Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 145

 

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0153/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох 201709000215 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. *** 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

2. *** 1995 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч *** нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 12 дугаар сарын 16-наас 2016 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 57 дугаар байрны гадна зогсоол байрлуулсан байсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс ком шалавч, 90 ампертэй акуммлятор, машины хөгжим, дотор толийг хулгайлж, нийт 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 16-17-ны шөнө би *** руу утсаар ярьсан. Удалгүй *** манайд машинтайгаа ирсэн. *** бид хоёр дотор таксинд явж байгаад би ***ид “миний машинд аккумулятор, шалавч байхгүй болохоор өвөл машин маань асахгүй юм” гэж хэлсэн. Тэгээд *** бид хоёр Хээтэй хорооллын 5/7 дугаар байрны гадна зогсож байгаад архи хувааж уусан. Тэгсэн *** Хээтэй хорооллын 5/7 дугаар байрны гадна зогсож байсан машиныг өөрийнхөө машины түлхүүрээр онгойлгоод би наана нь хүн хараад зогсож байсан. Тэгсэн *** тэр машинаас аккумулятор, шалавч, хөгжим, толь зэргийг хулгайлж аваад намайг *** гэрт хүргэж өгөөд *** гэр рүүгээ харьсан.

...Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр орноо ганцаараа авч явдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрийн шилжих шөнө *** ах намайг утсаар дуудсан. Би *** ахыг гэрт нь очиж авсан. Тэгээд *** ах бид хоёр Шинэ дархан орсон. *** ах надад тухайн үед “миний машинд аккумулятор, шалавч байхгүй болохоор өвөл машин маань асахгүй юм” гэж хэлсэн. Тэгээд *** ах бид хоёр Хээтэй хорооллын 17 дугаар байрны гадна ирж зогссон. Би Хээтэй хорооллын 17 дугаар байрны гадна зогсож байсан машиныг өөрийнхөө машины түлхүүрээр онгойлгож, машин дотроос аккумулятор, шалавч, толь, хөгжим зэргийг авсан. *** ах аккумулятор, шалавч хоёрыг аваад би өөрөө хөгжим, толь хоёрыг авч, тэндээс хөдлөөд *** ахыг би гэрт нь хүргэж өгөөд би шууд гэртээ харьсан.

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял оноож өгнө үү. ” гэх мэдүүлэг,

 

-Автомашинд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-6/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 7/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 9/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-12, 21-25/,

-Хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 14-15, 27-28/,

 

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг Дархан сум 10-р баг хээтэй хороолол 57 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талын автомашины зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө буюу 17-ны өглөө 09 цагийн орчим машинаа авах гэхэд миний машины хаалга онгорхой машин дотор байсан. Шалавч, хөгжим, толь, аккумулятор зэрэг эд зүйлийг хулгай аваад явсан байсан.

...би өөрийн эд зүйлийг бүрэн хүлээж авсан. Надад хохирлын тал дээр гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 35/,

 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай аав Галпүрэв нь *** улсын дугаартай саарал өнгийн сонота-5 маркийн автомашин эзэмшдэг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө гэрээс гараад явсан. Миний аав удалгүй буцаад миний машины аккумулятор, шалавч, толь, хөгжим зэргийг хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 36/,

 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын дундуур хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Тэр өглөө ажил дээрээ ирээд удаагүй байхад өглөө 10 цагийн орчим манай байрны 10 давхарт амьдардаг гээд 40 гаруй насны ах орж ирээд танай банкны урд зогсоол дээр автомашин байрлуулж тавьсан юм. Харин өглөө босоод ирэхэд эд зүйлийг нь буюу хөгжим, шалавч зэргийг авсан байна гэж хэлж байсан. Тэгээд надаас “танай тооцооны төвийн гадна хяналтын байдаг уу?, мөн хамгаалагч хонодог юм уу?” гэж асууж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37/,

-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хэргийн 43-44/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76, 103/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Шүүгдэгч *** нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 дугаар сарын 16-наас 2016 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 57 дугаар байрны гадна зогсоол байрлуулсан байсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс ком шалавч, 90 ампертэй аккумулятор, машины хөгжим, дотор толийг хулгайлж, нийт 320.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, автомашинд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-6/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 9/, хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 14-15, 27-28/, хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш өглөө буюу 17-ны өглөө 09 цагийн орчим машинаа авах гэхэд миний машины хаалга онгорхой машин дотор байсан шалавч, хөгжим, толь, аккумулятор зэрэг эд зүйлийг хулгай аваад явсан байсан. ...би өөрийн эд зүйлийг бүрэн хүлээж авсан. Надад хохирлын тал дээр гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 35/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө гэрээс гараад явсан. Миний аав удалгүй буцаад миний машины аккумулятор, шалавч, толь, хөгжим зэргийг хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 36/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын дундуур хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Тэр өглөө ажил дээрээ ирээд удаагүй байхад өглөө 10 цагийн орчим манай байрны 10 давхарт амьдардаг гээд 40 гаруй насны ах орж ирээд танай банкны урд зогсоол дээр автомашин байрлуулж тавьсан юм. Харин өглөө босоод ирэхэд эд зүйлийг нь буюу хөгжим, шалавч зэргийг авсан байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37/, хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хэргийн 43-44/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 12 дугаар сарын 16-наас 2016 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 57 дугаар байрны гадна зогсоол байрлуулсан байсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс ком шалавч, 90 ампертэй акуммлятор, машины хөгжим, дотор толийг хулгайлж, нийт 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *** нарын урьд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 76, 103/  байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд: “...би өөрийн эд зүйлийг бүрэн хүлээж авсан. Надад хохирлын тал дээр гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 35/ өгсөн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн хариу өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг  буцааж эзэнд нь өгсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч ***ын өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай 1200000 төгрөгийн үнэлгээ бүхий аксент маркийн автомашиныг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** нарыг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын эд хөрөнгө хулгайлж, 320000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий аксент маркийн автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч ***ын өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** нарт мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ