Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч:  Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Н-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Н.Ш бид хоёр 2012 онд гэр бүл болсон. 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүү Д, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Ш.Э нар төрсөн. Бидний амьдрал ахуй боломжийн байсан боловч 2016 оноос хойш намайг зоддог болсон ба 2017 онд намайг буудаж ална гэж айлгаж дарамталдаг байсан боловч би тэвчсээр байсан. Тэгээд би аргаа бараад сүүлд зодуулахдаа 2019 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад хандаж шүүхээс түүнд уг үйлдэлд нь 10 хоног баривчлах шийтгэл ногдуулсан. Энэ хүний ааш авир нь хэтэрч надтай хүнлэг бус харьцаж эхэлсэн. Хишигбаяр гэдэг эмэгтэйтэй хувийн харилцаа үүсгэсэн юм билээ. Одоо тухайн эмэгтэйтэйгээ хамтран амьдарч байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүгээ өөрийн асрамждаа үлдээж, эцэг Шинэтуягаас нь тэтгэлэг гаргуулах. Эд хөрөнгийн тухайд бидний эзэмшилд байсан 5 ханатай гэрийг авч хүүхдүүдтэйгээ хамт амьдарна. Үнэ:1.500.000 төгрөг, мөн дундын өмч болох 2019 оны жилийн эцсийн малын А дансанд бичигдсэн малаас би болон 2 хүүд оногдох хувь болох адуу 34 /дунджаар/ толгой, 1 адууг 400,000 төгрөгөөр үнэлж нийт 13.600.000 төгрөг, үхэр 18 толгой, 1 үхрийг 500.000 төгрөгөөр үнэлж нийт 9.000.000 төгрөг, хонь 225 толгой, 1 хонийг дунджаар 80.000 төгрөгөөр үнэлж, нийт 18.000.000 төгрөг, ямаа 300 толгой, 1 ямааг дунджаар 60.000 төгрөгөөр үнэлж 18.000.000 төгрөг нийт 60.100.000 төгрөгийн мал бүхий эд хөрөнгийг нэхэмжилж байна.

...Миний бие Н.Д нь тус шүүхэд хариуцагч Н.Шд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн амрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр гаргасан. Миний хувьд анх нэхэмжлэл гаргахдаа өөрийн малын үнэ өртгийг буруу тооцоолу бичсэнээс шалтгаалж, өөрт хохиролтой байдлаар буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 60.100.000 төгрөг гэж бага үнээр бичсэн байсан.Иймд дахин өөрийн эд хөрөнгийн үнэлгээг тооцож, тодруулбал мал тус бүрийг нас, хүйсээр нь зааглан нарийвчлал бүхий байдлаар бодож үзэхэд манай гэр бүлийн нийт хөрөнгө 87.050.000 төгрөг болж байх бөгөөд үүнээс надад болон миний хоёр хүүд ногдох хэсэг болох 65.287.500 төгрөг нэхэмжилж байгаа болно.Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Н.Ш бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмлчөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 65.287.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.

Хариуцагч Н.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Миний бие Бааран овогт Нямдоржийн Н.Ш нь тус шүүхэд Нарангэрэл овогтой Н.Даас гаргасан гэрлэлт цуцлуулах, хүү Д, Эрхэмбаяр нарыг өөрийн асрамжид авах, хоёр хүүхдийн эцэг Н.Шгаас тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт болон хоёр хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Би Н.Дыг байнга зодож дарамталж айлгаж сүрдүүлдэггүй мөн түүний ална гэж айлгаагүй.2017 оны хавар хоорондоо маргаснаас болж би уурандаа өөрийгөө буудна гэж буугаа авахдаа буу алдаж буудалт явагдсныг Н.Д нь өөрийг нь алга гэж айлган сүрдүүлж буудсан гэж бичсэн, мөн 2019 оны 12 дугаар сард Н.Д нь том хүү Дыг миний ээжийнд очно гэхээр маш их зэрлэг балмадаар зодохоор нь хүүгээ зодуулахгүй гэж хориглосон боловч үгэнд орохгүй хэрүүл маргаан хийгээд намайг доромжлоод байхаар нь ганцхан удаа алгадсанаас болж цагдаа дуудаж баривчлуулсан.Миний хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна.Харин хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжинд өгөхгүй, өөрөө асрамжиндаа авч үлдэж, өсгөж хүмүүжүүлнэ.Учир нь Н.Д нь эрүүл мэндийн хувьд үе үе таталт өгдөг, эмнэлгийн хяналтанд группид байдаг, халамжийн тэтгэвэр болох 200.000 төгрөгнөөс өөр орлогогүй, хүүхдүүддээ маш ширүүн, хэрцгий ханддаг, айлгах, сүрдүүлэх, хүч хэрэглэх аргаар харьцдаг учир хүүхдүүд маань ээжтэйгээ хамт байх дургүй байдаг.Том хүү Д 1.8 настайгаасаа эхлээд эмээ дээрээ буюу миний ээж Алтанцэцэг дээр өссөн.

...Н.Д нь анх 2012 онд надтай гэрлэхдээ нэг тугалтай үнээ, хонь, ямаа нийлсэн 40-өөд бог малтай, хоёр авдар, нэг ор, нэг телевиз, нарны толь, станцтай, нэг хувцасны шкабтай нийлсэн ба эдгээр эд хогшлоо аваад явсан.Миний хувьд Н.Дтай гэрлэхдээ 100 гаруй малтай байсан. Үүнд адуу 10 гаруй, 5 үхэр, 100 гаруй бог малтай байсан. Харин УБ хотод амьдардаг миний төрсөн дүү Н.Чинзориг байр худалдаж авах шаардлагатай болсон тул түүнд туслах зорилгоор зээл авахын тулд өнгөрсөн онд буюу 2019 оны жилийн эцсийн тооллогоор малаа өсгөж, амаар тоолуулсан тул мал тооллогын А дансанд тусгасан малын тоо бол бодит дүн биш юм. Н.Д ч үүнийг мэдэж байга одоо хотондоо байгаа малынхаа тоог ч мэдэж байгаа тул дундын хөрөнгийг түүний нэхэмжилснээр хуваах ямар ч боломжгүй, түүний нэхэмжлэлдээ дурдсан тооны мал манай хотонд байхгүй.Н.Д бид хоёр 2019 оны хавар 5 сард ХААН бакнаас 9.5 сая төгрөгийн зээл хамтран авсан, хувь хүнд 5 сая төгрөгний өртэй.Эдгээр зээлээр авсан Бонго-пронтер загварын 89-96 ХӨВ улсын дугаартай авто машиныг Н.Д аваад явчихсан.Банкны зээлийн үлдэгдэл 6 сая төгрөг ба 2020.05.23-нд төлөх хугацаа дуусна.Энэ зээлүүдийг авахдаа малаа барьцаалж авсан, одоо зээл төлөх бэлэн мөнгөгүй тул малаа борлуулж төлөхөөс өөр боломжгүй юм.Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, Н.Даас тэтгэлэг нэхэмжлэхгүйг харгалзан хүү Д, Эрхэмбаяр нарыг миний асрамжид үлдээж, хуваагдан оногдох эд хөрөнгийн хувьд одоо бодитойгоор байгаа хөрөнгө болох их таван ханатай, шалгүй монгол гэр 1, адуу 20, үхэр 13, хонь 180, ямаа 200, нийт 413 толгой малыг хуульд нийцүүлэн хуваан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Н.Штай 8 жил хамт амьдарсан.Гэрлэлтээ цуцлуулах болсон гол шалтгаан бол Н.Ш гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн.Одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч, хүүхэдтэй болсон байгаа явдал юм. Өмнө надтай амьдарч байхдаа миний биед хүрч, зоддог байсан. Би амьдарлаа авч үлдэх гэж нуудаг байсан. Тэгээд 2019 онд аргагүй эрхэнд цагдаад хандсан. Миний нүүр биед хөхрөлт үүсгэж, хийсвэрээр төрсөн газар луу цохиж наалданги үүсгэсэн. Энэ бүхнийг нь би уучилж явсаар өдийг хүрсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамждаа авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Яагаад хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэж байгаа вэ гэхээр хадам ээж маань хүүхдүүдэд гар хүрдэг гэсэн. Хүүхдүүд маань өөрсдөө эмээ толгой руу цохидог гэж хэлж байсан.Тэгээд ч энэ хүн одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул хүүхдүүдээ өгөх боломжгүй юм, эвлэрэх бол бүр ч боломжгүй. Хамтран өмчлөх дундын хөрөнгө дээрээ бид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан.Иймд эвлэрэлийг батлаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Н.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид хамтран өмчлөх дундын хөрөнгө дээрээ тохиролцоонд хүрч эвлэрэлийн гэрээ байгуулсан. Үүнд: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт эд хөрөнгөөс 27.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий 37 толгой адууг би өөртэй авч, үлдэх 59.150.000 төгрөгт дүйцэх мал буюу эд хөрөнгийг нэхэмжлэгч талд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн болно, эвлэрэлийг батлаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Бусад шаардлагын тухайд зөвшөөрч байна.Миний хувьд одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул эвлэрэх боломжгүй, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Н.Шд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчид нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээс үзвэл гэрлэгчид 2019 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, мөн бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Н.Ш нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Тэдний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүү Ш.Д, 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүү Ш.Э нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0000850305/10 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 115/003346, Бүртгэлийн 6743000070 дугаартай хүүхдийн төрсний лавлагаа зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэж заасан байх ба нэхэмжлэгч Н.Д нь хүү Ш.Д, Ш.Э нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Ш зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул хүү Ш.Д, Ш.Э нарыг эх Н.Дын асрамжид үлдээж, эцэг Н.Шинэтуягаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хүү Ш.Д, Ш.Э нарыг эх Н.Дын асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Н.Ш, эх Н.Д нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Хамтран өмчлөх дундын 87.050.000 төгрөгний эд хөрөнгөнөөс өөрт болон 2 хүүхэддээ 65.287.500 төгрөгний ногдох хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 5 ханатай гэр 1.500.000 төгрөг, адуу 34 толгой, нийт 13.600.000 төгрөг, үхэр 18 толгой, нийт 9.000.000 төгрөг, хонь 225 толгой, нийт 18.000.000 төгрөг, ямаа 300 толгой, нийт 18.000.000 төгрөг, бүгд 60.100.000 төгрөгний мал бүхий эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 87.050.000 төгрөгний хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 65.287.500 төгрөгний эд хөрөнгийг өөрт болон 2 хүүхэддээ гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээрээ эвлэрч байгаа тухай тайлбарыг гаргасан ба шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Н.Дын нэхэмжлэлтэй Н.Шд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч хариуцагч талууд харилцан тохиролцож дараах гэрээг байгуулав.

Үүнд: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар дараах нөхцлөөр эвлэрсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт эд хөрөнгөөс 27.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий 37 толгой адууг хариуцагч талд үлдээж 59.150.000 төгрөгт дүйцэх мал буюу эд хөрөнгийг нэхэмжлэгч талд үлдээх саналыг тавьсан. Хариуцагч нь 59.150.000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх эвлэрлийн гэрээний хавсралтад заасан тоо хэмжээний эд хөрөнг болон малыг нэхэмжлэгчид өгөх болно гэсэн нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

Талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг бичгээр шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр эвлэрсэн тухай тайлбарыг гаргасан бөгөөд зохигчийн дээрх эвлэрэл нь хууль зөрчөөгүй байх тул эвлэрэлийг батлаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 631.028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Ш.Д, 2014 оны 10 дугаар сарын 2-нйи өдөр төрсөн хүү Ш.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Ш төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Ш.Д, Г. нарт сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход тус бүр 1.236.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 492.400 төгрөг, нийт 631.028 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Д,  Н.Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Ш.Д, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Ш.Э нарыг төрсөн эх Н.Дын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Ш.Д, 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төрсөн хүү Ш.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Шинэбаяраас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Шинэбаярт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Д нарт даалгасугай.

5. Нэхэмжлэгч Н.Дын өмчлөлд 59.150.000 төгрөгний үнэ бүхий мал, 5 ханатай гэрийг үлдээж, хариуцагч Н.Шт 27.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий 37 толгой адууг өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлөх 70.200 , хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 68.428, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргахад төлсөн 492.400 төгрөг, нийт 631.028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэштийн хураамжид нийт 631.028 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ