Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00134

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02320 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:”К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Зээл 279 838 128 төгрөг, хүү 46 456 447 , нэмэгдүүлсэн хүү 9 291 289  нийт 335 585 864 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь тус банктай 2014 оны 04 сарын 08-ны өдөр 46 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 280 000 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай сарын 0,58 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ү-2204032914 тоот улсын бүртгэлтэй, 000291874 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол /13380/, Денверийн гудамж, 85-р байр, 207 тоот хаягт байршилтай 95,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2202007038 тоот улсын бүртгэлтэй, 0095387 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийг барьцаалсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч М ХХК нь зээл 161 871 097 төгрөг, хүү 34 868 137 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 390 014 нийт 35 058 400 төгрөг төлсөн. М ХХК-ийн 46 тоот зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 08-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж 2016.03.25-ны өдрөөс хойш нэг ч төлөлт хийхгүй, графикийг зөрчиж, зээл хугацаа хэтэрч чанаргүйдсэн  тул  гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл 279 838 128 төгрөг,хүү 46 456 447, нэмэгдүүлсэн хүү 9 291 289 нийт 335 585 864 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Жайка /JICA/ төслийн шугамаар 2014 оны 04 сард цаасан хайрцаг үйлдвэрлэх чиглэлээр  280 000 000 төгрөгийн зээл авсан. Тус зээлээс 2016 оны 3 сар хүртэл төлж байгаад  2016 оны 2 дугаар улирлаас түүхий эдийн үнийн өсөлт болон захиалгын хэмжээ эрс цөөрсөн зэргээс хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нөхцөл байдлаас гарах олон арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Манайх бусад үйл ажиллагаагаараа тус банкнаас авсан зээлийг хуваарийн дагуу гэрээний хугацаа дуустал буюу 2024 он хүртэл цаашид төлөх бүрэн боломжтой. Манайд хамааралгүй этгээдийн өмч болох 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 335,585,864.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож,  Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Б, Б.У нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол /13380/, Деневерийн гудамж, 85-р байр, 207 тоот хаягт байршилтай 95.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ш.Дгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 835 879.33 төгрөг болон 280 021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 835 879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д буцаан олгож, К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй буюу гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан тушаагаагүй нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчийн эрхийг бүрэн хангасан, талууд бүрэн мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрт хуулийг оновчтой хэрэглээгүй, хууль зүйн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 335 585 864 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,гэрээний хугацаа дуусаагүй. Нэмэгдүүлсэн хүү төлөх болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй,.” гэж маргажээ. /хх-ийн 1-3, 103-104/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон 24 414 135 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч уг 24 414 135 төгрөгийн шаардлагаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байгааг залруулах нь зүйтэй. /хх-ийн 146, 152-155 /

 

К ХХК нь хариуцагчтай 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 46 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 280 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 0,58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 46 тоот барьцааны гэрээгээр Б.Б, Б.У нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол /13380/, Деневерийн гудамж, 85-р байр, 207 тоот хаягт байршилтай 95,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн Ш.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 20-р байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан, барьцааны гэрээг мөн бичгээр байгуулж өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тул  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болжээ. /хх-ийн 15-20, 23-25/

 

Хэдийгээр зээлийн гэрээнд зээлсэн мөнгөн дүнг 400 000 000 төгрөг гэж бичсэн ч дээрх мөнгөн дүнг 280 000 000 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргахгүй байна. /хх-1-2, 46/ Мөн 2014 оны 4 дүгээр сард Жайка төслийн шугамаар цаасан хайрцаг үйлдвэрлэлийн чиглэлээр 280 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс өмчлөлдөө шилжүүлэн авсанд, уг зээлийг 2016 оны 3 сарыг хүртэл төлж байсанд, 2016 оны 2-р улирлаас түүхий эдийн үнийн өсөлт, захиалга багадсан зэргээс хугацаандаа төлж чадахгүй болсон, 2016 оны 3 дугаар сарын 25-наас хойш төлөлт хийгээгүй үйл баримтад маргаангүй. Түүнчлэн зээл 161 871 төгрөг, хүү  34 868 137 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28 390 нийт 35 058 400 төгрөг төлсөнд, зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал,тооцоолол дээр маргаангүй.

 

Хариуцагч нь гэрээ хугацаанаас өмнө цуцлагдах нь буруу, барьцаа хөрөнгө нь компанийх биш 2 хувь хүний байр тул Ш.Дгийн сууц барьцаанаас чөлөөлөгдөх ёстой, зээлийн гэрээний ерөнхий хугацаа /2024 он/ дуусаагүй байхад цуцалж байгаа учраас нэмэгдүүлсэн хүү 9 291 289 төгрөгөөс чөлөөлөх ёстой гэж маргажээ хх 104/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн, талууд гэрээний 3 дугаар зүйлийн 3.16-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэнтэй нийцжээ. /хх-ийн 15/ Түүнчлэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлээс 63 137 254 төгрөг, хүү 46 456 447 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ. Хэдийгээр 2024 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаар байгаа боловч , 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг  хугацаанаас өмнө цуцалсан. Гэрээнд 60 хоногийн хугацаанд төлөлт хийгээгүй бол нэг талын санаачилгаар зээлийн гэрээ дуусгавар болгож, үүргийн гүйцэтгэлийг шаардах заалт гэрээний 8.3.3-д тусгагджээ. /хх 148/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой. Талуудын хооронд тохиролцсон, гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн хувиар нь зээлийг хэсэгчлэн төлөх завсрын хугацааг тогтоосон. Энэ хэсэгчлэн төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчих нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил болох юм. Хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөн хугацаа, зөрчлийн хэмжээ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчилд хамаарахгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцласан нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч “К” ХХК нь шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгч “М” ХХК-иас шаардах эрхтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлт зөв байна. Хариуцагч нь гэрээний хугацаа дуусаагүй байгаа учраас нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх татгалзал нь Иргэний хуулийн  453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байгаа тул үндэслэлгүй юм.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон, барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 165.1 дэх хэсэг буюу ипотекийн тодорхойлолт барьсаныг зарлуулах нь зүйтэй. Дээрх зохицуулалт нь барьцаалуулагч нь шаардлагаа хангуулах дараалал тогтооход чиглэгдсэн заалт юм. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг “даалгуулахаар” шаардсан байхад “мэдэгдсүгэй” гэж хуулийн бус хэллэг хэрэглэснийг залруулах нь зүйтэй. /хх-ийн 104, 154-155/ Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 үл хөдлөх хөрөнгө барьцаалж, уг хөрөнгүүдийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэсэнтэй нийцсэн.

 

Хариуцагч нь “нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 70 200 төгрөгийг хариуцагчаас нөхөж гаргуулсныг буруутгах боломжгүй. “Гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийсэнгүй” гэх гомдлын хувьд анхан шатны шүүх зээл барьцааны гэрээг агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “165 дугаар зүйлийн 165.1” гэснийг хасч “мэдэгдсүгэй” гэснийг “даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД