Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 0085

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                             Ц.Л

Шүүгдэгч                                              Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Б.Д

Нарийн бичгийн дарга                    О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Ч овогт Б-н А.

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн 14б-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Б-н өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр П.Д, Б.Б нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан,

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 14б-8 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 31-нд сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ч овгийн Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Агийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо:

... Миний бие анх 2017 онд ээжийгээ алдаж аав тахир дутуу болсон том аваар болсон юм. Тухайн үед аав шоконд орж намайг тоохоо больж архи ууж эхэлсэн.  Ээжийн дүү нар түүнийг шалтгаалж намайг ад үзэж, аавыг дарамталж цуг архидаад аав гэртээ ирж агсам тавьдаг болж би ч насанд хүрээгүй 16 настай байсан болохоор наашаа гэсэн болгон найз мэт бодогдож буруу хүүхдүүдтэй нийлж 17 настайдаа 2018 онд 11 дүгээр ангиа орхиж анх гэмт хэрэгт орооцолдон хуулийн мэдлэг муугаас болж шоронд орох вий гэж бодон зугтаж явсаар анх 2019 онд цагдан хорих байранд 15 хоног хоригдох үед асуудлаас зугтах нь илүү том асуудал юм байна гэдгийг ухаарч аавыгаа үлдээж явсанд харамсаж өвчтэй аавыгаа асран мэргэжил сургалт үйлдвэрийн төвд тогоочийн ангид сурч 1 дүгээр курсээ амжилттай төгссөн.

Хичээлийн амралтаар ажил хийж эхэлж ээжийн дүү нараас зугтаж аавтайгаа 1 жил байр түрээслэн хашаа байшингаа зарж шинээр амьдрах гэж зүтгэн ухарч болохгүй зорилго тавьж сургуулиа сайн төгсөөд аавынхаа ачийг хариулна хэмээн бодож нүүж 4-20 байранд 1 жил байр түрээсэлсэн.

Хэрэв би эрт ухаарсан бол ийм зүйл үзэхгүй энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд үеийн найз нартайгаа төгсөх байсан ч өөрийн буруугаас болж чадаагүйдээ харамсаж байна.

Одоо тавьсан зорилгоосоо ухран ял эдлэн суувал 1 жилийн дараа гэр оронгүй, гуйж орсон ангиа төгсөж чадахгүй мэргэжил ч үгүй болох гээд байгаа юм.

Иймд би хожуу ухаарсан ч гэсэн шүүх бүрэлдэхүүн та бүхнээс анхан шатны шүүхээс Б.А надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү?.

Энэрэнгүй хандаж нэг боломж өгч, өвчтэй аавыгаа асарч сургуульдаа сурах боломж олгож өгөөч гэж хичээнгүйлэн гуйж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:

 

... Анхан шатны шүүх ... шүүгдэгч Б.Агийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг судалж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ... гэсэн дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь ял хариуцлагын хувьд хэтэрхий хүндрүүлсэн шийтгэл боллоо.

Шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт ... Улсын яллагч  ... дүгнэлтдээ ... шүүгдэгч Б.Аг ... Эрүүгийн хуулийн тусгай анийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Б.Ад нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял  оногдуулах саналтай гэв гэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг бичсэн атлаа өмгөөлөгчийн санал, дүгнэлт шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Тодруулбал Б.А эдгээр үйлдлийг насанд хүрээгүй байхдаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйл /өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл/-ийн 5 дахь  хэсэгт заасан “Шүүхээс 18 насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, ... хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэснийг болон шүүх Б.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, ... таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэснийг тус тус хэрэглээгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой алдаа гэж үзэж байна.

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, арван дөрөвдүгээр зүйлийн 1.2, дөчин дол дугаар зүйлийн 1.2, дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтуудад нийцсэн эсэхийг шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдээллийг ирүүлснийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор хүлээн авч, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т шүүх хэрэглэх хууль нь Монгол улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэсний дагуу Б.Ад холбогдох хэргийг дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэтэл түдгэлзүүлэх байсныг өмгөөлөгч миний зүгээс хүсэлт гаргаагүй ч шүүх санаачилгаараа энэ заалтыг хэрэглэсэнгүй.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, 268 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор Ц.Л эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ Б.Агийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 31-ний хооронд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг Б.А үйлдсэн нь эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн  атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай заалтыг баримталсан нь ойлгомжгүй бөгөөд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-д ... шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байна ... гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Эрүүгийн хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э-с шүүгдэгч Б.Аг 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн 14б-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Б-н өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр П.Д, Б.Б нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан,

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 146-8 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Ад холбогдох 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 31-нд сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Тухайлбал: 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор нэмэлт өөрчлөлт оруулсан байсан боловч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулжээ.

 

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байхад  шүүгдэгч Б.Агийн 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 14б-8 тоот хашааны гадна байсан эцэг Б.Б-н өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай “Toyota Succeed” загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан   хэргийг нь  Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1.д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зохицуулагдсан, процессын шинж чанар агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Б.Агийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг биедээ хадгалсан гэмт хэргийг Б.А үйлдсэн нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ яллах үндэслэл болсон бусад нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхой бус өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжгүй гэсэн зүйл заалтыг давхар баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хорих ялын дэглэмийг тогтоохдоо хууль буруу хэрэглэсэн байгаа зэрэг нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байна... гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Агийн ...Хорих ялыг тэнсэн хянан харгалзах ялаар сольж өгнө үү... гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д-н ...Өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлээгүй, хөөн хэлэлцэх хугацааны асуудал Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байгаа тул шүүх санаачилгаараа хэргийг түдгэлзүүлээгүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдлуудыг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул тус тус хэлэлцэхгүй орхиж, ...хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэсэн  прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

           3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ад урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА