Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 0084

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Э.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

Хохирогч                                                       Ч.Б

Иргэний нэхэмжлэгч                                  Б.Э

Нарийн бичгийн дарга                             Д.Ундрах нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Ад холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Ч.Б, иргэний нэхэмжлэгч Б.Э нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Э-н А.

 

   Э.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байх 4 замын уулзвар дээр 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд согтуугаар 60-45 ОРО улсын дугаартай “Тоёото Альпард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 15.9-д заасан “... гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ...” гэх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Ч.Б-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овгийн Э-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5,6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А нь тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Агийн 941700 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ШШГГ-т шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжилсэн 16.000.000 төгрөг, хохирогч Ч.Б-ны нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг дурдаж,

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.Б давж заалдах гомдолдоо:

“ ... Анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж дүгнэлт хийсэнд гайхаж байна. Би шүүх хуралдаан дээр хүртэл хохирол барагдаагүй талаар хэлсэн. Машины эвдрэлийн үнэлгээний 2.985.000 төгрөгийг л төлсөн. Өөр юу ч өгөөгүй. Надаас гадна олон хүн хохирсон.

Миний машиныг журмын хашаанаас ч гаргаж өгөөгүй. Одоо төлбөр нь улам нэмэгдэж төлж барагдахааргүй болсон. Би осол болсноос хойш одоог хүртэл 3 сар явган явж байна. Согтуу жолоочоос болж ингэж явах гэж дээ. Хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Зөвхөн үнэлгээний мөнгө төллөө гээд анхан шатны шүүх хохирол бүрэн барагдсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Эвдэрсэн сэлбэгийн л мөнгө шүү дээ. Засварын хөлснөөс авахуулаад өшөө их зардал гарна. Сэлбэгийг авлаа гэхэд хаанаас, яаж, ямар унаа зардлаар авах, хэн угсрах юм. Хохирсон дээрээ хохирч байна.

Миний машин журмын хашаанд байсаар байх юм уу. Эрүүгийн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн хариуцлага хүлээх ёстой. Тэнсэх бол хариуцлага биш, гадуур зүгээр л явж байгаа. Хохирол төлбөр барагдаагүй байхад барагдсан гэж дүгнэлт хийж, биднийг хохирлоо бүрэн барагдуулах боломж олгоогүй, нэхэмжлэх эрхгүйгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Согтуу жолоочоос болж хэтэрхий хохирч байна. Согтуу жолооч ирж мөргөөгүй бол би эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирохгүй байсан. Олон хүн хохироочихоод гэмшдэггүй, зугтаад алга болчихдог хүнд ял завшуулж байгааг зөвшөөрөхгүй. Хуулийг хүний эрхийг хамгаалахын тулд гаргадаг. Миний эрх зөрчигдчихөөд байна, бид хохирчихоод байна. Хуулийн нэг заалт үндэслээд тэнсэж байгааг ойлгохгүй байна. Тэнсэж болно л гэж заасан болохоос заавал тэнсэх ёстой гэсэн юм байхгүй байна. Бодит байдалд дүгнэлт хийж хуулийг хэрэглэх хэрэгтэй.

Намайг 12.000.000 төгрөг нэхэхэд 5.000.000 төгрөгийг өгье гэсэн. Надад баараггүй өгчихнө гэж хэлж байсан. Би хурал дээр ч ярьсан яриа байгаа талаар хэлсэн. Худлаа хэлээд алга болчихсон. Худал хуурмаг ялах ёсгүй. Үнэн мөн ялж, үйлдсэн хэрэгтээ хариуцлагаа хүлээх ёстой, хохирлоо барагдуулах ёстой. Үлдсэн мөнгийг нь өгчихвөл гомдолгүй гэж би хэлсэн. Миний хохирол барагдсан гэж би хэлээгүй, хохирол барагдаагүй гэдгээ илэрхийлсэн. Тийм байхад буруу дүгнэлт хийсэн.

Мөн шийтгэх тогтоолд “эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэх бөгөөд хохирогч энэ талаар маргахгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Э-д 3.050.000 төгрөг, Ч.Б-д 2.985.000 төгрөг, Б.Б-д 5.835.000 төгрөгийг тус тус төлсөн тул бусдад төлөх төлбөргүй” гэсэн байна. Бусдад төлөх төлбөргүй гэж бодит байдалд нийцээгүй, дутуу дүгнэчихээд дахиад нэхэмжлэх эрхгүй, боломжгүйгээр тогтоол гаргасан байна.

Миний бие бүрэн эдгэрээгүй, одоо ч ослын хор уршиг арилаагүй, эмчилгээтэй холбоотой зардлууд гарсаар байна. Машин маань журмын хашаанаасаа ч гараагүй, үнэлгээний 2.985.000 төгрөг битгий хэл, тэр чигтээ зэвэрч үлдэх гэж байна. Миний эрх зөрчигдсөнийг бодож үзнэ үү. Хохирлоо барагдуулмаар байна, барагдуулаагүй бол хүлээх хариуцлагыг нь хүлээлгэх л ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж заажээ. Монгол Улсын иргэн би ядаж үндсэн хуульд заасан эрхээ эдэлмээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 -д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэжээ.

Хохирогч миний хохирлыг барагдуулахтай холбоотой ямар ч ажиллагаа мөрдөгч, прокурор, шүүхээс хийгээгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийг хөнгөрүүлж байгаа бол хохирогчийг ч бас бодож үзэх хэрэгтэй. Иймд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн эрхийг зөрчсөн байх тул 287 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл хохирлоо барагдуулаагүй шүүгдэгчид хариуцлагыг нь хүлээлгэж хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Ц.Л эсэргүүцэлдээ:

“ ... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...иргэний нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжилсэн 16.000.000 төгрөг, хохирогч Ч.Б-ы нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай...” гэж шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтандаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг журамлан “...гэмт хэргийн хор уршгийг арилгуулах арга хэмжээ авах....” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Аг бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан атлаа хэдэн төгрөгийн ямар хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хэнд нь ямар хугацааны дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд энэхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байна...” гэж заасныг зөрчсөн байна. Иймд ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Э давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж дүгнэлт хийсэнд гайхаж байна. Би шүүх хуралдаан дээр хүртэл хохирол барагдаагүй талаар хэлсэн. Машины үнэлгээний 3.050.000 төгрөгийг төлсөн. Өөр юу ч өгөөгүй. Надаас гадна олон хүн хохирсон.

 

Миний машиныг журмын хашаанаас ч гаргаж өгөөгүй. Одоо төлбөр нь өдөр хоногоор нэмэгдэж төлж барагдахааргүй болсон. Би осол болсноос хойш одоог хүртэл 3 сар явган явж байна. Согтуу жолоочийн хариуцлагагүй байдлаас болж өөрийн эд хөрөнгө болон сэтгэл зүйгээр хохирч байна. Хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Зөвхөн үнэлгээний мөнгө төллөө гээд анхан шатны шүүх хохирол бүрэн барагдсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Үнэлгээний мөнгө нь машинаа бүрэн бүтэн болгоход хүрэхгүй төдийгүй зөвхөн сэлбэгийн мөнгө. Сэлбэгийг авлаа гэхэд хаанаас, яаж, ямар унаа зардлаар явах билээ, хэн угсрах, машинаа зөөж зөөвөрлөх үнэ хөлс гээд асуудал ихтэй байна. Хохирсон дээрээ хохирч байна. Эрүүгийн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн хариуцлага хүлээх ёстой. Тэнсэх бол хариуцлага биш, гадуур зүгээр явж байгаагаас гадна холбоо барихгүй, санаа зовохгүй, утсаа авахгүй байгаа. Хохирол төлбөр барагдуулаагүй байхад барагдсан гэж дүгнэлт хийж, биднийг хохирлоо бүрэн барагдуулах боломж олгоогүй, нэхэмжлэх эрхгүйгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хүсэлтэй байна.

Согтуу жолоочоос болж хэтэрхий хохирч байна. Согтуу жолооч ирж мөргөөгүй байсан бол би эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирохгүй байсан. Олон хүн хохироочихоод гэмшдэггүй, зугтаад алга болчихдог хүнд ял завшуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийг хүний эрхийг хамгаалахын тулд гаргадаг. Миний эрх зөрчигдөж байна, бид хохирчихоод байна. Хуулийн нэг заалт үндэслээд тэнсэж байгааг ойлгохгүй байна. Тэнсэж болно гэсэн болохоос заавал тэнсэх ёстой гэсэн юм байхгүй байна. Бодит байдалд дүгнэлт хийж хуулийг хэрэглэх хэрэгтэй.

Намайг 16.000.000 сая төгрөг нэхэмжлээд зөрүүд нь машинаа өгье гэхэд тэгж болно гэж байгаад боломжгүй байна 6.000.000 төгрөг өгье гэж хэлээд алга болсон. Үнэн мөн ялж, үйлдсэн хэрэгтээ хариуцлагаа хүлээх ёстой, хохирлоо барагдуулах ёстой. Мөн шийтгэх тогтоолд “эмчилгээний зардлыг  бүрэн төлсөн гэх бөгөөд хохирогч энэ талаар маргахгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Э-д 3.050.000 төгрөг, Ч.Б-д 2.985.000 төгрөг, Б.Б-д 5.835.000 төгрөгийг тус тус төлсөн тул бусдад төлөх төлбөргүй” гэсэн байна. Бусдад төлөх төлбөргүй гэж бодит байдалд нийцээгүй, дутуу дүгнэчихээд дахиад нэхэмжлэх эрхгүй, боломжгүйгээр тогтоол гарсан байна.

Машин маань журмын хашаанаасаа ч гараагүй, үнэлгээний 3.050.000 төгрөг битгий хэл, тэр чигтээ зэвэрч үлдэж байна. Миний эрх зөрчигдсөнийг бодож үзнэ үү. Хохирлоо барагдуулмаар байна, барагдуулаагүй бол хүлээх хариуцлагыг нь хүлээлгэх л ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гар бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж заажээ. Монгол Улсын иргэн би ядаж үндсэн хуульд заасан эрхээ эдэлмээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийн шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэжээ. Хохирогч миний хохирлыг барагдуулахтай холбоотой ямар ч ажиллагаа мөрдөгч, прокурор, шүүхээс хийгээгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийг хөнгөрүүлж байгаа бол хохирогчийг ч бас бодож үзэх хэрэгтэй.

Иймээс шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн эрхийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл хохирлоо барагдуулаагүй шүүгдэгчид хариуцлагыг нь хүлээлгэж хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа:

“... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны болоод үндэслэл бүхий гарсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Шүүгдэгч А нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ухамсарлан ойлгосон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирол барагдаагүй тул хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа хэдий ч хэдэн төгрөгийн хохирол барагдаагүй байгаа талаар тодорхой баримт байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд энэ үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар танилцсан байдаг бөгөөд үнэлгээг зөвшөөрөхгүй хэмээн санал гомдол буюу дахин дүгнэлт гаргуулах талаар хүсэлт өгч байгаагүй байна.

Хохирогч нь биеийн байдал сайн, ажилдаа орсон, ажлаа хэвийн хийж байгаа, бүрэн эдгэрсэн хэмээн шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан, гэтэл давж заалдсан гомдолдоо бие өвдөж байгаа гэсэн нь шүүх хуралдаанд эдгэрсэн гэж өгч байсан мэдүүлгээсээ зөрүүтэй байна. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан гэдгийг хохирогч нь батлан хэлдэг. Үнэхээр хохиролд авсан мөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой атал заавал шүүгдэгчид хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх хүсэлтэй байгаа нь хохирол төлүүлэх гэсэн хүсэлттэйгээ зөрчилдөж байна гэж үзэхээр байна.

Иймд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “... эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Аг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, ... иргэний нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжилсэн 16.000.000 төгрөг, хохирогч Ч.Б-ны нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

 

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой тусгавал зохих зүйлийн талаар дээрх хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тусгана” гэж тодорхойлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...хохирогч Ч.Б-д эмчилгээний зардлыг бүрэн төлсөн ... хохирогч энэ талаар маргахгүй, нэхэмжлэх зүйлгүй ... иргэний нэхэмжлэгч Б.Э-д 3.050.000 төгрөг, Ч.Б-д 2.985.000 төгрөг, Б.Б-д 5.835.000 төгрөгийг тус тус төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна ... ” гэж дүгнэсэн атлаа “ ...иргэний нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжилсэн 16.000.000 төгрөг, хохирогч болон иргэний нэхэмжлэгч Ч.Б нарын нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон болно...” гэж /хх-237/ өмнөх дүгнэлтээсээ хэт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

 

Мөн “Шүүгдэгч Э.Аг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэлээ” гэж дүгнэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхдээ энэ хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх Э.А нь бусдад төлөх төлбөргүй гэсэн атлаа тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Түүнчлэн хохирогч Ч.Б, иргэний нэхэмжлэгч Б.Э нар нь давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... машиныг одоо болтол журмын хашаанаас гаргаж өгөөгүй, бид гомдолтой байна ... ” гэсэн тайлбар гаргасан бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мөн мэдүүлж байсан /хх 229/ байна.

 

Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбаруудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Аг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад учруулсан хор уршгийг бүрэн арилгасан, бүрэн арилгахаа илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнээс гадна шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Б.Э, Ч.Б нарын тээврийн хэрэгслийг авто тээврийн хэрэгсэл түр саатуулах газраас гаргаж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас иргэний нэхэмжлэгч нар нь 4 сарын хугацаанд өөрсдийн тээврийн хэрэгслийг эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй, уг тээврийн хэрэгслүүдийг журмын хашаанд хадгалсан төлбөрийг хэн хариуцах, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг мөн эсэх талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймд энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан “...хохирол төлөгдөөгүй байхад шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын бусад хэсэг буюу “...хохирлоо барагдуулаагүй шүүгдэгчид хариуцлагыг нь хүлээлгэж хорих ял оногдуулж өгнө үү....” гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь ... шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан “...хохирол төлөгдөөгүй байхад шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн...” гэсэн хэсэг болон прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авч, давж заалдах гомдлын бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ