| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/1021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1040 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Э.Булганчимэг,
шүүгдэгч Н**********, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт **********ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409000001062 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 3 дүү, өөрийн найз охин нарын хамт Баянзүрх дүүргийн ********** оршин суух хаягтай, урьд нь
2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 2 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэгт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал сургалтад хамрагдахыг үүрэг болгосон,
2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,
2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,
2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 88 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 02 сар 14 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн,
2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2625 дугаартай захирамжаар 01 жил 02 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн,
2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД:**********/, **********.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч Н********** нь **********тэй бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим хохирогч **********гийн гар утсыг авах зорилгоор түүнийг газарт дарж унаган, биед нь хүч хэрэглэн халдаж, түүний гарт байсан “iPhone 13 pro max” загварын гар утсыг дээрэмдэн авч 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н********** нь бусадтай бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим хохирогч **********гийн гар утсыг авах зорилгоор түүнийг газарт дарж унаган, биед нь хүч хэрэглэн халдаж, түүний гарт байсан “iPhone 13 pro max” загварын гар утсыг дээрэмдэн авч 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 29 дэх тал)
Хохирогч Ө.Баттуяагийн “Би 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад ажлын газрын эгч Ганцэцэгтэй хамт Ганцэцэгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2023 оны 8 дугаар сарын 15-ны 05 цаг өнгөрч байхад дуудлагын жолооч дуудаад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд буюу “Хайрхан” угаалгын газрын зүүн талд өглөөний 06 цагийн орчим хүргүүлээд нөхрөө дуудаад өөрийн машин болох ********** УАА улсын дугаартай “Toyota Camry” маркийн тээврийн хэрэгсэл дотор хүлээнгээ машинаа цэвэрлээд үлдсэн шар айргаа асгаад байж байсан чинь ертөнцийн зүгээр хойд талаас үл таних 3 залуу алхаж ирээд нэг нь /яг аль нь гэдгийг нь санахгүй байна/ та яагаад пиво асгаад байгаа юм бэ гэхээр нь би асгаж байсан пивоо асгаж дуусгаад 1 ширхэг бүтэн пиво үлдсэн байхаар нь надаас асуусан залууд өгөөд үргэлжлүүлээд машинаа цэгцлээд байж байсан чинь гэнэт нэг залуу нь намайг газарт дарж унагаад улаан өнгийн цамцтай нэг эрэгтэй миний гарт байсан гар утсыг минь булаагаад зугтаад гүйчихсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 161-163 дахь тал)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “...Хяналтын камерын бичлэгийг үзэхэд 2023 оны 8 дугаар сарын 15-ны 05 цаг 48 минутын үеийн бичлэг байх ба хохирогч эмэгтэй машинаас бууж ирж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 05 цаг 48 минут 33 секундэд хохирогчийг хар өнгийн цамцтай үл таних этгээд газарт унагааж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 05 цаг 48 минут 48 секундэд улаан өнгийн цамцтай этгээд хохирогчийг газарт унасан байхад дарж байгаад холдож байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 05 цаг 48 минут 51 секундэд хохирогчийг анх унагаасан гэх хар цамцтай этгээд зугтаж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 52-55 дахь тал)
“Дамно” ХХК-ийн “Шинжилгээний объект 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр “iPhone 13 pro max” загварын гар утас нэг ширхгийг 2.850.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Н********** нь бусадтай бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны үүрээр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим хохирогч **********гийн гар утсыг авах зорилгоор түүнийг газарт дарж унаган, биед нь хүч хэрэглэн халдаж, түүний гарт байсан “iPhone 13 pro max” загварын гар утсыг дээрэмдэн авч 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж зааснаар хяналтын прокурор Э.Булганчимэг нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр прокурорын 2409000001062 дугаартай тогтоолоор яллагдагч **********, **********, **********, **********, Н********** нарт холбогдох хэргээс Н**********т холбогдох хэргийг тусгаарласан байна. (хавтаст хэргийн 01 дэх тал)
Яллагдагч **********, **********, **********, ********** нарт холбогдох хэргээс Н**********т холбогдох хэргийг тусгаарлаж шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд холбогдох хэргийг бусад яллагдагч нарт холбогдох хэргээс тусгаарласан бол түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно.” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Н**********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг (хавтаст хэргийн 168 дахь тал)-д сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгч Н**********ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н**********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгч Н**********т оногдуулсан хорих ялыг хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н**********ийн цагдан хоригдсон 97 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцно.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н**********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. **********ийг бусадтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н**********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н**********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н**********ийн цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Яллагдагч **********, **********, **********, **********, Н********** нарт холбогдох хэргээс хяналтын прокурорын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын 2409000001062 дугаартай тогтоолоор Н**********т холбогдох энэ хэрэг тусгаарлагдсан байгааг дурдсугай.
7. Н********** энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н**********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ