Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1033

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч **********,

хохирогч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт **********ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405039072137 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ********** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/, **********.

                            Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” нэртэй баарны дотор болон гадна байхдаа “автомашины түлхүүр нэхсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хэрүүл маргааны явцад **********гийн эрх чөлөөнд халдаж, түүнийг цохиж, зодсоны улмаас биед нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйх, чих, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2-3 удаа залгаж хохирлоо барагдуулъя гэж хэлэхэд намайг хүлээж аваагүй. Би автомашины агрегат засвар хийдэг, өвлийн улиралд орлого муу байдаг, олсон орлогоороо байдаг. Бүгд миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдаа шүүхээр явах маш хэцүүг мэдэрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ “********** бид хоёр танилууд, би түүнийг найзаа гэж боддог байсан юм. Маргаан үүссэн шалтгаан нь би машиныхаа түлхүүрийг авъя гэхэд миний биед халдаж зодсон. Би гомдол саналгүй, гэхдээ эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Шүүхээр шийдвэрлэгдсэний дараа хохирлоо авъя гэж бодсон, ээжтэй минь ярихдаа дансаа өгчих, би мөнгө шилжүүлье гэж хэлсэн нь томроод  байгаа юм шиг надад таагүй мэдрэмж төрсөн. Тийм болохоор шүүхээр тогтоолгоод хохиролоо авъя гэж бодсон.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405039072137 дугаартай хэргээс.

1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэг араас нь **********, ********** нар гарч байгаа ба 02 цаг 30 минутад ********** нь **********  араас нь толгойн дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохиод ********** болон баарны хамгаалагч нар **********г салгаад баруун тийш цаашаа авч явж байгаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 69-70 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  **********гийн хохирогчоор өгсөн: “Би 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн үед Шар хадны эцсээс хойш Улиастайн голын эрэг дээр зүс таних **********, ********** нартай уулзсан. Тэгээд ********** машин шаварт суусан байсан. Би шавраас гаргах гээд очтол миний машин бас шаварт суусан. Тэгээд хажуу талд нь булаг байдаг тэндээс ус уух гээд булаг руу алхаад явсан. ********** тухайн үед машиныхаа ард “Жак” нэртэй виски аваад ирсэн. ********** надад вискинээс 1 аяга, 1 аяга булгийн ус хийж өгсөн. Би уухгүй гэж хэлтэл ********** намайг чи эзнийг нь голоод байна уу эдийг нь голоод байна уу хээрийн юм хээгүй нь дээр гээд байсан. Хажуу талаас ********** нь эрэгтэй хүн байж уучихлдаа гээд байхаар нь би уусан. Оройны 18 цагийн орчимд **********, ********** хоёрын найз гэх залуу ирсэн. Намайг манай найзтай танилц гээд байхаар нь би танилцсан. Тэгээд бид нар шилтэй вискигээ хуваагаад уусан. Би түүнээс 4 стаканыг уусан байх. Оройны 21 цагийн орчимд Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл унасан 30 орчим насны хүн ирсэн. Тэгээд нөгөө машинаар ********** машиныг нь татаж гаргасан. Дараа нь ********** найз ********** гэж байсан миний машины түлхүүрийг аваад машиныг шавраас гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд машинаа шавраас гаргаад доошоо явж байгаад хүнсний дэлгүүрийн гадаа зогссон. Миний машиныг ********** барьж явсан. Намайг болохоор **********ын машинд суу гээд суулгасан. Дэлгүүрийн гадаа **********с машины түлхүүрээ авъя гэсэн чинь **********д байгаа гэсэн. **********ас би машины түлхүүрээ авъя гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд Шар хадны эцэс рүү дөхөж байгаад дахиад замдаа зогсоод миний машиныг үлдээгээд **********, **********, **********, ********** бид нар такси бариад Бичил хороолол “Кастел” бааранд 2024 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн өнгөрч байхад ирсэн. “Кастел” ороод лимонтой виски уугаад байж байгаад 02 цагийн орчимд би **********г машины түлхүүр өгчих гэтэл надад байхгүй манай гэрт байгаа гэж байсан. Би та нарт гай болмооргүй байна манай эцэг эх намайг архи дарс уудаггүй мэдэж байгаа учир согтуу орох юм бол гэрийнхэн мэдээд **********гийнд очоод балиар юм болно гээд хэлсэн. ********** болоогүй байна хамт яв гээд байсан. Тэгтэл ********** тамхины өрөөнд намайг нүүр рүү 2-3 удаа цохисон. Би өөдөөс нь цохих гээд далайтал хүмүүс салгасан. Баарны хамгаалагч нар бид нарыг гаргасан. Баарны гадаа үүдэнд ********** бид хоёр хоорондоо нэлээн маргалдсан. Тэгтэл ********** намайг заавал алж байж санаа амарна намайг тавь гээд орилоод байсан. Замын урд талд гараад ********** хоёулаа зүгээр ярилцъя гэж хэлээд хогийн бункерийн тэнд очсон чинь миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгтэл ********** гүйж ирээд миний хоёр гараас бариад зодооноо боль гээд байсан. Тэгтэл ********** дахиад нүүр рүү цохисон. ********** миний гарыг хориод барьсан байсан. ********** намайг тэвэрсэн байж байхад хоёр талаас цохиод байсан. Тэгээд би салаад цагдаа дуудна гэж хэлтэл ********** гэх найз нь миний гар утсыг булааж авсан. Чи иймээ тиймээ юм ярихгүйгээр зайл гээд таксинд суулгаад явуулах гээд байсан би суугаагүй. ********** “GS25” руу орохоор нь машины түлхүүр өг гээд ортол намайг боосон. Би нэлээн манарсан байсан. Тэгтэл ********** гараад явсан байсан ба ********** миний утсыг өгөөд тэр хэд яваад өгсөн. Би тэндээс гараад найз руугаа чат бичээд би Шар хадны эцэс рүү такси барилаа чи таксины мөнгө өгөөдхөөрэй гээд такси барьж яваад очсон чинь **********, ********** гэх хоёр найз ирсэн байсан. Тэгээд зогсож байтал нөгөө **********, ********** нар ирсэн. Тэгээд түлхүүрээ авъя гэтэл надад өгсөн...Миний баруун нүд хөхрөлтэй, зүүн шанаа хавдсан, толгойн хэсэгт орой дээрээ хавдартай, зүүн талдаа цус хуралтай, чихэн дотор цус гоожиж хурсан, хүзүүний булчирхай цочиж хавдсан нил хөндүүртэй байгаа, хоолой боосон. Зүүн гуя, өвдөг шалбарсан байна. Би эмнэлэгт үзүүлээгүй байна...Машиныхаа түлхүүрийг авмаар байна гэхэд шууд цохисон. Чи миний өөдөөс уурлах хүн мөн юм уу гэж зан авир гаргаж, намайг ********** эхлээд цохисон. Дараа нь бөөндөө л цохисон. Цагдаа дуудах гэхээр утас аваад өгөхгүй байсан. Намайг барьж хориод зодуулаад байсан **********д бас гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны **********гийн хохирогчоор дахин өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө зүс таних ********** гэх фейсбүүкээр пилогооны ойролцоо машин шаварт суусан байна ирээд аваад өгөөч гэх утга бүхий зурвас бичсэн. Би тухайн газарт очоод гаргах гэж байгаад өөрийн тээврийн хэрэгслийг шаварт суулгасан. Бид нар хоёр машинаа шаварт суулгаад байж байх үед араас машин ирнэ хэдүүлээ ойрхон рашаан очоод буцаж ирээд ********** гэх залуу машинаасаа нэг шил виски гаргаж ирсэн. Би уухгүй гэхэд эдийн голоод байгаа юм уу эзнийг нь голоод байгаагаа юм уу эр хүн хээгүй сайхан гэж хэлээд надад хүчээр уулгасан. Хэсэг хугацааны дараа **********, ********** гэх хоёр хүн ирсэн. Тухайн хоёр хүнтэй танилцаад уу гэж ********** надаа тэгж хэлсэн. Удалгүй ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл ирээд шаварт суусан машинуудыг авсан. Миний машиныг шавраас гаргах гэж байх үед миний түлхүүрийг ********** аваад буцааж өгөөгүй. Бид нар шавраас машинаас гаргаад миний машиныг ********** унаж би **********ын машинд суусан. Тэндээсээ эцсийн буудлын дэлгүүр ороод миний машиныг үлдээгээд хойшоо **********гийн хашааны гадаа очоод ********** бид нар удахгүй чамайг хүргэж өгнө чи хувцсаа солиод гараад ир жоохон ярьж сууя гэж ********** хэлсэн. Би хувцсаа сольж гарж ирэхэд намайг гуйсаар байгаад баар руу дагуулан явсан. Бид нар “Кастел” нэртэй бааранд орсон. Орох үед ойролцоогоор шөнийн 02 цаг болж байсан. Бид нар ууж сууж байгаад **********, ********** хоёрт би машины түлхүүрээ аваад явах гэсэн юм гэж хэлэх үед ********** нь намайг тамхины өрөө рүү дагуулж ороод ********** юу болсон юм гэж асуусан. Би явахгүй бол болохгүй байна гэж хэлэх үед миний шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохиж авах үед баарны хамгаалагч нар ирээд бид нарыг гаргасан. Баарны гадаа гарж ирээд ********** бид хоёр маргалдаж байгаад хоёулхнаа явахаар болоод хогийн бункерийн хажууд очоод шууд ********** нь миний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. Би зөрүүлээд цохих гэхэд ********** голоор орж ирээд надаа цохих боломж олдоогүй харин ********** нь намайг 10 орчим толгой хүзүү хэсэг рүү цохиж намайг гэмтээсэн. Бид нар тэндээсээ салаад би такси барьж шар хадны эцэс дээр ирсэн. Хамт явж байсан **********, **********, **********, ********** нар хойноос ирсэн. Манай найз юу болоод байгаа юм гэж асуух үед ********** нь **********г цохиж унагаасан тэр үед ********** нь миний толгой хэсэг рүү хоёр цохисон удалгүй цагдаа ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны Б.**********ын гэрчээр өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчим ********** гэх найзтайгаа Шар хадны эцсээс хойш байх ходоодны рашаан дээр очоод машин маань шаварт суусан. Тэгээд фейсбүүкт туслах, шавраас гаргаад өгөх хүн байна уу гэж пост хийсэн тэгсэн чинь ********** 18 цагийн үед байх коммент бичээд, чатаар юу болсон бэ гээд ороод ирсэн. Тэгээд би машин суучихлаа гаргаж өгөх боломж байна уу гэсэн чинь приус дийлэх болов уу даа гэхээр нь тэгвэл ус, ундаа аваад рашаан руу хүрээд ирэх юм уу гээд тэгж байтал удалгүй ирж явахдаа бас ********** машинаа шаварт суулгасан.Тэгээд ********** бид 2 өөр том машинтай хүн рүү залгаад дуудсан байсан. Тэгээд гурвуулаа машин иртэл жоохон ууж суух уу гээд **********гээс асуусан чинь тэгье гэсэн. Тэгэхээр нь ********** 1 шил жак нэртэй виски гаргаж ирээд бид 3 хувааж уугаад сууж байсан. Тэгтэл 19 цаг өнгөрч байхад ********** нар ирсэн. Тэгээд оройны 22 цагийн үед манай танил ах Ланд 80-тай ирж шавраас гаргасан. **********г машинаа үлдээчхээд яваа гэсэн чинь ********** би гэртээ ороод гутлаа солиод ээжийгээ аргалаад гарч ирье гэсэн. Тэгээд бид нар Шар хадны эцэст машинуудаа үлдээчхээд 00 цаг болж байх үед **********, **********, **********, ********** бид нар такси бариад бичил хороолол “Кастел” баар орж 1 шил “Жем” нэртэй виски уугаад нэлээн сууж байсан. ********** нэлээн согтуу байсан бааранд хүмүүстэй муудалцаад байсан. Тэгээд ********** өөртөө аягалаад уугаад байсан. **********, ********** нараас машины түлхүүр нэхээд байсан. **********, ********** дээр ирээд чихэнд нь юм хэлээд байсан тэгээд тамхины өрөө явахаар би араас нь орсон чинь барьцалдчихсан байхаар нь би салгасан. Тэгээд ********** хүн болгон руу орилоод байсан. Би машины түлхүүр Шар хаданд машинд байгаа гэж хэлсэн ерөөсөө юм ойлгохгүй байсан. Тэгээд баарны гадаа гараад замын урд талдаа гараад такси барих гээд зогсож байтал **********, ********** нар маргалдаад байсан би очиж салгаад Урнааг би бариад зогсож байтал намайг чи барьж зодууллаа би та нарыг ална гээд дайраад байсан. Намайг чи зодууллаа гээд яриад байсан хэлээд байхад ойлгох ухаангүй байсан. Замын хойд GS25-рүү **********, ********** 2 орсон чинь Урнаа гүйж гараад араас яваад орсон ахиад хэрүүл болох нь гээд ортол тэкний урд талд барьцалдаад зогсож байсан тэгээд газар унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны М.**********ын гэрчээр өгсөн: “Бид хоёрыг очих үед тэр гурав машинаа тойрсон байдалтай байсан. Очоод машиныг шавраас гаргаад бид нар хороолол орохоор болсон. Хороололд “Кастел” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Би тамхины өрөө ороод гараад ирэх үед манай хэд гарья гэж хэлсэн. Гарч байх үед **********, ********** нар нь хоорондоо хэрэлдээд байсан. Замын эсрэг талд гараад **********, ********** нар нь хоорондоо барьцалдаж аваад муудалцаад байсан. Бид гурав тухайн үед очиж тэр хоёрыг салгаад **********г нь би дагуулаад тайвшруулах гэж үзэхэд тайвшраагүй буцаад нөгөө хэд дээр очих үед **********, ********** нар нь хоорондоо маргалдаад байсан тул би **********г дагуулаад “GS25” сүлжээ дэлгүүр  дагуулан орсон. Удалгүй араас ********** орж ирээд ********** тэр хоёр дахин маргалдсан. Бид нар бөөндөө “GS25” дэлгүүрээс гараад бид нар таксинд суугаад явцгаасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны Ц.**********ы гэрчээр өгсөн: “Бид хоёрыг очих үед тэр гурав машинаа тойрсон байдалтай байсан. Очоод машиныг шавраас гаргаад бид нар хороолол орохоор болсон. Хороололд “Кастел” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэндээ ууж идэцгээж байсан. Би тамхины өрөө ороод гараад ирэх үед манай хэд гарья гэж хэлсэн. Гарч байх үед **********, ********** нар нь хоорондоо хэрэлдээд байсан. Замын эсрэг талд гараад ********** ********** нар нь хоорондоо барилцаж аваад муудалцаад байсан. Бид гурав тухайн үед очиж тэр хоёрыг салгаад **********г нь ********** дагуулаад тайвшруулах гэж үзэхэд тайвширч яваад хэсэг хугацааны дараа буцаад ирсэн. **********, ********** нар нь хоорондоо маргалдаад байсан тул ********** **********г  дагуулаад “GS25” сүлжээ дэлгүүр дагуулан орсон. Удалгүй араас нь ********** орж ирээд ********** тэр хоёр дахин маргалдсан. Бид нар бөөндөө “GS25”-аас гараад таксинд суугаад явцгаасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12196 дугаартай “**********гийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйх, чих, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийг авсны дараа хөдөлгөөн хийх чадвартай. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

8. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 47, 60-65 дахь тал)  

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.********** яллагдагчаар өгсөн: “Тухайн өглөө найз **********ын хамтаар шинэ машин турших зоригоор Улиастайн гол руу явсан. Тэндээ машинаа шаварт суулгасан. Найз ********** нь **********г дуудсан. ********** ирэх үед бид нар машины ард байсан шилтэй “Жак” гэх нэртэй вискиг хуваан уусан. Бид гурав ууж байх үед ********** нар ирж байсан юмаа хувааж уугаад тэндээсээ баар орохоор болоод гэр гэртээ орж хувцсаа солиод хороололд байрлах “Кастел” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Бид тухайн бааранд **********, **********, ********** гээд тавуулаа орсон. Бид нар ууж байх үед ********** нь дандаа машины түлхүүрээ нэхээд байсан. Би юм сонсогдохгүй байсан тул тамхины өрөө орсон. Ариун цэврийн өрөө орох үед чи миний машины түлхүүрийг өг чи миний машиныг тоно ээд байгаа юм уу гэж хэлсэн. Бид хоёр заамдалцах үед гаднаас ********** орж салгасан. Тухайн тамхины өрөөнөөс гарах үед би **********гийн араас чи яагаад байгаа юм гэж хэлэх үед шууд ирээд над руу дайрсан. Намайг хэд хэдэн удаа цохисон. Тухайн баарнаас гараад замын урд талаас таксинд суух гэж байгаад **********тэй дахин маргалдаж бид хоёр хэн хэнийгээ хэд хэдэн удаа цохисон. ********** салгаад намайг дагуулаад замын хойд талд байрлах “GS25” сүлжээ дэлгүүр орох үед ********** нь араас орж ирээд дахин маргаан болж барьцаж авах үед **********, **********, ********** нар нь салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112 дахь тал)

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал) зэргийг шинжлэн судлав

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ********** нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” нэртэй баарны дотор болон гадна байхдаа “автомашины түлхүүр нэхсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, маргалдах явцдаа  **********г цохиж, зодсоны улмаас биед нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйх, чих, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 69-70 дахь тал), **********гийн хохирогчоор өгсөн: “...********** тамхины өрөөнд намайг нүүр рүү 2, 3 удаа цохисон. Би өөдөөс нь цохих гээд далайтал хүмүүс салгасан. Баарны хамгаалагч нар бид нарыг гаргасан. Баарны гадаа үүдэнд ********** бид хоёр хоорондоо нэлээн маргалдсан. Тэгтэл ********** намайг заавал алж байж санаа амарна намайг тавь гээд орилоод байсан. Замын урд талд гараад ********** хоёулаа зүгээр ярилцъя гэж хэлээд хогийн бункерийн тэнд очсон чинь миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгтэл ********** гүйж ирээд миний хоёр гараас бариад зодооноо боль гээд байсан. Тэгтэл ********** дахиад нүүр рүү цохисон. ********** миний гарыг хориод барьсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), **********гийн хохирогчоор дахин өгсөн: “...********** нь намайг тамхины өрөө рүү дагуулж ороод ********** юу болсон юм гэж асуусан. Би явахгүй бол болохгүй байна гэж хэлэх үед миний шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохиж авах үед баарны хамгаалагч нар ирээд бид нарыг гаргасан. Баарны гадаа гарж ирээд ********** бид хоёр маргалдаж байгаад хоёулхнаа явахаар болоод хогийн бункерийн хажууд очоод шууд ********** нь миний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Б.**********ын гэрчээр өгсөн: “...**********, ********** нар маргалдаад байсан би очиж салгаад Урнааг би бариад зогсож байтал намайг чи барьж зодууллаа би та нарыг ална гээд дайраад байсан. Намайг чи зодууллаа гээд яриад байсан хэлээд байхад ойлгох ухаангүй байсан. Замын хойд GS25-рүү **********, ********** 2 орсон чинь Урнаа гүйж гараад араас яваад орсон ахиад хэрүүл болох нь гээд ортол тэкний урд талд барьцалдаад зогсож байсан тэгээд газар унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал), М.**********ын гэрчээр өгсөн: “...**********, ********** нар нь хоорондоо маргалдаад байсан тул би **********г дагуулаад “GS25” сүлжээ дэлгүүр үү дагуулан орсон. Удалгүй араас ********** орж ирээд ********** тэр хоёр дахин маргалдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), Ц.**********ы гэрчээр өгсөн: “...**********, ********** нар нь хоорондоо хэрэлдээд байсан. Замын эсрэг талд гараад ********** ********** нар нь хоорондоо барилцаж аваад муудалцаад байсан...********** ********** нар нь хоорондоо маргалдаад байсан тул ********** **********г  дагуулаад “GS25” сүлжээ дэлгүүр дагуулан орсон. Удалгүй араас нь ********** орж ирээд ********** тэр хоёр дахин маргалдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12196 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн А.********** яллагдагчаар өгсөн: “...**********тэй дахин маргалдаж бид хоёр хэн хэнийгээ хэд хэдэн удаа цохисон. ********** салгаад намайг дагуулаад замын хойд талд байрлах “GS25” сүлжээ дэлгүүр орох үед ********** нь араас орж ирээд дахин маргаан болж барьцаж авах үед **********, **********, ********** нар нь салгасан...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 110-112 дахь тал) дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч **********гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ********** нь хохирогчийн нүүр, хөл хэсэг рүү цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос **********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч А.**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч **********гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нийт 1.001.910 төгрөгийн баримт авагдсан байх ба баримтуудаас хуулбарлаж давхцуулсан, хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээ бүхий баримтуудыг хасаж тооцон, нотлох баримтын шаардлага хангасан нийт 660.600 төгрөгийн баримтыг энэ гэмт хэргийн улмаас бий болсон эмчилгээ үйлчилгээний зардал гэж үзлээ.

Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зээл төлөлттэй холбоотой дансны хуулга, бариа, сувгийн бумба хийсэн гэх бичиглэл бүхий дээрхи баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул шүүх хэлэлцээгүй орхисон болно. 

Иймд хохирогч нь өөрт учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй  холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Хохирогчийн яаралтай тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 174.682 төгрөгийн зардал гарсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ас 174.682 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч **********ас гаргуулж хохирогч **********д олгохоор шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.**********г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үйлдсэн хэргээ хүлээн гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч А.**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт ирүүлсэн компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсараж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. ********** овогт **********ийн **********г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч А.**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ас хохирогчийн эмчилгээний зардал 660.600 төгрөг, сэтгэцийн хор уршгийн зардалд 3.300.000 төгрөг, нийт 3.960.600 төгрөгийг гаргуулж хохирогч **********д олгосугай.

6. ********** нь өөрт учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй  холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт ********** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ