Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч О.Батнасан,    

Шүүгдэгч Б.О,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,               

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Б-ийн О-т холбогдох 2428000000265 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн ... тоотод хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан С.М-тэй маргалдаж, улмаар толгойн ар хэсэг рүү нь халуун саваар цохиж, толгойн дагзны хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.О-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж хэлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орой 18 цагаас 20 цаг хүртэл бага сургуулийн зааланд заал авч тоглосон. Заал авч дуусаад Мө, О нарын хамт Мөий гэрт очиж Эдэн гэх 0.75 литрийн архи, Яагар гэх бугын зурагтай 1 литрийн архи 2 шилийг, бид гурав уусан. О нь архи аяглаж байсан. Би ууж байх хугацаанд эхэндээ бол ууж байсан, сүүлдээ түр уулгүй газар тавьчхаад утсаа оролдоод байж байсан чинь над руу О эдийн голоод байгаа юм уу? эзнийг нь голоод байгаа юм уу гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад босож зодолдсон. Хэн нь түрүүлж цохисон талаар би мэдэхгүй байна. Тэгж байхад Мө бид хоёрыг салгаж байхад О нь миний толгойны ар хэсэг рүү халуун саваар цохисон. Би толгойгоо дараад байж байхад манай эхнэр ирээд намайг аваад явсан. Бид гэрт очоод гарч байгаа цусыг цэвэрлэх гэж байхад шилтэй байна гээд эмнэлэг явсан. Намайг О нь толгойны ар хэсэг рүү халуун саваар цохиж миний толгой ар талд 6 см зүсэгдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж хохирлын зэргээ тогтоолгоно. (хавтаст хэргийн 12-14 дэх тал)     

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цагаас жижүүр эмчийн үүргийг хүлээн авч ажиллаж байсан. 06-ны өдрийн шөнийн 02 цаг 40 минутад манай Эрүүл мэндийн төвд С.М нь толгойдоо гэмтэл авсан ирсэн. Би тус хүний биед үзлэг хийхэд М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадвартай, толгойны ар дагз хэсэгт 6 см орчим язарсан шархтай байсан. Шархыг шалгаж байх хугацаанд 3 ширхэг шилний хэлтэрхийг авсан. Би уг хүний толгойны ар хэсэг шарханд мэдээ алдуулалт хийж шархны анхдагч цэгцлэлт хийж 5 оёдол тавьсан. Тэгээд толгойд нь боолт хийж амин үзүүлэлтүүдийг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаантай, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, арьс салст цэвэр чийглэг, зүрхний авиа тод хэм жигд, артерийн даралт 135/90 мммуб зүрхний цохилт 88 удаа уушги 2 талд цулцангийн цэвэр амьсгалтай амьсгал 18 удаа сатураци 97 хувь, хэл цэвэр, хэвлий тайван шээсний гарц хэвийн, захад хавангүй байсан. Өөрт нь мэдэгдэх зовуурь үгүй гэж хэлсэн Үзлэг хийж дуусаад эмчилгээнд амлодипин 5 мг уулгаж маргааш дахин ирж үзүүлэх, зөвлөгөөг өгч буцаасан.” (хавтаст хэргийн 17-19 дэх тал)

Гэрч М.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орой 18 цагаас 20 цаг хүртэл Гурвантэс сумын бага сургуулийн зааланд цаг авч тоглосон. Заал авч дуусаад О, М бид 3 манай гэр рүү явсан. Манайх ... тоотод байдаг. Бид замаараа дэлгүүр ороод 1 литрийн савлагаатай 2 ширхэг Яагар гэх архи 1 литрийн Эдэн гэх архи аваад гэрт очоод уусан. Ууж байхад бид нэлээн их согтчихсон байсан. О, М архи аягалж өгөхөд М уухгүй байсан. Тэгээд О эдийн голоод байгаа юм уу? эзнийг нь голоод байгаа юм уу гээд хэлсэн чинь М дургүйцээд тэр хоёр маргалдаж барилцаад авсан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод байж байтал О халуун саваар М-ийн толгой руу цохисон. Тэгээд М-ийн толгойноос нь цус гараад байж байхад М-ийн эхнэр ирж аваад явсан. Уг халуун сав нь миний эзэмшлийн халуун сав байсан. Анх 30 мянган төгрөгөөр авч байсан. Би уг халуун савыг нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.М-ийн биед толгойн дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Мийн биед үүссэн гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)

“Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ӨмЦ-24-182 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “3 литрийн ногоон өнгийн халуун сав, 1 ширхэг, үнэ: 16,800 төгрөг.” (хавтаст хэргийн 42-44 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал)

Б.О-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 59-62 дахь тал)

Хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 65 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.О-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй гэх тайлбарыг гаргав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн ... тоотод хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан С.М-тэй маргалдаж, улмаар толгойн ар хэсэг рүү нь халуун саваар цохиж, толгойн дагзны хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал), гэрч Т.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал), гэрч М.Мө-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ӨмЦ-24-182 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-44 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Б.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М-ийн эрүүл мэндэд толгойн дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-ээр тогтоогдож байна.      

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.О-ийн хохирогч С.М-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Б.О нь хохирогч С.М-ийн эрүүл мэндэд толгойн дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.М нь шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэдгээ илэрхийлсэн ба шүүгдэгч нь хохирогч С.М-д 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 65 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхээс шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг халуун савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-д 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.О нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ж овгийн Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг халуун савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

6. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-д 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ