| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01803/И |
| Дугаар | 155/ШШ2018/01803 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2018/01803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, М овогт Ч-ын Т / ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Х овогт Ж-ны У /*********/-д холбогдох
15.275.570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч Ж.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мөрөн сумын Цагаан-Уул хүнсний зах дээр Өсөх Идэр нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байхдаа Ж.У гэдэг эмэгтэйг өөрийн нь хүсэлтээр 2013.9.13 өдрөөс худалдагчаар авч ажиллуулсан. Манай дэлгүүрт 2 жил орчим ажилласан. Ажиллаж байх хугацаандаа тооллого тооцоо нийлэхэд ямарч маргаан гарч байгаагүй 2015.11.15 ний өдөр бид эцэслэж тооцоо нийлэхэд 29.506.670 төгрөг дутагдуулсан. Уг баримтан дээр Ж.У гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ойрын хугацаанд төлж барагдуулна ... гэсэн юм. Би түүнд итгэж хүлээцтэй хандсан. Хүлээж хүлээж тэсвэрлэшгүй байдалд орж гэр орноор нь удаа дараагаар орж, түүний нөхөрт нь хүртэл хэлсэн. Ж.У нь энэ үед... би өөртөө ч хэрэглэсэн юм байгаа, бас бусдад зээл өгсөн ч юм байгаа гээд тусад нь бичиг үйлдэж хохиролгүй болгож өгөхөө илэрхийлж байсныг надтай хамт тэднийд очсон өмгөөлөгч Б.Батдорж ч мэднэ. Би Ж.Уянгын үгэнд итгэж бараа зээл өгсөн гэх хүмүүсийн араас өмгөөлөгч авч хөөцөлдүүлэхэд худлаа хэлсэн байсан.
Ингээд цагдаагийн байгууллагад арга буюу хандаж Ж.Уянгыг шалгуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдлээр учруулсан гэх хохирлоо 14.229.320 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад 15.275.570 төгрөгийн гэмт хорыг учруулсныг шүүхээс болон прокуророос иргэний журмаар баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг олгосон. Нэгэнт надад 15.275.570 төгрөгийн гэмт хорыг Ж.У хариуцах хуулийн болоод нотолгооны бүрэн үндэслэлтэй байх тул хариуцагч Ж.Уас 15.275.570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн надад бичсэн тайлбарыг уншиж танилцуулъя. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргах нь: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух Модчин овогт Чогсомжавын Т нь Мөрөн сумын иргэн Ж.Уянгын үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн хохирогч билээ. Тэрээр 2013 оноос 2015 онуудад миний дэлгүүрт худалдагчаар ажиллах явцдаа надад 29.506.670 төгрөгийн хохирол учруулсан ба түүнийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татаж гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдож 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Ж.У нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад учруулсан хохирлоосоо 14.229.320 төгрөгийг барагдуулсан. Одоо надад дутагдуулсан барааны үнэ болох 15.275.570 төгрөгийг буцааж өгөх ёстой. Миний өөрт учруулсан хохирлоо барагдуулах эрх Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоол, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор нээгдэж байгаа гэж ойлгож байна. Ж.У нь худалдагч хийх явцдаа өөрийн хариуцаж байсан бараанаасаа 29.506.670 төгрөгийн барааг 41 нэгэн хүнд зээл өгөн үрэгдүүлж дутаасан болох нь Ж.У бид хоёрын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо бодсон баримт, мөн 2017 оны хуульд заасны дагуу Бизкон аудитын газрын шинжээчийн дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол, прокурорын тогтоолоор давхар давхар нотлогдож байна гэж ойлгож байна. Ж.У нь надтай гэрээний дагуу ажиллаж байсан. Бид хоёр бараа дутагдуулсан тал дээр огт маргаагүй. Үүнийгээ Ж.У нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Иргэн Ж.У нь миний барааг үрэн таран хийж шамшигдуулсан учраас миний хийж байсан бизнес маань дампуурч Хөдөө аж ахуйн банкнаас зээл авсан мөнгөө өгч чадахгүйд хүрч их хэмжээний өрөнд орж өөрийн гэр орон байгаа бүх хөрөнгөө алдахад хүрээд байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж Монгол улсын Иргэний хуулийн холбогдох заалтуудын дагуу Мөрөн сумын иргэн Ж.Уянгын надад учруулсан хохирлоос барагдаагүй үлдсэн 15.275.570 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ. Би энэ хэргийг харахад Ж.У, Ч.Т хоёр нь шинэ системд шилжих гээд тооцоогоо нэгтсэн байдаг. 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд тооцоо бодоход 29.506.670 төгрөг дээр тооцоо нийлж талууд гарын үсэг зурсан байдаг. Талууд 29.506.670 төгрөг дээр дээр маргадаггүй юм. 29.506.670 төгрөгөөс эрүүгийн хэрэгт хамааралтай гэж 14.229.320 төгрөгийг эрүүгийн хэрэгт хамааралтай байна гэж эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч буюу Ж.У нь төлж барагдуулсан байдаг. Эрүүгийн хэргийн шүүхээс гарсан шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр байгаа учраас тэрийг ярих нь илүүц байх. Түүнээс үлдсэн 15.275.570 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээж өгсөн учраас Ч.Т нь иргэний журмаар өөрт оногдсон хэсгийг Ж.Уас барагдуулж өгнө үү гэж иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Эрүүгийн хэрэгт 15.275.570 төгрөгийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэлсэн боловч түүнийг нэхэмжлэх эрхийг нээж өгч байгаа нь тэр 29.506.670 төгрөг дээр хамааралтай байгаа учраас эрхийг нь нээж өгсөн байна гэж ойлгож байна. Ж.У, Ч.Т хоёр тооцоо нийлж гарын үсгүүдээ зурж баталгаажуулж Ч.Т нь өөрийнхөө тамгыг дарж зөвшөөрсөн эрх зүйн акт нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Надад ч нэг хувь нь байна. Энэ эрх зүйн актыг дахин баталгаажуулахдаа энэ үнийн дүнгээр аудитын компанид хандсан байдаг. Аудитын компани нь шинжээчийн дүгнэлт гаргасан. Иргэн нь өөрт ойлгомжтой анхан шатны баримтыг хөтөлж болно гэсэн байдаг. Тухайн аудитын компаний шалгах үндэслэл нь тэр байсан учраас шалгалт хийж 29.502.750 төгрөг гэсэн тоог гаргаж ирсэн байдаг. Энэ бол талуудын тооцоо нийлсэн үнийн дүнтэй ойролцоо тоо гарсан байдаг. Би үүгээр энэ мөнгөн дүнг Ж.Уас нэхэмжлэх нь эрх нь давхар нээгдэж байна гэж ойлгож байна. Нэмж хэлэхэд 15.275.570 төгрөг дээр талууд маргадаггүй юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.
Миний бодлоор Ж.Уянгыг 29.502.750 төгрөгийн тооцоо нийлсэн баримт дээр гарын үсэг зурснаар хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Хариуцагч бол ийм учраас төлөхгүй гэдгээ баримтаар няцаалт хийх ёстой гэж бодож байна. Нэр бүхий 42 хүнд энэ зээлийг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэгт бол Ж.Уянгын дансаар орж байсан мөнгөөр хэрэгт холбож байсан. 29.502.750 төгрөг дээр эрүүгийн хэрэг үүсгэж байсан учраас 15.275.570 төгрөг дээр иргэний хэрэг үүсгэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Энэ 15.275.570 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан байдаг. Тэрнээс биш энэ мөнгийг хэн ч хариуцахгүй хаяна гэсэн ойлголт биш юм. Хариуцагчийг энэ мөнгийг төлөхгүй гэдгээ ямар баримтаар няцаалт хийхийг нь сонсмоор байна.
29.502.750 төгрөг дээр Ж.У, Ч.Т хоёр маргахгүй эвлэрсэн байдаг. Энэ мөнгөн дүн дээр 42 хүний нэр байдаг. Би уг нь хэлэхгүй гэж бодож байсан юм. Энэ 42 хүний нэр дотор Л.С 365.000 төгрөг гэж байна. Ч.Т нь энэ мөнгийг надаас нэхдэг юм. Би Ж.Уянгыг тооцоо нийлэх гэж байна гэхээр нь энэ мөнгийг өгсөн юм. Энэ нь үнийн дүнгээс хасагдаагүй байсан жишээтэй. Тэгэхээр би ойлгохдоо эрүүгийн хэрэгт банкны хуулгаар тогтоогдсон 14.229.320 төгрөгийг нь эрүүгийн хэрэг мөн байна гэж үзээд энэ 15.275.570 төгрөгийг зээл хэлбэрээр олгогдсон боловч баримтаар тогтоогдоогүй учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээж өгсөн гэж сайн талаас нь бодож байна. Би эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нь ороогүй болохоор сайн мэдэхгүй байна. Ж.У нь 15.275.570 төгрөгийн үлдэлийг зарим хүмүүсээс авч чадаагүй явж байж магадгүй. Тэргийг бол Ж.У мэднэ. Энэ мөнгийг нотолж байгаа баримт нь тооцоо нийлсэн акт байгаа юм. Тооцоо нийлсэн актыг нотолж байгаа зүйл нь аудтын газрын дүгнэлт байгаа юм. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол дээр нь 29.502.750 төгрөг гэж байгаа. Энэ тоонууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд дээр нэг их зөрүүтэй байгаагүй. Би энэ нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ мөнгөний жинхэнэ хариуцагчийг Ж.Уянгыг гэж бодож байна.
Ж.У нь 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Тын дэлгүүрт худалдагчаар ажилд орохоор болсон байдаг. Ч.Т нь худалдагчаар ажилд ороход нь Ж.Уд худалдагчаар ажиллахад ийм ийм нөхцлүүдтэй гэж тайлбарлаж хэлсэн байдаг. Би шүүхэд түрүүн нэг гэрчилгээ өгсөн байгаа юм. Ж.У нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ч.Тт барьцаанд тавиад анх ажлаа хийж эхэлсэн байдаг. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс буюу өөрөөр хэлбэл Ж.Уд эхний үлдэгдэл 28.948.000 төгрөгийн бараа өгснөөс орлого зарлагаа тэмдэглэж байсан хар дэвтэр байгаа юм. Орлого давсныг нь нэмэх тэмдэгээр тэмдэглэж явсан байдаг. Би өөрөө хувийн дэлгүүр ажиллуулдаг юм. Би бол Ч.Т, Ж.У нар шиг ингэж тэмдэглэж явдаггүй. Харин он сар өдрөө тэмдэглэж орсон орлогоо бичиж явдаг юм. Энэ хоёр болохоор орлогоо өдөр болгон тэмдэглэж авдаг байсан. Ж.Уд эрүүгийн хэрэг үүсгэх хүртэлх орлого, зарлага нь эх хувиараа бичиж тэмдэглэсэн баримт нь байдаг. Хүнсний барааны хэцүү юм бол өдөр тутам эргэлтэнд орж байдаг. Тэрнийхээ массаар бараа буцаж ирдэг юм. Барааны хөдөлгөөнийг зохицуулахад их хүндрэлтэй байдаг. Ж.У нь өөрөө тэрийг мэдэж байгаа. Тийм учраас барааны эргэлтийг хөтлөхгүйгээр явна гэдэг нь худлаа юм. Ж.Уянгын ажиллаж байсан дэлгүүр нь маш том бөөний цэг байгаа юм. Энэ бөөний цэгт тодорхой хэмжээний масстай мөнгө эргэлдэж байсан байдаг. Би жишээ харуулах гэж энэ бор дэвтрийг харуулсан юм. Ж.У нь өөрөө энийг ойлгож байгаа юм. Шинэ системд барааг оруулахад ийм дутагдал гарч ирсэн байдаг. Тооллого хийж бэлнээр хүлээн авсан бараа нь 68.422.030 төгрөг байсан байдаг. Үүнээс зээлэнд 46.706.550 төгрөгийн бараа гарсан байдаг. Үндсэн барааны нийт үнэ нь 115.148.580 төгрөг байх ёстойгоос 46.706.550 төгрөгийн бараа зээлэнд гарсан. Зээлэнд гарсан бараагаа Ч.Т, Ж.У хоёр нь миний өгсөн зээл, чиний өгсөн зээл гэж ялгадаг юм. Ч.Т нь Ж.Уд уурхайн Дарьсүрэн гэдэг хүнд зээл өгч болно гэж хэлсэн гэдэг. Ч.Т нь 17.199.880 төгрөгийн өрийг би өгсөн гэдэг. Тэгтэл эрүүгийн хэрэг үүссэн 29.506.670 төгрөг нь өнгөөрөө гарч ирсэн байдаг. Энэ мөнгө нь аудитын газрын шинжээчийн дүгнэлтийн мөнгөн дүнтэй яг тулдаг юм. Тийм учраас би энийг савалгаа багатай, маш үндэслэлтэй тоо гэж ойлгодог юм. Талууд энэ мөнгөн дүн дээр маргадаггүй юм. Энэ мөнгийг Ж.У нь 42 хүнд цувуулж зээл өгсөн боловч 15.275.570 төгрөгийг энэ хүмүүсээс авч чадахгүй явж байгааг үгүйсгэхгүй байна. Тэгэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.У нь хариуцах нь зүйтэй юм. Би 68.442.030 төгрөг дээр өрийг нь нэмээд нийт 115.148.580 төгрөг байна гэж ойлгомжтой болгох гэж хэлсэн юм.
Хариуцагч Ж.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.У би Ч.Тын нэхэмжлэлтэй 15.275.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож дараах тайлбарыг гаргаж байна.
1.Нэхэмжлэгч Ч.Т нь бараа дутагдуулсаны төлбөр 15.275.570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч би тухайн үедээ ийм өр төлбөр гаргаагүй ийм дутагдал төлбөр гаргаж байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад аймгийн прокурорын газраас 15.106.050 төгрөгийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч нь нотлох баримтгүйгээр дээрх хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тогтоол нь одоог хүртэл хүчинтэй байгаа тул би нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа 15.275.570 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. / Хавсаргасан баримт: Прокурорын тогтоол 1 хувийг хавсаргав / гэжээ.
Хариуцагч Ж.У нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийт 29.502.750 төгрөг дутсан нь үнэн. Үүнээс 14.229.320 төгрөгийг нь би төлсөн. Би худалдагчаар 2 жил 2 сар ажиллахдаа сар бүрийн 15-ны өдөр тооллого хийдэг байсан. Намайг 2 жил 2 сар ажиллах хугацаанд Ч.Т нь надтай ганц ч удаа тооллого хийгээгүй. Би тооллого хийхдээ Ч.Тт ийм хэмжээний бараа байна. Ийм хэмжээний зээл гаргасан байна гэж тайлагнадаг байсан. Би 15.275.570 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр Өсөх Идэр дэлгүүрийн худалдагч нар хамтран ажиллуулдаг Нэргүй гээд бүгд Итгэлт хамба руу зугаалганд явахад Ч.Т нь явахгүй үлдсэн юм. Намайг байхгүй хойгуур надад хүлээлгэж өгсөн бараанаасаа гадагшаа гаргасан байдаг. Энэ гаргасан бараа нь 15.275.570 төгрөгийн бараа байсан гэдгийг Ч.Тыг хүлээн зөвшөөрнө үү гэж хэлээд байгаа юм. Миний төлөхгүй гэдэг учир нь би сар бүр тооллого хийдэг байсан. 29.502.750 төгрөгөөс өөрийн буруугаас учирсан хохирол болох 14.229.320 төгрөгийг төлж барагдуулсан. Би худалдагчаар ажиллах хугацаанд нэг ч удаа дэлгүүрийн түлхүүрийг авч явж байгаагүй. Дэлгүүрийн түлхүүрийг Ч.Т, Нэргүй хоёр авч явдаг байсан. Дэлгүүрт ажиллаж байсан худалдагч нарын аль нь ч түлхүүрийг авч явдаггүй байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж байгаа нь ийм учиртай юм.
Ч.Т нь цагдаа, өмгөөлөгч дагуулж ирээд нэг худалдагч чинь шоронд орсон гээд намайг дарамталж энэ хүмүүсийн нэрсийг гаргаж бичүүлж авсан. 15.275.570 төгрөгийг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр Ч.Т нь надад хүлээлгэн өгсөн бараанаасаа гадагш гаргасан юм. Би Ч.Тыг үүнийгээ хүлээн зөвшөөр гэж хэлсэн. Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Ноёоо гээд бүгдэд нь бараа өгсөн байсан. Дансаар орсон мөнгөний хувьд бол та хүртэл надаас архи авчихаад нөгөө талаас очиж чихэр авч нэг тооцоо хийдэг байсан. Би тооцоог нь салгаж өгдөг гэх жишээний л байдаг байсан. Та надад барааны мөнгөө бэлэн өгдөг байсан. Харин сумдуудаас бараа авсан хүмүүс данс руу хийдэг байсан. Миний дансанд мөнгө орохоор архи, пивоны мөнгийг авч үлдээд чихэр, гурилан идхиймний мөнгийг бусаддаа тарааж өгдөг байсан. Ингэж дансанд орсон мөнгийг зохицуулж байсан болохоос биш өөртөө тухайн мөнгөнөөс авсан удаа байхгүй гэж би хэлж байсан.
Би хариуцах ёстой мөнгөө хариуцаж төлж барагдуулсан. Харин Ч.Т нь надад хүлээлгэн өгсөн бараанаасаа гадагш гаргаагүй зөвхөн би өөрөө хариуцаж байсан бол нэг өөр хэрэг юм. Би хүүхдээ дэлгүүр түрээслэж ажиллуулахад нь 9.000.000 төгрөгийн бараа гаргасан байдаг. Тэгтэл Ч.Т нь надад ингэж хэлж байсан. Чи хүүхэддээ 9.000.000 төгрөгийн бараа өгсөн гэдгээ ямар баримтаар нотлох юм бэ гэж хэлж байсан. Ч.Т нь намайг байхгүй байхад яг хэдэн төгрөгийн бараа гаргасан гэдэг баримт байхгүй байгаа юм. Тэгэхээр сар бүрийн 15-ны өдөр тооллого хийдэг байсан. Би өөртөө итгэлтэй байна. Би Ч.Тыг тооллого хамт хийе гэж хэлэхээр тоглоом хийгээд хийдэггүй байсан. Чамайг тоолж байхад би буруу бичвэл яах вэ гээд ер нь тооллого хийдэггүй байсан. Тэрийг бол тэнд ажиллаж байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Би барааны бөөний үнэ 7900 төгрөг, нэг ширхэг нь 8100 төгрөгийн үнэтэй байлаа гэхэд 200 төгрөг нэг ширхэгээс гарахад нэг бүрчлэн бичдэг байсан. Тэр бичиж байсан дэвтэр нь хүртэл одоо байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. 29 сая төгрөг дээр зөрүү байхгүй. Энэ тоон дээр ямар нэгэн маргаан байхгүй. Яагаад гэвэл өдөр болгон орлогоо нэмж хасаж бичдэг байсан. Би 15.275.570 төгрөгийг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ дахин дахин хэлж байна.
Ч.Т нь намайг одоо чи надад хэдэн төгрөг өгөхөө бичиж өг гээд цагдаа, өмгөөлөгч дагуулж ирээд дарамталж бичүүлсэн. Би нэгдүгээрт айдастай байсан. Хоёрдугаарт энэ нэрсийг бичиж өгсөн нь миний буруу гэж мөрдөн байцаалтын аль ч шатанд хэлж байсан. Тэгэхдээ сар бүр тооллого хийдэг байсныг Ч.Т нь мэдэж байгаа гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ж.Уд холбогдуулан гэм хорын хохирол болох 15.275.570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тооцоо нийлсэн баримтын үлдэгдэл 15.275.570 /арван таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулна хэмээн шаардлагаа тодруулжээ.
Хэрэгт нэхэмжлэгч Ч.Таас Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ 2 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Бизкон аудит ХХКомпанийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 422 дугаартай Мөрөн сумын иргэн Ч.Т танаа гэж хандсан Хараат бус аудиторын тайлан-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас, хариуцагч Ж.Уянгын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх ХААН банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотариатаар гэрчлүүлсэн хуулга 8 хуудас, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ж.Уас мөрдөн байцаалтанд сэжигтнээр хоёрдугаар удаад авсан мэдүүлгийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн Газрын мөрдөн байцаагч Г.Мөнхдаваагийн үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ын нотариараар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ахлах дэслэгч Ц.Жамбалдоржийн Ж.Уас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр авсан тайлбар тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн Газрын мөрдөн байцаагч Г.Мөнхдаваагийн үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 4358 дугаартай НОNDA маркын авто машины гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Эрдэнэбилэг овогтой Ганбатын 12 дугаар багийн 18 дугаар гудамжны 11 тоот хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээ, уг хашаанд байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Утай тооцоо нийлсэн тухай баримт эх хувиар 2 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаах тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сээс Ч.Тын шүүхэд гаргасан тайлбар 1 хуудас, худалдагчаар ажиллах гэрээ, барьцааны гэрээний хуулбар 3 хуудас, Ч.Тыг хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол 1 хуудас зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ж.Уянгыг сарын ....төгрөгийн хөлстэйгээр Өсөх-Идэр хүнсний дэлгүүрт 2015-2017 оны хооронд худалдагчаар авч ажиллуулсан талаар талууд тайлбарласан ба зохигчид энэ талаар хэн аль нь маргаагүй.
Харин Ж.У нь Ч.Т намайг байхгүй хооронд надад хариуцуулж өгсөн бараанаасаа хүнд гаргаж өгдөг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж мэтгэлцсэн.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 331 дугаартай Шийтгэх тогтоол-оор Ж.У нь 13.563.620 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх боловч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 13.563.620 төгрөгийг Ж.У нь нөхөн төлсөн байна. Харин үлдэгдэл 15.943.050 төгрөгийн хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар Ч.Т нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Ч.Т Ж.У нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо хийж, Ж.У нь 29.224.370 төгрөгийн бараа материал дутагдуулсан тул төлөхөөр тохиролцож тооцоо нийлсэн баримт үйлдсэн байна.
Үүнээс нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ж.Уас Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар дээрхи тооцоо нийлсэн баримтаар үлдэгдэл 15.275.750 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь тооцоо нийлсэн үйл баримт болон мөнгөн дүнд талууд маргаагүй бөгөөд ажил хэргийн харилцаанаас өөрөөр хэлбэл дэлгүүрийн эзэн, худалдагчийн хооронд үүссэн өр төлбөрийн асуудлаа тооцоо гарган нийлж дүнг тогтоон тодорхойлж талууд гарын үсэг зурсан байна.
Хариуцагч Ж.У нь тооцоо нийлсэн баримтыг үйлдэж, гарын үсэг зурснаа... Ч.Т нь намайг одоо чи надад хэдэн төгрөг өгөхөө бичиж өг гээд цагдаа, өмгөөлөгч дагуулж ирээд дарамталж бичүүлсэн.... гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т нөгөө тал эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 60 дугаар зүйлийн 60.2-т хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд хүч хэрэглэж хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу эдийн засгийн дарамт шахалт үзүүлж, бодитойгоор хүч хэрэглэсэн, хүч хэрэглэсэн гэж үзэхүйц байдалд хүргэсэн тохиолдол бүрт бус харин гагцхүү Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дэх хэсэгт заасан хууль ёсонд харшаар дарамталж, нөлөөлөн хүч хэрэглэснийг ойлгох ба хэргийн баримтаар дээрх байдал тогтоогдохгүй байна.
Мөн Ж.У нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Өсөх Идэр дэлгүүрийн худалдагч нар хамтран ажиллуулдаг Нэргүй гээд бүгд Итгэлт хамба руу зугаалганд явахад Ч.Т нь явахгүй үлдсэн юм. Намайг байхгүй хойгуур надад хүлээлгэж өгсөн бараанаасаа гадагшаа гаргасан байдаг. Энэ гаргасан бараа нь 15.275.570 төгрөгийн бараа байсан... гэх байх боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой аливаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Ч.Т, Ж.У нарын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн баримтанд ...Нийт дүн 28.974.370 гэсэн боловч 42. буюу хар өнгийн бэхээр бичигдсэн Нэргүй 250.000 төгрөгийг Ж.У нь тайлбарлахдаа Өсөх Ирээдүй дэлгүүрийн жимс ногооны хүн байгаа юм. Энэ хүн 250.000 төгрөгийн бараа авсан байсан. Би Нэргүйгийн эхнэр Отгонцэцэгээс хувцас авсан байсан. Тэгээд Нэргүй, Ч.Т бид гурав ярилцаж байгаад мөнгөн дүн дээр нэмсэн... гэж тайлбарласан ба нэхэмжлэгч маргаагүй тул тооцоо нийлсэн мөнгөн дүнг 29.224.370 гэж тодорхойлж, тооцоо нийлснээс хойш төлж барагдуулсан уурхай Дарьсүрэн 837.000 төгрөг, Дэлгэрмөрөн 23.000 дансаар ирэв гэх нийт 860.000 төгрөгийг, хариуцагч Ж.Уянгын төлж барагдуулсан нийт 14.229.320 төгрөгийг тус тус хасч үлдэх 14.135.050 төгрөгийг хариуцагч Ж.Уас гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.140.520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гартал хойшлуулуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Таас 31.922 төгрөгийг, хариуцагч Ж.Уас 228.625 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч Ж.Уас 14.135.050 /арван дөрван сая нэг зуун гучин таван мянга тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.140.520 /нэг сая нэг зуун дөчин мянга таван зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Таас 31.922 /гучин нэгэн мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг, хариуцагч Ж.Уас 228.625 /хоёр зуун хорин найман мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА