| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/198 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/198
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Р.М,
Өмгөөлөгч Н.Нарангарав,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Р-ий М-т холбогдох 2428002840275 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт Даланзадгад сумаас Баяндалай сум чиглэлийн авто зам дээр ... улсын дугаартай “Toyota prius-20” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ, б/ Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осолд орж зорчигч Д.М-ын амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Р.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2024 оны 10 дугаар сарын 06-нд Хөвсгөл аймгаас ажил руугаа гарсан. Тухайн үед Э, Э хоёр болон нөхөртэйгөө дөрвүүлээ гарсан. Улаанбаатар хотод 21 цагийн үед ирээд талийгаач замаас суугаад шууд Өмнөговь аймаг руу явцгаасан. Тэгээд Өмнөговь аймгаас гараад пост өнгөрөөд нөхөртэйгөө жолоогоо сольж би машинаа барьсан. Би бариад нэлээн явж байтал уулын орой дээгүүр хар зүйл орж ирээд байсан. Би хурд хэтрүүлдэггүй. 74 километр цагийн хурдтай явж байсан. Тэгээд гэнэтхэн зам харагдахгүй хар зүйл ороод ирсэн /уйлав/. Тэгээд би энэ юу вэ гээд байдгаараа орилсон. Хүмүүс сонссон үгүйг мэдэхгүй байна. Тэгээд машин онхолдсон. Уг нь тухайн үед цаг агаар тогтуун байсан. Юу байсныг нь мэдэхгүй байна. Тэр хар зүйл юу байсныг одоо болтол ойлгодоггүй. Зам ерөөсөө харагдаагүй. Талийгаачтай нэг нутгийн улсууд байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Бидний зүгээс М-аас нэхэмжилсэн зүйл байхгүй, М нь талийгаачийн цогцосыг тээвэрлэсэн зардал мөнгө болох 6,000,000 төгрөгийг өгсөн байгаа, мөн талийгаачийн ажил явдалд хандив өгсөн. Одоо бидний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, зам тээврийн ослын хэрэг болохоор энэ хүмүүст бидний зүгээс бол хатуурхаж гомдох зүйл алга.” (хавтаст хэргийн 40 дэх тал)
Иргэний нэхэмжлэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийн зээл бүрэн төлөгдсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 46 дахь тал)
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Эрийн машинд суугаад 2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд Хөвсгөл аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах ажил руугаа М, Э нарын хамт яваад Улаанбаатар хотод орой 21 цагийн үед талийгаач М гэдэг хүн замаас тосож машинд суугаад хамтдаа Өмнөговь руу шууд гарсан. Замдаа бие зассанаас өөрөөр зогсоогүй. Тэгээд би унтаж явсан болохоор Даланзадгадаар дайрч гарсныг ч мэдээгүй нэг мэдэхэд машин онхолдоод түжигнээд машин зогссон. Тэгээд харсан чинь М жолооны ард суучихсан баруун гараас нь цус гарчихсан байсан. Машин доторхоо харсан чинь нэг хүн байхгүй байсан. Би машины хаалга нээгдэхгүй байхаар нь цонхоор гараад машины нөгөө талаар тойрсон чинь талийгаач машины хажууд газар хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод харсан чинь нас барсан байсан. Би машинд байсан хүмүүсийг гаргаад цагдаа руу утасдаж дуудлага өгсөн. Миний биед гэмтэл учраагүй, эмчид үзүүлсэн зүгээр байна гэж хэлсэн.” (хавтаст хэргийн 50-51 дэх тал)
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд Хөвсгөл аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах ажил руугаа хамт ажилладаг Эр, М, Э нарын хамтаар Эрийн машинаар явсан. Тэгээд Улаанбаатар хотод орой 21 цагийн үед очиход талийгаач М гэх хүн замаас тосож машинд суугаад хамтдаа Өмнөговь руу шууд гарсан. Замдаа зогсож бие зассан өөрөөр зогсоогүй явсаар байгаад шөнийн 04-05 цагийн үед Даланзадгадад орж ирээд бензин аваад шууд Баяндалайн замаар гарч явсан. Хөвсгөлөөс гарахад Эр машинаа жолоодож явсаар Даланзадгадад ирсэн, тэгээд цаашаа хөдлөөд явахад би унтчихсан нэг мэдэхэд М машин жолоодчихсон яана аа болохоо байлаа нэг том хар юм ороод ирлээ гэж хашхирч байсан. Тэгэхэд машин онхолдоод эргэлдээд замын хажуу руу гараад дөрвөн дугуйн дээрээ зогссон. Тухайн үед би арын суудлын голд сууж явсан миний баруун гар талд Э, зүүн гар талд талийгаач сууж байсан, урд талд жолоочийн хажуугийн суудалд Эр суусан, М машин жолоодож явж байсан. Тэгээд осол болоод машин зогссоны дараа намайг машинаас Э татаад гаргасан, тэгээд гадаа гараад харахад ойр орчимд ямар нэг мал амьтан, машин тэрэг байгаагүй... Намайг Э буулгасан талийгаач машинаас шидэгдээд машины зүүн талд дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгэхэд нь Э очоод үзсэн тэгснээ байхгүй болчихжээ гэж хэлж байсан.” (хавтаст хэргийн 53-54 дэх тал)
Шүүгдэгч Р.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед хамт хоёр жолооч болох Э, Э нар болон нөхөр Эр нартай Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байдаг гэрээсээ гарсан. Тэгээд Улаанбаатар хотод хамт явна гэж байсан М гээд нэртэй эрэгтэйг аваад явсан бөгөөд Улаанбаатар хотоос гарахад нэлээд харанхуй болсон байсан. Бид нар ... улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд Өмнөговь аймгийн төв рүү 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөө орсон байсан бөгөөд аймгийн төвийн захаас машиндаа бензин авсан. Өмнөговь аймгийн төв пост өнгөрөөд зам чөлөөлж зогссоны дараа би нөхөр Эрээс жолоо аваад цаашаа явсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүр цайж байхад нэлээд цаана уулын орой дээр хар үүл шиг зүйл харагдсан. Тэр үед хамт явж байсан 4 хүн унтаж байсан бөгөөд би машиныхаа жолооч талын цонхыг онгойлгосон. Тэгээд хэсэг явж байсан чинь хар зүйл хөмрөөд ороод ирсэн, надад юу ч харагдахгүй байсан. Би машиныхаа хүрдийг зүүн тал руу нь дарсан юм шиг байсан, замын хажуу талын шороо дээгүүр явж байгаа нь мэдэгдэхээр нь би машины хүрдийг баруун тал руу нь дарсан. Тэгээд ухаан алдсан байсан. Би хальт сэрэхэд машин өнхөрч байсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна, эмнэлэгт сэрсэн.” (хавтаст хэргийн 58-60 дахь тал)
Шүүгдэгч Р.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 128-129 дэх тал)
Өмнөговь аймгийн Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/02 дугаартай шинжээчийн дүгнэлт: “a/ Toyota Prius 20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд хойд впур, баруун талын их гэрэл, баруун зүүн толь, баруун талын урд дугуй цаб таван бул, баруун, зүүн, хойд таван хаалга, хаалганы цонх /шил/, арын гэрэл дохио, кузов буюу их бие их хэмжээний хагарал, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл байна. б/ Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаах, өөрөөр нь хөдөлгөх ямар ч боломжгүй байх тул Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжин дээр ямар нэгэн хэмжилт, туршилт хийх, явах эд ангийн болон жолооны механизм, хаазны эд ангиудын үйл ажиллагааг шалгах боломжгүй байна. в/-г/ Тухайн тээврийн хэрэгсэлд ерөнхий үзлэг хийхэд хариулт /а/-д тусгагдсан эвдрэл гэмтлүүд байсан ба уг гэмтлүүдийг ослын үед үүссэн гэж үзэж байна. Харин тухайн эвдрэлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болох уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй юм.” (хавтаст хэргийн 69-72 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Д.М-ын цогцост гавлын зулай, дагз, баруун, зүүн чамархай ясыг хамарсан бяцарсан хугарал, тархины элийн бяцрал, няцрал, дарагдал, зулай, дагз, баруун чамархайн хуйхны урагдал, тасрал, баруун хацар, цээж, баруун эгэм, зүүн сарвуу, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Д.М-ын цусанд этилийн спирт илрээгүй.” (хавтаст хэргийн 85-87 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6192 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд “Р.М 44н эм” гэж хаяглан ирүүлсэн “СО7477991” хуруу шилний дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй.” (хавтаст хэргийн 94-95 дахь тал)
“Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 49155 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ, шинжилгээгээр тогтоогдсон дүн: 11,334,800 төгрөг.” (хавтаст хэргийн 103-108 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 10/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, 6192 дугаартай шинжээчийн дүгнэлт, №49155/ДД№31808183 дугаартай автомашин техникийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Р.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ... улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. Хариулт-3. ... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Р.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.” (хавтаст хэргийн 116-117 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дахь тал)
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал)
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-34 дэх тал)
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 77-84 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх тал)
Жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 132 дахь тал)
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 134 дэх тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн тал 135 тал)
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дахь тал)
Төрсний бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 140 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Улсын яллагчийн зүгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргахгүй оролцож байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь биеэ гайгүй болохоор хохирогчийн ар гэрийнхэнтэй биечлэн очиж уулзана гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Р.М нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг дэвсгэрт Даланзадгад сумаас Баяндалай сум чиглэлийн авто зам дээр ... улсын дугаартай “Toyota prius-20” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ, б/ Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осолд орж зорчигч Д.М-ын амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний нэхэмжлэгч Т.О мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрч П.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), гэрч Т.Эын мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал), Өмнөговь аймгийн Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/02 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-72 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 85-87 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6192 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 94-95 дахь тал), “Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 49155 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 103-108 дахь тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 116-117 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дахь тал), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-34 дэх тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 77-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 10/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, 6192 дугаартай шинжээчийн дүгнэлт, №49155 / ДД№31808183 дугаартай автомашин техникийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Р.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ... улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. Хариулт-3. ... улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Р.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.” (хавтаст хэргийн 116-117 дахь тал) гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Р.М-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.М нь гавал тархины ил хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 85-87 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, амь хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Р.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Р.М нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.М нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь насыг хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Иймд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Р.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Р.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.М нь гавал тархины ил хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 85-87 дахь тал)-ээр тогтоогдсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бидний зүгээс М-аас нэхэмжилсэн зүйл байхгүй, М нь талийгаачийн цогцосыг тээвэрлэсэн зардал мөнгө болох 6,000,000 төгрөгийг өгсөн байгаа, мөн талийгаачийн ажил явдалд хандив өгсөн. Одоо бидний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, зам тээврийн ослын хэрэг болохоор энэ хүмүүст бидний зүгээс бол хатуурхаж гомдох зүйл алга.” (хавтаст хэргийн 40 дэх тал) гэж мэдүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ад ажил явдалд 6,000,000 төгрөг, хандив гэж 5,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад “... улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийн зээл бүрэн төлөгдсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 46 дахь тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Т.О-т төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь өмгөөлөгчийн хувьд улсын яллагчаас өөр байр суурьтай байна. Яагаад гэхээр улсын яллагчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа дээр санал нийлж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Миний үйлчлүүлэгч өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зөвхөн шүүх ашиглах боломжтой зүйл заалт байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх боломж байна. Өнөөдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго өөрөө тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг гэмт хэргийн нөхцөл байдал гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Зам тээрийн осол өөрөө санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг. Мөн миний үйлчлүүлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй эрүүл байсан. Мөн Приус-20 загварын тээврийн хэрэгслийн хянах дээр милл нь гарч байдаг учраас 72-74 километр цагийн хурдтай явж байсан гэдэг нь үнэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургууд дээрээс харахад машин замаасаа гараагүй, замын шороон далангаас ч буугаагүй байсан. Хэрвээ хурд хэтрүүлж явсан бол замаасаа гарч шороон далангаас бууж унах боломжтой байсан. Гэтэл тухайн үед зөвхөн замаасаа гарч шороон хөвөөн дээр тухайн хэрэг болсон байсан. Энэ миний үйлчлүүлэгчийг үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэдгийг нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байгаа. Мөн өөрөө эрүүл мэндээрээ асар хүнд хохирсон. 7 удаа хагалгаанд орсон. Одоогоор шарх нь эдгээгүй байгаа. Мөн Улаанбаатар хотод байнгын эмчилгээнд байгаа нөхцөл байдал байна. Хэрвээ Мөрөн сумаар хязгаарлалтын бүсийг тогтоочихвол миний үйлчлүүлэгч Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй болно. Миний үйлчлүүлэгч цаашид хэдэн ч удаа Улаанбаатар хот руу очиж эмчилгээ хийлгэх мэс засалд орох асуудал гарах боломжтой. Тийм учраас зорчих эрх хязгаарлах ял өгч байгаа тохиолдолд чиглэлээ өөрчлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрөл авах зэрэг миний үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан миний үйлчлүүлэгчийг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Р.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Р.М-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрт 11,500,000 төгрөг төлсөн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас хөнгөн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.
Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.М-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журам, зорчих бүсийг прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн өөрчлөх эрхтэй бөгөөд шүүгдэгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхээ энэхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ад нийт 11,500,000 (арван нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь нэмж хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Р-ий М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Р.М-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ад нийт 11,500,000 (арван нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь нэмж хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ