Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

               2024        11           06                                          2024/ШЦТ/63

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ын Мт  холбогдох эрүүгийн 24400000000... дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын 05ы өдөр Х аймгийн Б суманд  төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2012 онд 2 гарыг шуу хэсгээр тайруулж, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон, ам бүл 1, Х аймгийн Б сумын 5 дугаар баг “Х.” хөдөө хэсэг “Ц.г” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ын М. /РД:0000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Жаргалантын 1602 тоотод оршин суух Г.Т-ийн хашаанд байсан "Даюун" загварын 49-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр  авч явсан гэмт хэргийг,

-Мөн Д.М нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Хангайн 606 тоот хашаандаа бусдын эзэмшлийн "Даюун" маркийн 49-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг асаагуурын галаар суудлынх нь порлон хэсэгт гал асааж мотоциклийн банк, цахилгааны монтаж, утас, арын гэрэл, суудал, арын зөөлөн дугуй, олгой хамер, арын төмөр хаалт зэргийг шатааж эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар гэмтээсний улмаас хохирогч Г.Т-т 405,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М “...Мэдүүлэг өгөхгүй. Цагдаад болсон явдлаа ярьсан. Дахиж ярих зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 24400000000...дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Г.Т-ийн “...Би тухайн өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед гэрээсээ гараад ажлынхаа ахын гэрт очоод хамт төв ороод аптек орчихоод буцаад 17 цагийн үед гэрлүүгээ очтол хашаанд байсан улбар шар өнгийн Даюун маркийн 49-27 ХЭЗ улсын дугаартай мотоцикль маань байхгүй алга болсон байсан. Би хашаанаасаа гараад З- 2 нэртэй дэлгүүрийн арын эгнээгээр зүүн талруу гарч ирээд Мөөгий гэх залуугаас ахынхаа мотоциклийг харсан уу? хашаанаасаа алдчихлаа гэхэд хараагүй гэсэн. Гэтэл мотоциклийн ар талд нь сууж явсан 10 гаруй настай эрэгтэй хүүхэд таны мотоцикль улбар өнгийн мотоцикль мөн үү? түрүүн нэг ах баруун эгнээнд ахдаа энэ мотоциклийн кундактарыг салгаад өгчих гэхээр нь би ороод салгаж өгөөд тэгтэл хоёр гаргүй нэг бор ах унаад яваад өгсөн гэж хэлтэл зүүн эгнээнээс өөдөөс хоёр гаргүй М гэх залуу гараад ирсэн. Би дөхөж очоод мотоциклоо авъя гэхэд манай хашаанд байгаа гэснээ аан эсхүл урд ошанд байгаа гэхээр нь би гэрийг нь мэдэхгүй учраас цагдаад ирж мэдэгдээд М гэх залуугийн гэрийг заалгаад очтол Онцгой байдлын машин ирчихсэн миний мотоциклийн суудал хэсэг болон арын бөгс тэр чигтээ шатчихсан байсан. Тэгтэл М гэх залуу миний мотоциклоос урд талд газарт сууж байсан. Тэгтэл араас цагдаа нар ирсэн.... М нь эхнэрээсээ салчихсан байгаа. Эхнэр нь манай төрсөн дүүтэй суусан юм. Тэгээд дүү эхнэртэйгээ бид хэдтэй хамт амьдарч байсан. Тэрийг М мэдээд манай хашаагаар үе үе эргэлдээд байдаг байсан. Өнөөдөр бол бас эхнэртэйгээ уулзах гэж орж ирэхэд манай хашаанд хүн байхгүй болохоор миний мотоциклийг аваад явсан байж магадгүй гэж бодож байна. Ер нь манай дүүтэй эхнэр нь суусан болохоор уурлаад хорлох гээд аваад явсан байх. Би уулзаад яагаад миний мотоциклийг авч явж байгаа юм гэхэд би албаар авч явсан гээд өөдөөс согтуу орилоод байсан...Миний мотоцикль 2023 оны 07 сарын 01-ний өдөр импортлогдсон. Би 2023 оны 07 сарын 13-ны өдөр 3,250,000 төгрөгөөр Б сумын Шнэртэй дэлгүүрийн гадна зарж байхад нь худалдаж авч байсан...Энэ залуу мотоциклийг маш сайн жолооддог. Сумын төвөөр энэ тэр мотоцикль унаад яваад байдаг. Маш олон хүмүүс энэ талаар нь мэддэг...Би гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан хохирлоо барагдуулж хурдан унаатай болмоор байна...”

“...Маас надад ямар нэг эд зүйл болон мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Үнэлгээгээр гарсан мөнгийг өгчихвөл надад гомдол санал байхгүйгэх мэдүүлэг, /хх-ийн 8-9, 41 дүгээр хуудас/

2.Гэрч Г.А-ийн ...Тухайн өдөр намайг гэртээ байхад 16 цагийн үед байх бас яг цагийг нь  сайн санахгүй байна. Гэрт байхад 2 гаргүй М гэх залуу согтуу орж ирээд манай гэрт байсан Н гэх залуутай юм яриад байсан. Би юу гээд байгаа юм бол гээд сонсоход би хүний мотоцикль хулгайлаад /гусцан/ явж байна гээд байсан. Би тэгэхээр нь Н-д наад залуугаа явуулаачээ юун сонин хүн ороод ирэв гэхэд Нямхүү гаръя гээд дагуулаад гарсан. Гараад төд удалгүй орж ирээд хоёр гаргүй байж мотоцикль унаад яваад өглөө гэж байсан. Тийм л зүйл болсон...М гэх залуу нилээн согтуу байсан. Орж ирээд манайд архи ууж байсан болохоор бас нэг хийчих гэхээр нь би уурлаад архийг аваад гаргаж өгөөгүй юм...Хашаанд мотоцикль ороод ирэхээр нь мэдсэн. Хартал М гэх залуу ганцаараа орж ирсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/

3.Гэрч Ж.Н-ийн “...Би тухайн өдөр эгч Баярмаагийн гэр буюу Говийн 1012 тоотод гэрт нь унтаж байхад 17 цагийн үед шиг л санаж байна. Гаднаас хашаанд мотоцикль дугараад орж ирсэн. Тэгтэл Мөнх-Эрдэнэ гэдэг дүү маань тамхи татах уу гэхээр нь би татахгүй, татвал чи гарч тат гэж хэлсэн. Нэг их удалгүй 5-10 минут орчмын дараа хойд байшингийн А гэх хүүхэн орж ирээд манай гэрт М гэх залуу орж ирээд гарахгүй байна. Чи манай гэрээс гаргаад өгөөч гэсэн. Би гэрт нь ороод татаж босгоод чи одоо яваа гэхэд М гэх залуу гарахгүй гэхээр нь гар гээд хөөсөн. Тэгтэл гарч ирээд хашаанд байсан улбар шар өнгийн мотоциклийг асаасан. Би “чи мотоцикль унаж чаддаг юм уу” гэхэд өөрөө гишгэж асаагаад унаад яваад өгсөн...Тэр үед архи уусан байсан. Нилээн согтолттой байсан...Чи юун мотоцикль унаад яваад байгаа юм гэхэд хүнийх гэж хэлээд яваад өгсөн...гэх мэдүүлэг   /хх-ийн 49 дүгээр хуудас/

4.Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн “...мотоциклийн сэлбэгийн зах зээлийн үнэлгээг 405,000 төгрөг байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Жаргалантын 1602 тоотод оршин суух Г.Т-ийн хашаанд байсан "Даюун" загварын 49-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр  авч явсан гэмт хэргийг,

-Мөн Д.М нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Хангайн 606 тоот хашаандаа бусдын эзэмшлийн "Даюун" маркийн 49-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг асаагуурын галаар суудлынх нь порлон хэсэгт гал асааж мотоциклийн банк, цахилгааны монтаж, утас, арын гэрэл, суудал, арын зөөлөн дугуй, олгой хамер, арын төмөр хаалт зэргийг шатааж эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар гэмтээсний улмаас хохирогч Г.Түмэнбаярт 405,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Т, гэрч Г.А, Ж.Н нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсантай танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. ...Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх болсон зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад маргаад байх зүйл байхгүй...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаангүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл нь “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг бөгөөд 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 3 дахь хэсгийн 3.1-д “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар... үйлдсэн бол” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даюун” маркийн 49-27 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг тусдаа амьдардаг /салсан/ эхнэртэй нь хамтран амьдарч буй хүний мотоцикль гэж андууран хохирогч Г.Т-ийн өмчлөлийн мотоциклийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Улмаар Х аймгийн Б сумын 3 дугаар баг Хангайн 606 тоот гурван айлын нийлсэн хашаанд асаагуураар мотоциклийн суудлын порлон хэсэгт гал асааж мотоциклийн банк, цахилгааны монтаж, утас, арын гэрэл, суудал, арын зөөлөн дугуй, олгой хамер, арын төмөр хаалт зэргийг шатааж эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар гэмтээсэн болох нь:

-шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Суудлын сөрдийсөн хэсгийг шатаасан. …Тухайн үед согтуу байсан болохоор галыг унтраагаагүй. Галыг аав унтраасан…” гэх мэдүүлэг,

-хохирогч Г.Т-ийн “…гэрийг нь мэдэхгүй учраас цагдаад ирж мэдэгдээд М гэх залуугийн гэрийг заалгаад очтол Онцгой байдлын машин ирчихсэн, миний мотоциклийн суудал хэсэг болон арын бөгс тэр чигтээ шатчихсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

-хэргийн газрын үзлэг хийсэн “…хашааны үүдний хаалгаар орж баруун эргэхэд 4 ханатай хаалга хаалттай монгол гэрийн зүүн талын цэнхэр дээвэртэй шавар байшингийн зүүн талд улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклийг данхраадаж тавьсан байв… суудлын 80% шатсан, цахилгааны монтаж, утас, арын гэрэл, ламп зэрэг шатсан, ачаа хэсэгт тортог үүссэн, арын дугуй хажуу хэсгээр шатсан…” гэх тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд   /хх-ийн 3-5 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

           Иймд шүүгдэгч Х овогт Д-ын Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  буюу “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй.

 

           Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохын ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-т 405,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчид 450,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Г.Т-ийн 2024 оны 9 дүгээр сарын      26-ны өдрийн хойшилсон шүүх хуралдаанд гаргасан “...надад хохирол төлсөн, гомдол саналгүй гэж хэлэхээр ирсэн юм...” гэх тайлбар /хх-ийн 106 дугаар тал/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

            Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүхээс шүүгдэгч Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч  нь 29 настай, бүрэн эрхэлсэн тодорхой ажилгүй, 2012 онд 2 гарыг шуу хэсгээр тайруулж, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоогдсон, хөгжлийн бэрхшээлтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсон болно. 

 

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож,  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н-с: “Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, 2012 онд 2 гарыг шуу хэсгээр тайруулж, хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн  байдаг.

           Дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож, нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэх саналыг тус тус гаргав.

          

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн     3.1-д заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялын төрөлтэй хуульчлагджээ.

          

           Шүүгдэгч Д.М нь 2012 онд 2 гарыг шуу хэсгээр тайруулснаар хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх бөгөөд сард 540,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, үүнээс тэтгэврийн зээл төлж, зөрүү 140,000 төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг, өөр орлогогүй болох нь хэрэгт авагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, Төрийн банкны тодорхойлолт, харилцах дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны төлбөрийн хуваарь /хх-ийн 111-114 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнд торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна.

 

           Шүүгдэгчид торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулахаар гаргасан санал, дүгнэлт үндэслэлгүй байна.  

 

           Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй.

 

           Шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Иймд шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 /нэг/ сарын хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Мын нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн түүнийг цагдан хорих нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Д-ын Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар  үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Шүүгдэгч Х овогт Д-ын Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус  оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 /нэг/ сарын хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Мын нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Мт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

5.Шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Д.Мт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн түүнийг цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ