| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
2024 10 31 2024/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
Улсын яллагч Э.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э-ы Б-д холбогдох эрүүгийн 24400006000..... дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын 13-ны өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х аймгийн Г сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, М овогт Э-ы Б. /РД:0000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Х аймгийн Г сумын 4 дүгээр баг “Эхэн шанд” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Л-тай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг үсдэж чирэх, хоолойноос нь багалзуурдах, хазаарын цулбуураар 4-5 удаа толгой тус газарт ороолгож, гэрийн гадаа байрлах “Маяти” загварын машиныг ар дагз хэсгээр нь мөргүүлж, хэвлий, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсний улмаас хохирогч Ж.Л-ын биед тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бид хоёр эрүүл байсан, хүүхэдтэйгээ гурвуулаа байсан. Эхнэр Л сална, явна гээд байсан. Би бие муу байхад явах гэлээ гэж уурласан. Л намайг үхэж далд орвол таарна, аав ээж нь аймгаас ирэхдээ авсыг нь бэлдээд ирвэл таарна гээд харааж зүхээд байсан. Би 6 дугаар сард осолд орж тархиндаа гэмтэл авсан, энэ асуудал 8 дугаар сард болсон. Би хэвтрийн дэглэм сахьдаг юм. ...Эхнэр Л явах гээд Майти машинд хувцсаа хийсэн байсан. Тэгээд явуулахгүй гэж маргалдаад түлхсэн чинь машин мөргөсөн. Хазаараар гуядсан. Машинд суусан байхаар нь буулгах гээд цамцнаас нь татсан юм. Тэгэхэд хүзүү нь улайсан байх...Л өмнө нь намайг галын хайчаар түлж хайрч байсан асуудал байгаа. ...Би өмнө нь буюу 2022 онд зодож байгаагүй. Хоорондоо маргалдсанаас болоод Л гэртээ харьсан. Тэгээд 10-аад хоногийн дараа ирж аваач гэж гуйгаад очиж авч байсан. ... Гэр орноо цэвэрлэхгүй, хэвтээд, унтаад байдаг юм. Үүнээс болж маргадаг асуудал байгаа...” гэв.
Эрүүгийн 2440000600056 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч Ж.Л-ын “...Би нөхөр болох Энхайтаваны Бтай хамт амьдраад 3 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Бид гэрлэлтээ 2022 онд батлуулсан. Бид Баянхутаг сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг. Манай нөхөр Б 8 дугаар сарын 9,10,11-ний өдөр надаас архи нэхээд намайг үсдээд, багалзуурдаад, тэгээд үснээс чирээд маяти гэх машины өндөрлөгөөнд намайг толгойгоор маань саваад, алгадаад, цулбуураар гуядаад, тэгээд би машины урд талын суудал дээр суучихсан. Малгайтай цамцтай байсан чинь ард талын суудал дээр өөрөө очиж суугаад араас боогоод, машинаас чирч буулгаад дэвсэж зодсон. 8 дугаар сарын 09-нөөс 11-ний өдөр хүртэл өглөө болгон сэрэх болгондоо надаас архи нэхээд өдөр болгон зодож байсан. Дүү нь гэх Эынх манайхтай хөдөө хамт айл байж амьдардаг. Тэгээд би өчигдөр буюу 8 дугаар сарын 11-ний өдөр дүүгээс нь намайг манай ахынх руу хүргээд өг гэж гуйгаад Эаар хүргүүлсэн...Өмнө нь 2021 онд найр хийсэн үеийнхээ дараа намайг зодож байсан. Б өөрөө 2024 оны 6 дугаар сарын 03-нд мотоциклноос унаад тархины сааталтай болчихсон. Зарим зүйлээ санадаггүй.
...Э.Э нь ганцаараа гэрээ сахиж байсан. Тэгээд манай нөхөр Э.Б нь эрүүлдээ надаас архи нэхэж гөлөг пиздаа минь гараад архи аваад ир гэж 2024 оны 08 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд удаа дараа дарамталж биед маань халдаж хазаарын суран цулбууруур тархи толгойгүй ороолгож гараараа толгойтой үснээс зулгааж хоолойг маань багалзуурдаж зодсон. Тэр үед 3 настай хүү маань хараад гэртээ байж байсан. 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд хадам дүү Э.Эыг малдаа явсан хойгуур намайг үснээс чирж гэрээс гаргаад гадаа байсан машиныг ар дагзаар маань удаа дараа мөргүүлж газар унагааж хэвлий, бөөр хэсэг рүү маань гуталтай хөлөөрөө удаа дараа өшиглөж зодсон. Энэ асуудал нь дандаа манай хадам аав, ээж болон хадам дүүг байхгүйд болдог байсан...Надад маш их гомдолтой байна. Намайг зодож цохисноос хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй, би өмнө болсон асуудлуудын талаар хүүгээ бодоод ямар нэгэн хүнд хэлдэггүй цагдаа шүүх гэж явдаггүй ам бүлээрээ сайхан амьдрахын төлөө явдаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-19, 84-85 дугаар хуудас/
2.Гэрч Д.Б-гийн “...Ж.Л нь миний төрсөн дүү Жагдагсүрэн гэх хүний хүүхэд байгаа юм. Л нь манайхаас 30 шахам км-т нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 8 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим санаж байна. Л нөхрийнхөө дүү нь гээд нэг хүүгээр хүргүүлж ирсэн. Лаас юу болсон талаар асуухад нөхөртэйгээ хэрэлдэж маргалдсан гэж байх шиг байсан. Өөр тодорхой зүйл хэлээгүй... Ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй, хүүхдүүд л хоолой ч гэлүү юу гэлээ улайж хөхөрсөн байна гэж ярьж байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/
3.Гэрч Э.Эын “...Манай аав ээж наадамд яваад би гэрээ харж үлдсэн. Хажуу гэрт Б ах эхнэр хүүхдийнхээ хамтаар байсан. Б ах осолд ороод гэмтэл авч хэвтрийн дэглэм барьж байгаа болохоор эхнэр Ж.Л харж байсан. 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хониндоо явж байгаад 18 цаг өнгөрч байхад гэрт иртэл Б Л эгч хоёр хоорондоо маргаж муудаад байж байсан. Л эгч явна гээд бүх хувцас хунараа боочихсон, Б ах явуулахгүй гээд байсан. Л эгч нэг хүнтэй утсаар ярьж байгаад над руу утсаа өгсөн. Тухайн хүнтэй нь би утсаар ярьтал нэг эмэгтэй хүн намайг Л эгчийг Борхүү гэх айлд хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би хүргэж өгсөн...Л эгч Б ахаас сална гэхэд нь Б ах явуулахгүй гээд тэр асуудлаас болж хоорондоо маргасан юм болов уу гэж бодсон. Намайг хонинд яваад ирэхэд Л эгч миний хоолойг ийм болгосон гэж надад харуулаад хашгираад байсан. Хоолойн хэсэгт нь бага зэрэг улайсан харагдаж байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Л эгчийг хашгираад байх үед Б ах чи өөрөө маятинаас хувцсаа авна гээд чамайг явуулахгүй хувцсыг чинь авахуулахгүй, хувцсаа авна гэж дайрч байгаад өөрөө цохио биздээ гэж хэлж байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор ямар асуудал болсон талаар сайн мэдэхгүй байна... Зууралдаж байхдаа Маятинд эрүүгээ цохисон юм болов уу гэж ойлгосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар хуудас/
4.Гэрч Ж.Л-ийн “...Би эхээсээ 2-уулаа бөгөөд Л нь миний төрсөн эгч байгаа юм...Манай төрсөн эгч Ж.Л нь Х аймгийн Г сумын нутаг дэвсгэрт амьдардаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зодуулсан байдалтай хадам дүү Э-аар Х аймгийн Г суманд амьдардаг нагац ах Б-ийн гэрт хүргүүлсэн байсан. Тухайн үед Э эгч надтай утсаар яриад "бие нь нилэнхүйдээ хөхөрч хавдсан, дух нь хавдсан, амьсгаа авч чадахгүй байдалтай байна" гэж хэлсэн. Тэгээд Г сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн гэж хэлсэн бөгөөд Г сумын эрүүл мэндийн төвөөс манай суманд хандахад нь сумын эрүүл мэндийн төвийн жолооч Д, эмчлэгч эмч М болон миний бие хамт очсон.
Бид нарыг очиход бие нь нилээд зовиуртай, хэвлий өвдөлттэй, хүчилтөрөгч залгуулсан байдалтай, босч чадахгүй байсан. Улмаар үзлэг шинжилгээг нь Г сумын эрүүл мэндийн төвөөр хийлгээд Х аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөхөд гэмтлийн эмч үзээд толгой нилээд хавантай, томографи харах шаардлагатай гэж хэлж байсан бөгөөд яг ийм тийм гэх онош хэлж өгөөгүй. Би Х аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн төрсөн эгч Лыг 7 хоногийн хугацаанд сахиж байгаад гарах үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Одоогоор Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, мэдрэлийн тасагт эмчилгээ хийлгэж байгаа....Манай төрсөн эгч Ж.Л-ын хэлснээр бол 2021 оноос хойш хамт амьдарч байх хугацаанд хэл амаар доромжилж байсан, мөн хэд хэдэн удаа гар хүрч байсан гэж хэлсэн. Архи уухаараа агсан тавьдаг, гар хүрдэг гэж хэлснийг нь өргөдөлд тусгаж бичиж өгсөн. Тэрнээс биш намайг төрсөн эгч Лын дэргэд байх хугацаанд бол ийм зүйл огт болж байгаагүй.
Харин 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай төрсөн эгч Лыг нөхөр Б нь архи дарс уугаагүй, эрүүл саруул үедээ зодсон гэж хэлсэн...Э.Б нь миний харж ажиглаж байснаар бол харж байгаа харц, хүнтэй харилцаж байгаа байдал, архи согтууруулах ундааны хэрэглээ зэргээс нь харахад эвгүй хүн шиг харагддаг. Байнга хамт байгаад байдаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/
5.Гэрч Д.Э-ийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хамаатнуудын хамтаар Х аймгийн Г сумын 4 дүгээр багт нутагладаг найз Борхүүгийнд очсон юм. Тухайн үед бид нар салхинд гарах зугаалах зорилгоор явж байсан юм. Тэгтэл тэр орой 20 цагийн орчимд Л гэдэг хүүхэн хүүхэдтэйгээ гаднаас орж ирсэн. Би Лыг юугаар хаанаас ирснийг мэдээгүй. Тухайн үед Лын царай их гундуу бие нь маш эмзэглэлтэй байх шиг байсан. Тэр үед нөхөртөө зодуулсан намайг үсдэж газраар чирж гэдэс хэвлий хэсэг рүү маань олон удаа өшиглөсөн гэж ярьж байсан, тэгээд хоол идээд хүүхдээ хооллож байгаад гэнэт бие нь муудаад ухаан алдаад уначихсан. Би тэр үед сандраад харьяа газрын эрүүл мэндийн төв болох Г сумын эрүүл мэндийн төв рүү утсаар мэдэгдсэн юм. Тэгээд удаагүй Г сумын эрүүл мэндийн төвөөс түргэний машин ирээд Лын биеийн байдлыг үзээд Х аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан...
Тэр орой Л анх гаднаас орж ирэхдээ нүүр царай нь хавагнасан, чихний ар хэсэгт зулгарсан цус болсон байсан би өөр зүйл анзаараагүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89 дүгээр хуудас/
6.Хохирогч Ж.Л-ын Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хх-ийн 41-62 дугаар хуудас/
7.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 98-100 дугаар хуудас/
8.Х аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн: “...Ж.Л-ын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Быг 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Х аймгийн Г сумын 4 дүгээр баг “Эхэн шанд” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Л-тай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг үсдэж чирэх, хоолойноос нь багалзуурдах, хазаарын цулбуураар 4-5 удаа толгой тус газарт ороолгож, гэрийн гадаа байрлах “Маяти” загварын машиныг ар дагз хэсгээр нь мөргүүлж, хэвлий, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсний улмаас хохирогч Ж.Л-ын биед тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хохирогч Ж.Л-ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, ...саналтай.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн асуудал бүрийг гэр бүлийн хүчирхийллээр зүйлчлэх боломжгүй юм. Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллээс биш гэр бүлийн гишүүдийн сална, явна гэх маргаанаас үүдэлтэй энэхүү хэрэг гарсан. ...Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар нотлох баримт байхгүй. 2022 онд хохирогч зодсон гэдэг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Аюулын зэргийн үнэлгээгээр бага гэж гарсан. ...Э.Б, Ж.Л хоёрын хооронд дарамтанд суурилсан харилцаатай талаар нотлогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү...” гэв.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Э-ы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөв.
Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн заалтаас дүгнэж үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй /хэвшмэл маягтай/ бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон ба “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх ойлголт юм.
Хохирогч Ж.Л-ын “...Манай нөхөр Б 8 дугаар сарын 9,10,11-ний өдөр надаас архи нэхээд намайг үсдээд, багалзуурдаад, тэгээд үснээс чирээд маяти гэх машины өндөрлөгөөнд намайг толгойгоор маань саваад, алгадаад, цулбуураар гуядаад, тэгээд би машины урд талын суудал дээр суучихсан. Малгайтай цамцтай байсан чинь ард талын суудал дээр өөрөө очиж суугаад араас боогоод, машинаас чирч буулгаад дэвсэж зодсон. 8 дугаар сарын 09-нөөс 11-ний өдөр хүртэл өглөө болгон сэрэх болгондоо надаас архи нэхээд өдөр болгон зодож байсан. Дүү нь гэх Эынх манайхтай хөдөө хамт айл байж амьдардаг. ...Өмнө нь 2021 онд найр хийсэн үеийнхээ дараа намайг зодож байсан. ...Э.Э нь ганцаараа гэрээ сахиж байсан. Тэгээд манай нөхөр Э.Б нь эрүүлдээ надаас архи нэхэж гөлөг пиздаа минь гараад архи аваад ир гэж 2024 оны 08 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд удаа дараа дарамталж биед маань халдаж хазаарын суран цулбууруур тархи толгойгүй ороолгож гараараа толгойтой үснээс зулгааж хоолойг маань багалзуурдаж зодсон...” буюу удаа дараа зодсон гэх мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж тус тус заасныг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Мөтөр овогт Энхтайваны Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын үл ойлгоцол, харилцаа, хандлага, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх чадвар дутсан байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г овогт Ж-ийн Лын биед шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...маш их годмолтой...” гэж мэдүүлсэн /хх-ийн 30 хуудас/, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч нь 29 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х аймгийн Г сумын 2 дугаар багт оршин суудаг, малчин, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ослын улмаас тархиндаа гэмтэл авсан гэх хувийн байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хохирогчийн гомдолтой гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Э.Бын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Э-ы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч М овогт Э-ы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Э-ы Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
6.Шүүгдэгч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Э.Бд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ