Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овог Ж-ийн Б-д холбогдох эрүүгийн 244000000070 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны ...дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нэвтрэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...хамт .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн  хэргийн  шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар,

Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, өмнөх ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар,

Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ..... регистрийн дугаартай Х овог Ж-ийн Б-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө ...тоот хашаанд байсан ********** улсын дугаартай “Toyota Prius-40” маркийн тээврийн хэрэгслийн бүхээг болон тээш хадгалах хэсэгт байсан хохирогч Ө.А-ын өмчлөлийн найман ширхэг ор хөнжлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэр үед согтуу байсан. Манай баруун талын айлын машин нь онгорхой байсан. Би даавуунуудыг нь аваад 1 шил архи, 1 тамхиар өгсөн” гэв.

 

244000000070 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Хохирогч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Харин 2024 оны 09 дүгээр сарын 18-ны орой Морьтон дэлгүүр ороод гэртээ ирээд хоол цайгаа хийж идээд нөхөр хүүхдүүдийн хамт 21-22 цагийн хооронд унтаж амарсан. Тэгээд өглөө эрт нөхөр маань ажилдаа яваад би 08 цаг 20 минутын үед гэрээсээ гараад машиндаа суух гэтэл машины урд хаалга бага зэргийн завсартай байсан ба би нээх тоолгүй машиндаа суугаад хүүхдээ "Нархан" цэцэрлэгт хүргэж өгөөд захаас очиж мод авах гээд автомашиныхаа багажыг онгойлгоход хойд багажинд байсан хайрцагтай орж хөнжлийн даавууг цааш нь түлхэх гэхэд маш хөнгөн байсан уг нь ор хөнжлийн даавуутай байхдаа хүнд байдаг юм. Тэгээд цаасан хайрцгийг үзтэл ор хөнжлийн даавуунууд маань байхгүй болсон байсан. Харин хоёр ширхэг бүтээлэг үлдсэн байсан. Би машинаа түгжсэн талаараа сайн санахгүй байна. ...Би тухайн хулгайд алдсан гэх ор хөнжлийн дэвсгэр даавуугаа Улаанбаатар хот Жуковын тэнд байдаг "Таван" нэртэй ор хөнжлийн даавууны бөөний худалдааны төвөөс нөхрийн дүү *************ыг явуулж очиж авхуулаад Бор-Өндөр сум руу явах замын унаанд тавиулсан. Тухайн замын машин нь Тоёота алфард загварын ............... улсын дугаартай автомашин байсан. Тухайн ор хөнжлийн даавууг нэг ширхгийн үнэ нь 33.000, 40.000 төгрөг гэж байсан. Харин хулгайд алдсан даавуунууд маань 40.000 мянган төгрөгөөр худалдаж авсан даавуунууд би зарахдаа 55.000 мянган төгрөгөөр зарж байсан. ... Би машинаасаа нийт 8 даавуу хулгайд алдсан. Машины багажанд хайрцаг дотор байсан 6 ширхэг даавуу мөн машины арын суудал дээр хүнд үзүүлээд цааш нь хийгээгүй сул байсан 2 ширхэг даавуу бас алга болсон байсан." гэх мэдүүлэг (хх-ийн 7-8, 144 дүгээр хуудас)

 

2.Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Ө.А-ыг танина. Манай найз байгаа юм. Онлайн пэйж хаяг нээгээд гэрээрээ зардаг мөн хүргэлтээр хүргэж өгдөг. Ор хөнжлийн даавуунаас гадна олон төрлийн зүйл байгаа. Би хотоос шинэ ор хөнжлийн даавуу ирсэн гэхээр нь уурхайн цалин бууж таараад 2 ширхэг даавууг 120.000 төгрөгөөр худалдаж авсан. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн уурхайн цалин буухаар л авсан шиг санаж байна. Тооцоог нь бол бэлэн мөнгөөр хийсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 146 дугаар хуудас)

 

6.Шүүгдэгч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би тухайн шөнө Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 802 тоот хашаанд гэртээ байсан. Манай хашаанд ээж хүү 2 монгол гэрт би болохоор воганчик дотор амьдардаг юм. Тухайн шөнө би архи уусан байсан юм. Цагийг нь бол сайн санахгүй байна. Шөнө босоод гарч шээгээд тамхи олж татах санаатай байсан. Тэгээд хажуу айлын хашаа руу хартал цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байсан. Би тэгэхээр нь дотор нь тамхи байж магадгүй гэж бодоод очоод машины зөв талын хойд талын хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь машин дотор тамхи байна уу  гэж үзэхэд байхгүй байсан. Би тэгэхээр нь арын суудал дээр байсан 2 ширхэг орны даавуу байхаар нь аваад тэгээд арын суудал дээгүүр багаж хэсэг рүү хартал хайрцагтай юм байхаар нь онгойлгоод хартал бас орны даавуунууд байхаар нь дээрээс нь хэдийг авсан. Би тэгээд хашааныхан хаалга онгорхой байхаар нь гараад шууд сумын төв рүү алхсан. Би өөрөө гар утас байхгүй цаг хэд болж байсныг нилээн шөнө болсон байсан байх. Шууд алхсаар байгаад Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байх Ө гэх архи зардаг айлд ирээд хаалгыг нь тогштол Ө эгч онгойлгосон. Би онгойлгохоор нь надад шинэ орны даавуу байна авах уу гэхэд авъя гэсэн. Би Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, 1 хайрцаг CLUB LD нэртэй тамхи аваад шууд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод воганчик дотроо ороод архи ууж байгаад талд нь оруулаад л унтсан. ...Машины арын суудал дээрээс 2 ширхэг даавуу харин арын багажнаас хэдийг авснаа мэдэхгүй байна. Харин төвд ирээд Ө эгчид өгөхдөө тоолоход 8 ширхэг даавуу байсан. Тэгэхээр арын багажнаас 6 даавууг авсан юм шиг байна лээ. ...Би архи уухаараа л тийм зүйл хийчхээд байдаг юм. Эрүүлдээ бол ажил төрөл хийнэ. Ажилд сайн хүнд тусархаг хүн байгаа юм. Би Ө эгчид бол өгч архи авч уусан нь бол үнэн. Өөр гэрчлэх хүн байхгүй болохоор надаас аваагүй гээд байгаа байх. Ийм асуудлаас болоод би цагдаагаар зөндөө явдаг. Иймээ тиймээ асуудал байхгүй биз гэхээр нь би хулгайн зүйл биш ээ гээд л өгөөд явсан. ...Би гэм буруугаа ойлгож байгаа." гэх мэдүүлэг (хх-ийн 137-138 дугаар хуудас)

 

“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШД-295 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 2 хүний ор хөнжлийн даавууны зах зээлийн үнэлгээг 360,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-30 дугаар хуудас), шүүгдэгч Ж.Б-гийн ял шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч Ж.Б- нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө .... тоот хашаанд байсан ********** улсын дугаартай “Toyota Prius-40” маркийн тээврийн хэрэгслийн бүхээг болон тээш хадгалах хэсэгт байсан хохирогч Ө.А-ын өмчлөлийн найман ширхэг ор хөнжлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ө.А-ын “...Тэгээд өглөө эрт нөхөр маань ажилдаа яваад би 08 цаг 20 минутын үед гэрээсээ гараад машиндаа суух гэтэл машины урд хаалга бага зэргийн завсартай байсан ба би нээх тоолгүй машиндаа суугаад хүүхдээ "Нархан" цэцэрлэгт хүргэж өгөөд захаас очиж мод авах гээд автомашиныхаа багажыг онгойлгоход хойд багажинд байсан хайрцагтай ор хөнжлийн даавууг цааш нь түлхэх гэхэд маш хөнгөн байсан уг нь ор хөнжлийн даавуутай байхдаа хүнд байдаг юм. Тэгээд цаасан хайрцгийг үзтэл ор хөнжлийн даавуунууд маань байхгүй болсон байсан. Харин хоёр ширхэг бүтээлэг үлдсэн байсан. Би машинаа түгжсэн талаараа сайн санахгүй байна. ... Би машинаасаа нийт 8 даавуу хулгайд алдсан. Машины багажанд хайрцаг дотор байсан 6 ширхэг даавуу мөн машины арын суудал дээр хүнд үзүүлээд цааш нь хийгээгүй сул байсан 2 ширхэг даавуу бас алга болсон байсан.” гэх мэдүүлэг

 

Гэрч Б.Н-ийн "Би хотоос шинэ ор хөнжлийн даавуу ирсэн гэхээр нь уурхайн цалин бууж таараад 2 ширхэг даавууг 120.000 төгрөгөөр худалдаж авсан. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн уурхайн цалин буухаар л авсан шиг санаж байна. Тооцоог нь бол бэлэн мөнгөөр хийсэн. " гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Б-гийн "... Тухайн шөнө би архи уусан байсан юм. Цагийг нь бол сайн санахгүй байна. Шөнө босоод гарч шээгээд тамхи олж татах санаатай байсан. Тэгээд хажуу айлын хашаа руу хартал цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байсан. Би тэгэхээр нь дотор нь тамхи байж магадгүй гэж бодоод очоод машины зөв талын хойд талын хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь машин дотор тамхи байна уу үгүй юу үзэхэд байхгүй байсан. Би тэгэхээр нь арын суудал дээр байсан 2 ширхэг орны даавуу байхаар нь аваад тэгээд арын суудал дээгүүр багаж хэсэг рүү хартал хайрцагтай юм байхаар нь онгойлгоод хартал бас орны даавуунууд байхаар нь дээрээс нь хэдийг авсан. Би тэгээд хашааныхан хаалга онгорхой байхаар нь гараад шууд сумын төв рүү алхсан. Би өөрөө гар утас байхгүй цаг хэд болж байсныг нилээн шөнө болсон байсан байх. Шууд алхсаар байгаад Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байх Ө гэх архи зардаг айлд ирээд хаалгыг нь тогштол Ө эгч онгойлгосон. Би онгойлгохоор нь надад шинэ орны даавуу байна авах уу гэхэд авъя гэсэн. Би Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, 1 хайрцаг CLUB LD нэртэй тамхи аваад шууд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод воганчик дотроо ороод архи ууж байгаад талд нь оруулаад л унтсан. " гэх мэдүүлэг,

 

“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШД-295 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 2 хүний ор хөнжлийн  даавууны зах зээлийн үнэлгээг 360,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

             Шүүгдэгч Ж.Б- нь хохирогч Ө.А-ын өмчлөлийн найман  ширхэг ор хөнжлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшилд оруулж, захиран зарцуулах эрхийг бий болгосон бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн  үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хаалгыг нь цоожлоогүй орхисон тээврийн хэрэгслээс эд зүйл авсныг ердийн бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх ба хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хууль тогтоогч тайлбар хийсэн бөгөөд энэ хэргийн тухайд хохирогчид 360,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч Ж.Б- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг гаргасан ба прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч Ж.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 360,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул түүнээс энэхүү мөнгөн дүнг гаргуулж хохирогч Ө.А-д олгох нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал, амар хялбар аргаар хөрөнгөжих гэсэн сэтгэхүйн хандлага, согтууруулах ундааны хамааралтай байдал зэрэг нь нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс шүүгдэгч  Ж.Б-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдож буй байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 2 (хоёр) сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овог Ж-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 2 (хоёр) сарын хугацаатай авч дээрх хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тогтоосон хязгаарлалтыг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-гийн цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас хассугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-гаас 360,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.А- (РД:..............)-д олгосугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР