Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1030

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ********** овогт **********ийн **********ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305041921509 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн **********од оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн ********** оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/, ********** овогт **********ийн **********.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ********** нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эцэг эхийнхээ гэрт очиж  “аав, ээжийг уруу татаж архи уусан” гэх шалтгаанаар ********** хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг хөлөөрөө өшиглөж, цохиж, эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүний биед умдаг, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ “Хохирлоо баримтаар нэхэмжилбэл нөхөн төлнө. Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлнө. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305041921509 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны **********гийн хохирогчоор өгсөн: “Тухайн өдөр 16-17 цагийн орчимд би гэртээ байсан чинь манай төрсөн дүү ********** намайг Туяа эгчээ хоёулаа уулзъя нөхөр хөдөөнөөс ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би **********ийн гэр болох зурагтын орчимд гэрт нь очсон бөгөөд бид гурав пиво уугаад би гэрт нь хоносон. Маргааш  өглөө нь би 10 цагийн орчимд харих гээд юм яриад сууж байхад **********ийн төрсөн охин ********** нөхрийн хамт ирээд намайг “гар зайл архичин авгай” гэж хэлээд тэгэхээр нь би “эгчийнхээ өөдөөс ингэж дугардаг хэн юм бэ” гэхэд янз бүрийн юм хэлээд загнаад байсан. Би гэртээ харихаар гадаа гарахад миний араас биеийн ар хэсэгт нурууны доод хэсэг, өгзөг, бэлэг эрхтэн хэсэгт өшиглөөд зодоод байсан 2-3 удаа өшиглөсөн би бараг хэвтрийн босож чадахгүй хүүхдээ дуудаж хүүхэд ирж авсан. **********ийн нөхөр нь машиндаа суугаад гарч ирээгүй бөгөөд хараад байсан. Тухайн гэмтлүүдийг ********** хөлөөрөө өшиглөж учруулсан. Би хувийн эмнэлэгт бие өвдөөд нуруугаа хэвлийгээ үзүүлж дусал тариа хийлгэсэн 150.000 төгрөгөөр 7 хоног хэвтсэн. Гэрээр эмчлүүлсэн би эм тариа 200.000 төгрөгөөр авсан мөнгөний баримт нь байхгүй. Би нийгмийн даатгалын сангаас эмнэлэгт хэвтсэн эм тариа авсны хөнгөлөлт мөнгө аваагүй. Би **********ийн биед халдаж зодоогүй. ********** огт ирж уулзаагүй, ээж нь ирж уулзсан. Би сэтгэл санааны хохиролыг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг зөвшөөрч байна. Үүнийг **********ээс нэхэмжилнэ, гомдолтой байна. Нуруу руу өшиглүүлсэнээс болж нуруу өвддөг болсон. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны Д.**********ийн гэрчээр өгсөн: “********** овогтой ********** миний төрсөн охин. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний охин ********** жирэмсэн байсан тул би охиноо аваад эмнэлэг явсан ба манай нөхөр Баттулга нь миний төрсөн эгч **********тай гэрт хамт үлдсэн юм. Гэтэл би охины хамт эмнэлэг явчихаад иртэл ********** нь нөхөр Баттулгатай архи ууж байсан ба ********** нь уурлаад аавдаа болон **********д хандаж бие муу байхад яах гээд архи уугаад байгаа юм гэж хэлээд нөхөртэйгөө гараад явчихсан ба маргааш нь ********** дахин өдөр нь ирсэн ба би нөхрийн хамт **********тай хамт архи уучихсан байсан тул ********** уурлаж аав, ээжийг хамт архи ууж уруу татахаа боль гэж том охины хүүхдийн үсний найр руу аавыгаа аваад намайг үлдээгээд яваад өгсөн юм. Би тэр хооронд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба орой нь ********** аавыгаа аваад ирэхэд дахин хэрүүл маргаан үүссэн ба ********** уурлаж арай дэндүү архи ууж уруу татаад гэж ********** бид хоёр руу уурласан. Мөн **********г гэртээ харь гэж уурласан ба ********** нь **********ийг янхан минь гэж хараагаад би төрсөн дүү дээрээ ирсэн гэж хэрүүл, маргаан үүсгэж ********** чи намайг хаана янхандсан байхыг харсан юм гэж хэрэлдээд барилцаж авсан ба охин төрсөн эгч хоёрыг салгаад голоор нь орж байсан ба намайг хамгаалж байх үед ********** нь миний хажуугаар орж ирээд **********г сууж байхад нь цавь руу нь өшиглөсөн ба би салгаад холдуулсан юм. Дараа нь **********гийн хоёр талын цавь нь хөхөрсөн байсан. Дараа нь **********г том охинтойгоо дагуулж эмнэлэгт үзүүлж эм, тос авч өгсөн, тухайн цавь хөх ягаан болж хөхөрсөн байсан. Би тухайн маргааныг салгахаар голд нь зогсож байсан ба ********** нь миний салтаан доогуур **********гийн цавь, салтай хэсэг рүү нь өшиглөсөн тухайн үл явдлыг харсан. Аав, ээжийг уруу татсан архи уулаа би хүүхэд зулбаад сэтгэл санаа таагүй байхад гэж хэлээд харьсан ба маргааш нь дахиад архи уусан байхад уурлаж маргаан үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.********** гэрчээр өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Оюунтүлхүүр эгчийн хүүхдийнх нь сэвлэг үргээх ёслол болох гэж байсан тул хадам аав ээжийг гэрээс нь очиж авахаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэрт нь очсон юм. Хадам аав ээжийн гэрт нь Туяа гэх эмэгтэй хадам ээжтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тухайн үед манай эхнэр ээж рүүгээ уурлаж эгчийн хүүхдийн үсний найртай гэж байхад та архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэж уурласан гэтэл хадам ээжийг өмөөрч Туяа гэх эмэгтэй дундуур орж ирээд эхнэр **********ийг элдэв хараалын үгээр харааж эхэлсэн. Би болон эхнэр бид хоёр тухайн үед сэтгэл санааны хямралтай байсан ураг зулбасан байсан тул манай эхнэрийн сэтгэл санаа тогтворгүй байсан. Тухайн Туяа гэх эмэгтэй хэлсэн үгийг би одоо санахгүй байна ямартай ч эхнэрт маань хатуу үг хэлсэн тул эхнэр уурлаж Туяа гэх эгчийн биед 2-3 удаа халдсан. Тухайн маргааны дундуур хадам аав ээж орж салгасан ба хадам ээж Туяа гэх эмэгтэйг аваад яваад өгсөн. Туяа гэх эмэгтэй хадам ээжийг уруу татаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас тус маргаан үүссэн. Мөн эхнэрийг маань элдэв хараалын үгээр хэлснээс болж Туяа гэх эмэгтэйн бид эхнэр маань халдах болсон. Би тухайн үйл явдлыг харсан...Би Туяа гэх эмэгтэйг танина урьд өмнө харж байсан. Тухайн эмэгтэй нь хадам ээжийн төрсөн эгч.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13880 дугаартай “**********гийн биед умдаг, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ийн яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсгийн ногоон зоорь гэх газар аав ээжийндээ нөхөр ********** хамт очсон. Нөхөр маань аавтай үлдэж өөрийнхөө тээврийн хэрэгслийг янзлахаар үлдэж харин би ээжийн хамт эмнэлэг явсан. Би тухайн жирэмсэн байсан ба ураг доош зулбах гээд байсан тул эмнэлэгт үзүүлэхээр явсан тус эмнэлэгт үзүүлэхэд зүгээр гэсэн тул аав ээжийнхээ гэрт ирсэн ба гэрт ирээд 20-21 орчим цаг хүртэл унтаж байтал ураг зулбалт өгч эхэлсэн тул эмнэлэг рүү нөхөр ээжийн хамт явсан. Аав ********** гэх ээжийн эгчийн хамт гэртээ үлдсэн. ********** нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аав ээжийнд ирчихсэн архи ууж байсан ба орой намайг эмнэлэг явахад дахин ууж л байсан. Эмнэлэг дээр ураг доош зулбаад өөрийнхөө савыг цэвэрлүүлчхээд ээжийг гэрт нь хүргэж өгөхөөр очиход ********** эгч аавын хамт архи согтууруулах зүйл хэрэглэж байна гэж сонсоод гэрийн гаднаас ээжийг буулгачхаад гэр рүүгээ явчихсан. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай эгч Оюундэлгэрийн хүүхдийн сэвлэг үргээх ёслол болж байсан тул би аав ээжийг гэрээс нь авахаар өдөр очсон гэтэл аав эрүүлжчихсэн ээж болон ********** нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Би аавыг аваад эгчийн сэвлэг үргээх ёслол рүү явахаар болтол ********** чи яахаараа ээжийгээ авч явдаггүй юм гэхээр нь би согтуу хүн авч явахгүй гэтэл ********** нь би дүүгийндээ ирчихсэн байна чи юу юм янхан минь гэж маш олон хараалын үгээр харааж эхэлсэн тул би түүнд хандаж миний бие муу байна би тантай хэрүүл хийхгүй гэж хэлээд явах гэтэл над руу дайраад хараагаад орилоод байсан. Тэгэхээр нь би та намайг хаана тийм байхыг харсан юм гэж хэлсэн ба намайг зайл гэж хөөгөөд байсан тул би өөрийнхөө гэрээс чамд хөөгдөхгүй гэж хэлсэн. Тухайн газар эрүүл байсан хүн нь манай нөхөр болон аав байсан. ********** намайг хөөгөөд байсан тул та өөрөө яв гэж хэлээд өөрийг нь хөөсөн...Би түүнийг орон дээр сууж байхаар нь хувцаснаас зулгаагаад та яв гээд татахад газар орноос унаад газар суучихсан. Тэгэхээр нь би түүнийг хувцаснаас чангааж нэлээн татсан гэтэл явахгүй намайг хараагаад байсан. Би тухайн харааж байсан үгэнд нь уурлаад **********г газар хөлөө жийгээд суучихсан байхаар нь би гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн ба ээж голоор орж ирээд боль гэж хэлээд болиулаад ********** эгч яваад өгсөн. ********** нь явж байх үедээ намайг хараагаад байсан. Энэ маргаан дуусаж би аавыг аваад сэвлэг үргээх ёслол руу явсан. Гэтэл ээж ********** эгч хоёр цааш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  ********** нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсгийн ногоон зоорь гэх газарт оршин суух эцэг, эхийнхээ гэрт нагац эгч **********г  “аав, ээжийг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсаны улмаас ********** нь өөрийн нагац эгч **********гийн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсний улмаас түүний биед умдаг, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал), **********гийн хохирогчоор өгсөн: “...Би гэртээ харихаар гадаа гарахад миний араас биеийн ар хэсэгт нурууны доод хэсэг, өгзөг, бэлэг эрхтэн хэсэгт өшиглөөд зодоод байсан 2-3 удаа өшиглөсөн...Тухайн гэмтлүүдийг ********** хөлөөрөө өшиглөж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), Д.**********ийн гэрчээр өгсөн: “...********** нь миний хажуугаар орж ирээд **********г сууж байхад нь цавь руу нь өшиглөсөн ба би салгаад холдуулсан юм. Дараа нь **********гийн хоёр талын цавь нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал), М.********** гэрчээр өгсөн: “...эхнэр уурлаж Туяа гэх эгчийн биед 2-3 удаа халдсан. Тухайн маргааны дундуур хадам аав ээж орж салгасан ба хадам ээж Туяа гэх эмэгтэйг аваад яваад өгсөн...хараалын үгээр хэлснээс болж Туяа гэх эмэгтэйн биед эхнэр маань халдах болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13880 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн **********ийн яллагдагчаар өгсөн: “...Би түүнийг орон дээр сууж байхаар нь хувцаснаас зулгаагаад та яв гээд татахад газар орноос унаад газар суучихсан. Тэгэхээр нь би түүнийг хувцаснаас чангааж нэлээн татсан гэтэл явахгүй намайг хараагаад байсан. Би тухайн харааж байсан үгэнд нь уурлаад **********г газар хөлөө жийгээд суучихсан байхаар нь би гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн ба ээж голоор орж ирээд боль гэж хэлээд болиулаад ********** эгч яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 48-49 дэх тал) дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч **********гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ********** нь хохирогчийн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос **********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч **********гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үзүүлж оношилгоо, шинжилгээ хийлгэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 120.000 төгрөгийн зардал гарсан болох нь (хавтаст хэргийн 73 дахь тал)-д авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ээс 120.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой баримтууд хавсаргуулаагүй байх ба хохирогчийг шүүх хуралдаанд  оролцуулахаар шүүхээс удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Иймд хохирогчийн өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч **********ээс гаргуулж хохирогч **********д олгохоор шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу  аав, ээжийг уруу татаж архи уулаа гэснээс маргалдаж, өөрийн төрсөн эх Д.**********ийн  төрсөн эгч **********д хүндэтгэлгүй хандаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ хүлээн гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч **********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Энэ хэрэгт ********** цагдан хоригдсон хоноггүй, түүний эзэмшлийн эзэмшлийн ********** серийн гадаад паспорт нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь:     

1. ********** овогт **********ийн **********ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар **********ээс хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зардалд 3.300.000 төгрөг гаргуулж  хохирогч **********д олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ээс 120.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7. Энэ хэрэгт ********** цагдан хоригдсон хоноггүй, түүний эзэмшлийн ********** серийн гадаад паспорт нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ