Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2019/00419

 

2019 оны 05 сарын 22 өдөр Дугаар 131/ШШ2019/00419 Баянхонгор

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

Эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлын 1.853.150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын ******* миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Рrius11 маркийн машинтай *******ийн 14 дүгээр гудамжинд айлд очих гээд явж байтал  улсын дугаартай sonota-6 маркийн автомашин гудамжнаас гэнэт хурдан гарч ирж мөргөсөн. Тухайн үед даатгал, цагдаа бүгд ирсэн. 100 хувь нөгөө талын буруу болж Б. даатгалаараа хохирлоо барагдуулмаар байна, би хөдөө ажилладаг, бас танай нөхрийг ч таних юм байна гээд байхаар нь даатгалаар хохирлоо барагдуулахаар болсон хэдий ч маргааш өдрөөс нь эхлээд миний толгой нуруу өвдөж эхэлсэн. Тухайн үед нь нөгөө машины жолооч Б.тэй уулзаж эмнэлэгт үзүүллээ, эм тариа авч хэрэглэ гэж байна гэхэд Чи одоо юу яриад байгаа юм бэ, даатгалаар эм тарианы мөнгө олдохгүй нэг бол машинаа засуул нэг бол эмчилгээгээ хийлгэ /манай ээж, эгч, эхнэр гээд бүгд эмнэлгийн хүмүүс байдаг/ гэж уурласан. Би ч тухайн үед юм хэлэлгүй өнгөрсөн. Миний нуруу толгой ихээр өвдөж Улаанбаатар хот руу явж онош тодруулах шаардлагатай гээд компьютер томограф хийлгэсэн. Нөгөө жолооч болох Б. нь холбоо бариагүй, залгахаар дугаар блоклочихсон ярьдаггүй, өөр дугаараас залгахаар хоолой сонсож байгаад утсаа салгадаг, холбогдож чадахгүй байж байгаад 04-р сарын 01-ний өдөр Холбооны гадаа таархад тухайн үед даатгалаараа шийдүүлнэ гэж ярьчихаад юун эм тарианы мөнгө яриад байгаа юм бэ, тийм л юм бол цагдаадаа өгөөд шүүх эмнэлгээр явахгүй яасан юм, чи ер нь яах гэж цагдаад өргөдөл өгөөд байгаа юм бэ, чаддаг юм бол надаас юм олж долоогоорой гэж намайг элдвээр хэлж байгаад явсан. Хүний машиныг сар гаруй ажиллагаагүй болгочихоод бас болоогүй өөрсдөө яаж байна гэж ярихгүй, залгахаар хүн шиг утсаа аваад ярьчихгүй байж ганц уулзсан чинь намайг элдвээр доромжилсон. Надад үнэхээр гомдолтой байна. Цагдаад 2 удаа өргөдөл өгсөн боловч ээж нь ганц хоёр удаа ирж уулзсан өөрөө болохоор ганцхан удаа ирж уулзсан байгаа юм. Даатгалын нөхөн төлбөр ороогүй байхад өргөдлөө өгч байхад яагаад цагдаагийн байгууллага тухайн жолооч дээр арга хэмжээ авч ажиллаагүй юм бэ. Надад үнэхээр их гомдолтой байна.

Иймд хариуцагч Б.гээс машинд учруулсан хохирол 1.345.000 төгрөг, даатгалын үнэлгээгээр гарсан төлбөр 840.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 505.000  төгрөг, эм тарианы 98.050 төгрөг, осол болсноос хойш машин засвараас гарах хүртэл буюу 03-р сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох 34 хоногийн /1 хоног х 27,900/ 948,600 төгрөг, 02-р сарын 12-ны өдрөөс 03-р сарын 18-ны өдрийг хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд таксины зардалд ажлын 23 хоногийн /1 хоног х 3500/ 80.500 төгрөг, Улаанбаатар хотруу явсан зардалд 61.000 төгрөг, эмнэлэгт компьютер томограф хийлгэсэн зардалд 160.000/ толгой нуруу тус тусдаа 80.000/ нийт 1.853.150 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.

Хотод байдаг үнэлгээний компаниар машины зурагнуудаа явуулж үнэлгээ хийлгэсэн. Эхлээд 480.000 төгрөгийн үнэлгээ гарсан байсныг зөвшөөрөлгүй ахиж үнэлгээ хийлгээд 840.000 төгрөг болсон. Приус-11 урьд гупер бодит үнэ нь 550.000 төгрөг, их гэрлийг 180.000 төгрөгөөр үнэлсэн, бодит байдал дээр 350.000 төгрөг болсон байгаа. Радиотар 180.000 төгрөгөөр үнэлсэн байгаа харин радиотар бодит ханш нь 300.000 төгрөг болсон. Ажлын хөлс 75.000 төгрөг гэж үнэлсэн, гэтэл үнэндээ ажлын хөлс 200.000 төгрөг болсон. Тэнхлэг тохиргоо хийгээгүй байгаа тул одоо машины жолооны хүрд далийхад  дугуй тэгширдэг байдалтай байгаа. Иймд одоо 1.853.150 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б. нь 2019 ны 02 дугаар сарын 11-ны орой 19 цагийн үед sonata-6 маркийн 25-56 БНХ улсын дугаартай өөрийн автомашинаар дэлгүүр орох гээд гудамжныхаа үзүүр тойртол нөгөө талаас prius-11 маркийн улсын дугаартай автомашин гарч ирээд мөргөлдсөн байсан. Тухайн үед цагдаа, шинжээч, даатгалыг дуудаж бүгд ирсэн, би ч бас очсон. Хоёр тал тохиролцоод даатгалаар шийдвэрлүүлэхээр болоод цагдаа нар явж даатгал бүх зургийг аваад маргааш өглөө бичиг баримтаа аваад 2-уулаа ир гээд явсан. Маргааш нь манай хүүхэд очиход нөгөө жолооч нь машиныхаа бичиг баримтаа авч ирээгүй, машин нь Гялс төгрөг ХЗХоршоонд барьцаанд байгаа гэсэн. Даатгалаас тэр гэрээгээ аваад ир гэхэд өөрсдөө бараг 7-8 хонож байж авчирч өгсөн. Бодь даатгал үнэлгээг хот руу явуулж хийлгээд 840.000 төгрөгөөр тогтоож, даатгалын мөнгийг нэхэмжлэгчийн данс руу хийсэн. Гэтэл машинд учруулсан хохирол гэж 1.345.000 төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 3-4 хоногийн дараа манай хүүхэд ээж нөгөө хүмүүс чинь эмчилгээний зардал нэхээд байна гэхээр нь ээж рүүгээ явуулчих, албан ёсоор шинжээч томилуулаад эмнэлэгт үзүүлж, харуулж өгье гэсэн. Албан ёсоор шинжээч томилуулж, эмнэлэгт үзүүлэх гэтэл нэхэмжлэгчийн утас нь холбогдоогүй. Тэгээд манай хүүхэд ажлаар хөдөө явсан. Албан ёсоор шинжээч томилуулаад эмнэлэгт үзүүл гэхэд ирээгүй байж одоо төрөл бүрийн эмчилгээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлд уулзахад мэдрэлийн Батаа эмч дээр очиж үзүүлээд зураг авахуул гээд явуулсан юм байна лээ. Зураг авахуулаад түүн дээр өөрчлөлттэй гэсэн зүйл байхгүй байсан. Тэгээд 10-аад хоногийн дараа Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байгаа, 13А маягт өгөөч гэж гуйгаад аваад явсан байсан. Тэгээд хотод очоод томографикийн зураг авахуулсан, зураг дээр нь өөрчлөлттэй гэсэн зүйл гараагүй байсан. Баримттай юман дээр татгалзах зүйлгүйгээр гарсан зардлыг нь төлнө. Тэр машинд учруулсан хохирол 1.345.000 төгрөг гээд нэхээд байгаа нь хаанаас гараад ирсэн зардал юм. Машинд учирсан хохирол 840.000 төгрөгөө энэ хүн авсан. Мөн таксинд явж олох байсан орлого гэж нэхсэн, гэтэл Баянхонгорт бүтэн өдөржин таксинд явахад 27.900 төгрөг олохгүй. Энэ таксинд явж олох байсан орлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.   

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл болон зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 1.853.150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Даатгалын үнэлгээгээр 840.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан, энэ хохирлыг Ц.*******ад төлж барагдуулсан, шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад эмчилгээний зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б. нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******ийн нутагт улсын дугаартай sonata-6 маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ нэхэмжлэгч Ц.*******ын унаж явсан улсын дугаартай, Рrius-11 маркийн автомашиныг мөргөж, Ц.*******ын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан улсын дугаартай Рrius-11 маркийн автомашины эвдрэлийн зургууд, тэдгээр зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, Хос Стандарт ХХК-ийн Автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-гийн хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2019 оны 03 сарын 03-ны өдөр олгосон Ц.*******ын Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /Маягт-13А/-ны хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ нэхэмжлэгч Ц.*******ын унаж явсан автомашиныг мөргөж, Ц.*******ын автомашинд /эд хөрөнгөд/ хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрдөг. Харин тухайн үед албан ёсоор шинжээч томилуулж, эмнэлэгт үзүүлье гэтэл нэхэмжлэгчийн утас нь холбогдоогүй, эмнэлэгт үзүүлье гэхэд өөрөө ирээгүй байж одоо эмчилгээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй маргадаг.

Гэвч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2019 оны 03 сарын 03-ны өдөр Ц.*******ад олгосон Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /Маягт-13А/, нэхэмжлэгчийн 2019 оны 02 сарын 15, 02 сарын 20, 03 сарын 06-ны өдрүүдэд эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн баримтын хуулбар, мөн 2019 оны 03 сарын 07-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд компъютерт томографи хийлгэсэн баримтын хуулбар, Наянбулаг ганга эмнэлгээс хүзүүний чиг, эм авсан баримт зэрэг нотлох баримтуудаар хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.*******ын эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь тогтоогддог.

Иймд Иргэний хуулийн 497, 505, 510 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдээс гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл нь уг этгээдийн гэм буруу, учирсан гэмтэл, хохирлын хооронд шалтгаант холбоотой байх явдал юм. Тодруулбал, нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 1.853.150 төгрөг нь болгоомжгүй үйлдлийн улмаас түүний эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахад гарсан зардал байхыг шаардана.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Б.гийн болгоомжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шаардлага нь үндэслэл бүхий байх тул нотлох баримтын шаардлага хангасан дараах зардлын баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг хариуцагчаас гаргуулж, нотлох баримтгүй, нотлогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжилж байгаа зардлуудаас нэхэмжлэгчийн 2019 оны 03 сарын 04-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот чиглэлд, 2019 оны 03 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор чиглэлд Баянхонгор тээвэрчин ХХК-ийн нийтийн тээврийн автобусаар зорчсон 2 талын зардал 61.000 төгрөг,

2019 оны 02 сарын 15-ны өдөр Наянбулаг ганга эмийн сангаас хүзүүний чиг, кетонал, нейрорубин форте, диакарб, брайнакт зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл авсан зардал 98.050 төгрөг,

Тоёота приус-11 машинд авсан том радиаторын үнэ 210.000 төгрөг,

Тоёота приус-11 машин засварын ажлын хөлсний зөрүү 115.000 төгрөг,

Тоёота приус-11 машины урд их гэрлийн үнийн зөрүү 120.000 төгрөг зэрэг зардал нь нотлох баримтаар тогтоогдож байх ба эдгээр нь хариуцагчийн болгоомжгүй үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан, Бодь даатгал ХХК-аас олгосон даатгалын үнэлгээний төлбөр 840.000 төгрөгөөс тусдаа гарсан зардал болох нь Хос Стандарт ХХК-ийн Автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хэрэгт авагдсан зарлагын 2ш баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, Наянбулаг ганга эмийн сангийн НӨАТ-ын баримт, хот хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нотлох баримтаар тогтоогдож байгаа зардал болох нийт 604.050 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин таксинд явж олох ёстой байсан орлого 948.600 төгрөг, ажлын өдөр таксинд суусан зардал 80.500 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй, компъютерт томографи хийлгэсэн зардал 160.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн болохыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурьдаж байх тул эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1.249.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч У.Мөнхнаран нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн зохигчдын зөвшөөрлийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан Б.гээс эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 604.050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.249.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.600 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 18.771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч,тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.ОТГОНЧУЛУУН

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА