Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/199

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,  

Шүүгдэгч Б.С,        

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,               

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ы С-т холбогдох 2428000000284 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Биеийн байцаалт:                                    

Холбогдсон гэмт хэргийн талаар:    

Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.09 хувийн согтолттойгоор Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг хуучин Музейн урд талын замд “Toyota Crown-S210” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байхад найз “Караоке хаус”-аас ирээд авчих гэхээр нь дүүгээрээ машин бариулаад явсан. Манай дүү дотогшоо ороод явах хооронд 2 лааз пиво уусан. Тэгээд дүү гарч ирээд манай найзтай маргалдаад удирдлагын ордны тийшээ алхчихсан. Би араас нь явах гэж байгаад музейн урд цагдаад баригдсан гэв.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал)  

2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08 дахь тал)

Жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 44 дэх тал)

Б.С-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 22-32 дахь тал)

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 514 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 49-52 дахь тал).    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.09 хувийн согтолттойгоор Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг хуучин Музейн урд талын замд “Toyota Crown-S210” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал), 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08 дахь тал), жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 44 дэх тал) болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь “2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатайгаар хасуулсан.” гэх жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 44 дэх тал), Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 514 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 49-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.С-ын согтолтын хэмжээ 1.09 хувьтай гарсан болох нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ. 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна. 

Шүүгдэгч Б.С нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 514 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

Иймд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Сыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.       

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.   

Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна.  Шүүгдэгч Б.С нь урьд нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас үлдсэн 1 жил 11 сар 2 хоногийн ялд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах 1 жилийн ялыг нэмж нийт 2 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах,  нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэл 276 цагийг 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгээд нийт 696 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх шүүгдэгч Б.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 380 (гурван зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.   

Шүүгдэгч Б.С нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар (хавтаст хэргийн 34-43 дахь тал) шийтгүүлсэн бөгөөд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялаас 28 (хорин найм) хоногийг эдэлж, 1 (нэг) жил, 11 (арван нэг) сар, 02 (хоёр) хоног, нийтэд тустай ажил хийлгэх үндсэн ялаас 24 (хорин дөрөв) цагийн ялыг эдэлж, 276 (хоёр зуун далан зургаа) цагийн үлдэгдэлтэй болох нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/1266 тоот албан бичиг (хавтаст хэргийн 69 дэх тал)-ээр тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх нэмэгдэл болон үндсэн ялаас үлдсэн 1 (нэг) жил, 11 (арван нэг) сар, 02 (хоёр) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах, 276 (хоёр зуун далан зургаа) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 380 (гурван зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Сын нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 2 (хоёр) жил, 11 (арван нэг) сар, 02 (хоёр) хоногийн хугацаагаар, нийтэд тустай ажил хийлгэх үндсэн ялыг 656 (зургаан зуун тавин зургаа) цагийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т шүүхээс нэмж нэгтгэн оногдуулсан 656 (зургаан зуун тавин зургаа) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.    

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т овгийн Б-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 380 (гурван зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх нэмэгдэл болон үндсэн ялаас үлдсэн 1 (нэг) жил, 11 (арван нэг) сар, 02 (хоёр) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах, 276 (хоёр зуун далан зургаа) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 380 (гурван зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Сын нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 2 (хоёр) жил, 11 (арван нэг) сар, 02 (хоёр) хоногийн хугацаагаар, нийтэд тустай ажил хийлгэх үндсэн ялыг 656 (зургаан зуун тавин зургаа) цагийн хугацаагаар тус тус тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т шүүхээс оногдуулсан 656 (зургаан зуун тавин зургаа) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.         

6. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ