| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч А.Г,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн А-ийн Г-т холбогдох 2428003070286 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ плаза CU”-ын хойд талын зогсоол дээр байрлуулсан ... улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл дотроос хохирогч М.Б-ийн эзэмшлийн “ipone 12 pro maх” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Г-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие тухайн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр надтай хамт ажиллаж байсан залуучууд ирж уулзаад салхинд гаръя гэж хэлсэн. Би ажлаасаа гараад 2 жил гаруй болсон байгаа. Тухайн өдрийн 21 цагийн үед гараад танай аймгийн бааранд орж үзье гэж хэлсэн. Тэгээд хамт ажиллаж байсан хүмүүсээ харж баярлаад хамт бааранд орж 4 шил архи ууснаа л санаж байна. Нэг мэдсэн шөнийн 04 цаг болсон юм шиг байгаа юм. Баар нь хаагаад манай хэд жолоочтойгоо явж байсан учраас хот руу буцсан. Тэгээд би ухаангүй болсон хүн чинь таксины зогсоол руу явж байгаагаа ч мэдэхгүй, гэр рүүгээ явах гэж байгаа ч мэдэхгүй, СU-руу очсон, орсноо ч санахгүй байгаа. Өглөө 12 цаг гэхэд гэртээ сэрсэн. Манай эхнэр чиний халааснаас нэг утас уналаа юун утас вэ гэж хэлсэн. Би мэдэхгүй надтай хамт явсан хүмүүсийн утас байх гээд нөгөө хүмүүс рүүгээ залгатал утас нь холбогдохгүй байсан. Би тухайн утсыг олсон юм болов уу гээд гайхаад тухайн өдөр өнгөрсөн. Тэгээд байж байтал манай 12 дугаар ангид сурдаг 2 дахь охин орж ирээд ааваа би Орос улсын тэтгэлэгт орох гээд байна та надад яаж ийж байгаад 2,400,000 төгрөг олоод өг гэж хэлсэн. Би сантехникийн, цахилгааны, хөргөгчийн ажил хийдэг. Тэгээд би нөгөө утсаа өөрөө яаж олсон авснаа мэдэхгүй байсан учраас орхичихсон. Тэгээд охиныхоо хэлсэн 2,400,000 төгрөгийг олох гээд өглөө оройгүй ажил хийж явж байгаад Улаанбаатар хотоос хүн холбогдоод та Тэрэлжид байдаг амралтын газар халаалт тавиад өгөөч гэж хэлсэн. Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 1 сар гаруй ажиллаад 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал манай хашааны хаалгыг хүн тогшоод байхаар нь гартал цагдаа байсан. Тэгээд таныг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар аваачиж шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би энэ хэрэг өөрийн гэм буруугаа мэдэхгүй байна. Ямар учир шалтгаантай вэ гэхэд Цагдаагийн газар очоод тодруулж мэднэ гэж хэлсэн. Тэгээд очиход та хүний утас хууль бусаар авсан байна гэж хэлсэн. Тухайн өдрийн болсон үйл явдлыг ярьсан. Тэгээд ажил гараад Улаанбаатар хот руу 1 сар гаруй яваад ирсэн. Би энэ хугацаанд утсаа орхиод явсан. Би энэ утсыг хулгайлах, хувьдаа ашиглах, шамшигдуулах муухай сэтгэл байхгүй гэдгээ хэлсэн. Би энэ утсыг авснаа санахгүй байна. Энэ утас манай гэрт байгаа. Би энэ утсыг авч ирж өгч болно гэж хэлсэн. Тэгээд цагдаа утсаа авчир гэж хэлсэн. Би гэртээ очоод тухайн утсыг аваад очтол асахгүй цэнэг нь дууссан байсан. Цагдаа тухайн утсыг хураан аваад цэнэглэж асаагаад шалгаж үзсэн. Тухайн утсанд эвдрэл гэмтэл учруулаагүй гэртээ байлгаж байсан. Манай том охин Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан. Манай гэр бүлийн хүн ажил хийдэггүй, би уул уурхайд 13 жил ажилласан. Би худлаа хэлж, хулгай хийж нэг ч удаа явж үзээгүй. Ийм болчимгүй үйлдэл гаргасан гэм буруугаа хүлээж байгаа. ...Нэгэнт энэ утас надад байгаа учраас надтай холбоотой тиймээс өөрийн гэм буруугаа хүлээж байна гэдгээ цагдаад хэлсэн. Би энэ утсыг машин дотроос авсан уу гаднаас олсноо мэдэхгүй байна гэдгээ хэлсэн. Цагдаа камерын бичлэг дээр чи машин дотроос авч байгаа биз дээ гэж хэлсэн. Би мэдэхгүй надад харагдахгүй байна гэдгээ хэлсэн. Миний ганц баримталдаг зарчим бол худлаа хэлж хулгай хийж үзээгүй 5 хүүхдээ ч ингэж өсгөж явна. Гэр бүлийнхээ хүнийг гадаа хүлээлгээд зогсож байгаадаа харамсаж байна. 80 гарсан 2 хөгшиндөө шүүх хуралд орж байгаагаа мэдэгдээд байж байгаадаа өөртөө маш их гутарч байна. Том охин маань 3 наснаасаа хойш бөөрний хагалгаанд орж ирсэн. Бага хүүхэд маань судасны өвчтэй. Энэ бүхнийг хүн гуйхгүй өөрийн хүч хөдөлмөрөөрөө өдийг хүртэл явж ирсэн гэв.
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 04 цагийн үед найз “Pruis-30” загварын машинтай Өмнөговь аймаг Даланзадгад сум “Гэгээ плаза СU” орсон. Би CU-ийн гадна машинаа асаалттай онгорхой үлдээгээд найз Н.Ц-ийн хамт CU ороод юм авчихаад тооцоогоо хийх гэсэн утсаа машиндаа орхисон байсан. Тэгээд гараад машинаасаа гар утсаа авах гээд машиндаа хайтал миний гар утас байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2023 оны 08 сард Өмнөговь аймаг Даланзадгад сум Нарлаг гар утасны дэлгүүрээс 2,180,000 төгрөгөөр авч байсан. “Iphone 12 promax” загварын хар өнгөтэй, ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, камерын хамгаалалттай, шилэн наалттай бөгөөд баруун дээд буландаа жоохон хагарсан, өнгөгүй кейстэй утас байсан. ” (хавтаст хэргийн 15 дахь тал)
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ӨмЦ-24-158 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Iphone 12 promax загварын гар утас 1,350,000 төгрөг...” (хавтаст хэргийн 26-29 дэх тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал)
Мөрдөгчийн хэргийн газрын бичлэг бүхий СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-45 дахь тал)
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд А.Г нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ плаза CU”-ын хойд талын зогсоол дээр байрлуулсан ... улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл дотроос хохирогч М.Б-ийн эзэмшлийн “ipone 12 pro maх” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч М.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ӨмЦ-24-158 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-29 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал), мөрдөгчийн хэргийн газрын бичлэг бүхий СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-45 дахь тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Үнэлгээний дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч А.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч А.Г нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ плаза CU”-ын хойд талын зогсоол дээр байрлуулсан ... улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл дотроос хохирогч М.Б-ийн эзэмшлийн “ipone 12 pro maх” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Г нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А.Г-ийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-т 1,350,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ӨмЦ-24-158 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-29 дэх тал)-ээр тогтоогдсон ба хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсаа биет байдлаар буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дахь тал)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг нь багасгаж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгч А.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгч А.Г-т нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ.” гэж тодорхойлсноос үзвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөө, ач холбогдол нь нийтийн ашиг сонирхолд тустай, нийтийн сайхан сайхны төлөө байх учиртай.
Өөрөөр хэлбэл, нийт иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн ажил, үйлчилгээ тухайлбал, хот суурины ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, мод тарих, зам гүүр, үер уснаас хамгаалах далан хамгаалалт тавих, иргэний болон төрийн бус байгууллагуудад хүмүүнлэгийн шинжтэй ажил үүрэг гүйцэтгэх, сургалтын болон мэргэжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт ажиллуулах, нийтийг хамарсан гамшгийг арилгах үйлсэд оролцуулах ... гэх мэт олон талт үйл ажиллагаанаас гадна ял шийтгүүлсэн хүний бие бялдар, хүйс, насны байдалд тохирсон, мэргэшил, эзэмшсэн ур чадварыг ашиглан нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэх байдлаар энэ ял хэрэгждэгээрээ онцлогтой байна.
Харин нийтийн ашиг сонирхолд үр нөлөөгүй, нийтийн эзэмшлийн бус улсын болон хувийн байгууллагын эзэмшлийн зам талбайг цэвэрлүүлэх ажил нь энэхүү ялын үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй болно. Учир нь Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 4.4.3 дахь заалтад зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх үүргийг хүлээдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүнийг ажлын байраар хангах, уг ялын биелэлтэд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагууд анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар хуульчилсан ба шүүгдэгч А.Гт дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Бт гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн А-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийг 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Б-т гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ