Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1034

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч С.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ********** овогт **********гийн **********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405014191295 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-нд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод оршин суух хаягтай, /РД:ТЯ**********/, ********** овогт **********гийн **********.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.********** нь 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вайб” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад текний ард цэнэглэж байсан Т.**********ын эзэмшлийн “iPhone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас түүнд 475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч С.********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.********** шүүхийн хэлэлцүүлэгт “ Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж  өгнө үү.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405014191295 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал)

2. Камерын бичлэгт үзлэгт хийсэн “Тус бичлэгийн 21 дэх секундэд хохирогч Т.********** нь тэкний ард харагдаж байх бөгөөд урд талд нь нэг эмэгтэй үйлчлүүлж буй дүрслэл харагдана. Хохирогчийг шар өнгийн зураасаар, утас байгаа гэх газрыг улаан өнгийн зураасаар харуулав. Тус бичлэгийн 30 дахь секундэд хохирогч Т.********** нь тэкний ард гурван хүнтэй харьцаж байгаа дүрс харагдана. Цаана утас байгаа хэсэгт холбогдогч ********** харагдаж байна. Хохирогчийг шар өнгийн зураасаар, холбогдогч ********** мөн утас байгаа гэх газрыг улаан өнгийн зураасаар харуулав. Тус бичлэгийн 46 дахь секундэд хохирогч Т.********** нь тэкний ард гурван хүнтэй харьцаж байгаа дүрс харагдана. Хар цамцтай хүн цааш алхаж буй харагдана. Хохирогчийг шар өнгийн зураасаар, холбогдогчийг газрыг улаан өнгийн зураасаар харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-24 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Т.**********ын өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 01-02 цагийн хороонд би өөрийн ажил болох хорооллын “Вайб” бааранд байж байтал намхан 165 см орчим өндөртэй, 22-23 насны үл таних эрэгтэй хүн орж ирээд “iPhone 11 pro” загварын гар утсаа цэнэглүүлмээр байна гээд цэнэглэгчтэйгээ хамт манай зөөгч Бүжинлхамд өгөөд цэнэглүүлсэн тэрнээс хойш хэсэг хугацааны дараа үл таних эрэгтэй хүн хүрч ирээд саяны цэнэглүүлсэн утсыг авъя гэхээр нь утсыг нь авч өгөөд цэнэглэгчийг нь үлдээгээд би өөрийн “iPhone X” загварын гар утсаа цэнэглэсэн. Ажлаа хийж байгаад би цэнэглэж байсан “iPhone X”  загварын гар утсаа авах гэтэл цэнэглэж байсан утас болон цэнэглэгч нь байхгүй болсон байсан. Утас цэнэглэж байсан хэсэг нь текний зүүн талд онгорхой зайтай байдаг. Тэгээд тэр залуутай хамт нэг ширээнд суусан эмэгтэй хүнээс фейсбүүк болон утасны ********** дугаарыг нь олж авсан. Би ********** дугаарын утас руу залгаад Ээгий гэх хүнтэй холбогдож “iPhone X” загварын гар утсаа авмаар байна камер шүүхэд чи авсан байна гэтэл би аваагүй гээд утсаа тастсан тэрнээс хойш зөндөө хүний дугаараас ********** дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. 2023 онд “Теди” худалдааны төвөөс “iPhone X” загварын цагаан өнгийн гар утсыг 700.000 төгрөгөөр авч байсан сэв зураас гэх зүйл байхгүй, имйе кодыг нь мэдэхгүй байна. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал)

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан “Би 1-4 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 1 гэж дугаарласан хүн мөн байна. Би тухайн текен дээр зогсож байсан бөгөөд миний гар утсыг хулгайлсан хүнтэй адилхан харагдаж байна. Хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүн цагаан өнгийн фудволктой богино үстэй, цагаан царайтай хүн байсан. 1 гэж дугаарласан зураг дээр байгаа хүнтэй бүх шинж тэмдгээрээ таарч байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-31 дэх тал)

5. “Дамно” ХХК-ийн “iPhone X” загварын гар утас нэг ширхгийг 475.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар С.**********ын өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэрийг нь сайн мэдэхгүй 2 таньдаг хүний хамт хорооллын “Вайб” гэх бааранд орсон. Тэгээд тухайн үед миний утас цэнэггүй болоод текен дээр нь утсаа цэнэглээд үлдээсэн. Тэгээд би гарахдаа өөр хүний утас цэнэглэсэн байсныг мэдээгүй өөрийнхөө утсыг гэж бодоод авсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор андуураад аваад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)

7. Эд зүйл хураан авсан: “С.**********аас “iPhone X” загварын гар утас нэг ширхгийг хураан авсан” тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал)

8. Эд зүйл хүлээлгэн өгсөн: “Т.**********д iPhone X” загварын гар утас нэг ширхгийг хүлээлгэн өгсөн” тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал)

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч С.********** нь 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вайб” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад текний ард цэнэглэж байсан Т.**********ын эзэмшлийн “iPhone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас түүнд 475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-24 дэх тал), хохирогчоор Т.**********ын өгсөн: “...Ажлаа хийж байгаад би цэнэглэж байсан “iPhone X”  загварын гар утсаа авах гэтэл цэнэглэж байсан утас болон цэнэглэгч нь байхгүй болсон байсан. Утас цэнэглэж байсан хэсэг нь текний зүүн талд онгорхой зайтай байдаг. Тэгээд тэр залуутай хамт нэг ширээнд суусан эмэгтэй хүнээс фейсбүүк болон утасны ********** дугаарыг нь олж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-31 дэх тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.**********ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд би гарахдаа өөр хүний утас цэнэглэсэн байсныг мэдээгүй өөрийнхөө утсыг гэж бодоод авсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор андуураад аваад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Иймд хяналтын прокуророос С.**********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.   

Шүүгдэгч С.**********ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 475.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хавтаст хэргийн 20 дахь талд шүүгдэгчээс хохирогчийн эзэмшлийн гар утсыг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч С.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хорих ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

С.**********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч С.**********ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.**********ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүхээс С.**********т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.**********т мэдэгдэв.

Хэрэгт С.********** цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                             ТОГТООХ нь:

 1. ********** овогт **********гийн **********ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.**********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. С.********** тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.**********т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт С.********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ