Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Н.Э,    

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Н-ийн Э-т холбогдох 2428000000282 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

Биеийн байцаалт:        

Холбогдсон гэмт хэргийн талаар:                                

Шүүгдэгч Н.Э нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-г зодож, биед нь баруун нүдний зовхи, хамар, дээд уруулын зулгаралт, дагз хэсгийн хуйх, бүсэлхий нуруу, баруун өгзөг гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө хотоос ирээд ачаагаа буулгаж байхад манай найз надаас ачаагаа авах гэж ирээд нэг шил архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад гэртээ иртэл эхнэр ирээд мөнгө төгрөг гээд загнаад учиргүй юм хум авч шидээд байхаар нь архи уусан болоод ч тэр үү гэнэт огцом уур хүрээд эхнэрээ барьж аваад хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд хоёулаа хэрэлдээд сууж байтал эгч, дүү хоёр нь орж ирээд цагдаа дууд гээд тэгээд цагдаа дуудсан. Эхнэрээ зодсон нь үнэндээ муухай байна. Тухайн үед гэнэт уур хүрээд барьж аваад цохисон. Бусдаар хэрэлдэж маргалдаад зодолдоод байдаг зүйл байхгүй гэв.      

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өглөө манай нөхөр Э 10 цагт Улаанбаатар хотоос дэлгүүрийн бараа аваад ирсэн. Би ирээд ачаа буулгаж байх хооронд миний Төрийн банкны картаас 2 сая төгрөг өөрийн данс руу шилжүүлэн авсан байсныг 11 цаг 30 минутад мэдсэн. Би Э “Говь Шанх” дэлгүүрийн гадаа байхад нь араас нь очоод Э-ыг аваад гэрт ирсэн. Эаас чи миний картаас авсан мөнгөө өгөөдөх гэж хэлэхэд байхгүй би онлайн покер тоглоод дуусчихсан гэж хэлсэн. Э нь өмнө олон удаа онлайн покер тоглож мөнгө их алддаг байсныг нь хэлэхэд би хол газраас ядарч ирж байхад чи яасан олон юм ярьдаг юм би өөрийн мөнгөөр тоглож байна гэж хэрүүл хийсэн. Би чи ядарч байсан юм бол 20 минутын дотор 2 сая төгрөг алдаад байхдаа яадаг юм гэж хэлсэн. Би өөрийнхөө эд хөрөнгөөр тоглож байна чиний юм биш гэж хэлээд бид маргалдсан. Ойролцоогоор 30 минутын дараа Э нь надад чи намайг гуйлгачин амьдруулдаг надад мөнгө өгдөггүй гээд уурласан. Чи мөнгө авахаараа хамаг покерынхныг тэжээж байдаг. Би 15 жил покерынхныг тэжээлээ гээд уурласан чинь намайг хохь чинь гэж хэлсэн. Чи хүнээс авсан мөнгөө өгдөг тийм байж миний мөнгийг өг гэж хэлсэн чинь би юм хийхгүй байгаа юм уу би хотоос ачаа авчраад өгч байгаа юм биш үү энийг чинь хэн хийдэг юм хохь чинь чи гэхээр нь би уурлаад 330 граммын усыг аваад шидсэн гэхдээ биеийг нь оноогүй юм, тэгсэн чинь шууд ирээд үсдэж унагаагаад дээрээс өшиглөж, цохисон. Би зодуулаад байж байхад гэнэт хатуу юмаар толгой руу 2 удаа цохиж бас нуруу руу цохисон. Тэгээд би болиоч гээд зөндөө гуйж байж нэг юм болиулаад дээшээ харчихаад чи намайг гүйцээгээд алахгүй яасан юм гэж хэлэхэд над руу сандал авч шидсэн. Би дүү болох Ү руу залгаад Э намайг аллаа хүрээд ирж хар гэж хэлчхээд байж байтал ойролцоогоор 10 минутын дараа Ү, О, С нар ирэхэд нь Э зодохоо больчихсон байсан. Дүү нар Э-т хандаад чи манайд эгчийг зодоод байхдаа яадаг юм арай дэндээд байгаа юм биш үү гэхэд Э дүү нар руу та нарт хамаагүй би өөрийнхөө юмаар тоглож байна гэж хэлсэн. Тэд нар ирээд ойролцоогоор 15 минутын дараа гэрээс гараад явсан... Бид 2000 онд анх хүүхэдтэй болоод 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж байсан... Тэрнээс хойш манай нөхөр надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Миний бие нөхөр болох Н.Э гэх хүнд гомдол санал байхгүй. Н.Э гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр болох Э гэх хүнтэй одоогоор хэвийн харилцаатай байгаа. Маргалдаж муудсан зүйлгүй байгаа. Би нөхрөө уучилсан.” (хавтаст хэргийн 12-14, 17-18 дахь тал)       

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-гийн биед баруун нүдний зовхи, хамар, дээд уруулын зулгаралт, дагз хэсгийн хуйх, бүсэлхий нуруу, баруун өгзөг гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 35-36 дахь тал)   

Эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)

Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 81-83 дахь тал).

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж байна гэх тайлбарыг гаргав.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Э нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-г зодож, биед нь баруун нүдний зовхи, хамар, дээд уруулын зулгаралт, дагз хэсгийн хуйх, бүсэлхий нуруу, баруун өгзөг гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 17-18 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 81-83 дахь тал), шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Н.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э нь хохирогч Б.А-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.  

Мөн шүүгдэгч Н.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.                   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн  5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Н.Э, хохирогч Б.А нар нь 1998 оноос эхлэн хамтран амьдарч, гэрлэлээ батлуулан дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа бус, өмнө таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж байсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийг үсдэж унагаагаад дээрээс нь өшиглөх, толгой, нуруу руу нь цохих зэрэг гэмт үйлдлийн арга, уг үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс үзэхэд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангажээ.    

Иймд шүүгдэгч Н.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Н.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Миний бие нөхөр болох Н.Э гэх хүнд гомдол санал байхгүй. Н.Э гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр болох Э гэх хүнтэй одоогоор хэвийн харилцаатай байгаа. Маргалдаж муудсан зүйлгүй байгаа. Би нөхрөө уучилсан.” (хавтаст хэргийн 12-14, 17-18 дахь тал) гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.               

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.        

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.       

Шүүхээс шүүгдэгч Н.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлөөс ялаас торгох ялыг сонгож, улмаар шүүгдэгч Н.Э-ыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т шүүхээс оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.     

Бусад асуудлаар.  

Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.     

Шүүгдэгч Н.Э нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон              

ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч О овгийн Н-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т шүүхээс оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгасугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ