Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 306

 

Ц.Ц, Ц.С, Ц.Л нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын туслах Э.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Ц.Ц, Ц.С, Ц.Л нарт холбогдох 1727000000002 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Ц, Ц.Л нарын өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 11 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 2011 оны 09 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 2016 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Ц.С.

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Зая боржигон овогт Ц.Ц.

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 11 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, 2010 оны 01 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял, 2011 оны 9 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 2015 оны 10 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Өндөрийнхэн овогт Ц.Л.

Шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан “Орон байранд нэвтэрч, машин маханизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ажиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.С-д 4 жил хорих ял, шүүгдэгч Ц.Л-д 3 жил, шүүгдэгч Ц.Ц-т 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-42 УНР Toyota Prius 10 загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Ч.Энх-Эрдэнэд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ц.С, Ц.Л, Ц.Ц нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Ц.Ц, Ц.Л нарын өмгөөлөгч Р.Шүрхүү гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-42 УНР дугаартай Toyota Pruis-10 автомашин шүүгдэгч нарын өмчлөлд байсан нь тогтоогдоогүй, уг машины өмчлөгч нь Ч.Энх-Эрдэнэ байхад анхан шатны шүүх уг автомашины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулсан нь хууль буруу хэрэглэсэн. Ц.С энэ хэргийг дангаараа үйлдсэн. Хэргийн газар хийгдсэн үзлэгээр ганц пүүзний мөрнөөс өөр ул мөр байдаггүй. Энэ талаар мөрдөн шалгах явцад мэдүүлсээр байхад машинд гэмтэл гарсан эсэх, түүнийг засуулсан эсэхийг шалгаагүй. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 125 тоот дүгнэлтэд пүүзний мөр  бэхжүүлэн авсан, өөр машин болон бусад зүйлийн мөр авагдаагүй байдаг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч тус бүрийн оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлоогүй. Шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, хэлбэр эргэлзээтэй байх тул Ц.Л, Ц.Ц нарыг гэм буруугүйд тооцож, шүүгдэгч нараас машины үнэ гаргуулж улсын орлого болгосныг хэрэгсэхгүй болгоно уу”  гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Э.Амарбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна. Харин шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээ машин механизм ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч нараас машины үнэ гаргуулсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц, Ц.Л нарын өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ц, Ц.С, Ц.Л  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт суманд оршин суух иргэн Ц.Амгалан, Ш.Алтангэрэл, Ж.Бямба-Очир, Г.Эрдэнэсувд нарын орон байранд нэвтэрч хохирогч Ц.Амгалангийн 2.045.000 төгрөгийн, хохирогч Ш.Алтангэрэлийн 150.000 төгрөгийн, хохирогч Ж.Бямба-Очирын 177.000 төгрөгийн, хохирогч Г.Эрдэнэсувдын 296.100 төгрөгийн эд зүйлийг тус тус хулгайлж, бусдад нийт 2.668.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нар нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтсийн алба хаагч нар 2017 оны 7 дугаар сарын 18-ны орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус сумын баруун хойд овоон дээр зогсож байсан 10-42 УНР дугаартай Toyota Pruis-10 автомашиныг шалгахдаа, улмаар шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нарын хулгайн гэмт хэргийг нөхөн илрүүлж, саатуулсан байна.

Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй тул энэ талаар өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан гомдлыг хүлээн авч, прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ял сонсгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч нараас Toyota Prius 10 загварын автомашины үнэ болох 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах шийдвэрийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.С, Ц.Ц нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хуулиар олгогдоогүй тул шүүгдэгч Ц.Ц, Ц.Л нарын өмгөөлөгч Р.Шүрхүү гаргасан гомдлын “Шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, хэлбэр эргэлзээтэй байх тул Ц.Л, Ц.Ц нарыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Ц.Ц, Ц.С, Ц.Л нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Өндрийнхөн овогт Ц.Л, Зая боржигон овогт Ц.Ц, Боржигин овогт Ц.С нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

Тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-д 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч Ц.Л-д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял, шүүгдэгч Ц.Ц-д 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “... тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт болон Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан гомдлоос “шүүгдэгч Ц.Л, Ц.Ц нарыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН