Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00132

 

А.Нйн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02494 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Нйн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК, “О” ХХК нарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлсийг шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл тооцож 12 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ОХХК-ийн хүний нөөцийн гэрээт компани болох С ХХК-аар дамжуулж 2016.07.25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан О ХХК-ийн бизнес сервис хэлтэст байнгын ажлын орон тоон дээр орчуулагчийн ажилд орсон. Дундаж цалин 2 700 000 төгрөг. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлгүй сайн ажиллаж байсан. Гэтэл 2018.06.15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон тухай мэдэгдлийг ажлын и-мэйлээр С ХХК-аас хүлээж авсан. Уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид ажиллах хүсэлтэй, мөн хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон талаар тайлбар хүссэн албан бичгийг 2018.06.22-ны өдөр “С” ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэтэл захирлын 2018.07.18-ны өдрийн №Б/120 дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд О ХХК-ийн бизнес сервис хэлтсийн орчуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл тооцож хариуцагч нараас 12 500 000 төгрөгийг гаргаж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр дээр бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н нь 2016.07.25-ны өдөр О ХХК-ийн Өмнөговь дахь уурхайн талбайд ажиллах орчуулагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр С ХХК-д ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг байгуулахын өмнө ажил горилогчтой тохиролцоо гэх хэлцлийг байгуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаар тохиролцсон. Уг тохиролцоогоор хөдөлмөрийн гэрээг 2016.07.26-ны өдрөөс 2017.07.13-ны өдрийг хүртэл  1 жилийн хугацаатайгаар сунгасан. 2018.06.15-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй болохыг ажилтанд мэдэгдсэн.Улмаар 2018.07.18-ны өдөр гүйцэтгэх захирлын тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бодит шалтгаан нөхцөл нь түүний аж ахуйн үйл ажиллагааны онцлогтой холбоотой юм. “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний арын хуудсанд компанийн үйл ажиллагааны чиглэлээр дотоодод хөдөлмөр зуучлах эрхлэх үйл ажиллагаа бүртгэгдсэн байдаг. Гэрээт компанийн захиалгагүйгээр ажилтныг ажилд авч байнгын ажил үүргээр хангах боломжгүй учир гэрээт компаниудад ажиллах ажилтнуудтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах шаардлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж тус тус заажээ. Ажилтныг хугацаагүйгээр ажиллуулах ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй. Гэрээг сунгах нь дан ганц ажилтны хүсэл зоригоор шийдвэрлэгдэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: С ХХК болон иргэн А.Н нарын хооронд 2016.07.25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, С ХХК-ийн 2016.06.05-ны мэдэгдэх хуудас, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2018.07.18-ны өдрийн Б/120 дугаартай А.Нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, НДД №А0398319 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, даатгуулагчийн ажил, ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл гэх хэсэгт хийгдсэн С ХХК-д орчуулагч гэсэн тэмдэглэл бүхий баримт материалаар  С ХХК болон иргэн А.Н нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн.Иймд А.Нйн нэхэмжлэлийн О ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан А.Нг СХХК-д орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч СХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 10 971 645 төгрөгийг гаргуулж А.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, О ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Нйн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг СХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч СХХК-аас 190 496 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэх заалтыг зөрчсөн буюу хуульд заасан нөхцөлийг, дордуулж гэрээ байгуулсан гэх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн уг заалтыг хэрэглээгүй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 -д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал, тайлбараа гаргасаар байтал шүүх энэ талаар дүгнээгүй.  Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг хуулиар зөвшөөрсөн ба ингэхдээ талууд харилцан тохиролцсон байх нөхцлийг тодорхойлсон ч тухайн шалтгаан үндэслэлээ заавал гэрээндээ тусгасан байх шаардлагыг хуульд заагаагүй, Анхан шатны шүүх гэрээний хугацааг сунгасан баримтыг үндэслэн зохигчдыг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тухайлан тохиролцсон гэж үзэхгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг шүүх нотлох баримтаар зохих ёсоор үнэлээгүй. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь эх гэрээнийхээ нэгэн адил хүчин чадалтай эх гэрээний хэсэг байхад "гэрээний хугацааг сунгасан баримт" гэж томъёолсон. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.

 

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч “С” ХХК, “О” ХХК нарт холбогдуулан О ХХК-ийн бизнес сервис, хэлтсийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож хариуцагч нараас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх-ийн 1-2, 59-60, 171 /

 

Нэхэмжлэгч нь “О” ХХК-д бизнес, сервис хэлтсийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсан байхад анхан шатны шүүх “С” ХХК-д ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн шаардсанаас өөр зүйлийг буюу нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцээгүй. Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэх болон тогтоох хэсэгт хариуцагч “С” ХХК-ний нэрийг “С” ХХК” гэж буруу бичсэн нь хэдий техникийн шинжтэй алдаа боловч тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож хариуцагч нараас гаргуулахаар ирээдүйд чиглэсэн, хэдий хугацаа хүртэл, хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхой бус, тооцололгүй шаардлага нэмэгдүүлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүйгээс хэрэгт эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ. Тухайлбал нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардахдаа“С” ХХК-д нэг ч хоног ажиллаагүй, уг компаниар дамжуулан “О” ХХК-д ажиллаж байсан гэх тайлбар гаргасан.  /1хх-ийн 147 232-244/ Хариуцагч “О” ХХК нь “А.Н нь С ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан, манайд А.Н гэх ажилтан байхгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан. /хх-ийн 59-60/ Хариуцагч “С” ХХК нь “О ХХК гэрээг цуцласан” гэж тайлбарласан. Хариуцагч “С” ХХК-ийн тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргахдаа хөдөлмөрийн гэрээг 2 жилээр сунгасан, гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой гэжээ./хх-233-ийн ар/

 

Талууд ажил олгогч хэн болох, ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хэнтэй нь эрх зүйн харилцаатай байсан, талуудын хооронд ямар төрлийн эрх зүйн харилцаа үүсч, ямар үндэслэлээр дуусгавар болсон, ийнхүү дуусгавар болсон нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт өгөхөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх шаардлагатай юм. Хэрэгт хавсарган ирүүлсэн “гэрээт ажилтнаар хангах” нэртэй гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй ба хариуцагч нь эх хувиар нь өгөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн. /хх-232-244/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэснийг анхаараагүй.

 

Хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй, зөвхөн орчуулсан, нотариатаар гэрчлэгдээгүй, эсхүл орчуулгын тэмдэгтэй хувийг нотариатч гэрчилсэн баримтууд авагджээ./ хх 79-134 /

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт ямар баримтыг үнэлж, ямар үндэслэлээр “О” ХХК нь хариуцагч биш гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 147 дугаар талд нэхэмжлэгч нь хариуцагч “О” ХХК-д ажиллаж байснаа нотлохоор хариуцагчийн Prospect сайтад үзлэг хийлгэх, түүнийг  ажлаас халснаас хойш Б.Энхжин, Э.Хосбаяр гэх 2 хүнийг түүний оронд ажилд авсан тухай баримтыг гаргуулахыг, шинээр авсан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулахаар хэргийн нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, хариуцагч байгууллагуудын хооронд байгууллагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн өөрт байхгүйн улмаас хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шаардсан хүсэлтийг хангахгүйгээр мэтгэлцэх эрх, боломжийг хязгаарласан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсоныг дахин тэмдэглэж байна.  

 

Дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 496 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД