Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 0087

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Т.Б, А.У, Э.Г

Нарийн бичгийн дарга                            М.Ариунсайхан нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Бд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, И овогт Э-н Б.

 

Э.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15 дугаар байрны авто машины гражид Г.Г-н хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч И овогт Э-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Э.Бг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, хутганы хуй 1 ширхэг, коко кола гэсэн бичигтэй 0.33 граммын ундааны лааз 1 ширхэг, Чингис гранд Хаан гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дүрс бичлэгийн болон ярианы бичлэг бүхий 6 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогчийн нэхэмжлэлээс 14.160.561 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.О эсэргүүцэлдээ:

“ ... Шүүхээс Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа ямар үндэслэлээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж байгаа талаараа огт дурдаагүйн зэрэгцээ, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж буй хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, хор уршгийг арилгах зэрэг хүсэл зоригоо илэрхийлж байгаа байдлыг ойлгоно.

Гэтэл шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон болох нь шүүгдэгч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гаргаж байсан хүсэлт гомдол, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байтал шүүх үндэслэлгүйгээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-ийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх ... Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15 дугаар байрны авто гражид Г.Г-г хэвлий тус газар нь хутгаар хатгаж биед нь хэвлийн хөндийн дэх шингэн хуралдалт, хэвлийн урд хананд хэвлийн хөндийн нэвтэрч нарийн гэдэс, чацархайд хатгагдсан шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна... гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

“Хутгаар хатгасан” гэсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “ дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал...” гэсэнтэй нийцсэнгүй. Тодруулбал: Хутганд хийсэн үзлэг, хутганд биологийн сорьц илрээгүй нь шинжилгээгээр “хутганд бохирлогдсон зүйлгүй” гэх байдал тогтоогдсон. Энэ хутгаар хохирогчийг гэмтээсэн байх боломжгүй байхад дээрх дүгнэлтийг хийгээд байгаа нь бодит байдалтай нийцсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” байдал нотлогдон тогтоогдоогүй байхад хохирогч Г.Г-т Э.Бг гэмтэл учруулсан гэж дүгнэсэн дүгнэлтдээ хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын хэрхэн, яаж үнэлсэн эсэх, хохирогч, гэрч А.А, Т.Э нарын зөрүүтэй мэдүүлгийн алийг нь аваад, бусдыг нь үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд дурдаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх “ ... Шүүгдэгч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 967 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан журам зөрчсөн, хэргийн газрын үзлэг хийх явцад хутга, хутганы хуй, архины шил ундааны лааз зэргийг хураан авахдаа прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авсан тул эд мөрийн баримтаар хураагдсан дээрх эд зүйлс болон хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт болох хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг шинжилсэн шинжээчийн дүгнэлт зэргийг хуульд заасан журам зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн үндэслэлээр нотлох баримтаас хасах тухай хүсэлтийг гаргажээ. Гэвч шүүгдэгчийн хүсэлтэд дурдагдсан дээр нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ ...” гэснийг зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “ шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7 ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэснийг зөрчсөн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл нотлох баримтыг агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... няцаасан үгүйсгэсэн үндэслэл” гэснийг баримтлаагүй бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гэж үздэг. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хүлээн авч, 280 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт явагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тогтоогдсон учраас хууль зөрчсөн ажиллагааг хүчингүйд тооцуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Гэтэл анхан шүүх нь тухайн асуудлыг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүйгээр хянан шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр тогтоогдож байгаа. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд мөрдөгч, прокурор, Шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа  Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд энэхүү зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд түүний гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож хууль зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.

Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн дэд ахлагч Э.У, ахлах дэслэгч П.Б нар хэргийн газар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байхдаа Э.Бгийн гэм буруугийн талаар урьдчилсан хөдөлбөргүй үнэн гэсэн дүгнэлт хийж, хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчиж хэргийн газраас ямар хэмжээтэй нь үл мэдэгдэх хутга, архины шил, ундааны лаазыг битүүмжлэн хураан авсан байдаг /1-хх-06/.

Гэтэл эдгээр цагдаагийн албан хаагч нарын дээрх үйл ажиллагааны дараа мөрдөгч П.Б, шинжээч н.Г, хөндлөнгийн гэрч н.А, н.Э нар нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 03 цаг 15 минутад хэргийн газарт үзлэг хийж дахин хутга, хутганы хуй, архины шил, ундааны сав зэргийг хураан авсан гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар 24 цагийн дотор прокуророос зөвшөөрөл хүсээгүй бөгөөд хяналтын прокуророос ч гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гаргаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хэргийн газарт үзлэг хийх бөгөөд үзлэгийн үед эд зүйлийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал заавал 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах ажиллааг хийх ёстой юм. Гэтэл Э.Бд холбогдох эрүүгийн 5 хавтаст хэрэгт хутга хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон прокурорын зөвшөөрөл бүхий тогтоол авагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гэсэн тодорхойлолт үл нийцэх, хууль бус арга хэлбэрээр цуглуулсан нотлох баримт болох хутгыг анхан шатны шүүх үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримтыг хураан авах тохиолдолд прокурорын зөвшөөрөл авдаг бөгөөд ийнхүү хуульд заасан журмыг зөрчиж эд мөрийн баримтыг хураан авсан бол тэрхүү ажиллагааг хууль бус ажиллагаа гэж үзэхээр хуулиар зохицуулсан.

Өнөөдөр өмгөөлөгч миний бие шүүгдэгч Э.Бгийн гэм буруутай, гэм буруугүй эсэх талаар гомдол гаргаагүй бөгөөд зөвхөн Монгол улсын хуулийн байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэхийг хянан шийдвэрлүүлж, хууль зөрчин цуглуулсан баримтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн шийдвэр гаргуулахаар гомдол гаргаж байгаа болно.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрөлгүйгээр олон удаа хэргийн газарт үзлэг явуулж, эд зүйл хураан авч байгаа нь уг нотлох баримт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл мөн эсэхэд шууд эргэлзээ төрөх бөгөөд ямар учраас, яагаад хууль заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тухайн ажиллагаагаа хүчинтэйд тооцуулаагүй болох нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг бүрэн илрүүлж. шударгаар ял оногдуулах байтал Э.Бг зэвсэг хэрэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн хирнээ хэргийн газраас хууль бусаар, хууль зөрчиж авсан хутгыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байна гэж шууд дүгнэсэн нь хуулийн байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг өөрөө зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд цугларсан нотлох баримтаар бусдын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бөгөөд хэргийн газраас хураан авсан гэх хутгыг нотлох баримтаас хассан тохиолдолд Э.Бгийн эрх зүйн байдалд дээрдэх юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: Энэ хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж хуулиар тайлбарласан.

Нэгэнт хэргийн газраас хураан авсан гэх хутга хууль зөрчиж хураан авсан эд зүйл тул тэрхүү нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгохгүй, мөн хэргийн хохирогч, гэрчүүд нь ямар эд зүйлээр хохирогчид гэмтэл учруулсан болохыг хэн аль нь ч нотолж, зааж чаддаггүй зэрэг нөхцөл байдлуудаас харахад хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр бусдын биед гэмтэл учруулаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Э.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул уг зүйлээр гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүх нь өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг журам гэх хуульд заагдаагүй үндэслэлээр тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэсэн хууль бус юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг журам гэсэн үндэслэлээр хууль бус, хууль зөрчсөн үйлдэл болгоныг хаацайлан хамгаалж байвал олон олон иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийн гол зарчим, үзэл санаа үгүй болж албан тушаалтан дураар аашлах нөхцөл байдал үүсэх юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, торгох ял оногдуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Б тайлбартаа:

“ ... 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн тогтоолд миний бие хүндэтгэлтэй хандаж 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Г-т шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн өдөр хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч болон миний өмгөөлөгч нар хамт уулзах үеэр миний бие түүнээс уучлалт гуйж өнгөрсөн хугацаанд болсон бүхнийг дуусгаж хүлцэл өчсөн ба Г.Г хүлээн авч бараан бүхэнд цэг тавьсан. Шүүх хурлын үеэр хохирогч Г.Г нь “Б уучлаарай хэргээ хүлээж байна гээд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.  Ар гэрийнх нь амьдралыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэж хэлсэн ба тус хүсэлт нь шүүх хурлын тэмдэглэлийн 141-р хуудасны 4 дэх хэсэгт бичигдсэн байгаа.

Миний бие шүүх хурлын үеэр хэргийн бүх оролцогчид, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүгч болон онцолж хохирогч Г.Г болон түүний гэр бүлээс Уучлалт гуйсан ба хурлын тэмдэглэлийн 145-р хуудасны доороосоо 22 мөрт, 146-р хуудасны эхний 3 мөрт бичигдсэн байгаа. Миний өмгөөлөгч нар мөн миний хүсэлтийг шүүхэд илэрхийлсэн болно. Тухайн хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд хяналтын прокурор Л.О нь прокурорын эсэргүүцэлд дурдсан сэдвийн хүрээнд тайлбар хийхэд нь миний өмгөөлөгч болон шүүгч нар хуулийн зүйл заалтуудын хамт тайлбарлаж хэлсэн нь мөн хурлын тэмдэглэлд бичигдсэн болно. Хяналтын прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбоотой хэргийн талаар миний өмгөөлөгч нар хууль зүйн талаас нь тайлбар гаргах байх” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.У давж заалдах гомдолдоо:

“ ... Түүнд холбогдох хэрэгт хохирогч Г.Г-н биед учирсан шарх, түүний хэмжээ, хэвлийн хөндий нэвтэрсэн зай /хэвлийн урд хананаас нуруу чиглэн чацархайн уг хүртэл гэмтсэн зай/, энэхүү зайд үүссэн шархыг хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хутгаар үүсгэсэн байх боломжтой эсэх асуудал нотлогдохгүй, эргэлзээтэй хэвээр үлдсэн.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт клиникийн эмч С 2 мэдүүлэг өгч Г.Г-н биед учирсан шархны гүн чацархайн угт хүрсэн гэдгийг нотолсон. Энэ нь чацархайн зөвхөн өнгөн хэсгийн гэмтэл биш чацархайн уг, суурь хүртэл үйлчилж хүрсэн гэмтэл гэдгийг нотолсон үйл баримт юм.

Эмч С энэхүү чацархайн уг хүргэх зайг мөрдөн байцаалтын шатанд хэвлийн хөндийг 10 см гүн нэвтэлж үүсгэнэ гэж тодорхой мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт ... чацархайн уг хүртэлх гэмтсэнийг шүүхэд тайлбарлах боломжгүй шинжээч эмч тайлбарлах байх ... хэмээн мэдүүлж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ дэмжээгүй.

Хэрэгт Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 387 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 967 дугаартай дүгнэлт зэрэг 2 дүгнэлт хохирогч Г.Г-н биед учирсан шархтай холбоотойгоор гарсан.

Дээрх 2 дүгнэлтэд хоёуланд нь нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн үйл баримтыг нотолсноос чацархайн уг хүртэл гэмтсэн талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл клиникийн эмч С-н мэдүүлдэг чацархайн уг хүртэл гэмтсэн шарх байсан гэх үйл баримт шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдаагүй, тогтоогоогүй.

Шинжээч эмч Г хэвлийн хөндийн зайны талаар эмч С-н өгсөн мэдүүлгийг үгүйсгээгүй бөгөөд хэвлийн хөндийн нэвтрэх зайг “...хэвлийн урд хана, арьс, арьсан доорх ислэг, булчин, гялтан хальс гэсэн давхаргаас бүрдэнэ. Энэ давхаргын зузаан нь тухайн хүн хир тарган туранхай булчингийн хөгжил хир зэргээс хамаарч нимгэн зузаан янз бүр байна. Өвчний түүхэнд хэвлийн урд хэсэгт хүйсийн баруун дээхэн 1,5-2 см хэмжээтэй хутганы шархтай байна гэсэн бөгөөд уг шарх хэвлийг нэвтэрсэн байсан”. Хохирогчид үүссэн шархыг надад үзүүлсэн хутганы 2,8 см хэсгээр үүссэн байх боломжтой...” гэж мэдүүлсэн.

Харин тухайн үед Г.Г-т хагалгаа хийсэн эмч С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Г шинжээчийн мэдүүлэгт дурдсан хэвлийн хөндий нэвтрэх давхаргуудыг тоочиж Г-н биед учирсан шархыг 10 см-ээс дээш гүнд үүсгэгдсэн шарх гэдгийг тойруугаар мэдүүлсэн. Дээрхээс Г.Г-н биед учирсан 2 см-ийн өргөнтэй шархны гүний хэмжээг шинжээч Г 2,8 см гэж клиникийн эмч С 10 см-аас дээш гэж зөрүүтэй тодорхойлсон нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хутгаар энэхүү шарх үүсгэгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлсэн.

С-н мэдүүлгийг үнэлж, хутганы хэмжээтэй харьцуулж харвал Г.Г-н биед эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар үүсгэгдэх шархны хэмжээ 3,5-4 см байхаар, харин шинжээч эмч Г-н мэдүүлгийг үнэлж харвал Г-н биед хутгаар үүсгэгдэх шархны хэмжээ 2 см, гүн нь 2,8 см байх боломжгүй, ийм боломжтой байсан ч хамгийн цаад зах нь /хутганы үзүүр/ хэзээ ч чацархайн уг хүртэл гэмтэл учрахгүй байсан. Түүнчлэн хүний арьсанд учирсан урагдал нь эмч С-н мэдүүлгээр тэлэх бол шинжээч эмч Г-н мэдүүлгээр агших байдлаар мөн л эргэлзээтэй байдал үүссэн.

Тодруулбал, шинжээч Г-н мэдүүлж байгаагаар хутганы 2,8 см хэсэг /хутганы үзүүр хэсгээс/ хэвлий хөндий рүү орсноор 3 см өргөнтэйгөөр арьс зүсэгдэх боломжтой бөгөөд энэхүү зүсэгдсэн хэмжээ агшиж 2 см болсон мэт мэдүүлэг авагдсан энэхүү мэдүүлгийг шүүх үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэх эсэхэд эргэлзээ төрүүлнэ.Дээрх нөхцөл байдлууд нь Г-н биед учирсан шархыг хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хутгаар үүсгэсэн эсэхэд бодит эргэлзээ төрүүлж байна.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг огт анхаараагүй бөгөөд шийтгэх тогтоолд “...чацархайд хатгагдсан шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна” хэмээн хутгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг үгүйсгэх, эргэлзээтэй нөхцөл байдлуудыг болон хутганаас биологийн ул мөр илрээгүй зэрэг үйл баримтуудыг огт үнэлээгүй.

Энэ нь Э.Бд холбогдох гэмт хэргийг хутгаар үйлдсэн гэх үйл баримтад хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой үйл баримтууд эргэлзээтэй, бүрэн нотлогдоогүй байхад гэм буруугийн талаар шүүх дүгнэлт гаргасныг харуулж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.4, 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд заасан хянаж, нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй эргэлзээтэй нөхцөл байдал байхад прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн Э.Б-гийн гэм буруугийн талаар гэмт хэргийг хутгаар үйлдсэн хэмээн дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн.

Түүнчлэн Э.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6,7,13-т заасныг тус тус зөрчиж авсан ”...Б байцаагч хэн хутгалсан юм бэ гэж надаас асуусан. Би мэдэхгүй гэсэн. Гэтэл байцаагч за тэгвэл мэдэхгүй, санахгүй байна гээд хэлчихье гэсэн. Засаад өгчихөд болдог юм аа гэсэн. Чи эрүүлжүүлэхээс гармаар байгаа биз дээ” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судалсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн.

Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг Э.Бд ашигтайгаар тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Э.Бд холбогдох хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    

            Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15 дугаар байрны авто машины гражид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Г-н хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, хэвлийн урд хананд хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархайд хатгагдсан шарх бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Г.Г-н “... Би Б-тэй маргалдсан чинь А, Э, Б нар дундуур орж салгасан. Гэтэл Б машин руугаа гүйгээд машиныхаа араас нэг юм аваад над дээр ирээд Б-н хажуу талаас Б орж ирээд миний хэвлий рүү юмаар дүрэх шиг болсон. Хэвлий халуу дүүгээд харахад цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Т.Э-ын “... 2019 оны 05 сарын 24-ний өдөр Э.Бгийн машины гражид очиж архи ууцгаасан ... Б-г хутга барьж байгааг нь хараагүй, Г-тай барьцалдаад зогсож байна л гэж ойлгосон. Гэтэл Г газарт унаад Б намайг хутгалчихлаа ш дээ гэсэн ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Б.Б-н “...Бид 0.75 литрийн архиа Б-н гражид байсан машины ард тойрог хэлбэртэй суугаад ууцгаасан. Г-г хутгалагдах үед би Э-н баруун талд сууж байсан ... Г Б хоёр муудалцаж зууралдаж байсан. Тэр хоёроос өөр маргалдаж муудалцаж зодолдсон хүн байгаагүй ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Т.Н-н “... Би нилээд согтуу орж гараад байсан. Намайг гадаа гараад орж ирэхэд  Г хутгалагдсан байсан.Б хутгалчихлаа гэж байсан ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Н.А-н “... Б Г хоёр маргалдаад барьцалдаж аваад байсан. Б машин руугаа гүйж очоод эргэж ирээд Г-тай барьцалдах шиг болсон. Гэтэл Г миний хажууд хэвтээд өгсөн. Би яасан бэ гэхэд Б намайг хутгалчихлаа ш дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 387 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 967 дугаартай хохирогч Г.Г-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

              Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Прокурор “... шүүх үндэслэлгүйгээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй ...” гэсэн эсэргүүцэл гаргажээ.

 

              Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 3.1-д “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгана гэж заасан.

 

              Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэсэн үндэслэлээ тодорхой дүгнээгүй боловч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг хэт ерөнхий байдлаар дүгнэсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д заасан дээрх заалтыг ноцтой зөрчөөгүй байна.

 

              Түүнээс гадна шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлээгүй боловч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн / 7 дугаар хх 150/, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогч нь “...ар гэрийнх амьдралыг харгалзан үзээд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн /7 дугаар хх 146/ зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Э.Бг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг буруутгах буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “ ... мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох баримтаас хасах, ... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх ... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудын тухайд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 387 дугаартай “Г.Г-н биед ... хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт үндэслэлтэй болох нь шинжээчийн 967 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож тогтоогджээ.

             

Түүнчлэн өмгөөлөгч нар нь “... хутганд хийсэн үзлэг, хутганд биологийн сорьц илрээгүй нь шинжилгээгээр “хутганд бохирлогдсон зүйлгүй” гэх байдал тогтоогдсон ... эд мөрийн баримтаар авагдсан хутгаар энэхүү шарх үүсгэгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлсэн ... хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчиж хэргийн газраас ямар хэмжээтэй нь үл мэдэгдэх хутга, архины шил, ундааны лаазыг битүүмжлэн хураан авсан ...” гэсэн байх боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Э.Бгийн эзэмшлийн автомашинд түүний эцэг Л.Э-н хутга байсан талаар шүүгдэгч болон гэрч Л.Э нар мэдүүлснээс гадна хэрэг учрал болсон газарт дээрх хутганаас өөр хутга байсан талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байна.

 

Мөн шинжээч Ж.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хохирогчийн хэвлийн хөндийн урд хананд нэвтэрсэн шарх нь урдаас хойш чиглэлтэй байсан ... энэ нь урдаас хойш чиглэсэн хүчний үйлчлэлээр үүсдэг ... унахад үүсэх боломжгүй ... хурц үзүүр ирмэгтэй зүйлээр хатгагдаад зүсэгдсэн шарх ... хохирогчид учирсан шарх гэмтэл нь эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар үүсгэгдсэн байх боломжтой ... ” гэж / 7 дугаар хх 84, 88/,

 

шинжээч Ч.Г нь “ ... хутганы дунджийг би өөрөө хэмжээд хэлсэн ... тухайн үед гарын үсэг зурах ажиллагааны хувьд яагаад зураагүйгээ мэдэхгүй байна...жижүүртэй байгаад дуудлага ирээд гараад явсан байхыг үгүйсгэхгүй ...” гэж /7 дугаар хх 91/ тус тус мэдүүлжээ.

 

Хэдийгээр тухайн үйл баримтыг шууд харсан талаараа гэрч нар мэдүүлдэггүй боловч шүүгдэгч Э.Бд хутгалуулсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх болон шүүгдэгч Э.Бг хохирогч Г.Г-н биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хутга буюу зэвсэг хэрэглээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

              Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, Т.Б, А.У нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                  С.ЦЭЦЭГМАА