  авагдсан байх тул шүүгдэгч Б.Э-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт  төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.А-г тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 6.379.316 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 6.379.316 төгрөгөөс 1.379.316 төлсөн *** 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн, үлдэгдэл  5.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Э-аас 5.000.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3  жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна. 

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Э-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч  Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Шүүгдэгч  Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасныг  баримтлан шүүгдэгч Б.Э-ыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.   

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  Б.Э-д тайлбарласугай.

    5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Э-д хяналт тавихыг  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн  тоолсугай.

   7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-аас Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн  6.379.316 (зургаан сая гурван зуун далан есөн мянга гурван зуун арван зургаа)  төгрөгнөөс 1.379.316 (нэг  сая гурван зуун далан есөн мянга, гурван зуун арван зургаан мянга)  төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Э-с үлдсэн 5.000.000  (таван сая) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ********дугаартай дансанд олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН