Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0150/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000228 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт бага эмч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч *** нь 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим *** автомашинаас гээгдэл буюу санамсаргүй олдсон эд зүйлийг хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч ***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3 цаг өнгөрч байхад 380 айлын байрны тэндээс Нэгдсэн эмнэлэг рүү ажилдаа явах гээд цагаан өнгийн таксинд суусан. Нэгдсэн эмнэлгийн таксины буудал дээр очоод мөнгөө өгчихөөд буух гэж байхад миний суусан суудлын шалавчин дээр гар утас байсан. Тухайн үедээ би гар утас оллоо гээд баярлаад аваад буусан.

…Тухайн үед таксины жолооч утсаар яриад байсан бөгөөд тухайн утсыг би таксины жолоочийн утас гэж бодоогүй учир таксинаас буухдаа утас байгааг хараад аваад буучихсан.

…Миний буруу. Гээгдэл эд зүйл олвол Цагдаагийн байгууллагад хүргэж өгөхийг маш сайн ойлгож авлаа.” гэх мэдүүлэг, 

 

-Хохирогч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  “…2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр би дотор таксинд явж байгаад 380-н айлын урдаас нэг залуу аваад тэгээд тэр залууг хаана буусныг сайн санахгүй байна. Тэгээд явж байгаад орой 17 цагийн үед гэнэт гар утсаа санасан чинь машины голын хайрцаган дээр байсан утас алга болсон байсан. Би гар утсаа 2016 оны 11 дүгээр сард Мобикомоос лизингээр 590000 төгрөгөөр авч байсан. Би утсаа авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 5-6/,

 

-Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  “…2017 оны 2 дугаар сарын 12-ны өглөө ажил дээрээ ирээд ажлаа хийгээд үдээс хойш 16 цагт ээлж солилцдог юм. Надаас *** ээлж авдаг тэр өдөр *** ажил дээр орж ирэхдээ “таксинаас ийм утас оллоо” гээд том дэлгэцтэй хар Самсунг маркын андройд утас барьчихсан орж ирсэн.

...тэгтэл өөрөө эзнийг нь олоод өгчихмөөр байна гэж байсан.

…Андройд самсунг маркын шинэвтэр утас байсан. Би самсунг S-5 барьдаг. Тэгэхэд тэрнээс том байсан болохоор би сүүлийн үеийн S-7 байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 7/,

 

-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 590000 төгрөгөөр тогтоосон болно.” гэх 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 9-10/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24/,

 

-Гар утас хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 25/,

 

-Хохирогч ***ын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хэргийн 27/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим *** автомашинаас гээгдэл буюу санамсаргүй олдсон эд зүйлийг хувьдаа ашиглаж, хохирогч ***д 590000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3 цаг өнгөрч байхад 380 айлын тэндээс Нэгдсэн эмнэлэг рүү ажилдаа явах гээд цагаан өнгийн таксинд суусан. Нэгдсэн эмнэлгийн таксины буудал дээр очоод мөнгөө өгчихөөд буух гэж байхад миний суусан суудлын шалавчин дээр гар утас байсан. Тухайн үедээ би гар утас оллоо гээд баярлаад аваад буусан.” гэх мэдүүлэг, гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  “…2017 оны 2 дугаар сарын 12-ны өглөө ажил дээрээ ирээд ажлаа хийгээд үдээс хойш 16 цагт ээлж солилцдог. Надаас *** ээлж авдаг тэр өдөр *** ажил дээр орж ирэхдээ “таксинаас ийм утас оллоо” гээд том дэлгэцтэй хар Самсунг маркын андройд утас барьчихсан орж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 7/, “…үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 590000 төгрөгөөр тогтоосон болно.” гэх 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 9-10/, гар утас хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 25/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч ***г гээгдэл буюу санамсаргүй олдсон эд зүйл завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч *** нь “…би гар утсаа 2016 оны 11 дүгээр сард мобикомоос лизингээр 590000 төгрөгөөр авч байсан. Би утсаа авсан нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 5-6/ хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж хариу өгсөн /хэргийн 42/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч ***н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 24/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

 Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “утсаа буцааж авсан. Одоо надад гомдол санал байхгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргаж байсан /хэргийн 27/ байх тул  шүүгдэгч, хохирогч нар сайн дураар эвлэрлсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000228 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***г гээгдэл буюу санамсаргүй олдсон эд зүйл завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000228 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ