Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/00235

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/00235

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2014/00215

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ,,,,,, тоотод оршин суух Г овогт Ш-ын А /РД: ,,,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ,,,,,,,,, тоотод оршин суух Е овогт О-ын С /,,,,,,,,,,,,/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ,,,,,,,,,,,,,,,,, тоотод оршин суух Е овогт О-ын А /РД: ,,,,,,,,,,,,/ нарт холбогдох,

 

"108,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч О.С /хариуцагч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.А, О.С нартай эгч дүүс мэт дотно харилцаатай олон жил найзалж, хэн хэндээ тус дэм болж явсаар бие биедээ итгэдэг болсон байсан үед О.С, О.А нар нь өөрсдийн эрхэлж байсан хувийн бизнес болон өр төлбөртөө зориулан миний ах дүү найз нөхдөөс надаар дамжуулан удаа дараа их хэмжээний мөнгө зээлэн авсан боловч хэн хэн нь ажилгүй болж, эрхэлж байсан бизнес нь амжилтгүй болж надаар дамжуулан авсан зээлүүдээ эргүүлэн төлөлгүй намайг эдийн засгийн болон сэтгэл санааны маш их дарамтанд оруулан хүнлэг бус байдал гаргасаар олон жил хохироож байгаа тул эдгээр хүмүүсээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд О.С, О.А нараас нийт 120,000,000 төгрөг гаргуулан, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд миний талийгаач нөхрийн нэр дээр байсан хадам ээж, аавын байрыг О.С, О.А нар барьцаанд тавиулж, Зоос банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авахуулсан байснаа 2008 оны 03 сард нөхрийг маань нас барсны дараа хуурамч бичиг баримт бүрдүүлэн өв нээж, тус зээлээ төлөөд дахин байрыг барьцаанд тавиулж, надаар 30,000,000 төгрөгийн зээлийг авахуулсан. Энэхүү зээлээс 2009 онд би 5,000,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн, одоо үлдэгдэл төлбөр нь төлөгдөөгүй байгаа. Мөн О.С 2009 оны 08 сард зээл авах гээд цалингийн зээлийн үлдэгдлээ хаах шаардлагатай байна гээд надаар Д.Э гэх хүнээс 1,000,000 төгрөг авахуулан цалингийн зээлээ хааж байсан.

Мөн 2008 оны 04, 05 дугаар сард О.С-т мөнгө хэрэгтэй байна гээд Д гэх хүнээс 3,000,000 төгрөг, 2008 оны 10 сарын үед О.С, Т гэх хүнээс 4,000,000 төгрөг, О.А, О.С нар нь энэ үед А гэх хүнийг дагуулж ирээд О.А-г авлигатай тэмцэх газраас шалгаад байна гэхээр нь Т-аас нэмж 13,000,000 төгрөг авч О.С-т өгсөн. 2008 ондоо сарыг нь санахгүй байна М.Н гэх хүнээс 18,000,000 төгрөг зээлүүлж О.С авсан.

Тэгээд О.С нь зээл бүтэхгүй байна гээд барилга барих зөвшөөрөлтэй, газар байна та мөнгийг нь гаргавал барилгаа барьчихаад бүх өр төлбөрөө буцаан өгнө, мөн нэг давхарт 1 өрөө өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч Д.Э-т энэ байдлаа хэлээд 35,000,000 төгрөг нэмж авч О.С-т өгсөн.

Мөн 2009 оны 8 сард О.А мөнгө бүтэх гээд байна мөнгө олоод өгөөч гэхээр нь хүүгийнхээ үерхдэг охины ээж Л.М-с нийт 24,000,000 төгрөг зээлж авч О.С-т өгсөн. О.А-ийн гуйлтаар түүний хувийн үсчин М гэх хүний нэр дээр өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн 10,000,000 төгрөгийн зээл М-р авахуулсан.

Зоос банкнаас зээлсэн 30,000,000 төгрөгөөс бусад өр төлбөрийг бүгдийг нь би өөрөө төлж барагдуулсан. Зоос банкинд би өөрөөсөө 5,000,000 төгрөг төлсөн байгаа. Иймд нийт О.С, О.А нар надаас зээлүүлж авсан Зоос банкны төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүнд нь би өөрөө төлсөн 5,000,000 төгрөг, Э-ээс авсан 36,000,000 төгрөг, Д-аас авсан 3,000,000 төгрөг, Т-аас авсан 17,000,000 төгрөг, Н-ээс авсан 18,000,000 төгрөг, М-ээс авсан 24,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, Эрэл банкны зээлийн барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас суллахын тулд төлсөн 10,000,000 төгрөг, нийт 148,000,000 төгрөг болж байгаа.

О.А эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа надад тэдний барьж байсан барилгыг 50,000,000 төгрөгт тооцон өрөндөө шилжүүлэхээр болж, би гомдолгүй гэсэн бичиг хийж өгч, тэр барилгыг хариуцагч нарын дүү М, Е нарт 40,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд О.А тухайн үедээ М-с авсан 29,000,000 төгрөг, Эрэл банкнаас авсан зээлийн 10,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг би авсан, миний өр гэж хэлж байсан учир түүнийхээ өрөнд барьж байсан барилгыг авсан. Барилгыг би О.А, О.С нарын дүү М, Е нарт худалдаж, 40,000,000 төгрөг авсан тул үүнийг хасаад 108,000,000 төгрөгийг хариуцагч О.С-с гаргуулж өгнө үү. О.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагч О.А шүүхэд гаргасан тайлбартаа: О.С, Ш.А нарын хооронд бичгээр байгуулсан 2 янзын гэрээ байдаг ба уг хэлцлийг үндэслэн Ш.А Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах дуусаагүй барилгыг дүү Б-аа нэр дээр шилжүүлж авч, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг юм. Дээрх гэрээнүүд өнөөдрийг хүртэл хэвээр байгаа учир бид Ш.А-т төлбөр төлөх ёсгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагч О.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.А нь надаас болон миний эгч О.А-с 120,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Бид 3 тухайн үед миний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,, нутагт байрлах 6,300 мкв талбайтай газар дээр барилга барихаар хамтран ажиллахаар тохирч, Ш.А тэр барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Барилга бариулах ажлыг би хариуцаж байсан бөгөөд бидний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу аймгийн мэргэжлийн хяналтын албаны шаардлагаар энэ барилгын ажил зогссон.

Гэтэл барилгын ажил зогссон өдрөөс эхлэн Ш.А эгч бид хоёроос хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө нэхэж байсан. Үүний дараа миний эгч О.А надад барилгынхаа өмчлөх эрхийг Ш.А-т эсхүл хэний нэр дээр шилжүүлэн авна гэнэ тэр хүнд нь шилжүүлж өг, би энэ хүнтэй дахин хэрүүл хиймээргүй байна гэхээр нь би Ш.А-тэй уулзаж Э нотариатчаар гэрчлүүлсэн хэлцлийг хийсэн. Тэр үед гэрээг хийхдээ Ш.А барилгад оруулсан мөнгө, хүүтэйгээ 130,000,000 төгрөг болж байна гэж тооцож өгсөний дагуу 130,000,000 төгрөг гэж бичсэн. Тэр үед Ш.А гэрээн дээр гарын үсэг зураад Э-оор очоод гэрчлүүлээрэй би дараа нь дэвтэрт нь гарын үсэг зурна гэсний дагуу би Э дээр очиж гэрээгээ гэрчлүүлсэн. Гэтэл Ш.А дараа нь энэ гэрээг гэрчлэхэд би өөрөө гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр биш, та 2 намайг залилсан гэж Цагдаад гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эгч бид хоёрт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, бүтэн 2 жил шалгасан. Энэ хэргийг шалгаад бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан.

Нэгэнт шүүх бидний үйлдлийг эрүүгийн хэрэг биш гэж тооцсон, мөн бид нар барьж байсан барилгаа бодит байдалд Ш.А-т шилжүүлэн өгсөн, Ш.А уг барилгыг бусдад худалдсан байсан учир би энэ асуудлыг дууссан гэж бодож явтал Ш.А шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гэрээнд 110,000,000 төгрөг гэсэн мөнгөний дүнг өөртөө ашигтайгаар хэрэглэх болохоор гэрээг хүчин төгөлдөр гээд харин бусдыг гэмт хэрэгт шалгуулах болохоор хүчингүй гэдэг. Мөнгө өгсөн авсан тооцоогоо хийх зорилгоор энэ гэрээг хийнэ гэж тухайн үед бид тохироогүй, барилгаа барьж дуусгах боломжгүй болсон учраас барилгад хөрөнгө оруулсан мөнгөндөө тооцож барилгаа шилжүүлнэ гэж А А хоёр тохирсны дагуу би энэ гэрээг хийсэн. Барилгад оруулсан мөнгөнөөс гадна энэ мөнгөнүүдийн хүүг тооцож гэрээн дээр үнийн дүнг бичсэн.

Ш.А-ээс Зоос банкнаас зээлсэн 30,000,000 төгрөг, М-ээс зээлсэн 24,000,000 төгрөг, миний цалингийн зээлийг төлсөн 1,000,000 төгрөг, эгчийн нөхөр нас барахад буяны ажилд зориулж 1,500,000 төгрөг, нийт 56,500,000 төгрөгийг авсан.

А, А нар М-ээс зээлж авсан 24,000,000 төгрөгөөр өмнө нь унгалаг, Н нараас авсан мөнгийг төлсөн, надад энэ 24,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй. Би авсан мөнгөндөө барилгаа өгсөн. Иймээс нэхэмжилж байгаа мөнгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хэрэв миний барилгыг буцаан өгвөл 56,500,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч О.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Г-ын гэрчилсэн 2011 оны 04 сарын 27-ны өдрийн Р ХХК-иас Д.Е-д газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй хэлцэл учраас хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,багийн нутагт байрлах 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр Т-ийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн итгэмжлэлд тооцон, 2011 оны 04 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

... 110,000,000 төгрөгийн төлбөрт миний дүү Г.Т өөрийнхөө Р ХХК-ийн өмчлөлд байсан дуусаагүй барилгаа шилжүүлснийг дээрхи 110,000,000 төгрөгийн асуудалд огт хамааралгүй гэж үзэж байгаа юм. Гэтэл дүү Г.Т чухам юуны төлбөрт яагаад барилгаа бусдад худалдах эрх олгосныг ойлгохгүй надаас 110,000,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ш.А-т Р ХХК-ийн албан бичгээр зөвхөн дуусаагүй барилгыг шилжүүлэх тухай бичиж явуулсан байхад Ш.А түүнийг ашиглан газар эзэмших эрх шилжүүлэх албан бичиг бичиж тус компанийн 1623 мкв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн байна. Т нь газар эзэмших эрх шилжүүлэх итгэмжлэл хийж өгөөгүй байхад газар эзэмших эрх шилжүүлж бусдад уг газрыг худалдсан нь хууль бус байна. Иймд дээр дурдсан итгэмжлэл, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1623 мкв газрын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагуудыг гаргаж байна. Одоо тус газар хэн гэдэг хүнд хэрхэн шилжсэнийг би мэдэхгүй байгаа тул тэр шилжсэн хэлцэл бүрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч Ш.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр Т-ээс мэдүүлэг авсан байдаг. Гэтэл Т нь энэ барилгын суурийг би анх 25 сая төгрөгөөр авсан үүсгэн байгуулагч нь би гэж гэрчилдэг. О.С гэх хүн Р ХХК, Е, М нарын хооронд хийгдсэн гэрээнд ийм нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, Ш.А-тэй хамааралгүй. Ш.А энэ барилгыг М, Е нарт өгсөн гэсэн баримт байхгүй, хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол түүнийгээ нотлох баримтаа нотлох үүрэгтэй, хавтаст хэрэгт энэ яриад байгаа гэрээ хэлцлийг олж хараагүй, авчирсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А нь шүүхэд О.С, О.А нараас 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 108,000,000 төгрөгийг хариуцагч О.С-аас гаргуулах, хариуцагч О.А-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч О.С нь Ш.А-т холбогдуулан 2011 оны 04 сарын 28-ны өдрийн Р ХХК-иас Д.Е-д газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,, дүгээр багийн нутагт байрлах 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр Т-ийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн итгэмжлэлд тооцон, 2011 оны 04 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.А шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Э-ээс сүүлд нь нэмж авсан 35,000,000 төгрөгийг барилгын ажилд зориулж өгсөн, Үлдэгдэл 73,000,000 төгрөгийг О.С, О.А нар надаас зээлсэн, энэхүү зээлээс М-ээс зээлж авсан 24,000,000 төгрөг, түүний хүү 5,000,000 төгрөг, Эрэл банкинд төлж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлсөн 10,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг нь О.А-ийн надаас зээлсэн зээлийн төлбөр бөгөөд энэ төлбөрөө О.А дуусаагүй барилгаар төлсөн тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа гэж, хариуцагч О.С Ш.А-ээс Зоос банкнаас 30,000,000 төгрөг, М-ээс 24,000,000 төгрөг, миний цалингийн зээлд 1,000,000 төгрөг, эгчийн нөхөр нас барахад буяны ажилд зориулж 1,500,000 төгрөг нийт 56,500,000 төгрөгийг авсан бөгөөд үүнийхээ 54,000,000 төгрөгийг барилгын ажилд зарцуулсан. Авсан мөнгөндөө барилгаа өгсөн. Ш.А нь энэ мөнгөн дээр өөрийнхөө Т, Н гэх хүмүүсээс авсан мөнгөө нэмээд биднээс нэхэмжлээд байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин шилжүүлсэн барилгаа буцаан өгвөл 56,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тус тус тайлбарладаг болно.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан 2009 оны 09 сарын 04-ний өдрийн О.С, О.А, Ш.А нарын гарын үсэг бүхий 1.А мөнгө барина. Данс хөтөлнө. 2. А эгч мөнгө олно. Хүү төлнө. 3. Барилгаа бариулна. Материал хямд олох гэсэн хэлцэл гэх баримтаас үзэхэд зохигчдын хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,-д байршилтай орон сууцны зориулалттай, 1623 мкв талбай бүхий газар дээр барилга барихаар хамтран ажиллах хэлцэл байгуулагдсан байх бөгөөд уг газар нь Р ХХК-ийн эзэмшлийнх, барилгыг бариулах ажлыг хариуцагч О.С хариуцахаар, нэхэмжлэгч Ш.А нь хөрөнгө оруулалт, мөнгө олох ажлыг хариуцахаар талууд тохирчээ. /хх-ийн 53, 70 дугаар хуудас/

Хариуцагч О.С хамтран барилга барих ажлыг хийх талаар 2007 оноос ярилцаж байсан, Ш.А-ээс мөнгө зээлж аваагүй, барилгын ажилд зориулж авч байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан талуудын гарын үсэг бүхий баримт, тус барилгын дулааны огтолгоо авсны төлбөр төлсөн баримт, техникийн нөхцлийн төлбөр төлсөн баримтууд зэргээс үзэхэд 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн зохигчид барилга барих ажлыг хамтран хэрэгжүүлэхээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах хэлцэл байгуулсан байна гэж үзэхээр байна. /хх-ийн 87-90 дүгээр хуудас/

Зохигчдын барьж байсан барилгын үйл ажиллагаа зогссоны улмаас талуудын хооронд маргаан гарч, Ш.А-ийн гомдлын дагуу О.А, О.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш.А-ийн Цагдаагийн газарт гаргаж байсан өргөдөл, 2011 оны 04 сарын 22-ны өдрийн ,,,,дугаартай Прокурорын яллах дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нарт холбогдох тус эрүүгийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-10, 119-122 дугаар хуудас/

Мөн хэрэгт авагдсан 2010 оны 07 сарын 20-ны өдрийн баримтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,нутагт байрлах 1 давхар дуусаагүй барилгыг нийт оруулсан 110,000,000 төгрөгийн оронд хүлээлгэн өгсөн тухай хэлцлийг О.С, Ш.А, О.А нар хийсэн бөгөөд тус барилгыг Р ХХК-ийн захирал А.-ийн Ш.А-т олгосон итгэмжлэлийн дагуу 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр барилга, газрыг Д.Е, Б.М нарын эзэмшилд шилжүүлсэн байна. /хх-ийн 111 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч Ш.А нь тус барилгыг 45,000,000 төгрөгөөр тохирч, Б.М, Б.М нарт шилжүүлсэн болох нь гэрч Б.Мын шүүх хуралдаанд гаргасан ...Тус газрыг 45 сая төгрөгөөр авсан. 5 сая төгрөг дутуу байгаа гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд зохигчдын хамтран ажиллах хэлцэл уг хэлцлийн зорилго биелэгдэх боломжгүй болсны улмаас дуусгавар болж, баригдаж байсан барилга, газрыг талуудын зөвшөөрлөөр бусдад худалдсан үнээс 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.А авч, бусдад төлөх өр төлбөрөө төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т: Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хөрөнгө оруулалт хийсэн Ш.Ат дуусаагүй барилгыг газрын хамт захиран зарцуулах эрхийг хамтран ажиллах хэлцлийн талууд болох О.Амартуяа, О.С нар зөвшөөрсний дагуу шилжүүлэн өгсөн байна.

 

Хариуцагч О.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ш.А-ээс авсан 54,000,000 төгрөгийг барилгад зарцуулсан бөгөөд барьж байсан барилгаа түүнд өгсөн тул одоо төлөх төлбөргүй, хэрэв барилгаа буцаан өгвөл дээрх мөнгийг буцаан өгөх боломжтой гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хамтран ажиллах хэлцэл хийгдсэнээс буюу 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш барилгад Ш.А-ийн зүгээс нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, О.Баярсайхан, О.Амартуяа нар нь хэдэн төгрөгийн зарцуулалт хийгдсэн талаарх тооцоо хийсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.А Д.Э-ээс зээлж авсан 35,000,000 төгрөгийг барилгад оруулсан, бусад мөнгийг О.С, О.А нар зээлж авсан гэж, хариуцагч О.С Ш.А-ээс мөнгө зээлсэн асуудал байхгүй, нийт авсан 56,500,000 төгрөгөөс 54,000,000 төгрөгийг барилгад зарцуулсан гэж тус тус тайлбарлаж байгаа бөгөөд дээрх тайлбарууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин талуудын тайлбар, хамтран ажиллах тохиролцоо хийсэн хугацаа, барилга барих бэлтгэл ажил хийсэн талаарх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хамтран ажиллах хэлцэл 2009 оны 09 сарын 04-ний өдөр хийгдсэнээс өмнөх О.С-ын Ш.А-ээс мөнгө авсан байдал нь талуудын хоорондын хамтран ажиллах хэлцэлд хамааралгүй, харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэж байна.

Хариуцагч О.С нь Зоос банкнаас 30,000,000 төгрөг Ш.А-ээр авахуулсан, мөн Ш.А-ээс 1,000,000 төгрөг авч, өөрийн цалингийн зээлээ хаасан нь үнэн гэж тайлбарладаг бөгөөд Ш.А нь Зоос банкнаас 2008 оны 03 сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлж авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус шүүхийн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 766 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх тул ийнхүү зээлийн төлбөр болох нийт 31,000,000 төгрөгийг хариуцагч О.С нэхэмжлэгч Ш.А-т буцаан төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ш.А нь дээрх төлбөрөөс гадна Зоос банкны зээлийн хүүнд төлсөн 5,000,000 төгрөг, Д-с авсан 3,000,000 төгрөг, Т-с авсан 17,000,000 төгрөг, Н-с авсан 18,000,000 төгрөг, М-с авсан 24,000,000 төгрөг, түүний хүү 5,000,000 төгрөг, Эрэл банкинд төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус О.А, О.С нарт зээлсэн бөгөөд эдгээр төлбөрөөс О.А-ийн төлөх ёстой төлбөр болох М-т төлөх нийт 29,000,000 төгрөг, Эрэл банкинд 10,000,000 төгрөгийн өрөнд дуусаагүй барилгыг 40,000,000 төгрөгөөр зарсанаа тооцон хасч, үлдэх 108,000,000 төгрөгийг О.С-аас гаргуулна гэж тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.А нь Зоос банкны хүүнд 5,000,000 төгрөг төлсөн, Д, Т, Н нараас мөнгө зээлж, О.С-т өгсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Зохигчдын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн дээрх нэр бүхий хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бөгөөд Ж.Т-ийн ... Ш.А нь ... нийт 13,000,000 төгрөг зээлж авч байсан. Уг мөнгөө би А-с буцаан авсан... гэсэн мэдүүлэг, 2009 оны 07 дугаар сарын сүүлээр А гэх хүнээс авлагатай юм. А-с мөнгөө авахаар эргүүлээд өгье 1 сая төгрөг зээлээч гэхээр нь өгсөн. Тэрнээс хойш нийт 35,000,000 төгрөг зээлээд сүүлд нь 2011 оны эхээр А нь А болон А-ийн дүү авах ёстой мөнгөнийхөө оронд аваад зарчихлаа гээд миний 35,000,000 төгрөгийг А надад өгсөн... гэсэн мэдүүлэг, М.Н-ийн ... 2009 оны 07 дугаар сард ... А эгч 18,000,000 төгрөг хэрэгтэй байна 1 сарын 6-7 хувийн хүүтэй зээлээч гэсэн би зөвшөөрсөн. ... 2010 оны 04 дүгээр сард А эгч намайг Т кафед хүрээд ирээч гэсэн. ...Тэгэхэд А бид хоёрын дундуур орж ирээд мөнгийг би авсан юм. Би авсан юм чинь би төлнө гээд байсан гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ш.А нь Д, Т, М.Н гэх хүмүүсээс зээлж авсан мөнгөө хариуцагч О.С-т шилжүүлэн өгсөн гэх үндэслэл тогтоогтохгүй байна.

Мөн Д.Э гэх хүнээс 35,000,000 төгрөг зээлж авч, барилгад хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд нөгөө талаас хөрөнгө оруулалт хийсэн хамтран ажиллах хэлцлийн зүйл болох барьж байсан барилгыг худалдсанаас олсон орлогыг Ш.А зарцуулсан нь түүний тайлбараар тогтоогдож байгаа, барилгад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хамтран ажиллах хэлцэл дуусгавар болоход гарах үр дагаврын талаар талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байх тул түүний барилгад хөрөнгө оруулсан гэх мөнгийг бүхэлд нь түүнд буцаан олгох үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.С-аас зээлийн төлбөрт нийт 31,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.А-т олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч О.А-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

Хариуцагч О.С-ын сөрөг нэхэмжлэлийн тухайд дүгнэхэд Ш.А-т холбогдуулан 2011 оны 04 сарын 27-ны өдрийн Р ХХК-иас Д.Е-д газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,дүгээр багийн нутагт байрлах 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр Т-гийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн итгэмжлэлд тооцон, 2011 оны 04 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагч О.С-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Р ХХК-ийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн байгаа бүх хэлцлүүдийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй, гэхдээ хэн хэнтэй ямар гэрээ хэлцэл дамжиж хийснийг мэдэхгүй, одоо тус газар хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй гэж тайлбарладаг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т: Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, 73.2-т: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ... гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргах бөгөөд хариуцагчийн сөрөг шаардлага нь зөвхөн нэхэмжлэгчид холбогдон гарах учиртай юм.

Гэтэл хариуцагч О.С-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хүчингүй хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагууд нэхэмжлэгч Ш.А-т хэрхэн холбогдож байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй, тус газар нь Ш.А-ийн эзэмшилд байхгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.М-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул О.С-ын энэхүү шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан барилгыг шилжүүлэхээр А.Т-гийн Ш.А-т хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцох, 2011 оны 04 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагуудын тухайд Р ХХК-ийн захирал А.Т-гээс Ш.А-т Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах 72 мкв автомашины гражийг худалдах, бэлэглэх эрхийг олгож, 2011 оны 03 сарын 21-ний өдөр итгэмжлэл, 2011 оны 04 сарын 01-ний өдрийн албан бичгээр мөн дээрх барилгын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн бүртгүүлэхийг Ш.А-т зөвшөөрсний дагуу тус барилгыг Д.Е-д шилжүүлэхээр 2011 оны 04 сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /хх-ийн 55-58 дугаар хуудас/

Дээрх итгэмжлэлийг А.Т ноцтой төөрөгдөж олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд А.Тгийн /гэрчийн мэдүүлэгт заасан биеийн байцаалтаар Г.Т гэх/ ...А миний ойлгож байгаагаар иргэний хэрэг дээр манай ээж болох О.А мөн О.С нараас мөнгө нэхэмжлээд байна. Тухайн үед би эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгох гэж газраа өгсөн гэтэл одоо болтол энэ мөнгө нь нэхэгдээд үргэлжлээд яваад байгаа тул би дэмий өгсөн болж таарч байна. Иймд энэ газраа буцааж авна гэсэн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд барилгыг бусдад худалдах эрх олгосон байдал, худалдсан үнээр бусдад төлөх төлбөрөө төлсөн зэрэг нь барилга шилжүүлэх ажиллагаа зохигчдын хүсэл зоригийн дагуу явагдсан байна гэж үзэхээр байна.

Нөгөө талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дуусаагүй барилга, газрыг шилжүүлсэн ажиллагаа Р ХХК-ийн итгэмжлэл, зөвшөөрлөөр явагдсан гэж талууд тайлбарладаг, энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь тус компанийн эзэмшлийнх байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байдаг тул О.С нь иргэнийхээ хувиар тус компанийн эрх ашиг хөндөгдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.С-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.С-аас 31,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 77,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О.А-д холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Ш.А-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.С-ын 2011 оны 04 сарын 27-ны өдрийн Р ХХК-иас Д.Е-д газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр Т-ийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах, 2011 оны 04 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.А-ээс төлсөн 760,000 төгрөг, хариуцагч О.С-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 312,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.А-т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ