| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
2024 11 08 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Р.Батбаяр, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
Улсын яллагч Г.А
Иргэдийн төлөөлөгч Д.Ш
Хохирогч М.М
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овогт Б-ийн М-д холбогдох эрүүгийн 2340000490065 дугаартай хэргийг тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 157/ЗТ2024/00015 дугаартай Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн А суманд 19... оны .. дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Г. сумын 1 дүгээр баг “Зуухан” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт Б-ийн М. /Регистрийн дугаар 000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17-18 цагийн хооронд Х аймгийн Галшар сумын 6 дугаар баг Ц-ны 01-04 тоотод оршин суух Б.Д-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Мыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар хутгалж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид найранд 16 цагийн үед орсон. М.М над руу “Чи аавгүй, танай ээж хүн биш, чаддаг юм бол чи алчих, зодчих” гээд агсраад байсан. Тамхи татаж орж ирээд мах идээд сууж байхад над руу агсарсан. Босоод ирэхээр нь цаашаа гээд түлхсэн. ...Санаандгүй хутгалсан. Бид ах дүүсийн хүүхдүүд. ...Найранд очоод жижиг мөнгөн аягаар 3 удаа уусан. Миний согтолт гайгүй байсан. Болсон үйл явдлыг санаж байгаа. ...Бидний хооронд маргалдсан зүйл байхгүй. М л агсраад байсан. Мын согтолт их байсан байх, 2 өдөр уусан. Харахад их согтолттой, гуйвж дайваад байсан. ...Би зөв гартаа хутга барьж байсан. Босоод ирэх шиг болохоор нь түлхсэн. Яаж түлхсэнээ санахгүй байна. ...Хохирогчийн зүүн гуянд хутгалсан. ...Санаатай хутгалаагүй, нүд ирмэх хооронд болсон асуудал. Цаашаа гээд түлхээд хартал хутгалсан байсан. ...Их гэмшиж байна, зүйлчлэл хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
2.Хохирогч М.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.М бид хоёрын дунд О, Э нар сууж байсан. Э-ийн сандал дээр сууснаа мэдэхгүй байна. ...Миний хувьд болсон үйл явдлыг санахгүй байгаа. Найр эхлэхийн урд өдрөөс эхэлж уугаад үүрээр 05 цаг гэж унтаад 06 цагаас эхэлж уусан. ...Цус хараад л хутгалуулж гэж бодсон. ...Маргалдсан зүйл байхгүй л гэж бодоод байгаа юм. Одоо Б.Мд гомдол санал байхгүй. Б.М нь 21 сая төгрөгний хохиролд тооцож “Приус-30” маркийн автомашин авч өгсөн. Тиймээс өнөөдрийн шүүх хуралд ирсэн болон буцах зардалд 280,000 төгрөг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 23400004900... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл зургууд /1-р хх-ийн 4-7 дугаар хуудас/
2.Хутганд хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-10 дугаар хуудас/
3.Хохирогч М.Мын “...Би эхнэр хүүхдийн хамтаар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Галшар суманд найз Д-ийн гэрийн найранд орох гээд ирсэн. Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найрын 2 дахь өдөр үргэлжилж байсан юм. Орой 18 цагийн үед Д-ийн найз гэх 2-3 залуу гаднаас орж ирсэн юм. Би ч өглөөнөөс хойш архи уусан болохоор нэлээн согтож байсан. Би босоод нэг залуугийнх нь хажууд суутал гэнэт миний зүүн гуянаас цус олгойдоод эхэлсэн. Би тэгээд л ухаан алдсан, цаашаа юу болсон талаар санахгүй байна. Сая сэрэхэд эмнэлэгт сэрлээ. Би маш их согтолттой байсан болохоор юу ч мэдэхгүй байна. Маргаж муудсан зүйл бол байгаагүй. ... Мөнгөнөөгийн согтолт гайгүй байсан. Гаднаас орж ирээд их удаагүй тийм зүйл болсон. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг,
... “Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д-ийн гэрт 15 цагийн үед ирсэн. Би ирээд найранд сууж байгаад 10 сарын 01-ний шөнө 03-04 цагийн үед унтаад өглөө 07 өнгөрөөгөөд боссон юм. Тэгээд босоод гэрийн найранд очсон болохоор жоохон ууж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Гаднаас Д-ийн найзууд болох Э, О, М, М-ын эхнэр нар дөрвүүлээ орж ирсэн. Орж ирээд цай хоол идээд сууцгаасан. Би О, Э нарын доор суугаад М болохоор тэр хоёрын дээд талд нь суугаад мах идэж байх шиг байсан. Маргаан бол нээх болоогүй гэж бодож байна. Би босоод аягатай цай аваад суух гэтэл өөдөөс нойтон юм үсрэх шиг болохоор нь цайгаа асгасан уу гэтэл гуянаас цус дээшээ олгойдож байсан. Гараараа би цусаа тогтоох гээд дараад тэгээд л цус нь их гараад ирэхээр нь би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн. Ер нь 5-6 сая төгрөг эм тарианд зарцуулсан байх. Би бол сайн мэдэхгүй байна. Одоогоор бол миний гаргаж өгсөн нэхэмжлэлээс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Би 18,029,435 төгрөгийг гаргуулж авахаар 2023 оны 12 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар дахиад 4,155,000 төгрөгийн нэхэмжлэл өгөөд нийтдээ 21,955,000 төгрөгийг Мас нэхэмжилж байгаа. Надад 21,955,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 16, 140 дүгээр хуудас/
4. Гэрч Б.Д-ийн: “...Би шинэ гэр бариад тусдаа гараад гэрийн найр хийж байсан юм. Тухайн өдөр бол найрын хоёр дахь өдөр байсан юм. Манай гэрт М, М, О бид 4 сууж байсан. Эхнэрүүд нь гадуур гал тогоо хавиар нөгөө гэрээр байсан. М.М бол 10 дугаар сарын 01-ний орой ирээд ууж эхэлсэн. Маргааш өглөө нь босоод л шууд уусан болохоор нэлээн согтолттой байсан. Бид 3 бол харин согтолт гайгүй байсан. Хүн орж ирэхээр л М жоохон агсраад л байсан. Тэгээд би аятайхан бай гээд зөндөө хэлсэн найр наадамд ирчихээд аятайхан суучих гэхэд овоо гайгүй үгэнд ороод буцаад л агсрах гээд байсан. Би гэрийн хойд талд суугаад миний хажууд М, цаана нь О, Од-Эрдэний цаад талд М сууж байсан юм. М, М хоёр бол нээх маргалдсан зүйл байхгүй. М нь жоохон үгээр идээд байгаа бололтой уул нь энэ хоёр бол ах дүүсийн хүүхдүүд болохоор би нээх ч тоогоогүй. М ууцны хажууд мах идээд сууж байхаар нь би архи хийж өгөх гээд архи газраас авах гээд тонгойтол нүдний үзүүрт М өндийж босоод М руу очих шиг болоход М цаашаа гээд түлхэх шиг л болсон. Би архиа аваад эргээд хартал Мын гуянаас цус гарч байсан. Би харчихаад шоконд ороод юу ч дугарч чадахгүй суугаад байсан чинь Э гэх залуу гаднаас орж ирээд хутгалуулсан хэсгийн дээд талаар нь уяа маарал хоёроор боогоод М бид хоёр хамт өргөлцөөд машинд суулгаж өгөөд эмнэлэг явуулсан. ...Уул нь маргалдаж муудаад сүртэй зүйл болоогүй. М Мөнгөнтулгыг жоохон үгээр идээд хамаатан саднуудаа яриад л байх шиг байсан. М бол 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирсэн байсан. Ирсэн өдрөө шөнөжин уугаад маргааш хоёр дахь өдөр нь бас уугаад нилээн согтолттой байсан. Бусад нь бол гаднаас дөнгөж орж ирээд нээх удаагүй гэхдээ мөнгөн аягаар 3, 3 уулгаад сууж байсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 7 дугаар хуудас/
5. Гэрч М.О-ийн: “...Би тухайн өдөр М найзын хамтаар орой 16 цагийн үед найз Д-ийн гэрийн найранд очсон. Ороход М, Д хоёр сууж байсан. Ороод М бид хоёр хоол цай идээд бас мөнгөн аягаар 3, 3 аяга уугаад сууж байхад М ах жоохон агсрах маягтай нилээн согтолттой харагдаж байсан. Тэгэхэд М ууцнаас мах идээд сууж байсан. М ах босох гэхэд М цаашаа cyy гээд түлхэх шиг болсон тэгтэл л Мын хөлөөс цус гараад сүйд болохоор нь М эмнэлэг дуудсан байх. Энэ үед гаднаас Э гэх залуу орж ирээд хөлийн уяа маарлаар боогоод М тэр хоёр өргөөд машинд суулгаад явсан. Энэ хоёр ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Тухайн үед бол сүртэй маргалдаад муудаад байсан зүйл байхгүй. Бид хоёр гэрт нь ороод нээх удаа ч үгүй л байсан. М ах нилээн согтсон болгон руу агсрах гээд байсан. Би дөнгөж ороод хоол цай идээд мөнгөн аягаар гурав гурван аяга архи уучихаад л сууж байсан. Их согтсон зүйл бол байхгүй. ...Цаашаа суу гээд түлхэхдээ хутгаараа дүрчихсэн юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/
6. Гэрч Ч.Э-ийн: “...Би тухайн өдөр найз Д-ийн гэрийн найранд 17 цагийн үед ганцаараа очсон. Намайг очиход гэрт О, М, М, Д 4 сууж байсан. Би орж хоол цай идэж уучихаад гадагшаа гараад тамхи татаад зогсож байхад гэр дотор хүмүүс шуугилдаад явчихаар нь ороод очтол Мын зүүн гуянаас цус гарч байхаар нь шууд ширээн дээр байсан маарлыг аваад хөлийнх нь зүсэгдсэн хэсгийн дээд талаар нь боогоод тэгтэл цус нь тогтохгүй тэгээд би Мтай хамт өргөөд машинд суулгаж өгөөд өргөлцөөд эмнэлэг орсон. ...Дараа нь эмнэлгийн гадаа М ирээд надад найз нь мах идээд сууж байгаад цаашаа гэхдээ хутгатай гараараа түлхээд дүрчихсэн гэж хэлж байсан. ...Намайг орж ирэхэд гайгүй л сууж байсан. М ах бол нэлээн согтолттой байсан. Би орж ирээд удаагүй байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/
7.Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 10 цагийн үед найз Д-ийн гэрийн найраар ороод гарахад М нилээн согтсон байдалтай сууж байсан. Би ороод цай уучихаад буцаад гараад дэлгүүр ороод сүү авчихаад харих санаатай гарахад араас М гарч ирээд танайхан бол хүн биш, танай хамаатнууд хүн биш чи аавгүй гээд заамдаад авахаар нь чи согтсон байна гэр рүү орж унт гээд яваад өгсөн. Би дэлгүүр орчихоод айлаар ороод жоохон сууж байгаад буцаад 13 цагийн үед буцаж ирээд их хүнтэй байхаар нь хажуу гэр болох Ж гэх айлд хүлээгээд суусан. Бас манай хэдэн найзууд ирэх болохоор хүлээж байгаад хамт оръё гэж бодоод хүлээсэн юм. Тэгж байгаад 16 цагийн үед манай найзууд болох О, эхнэр Ширчинсүрэн нарын хамтаар орсон. Гэрт нь ороход Д, М хоёр сууж байсан. Бид 3 орж суугаад хоол идээд цай уугаад сууцгаасан. Тэгж байтал хүүхэд уйлаад эхнэр гараад хажуу гэр рүү орсон. Тэгээд бид 4 үлдээд би тэгээд Дид гарын бэлгээ өгөөд суусан. Д тэгээд жижиг мөнгөн аягаар О бид хоёрт 3, 3 хийж өгсөн. Тэрийг нь уучихаад би ууцны махнаас огтлоод идээд сууж байтал М өглөөний ярьснаа дахиад яриад чи аавгүй, би ээжгүй танай хамаатан ах дүү нар хүн биш гээд чаддаг юм бол чи зодчих, чи чадахгүй чам шиг юм чаддаггүй юм гээд нилээн согтуу над руу дайраад байсан. Би нэг мэдсэн гартаа хутга барьчихсан салгалаад зогсож байсан. Мын гуянаас цус гарч байсан. Энэ явдал бол маш хурдан болоод өнгөрсөн. Би бүр гайхаад хүүе хаая гэх дуунаар хөлийнх нь цусыг даралцаад боолцсон. Тэгээд л би Пүрэвдорж гэх эмчийг дуудаад хөлийг нь боогоод машинд нь өргөж суулгаж өгөөд эмнэлэг явуулсан. ...Би тухайн үед сандраад айгаад өөрөө дүрчихсэн тэгээд сугалаад авсан байх гэж бодоод л тэгж мэдүүлсэн. Тэгэхээс яг үнэндээ бол яг хутгалснаа мэдэхгүй хутгаа сугалж авснаа ч мэдэхгүй байгаа юм. Энэ үйл явдал маш богинохон хугацаанд болоод өнгөрсөн. Гэнэт л хүмүүс орилолдоод явчихаар нь ухаан ороод хартал би гартаа хутгатай, Мын хөлөөс цус гарч байсан. Тэгээд л цусыг нь дарж боолцоод Этой хамт анхны тусламж үзүүлсэн. Сумын эмч П руу өөрөө би яриад дуудаад машинд нь өргөж суулгаад эмнэлэг явуулсан. Хамт суугаад явах ухаанаа олохгүй араас нь би алхаад эмнэлэг орсон. Тухайн үед бол маш их сандарсан айсан байсан. Би гэрт нь ороод жижиг мөнгөн аягаар гурав л татсан байсан. Мөнгөн аяга нь бол жижигхэн би талд нь ортол уугаад л өгөөд байсан. Бараг эрүүл байсан. Манай аав маань 2013 онд зуурдаар нас барсан юм. Аав маань тухайн үед нэг найзтайгаа хамт явж байгаад мотоциклтой унаад тархиндаа гэмтэл аваад хурхираад унтаж байгаа хүн шиг байхаар нь тэндээ хоноод маргааш өглөө нь эмнэлэг дуудаад тэгээд тусламж авах хугацаа оройтоод бурхан болсон юм. Би хүүхэд жоохон байсан болохоор тэр явдлыг сонсоод нэг хэсэг шокноос гарахгүй аавгүй гэж бодоод хүүхдүүд бас аавгүй гээд байдаг болохоор их хэцүү байсан. Ээж маань ах бид хоёрыг өсгөх гээд л их л зовж зүдэрсэн. Би тэр явдлыг бол мартаж чаддаггүй их эмзэг болж өссөн. Тэгээд энэ асуудлыг сөхөөд аавгүй, танайхан хүн биш ээж чинь хүн биш гээд байхаар надад сэтгэл дотор их эвгүй болоод байсан юм. Тэгээд тэр өдөр орой 16 цагийн үед ороод сууж байхад өглөө тийм зүйл яриад байсан байж дахиад хүмүүсийн хажууд тэгж яриад байхаар надад маш их эмзэг тусаад байсан. Нэг л мэдэхэд би тийм зүйл хийсэн байсан. Нэг хэсэг л шокноос гарч чадаагүй. Ер нь амьдын хагацал гэдэг бол маш их уй гашуу их хэцүү юм билээ. ...Би бол барагтай уурлаж бухимдаад байдаггүй. Их тайван хүн байгаа юм. Одоо бараг миний багцаагаар эмчилгээний эм тариа, ойр зуурын шаардлагатай зүйл, хоол унд гээд 6.000.000 төгрөг зарцуулсан. Манай ээж Бямбасүрэн эмнэлгээс гартал нь сахиж хамт байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 хуудас/
8.Х аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №56 тоот шинжээчийн “1.М.Мын биед зүүн гуяны дунд 1/3 хэсгээр гуяны артерийг гэмтээсэн хутгалагдсан шарх, зүүн гуяны артерийн /A.Femoralis/ судасны тасрал, урагдал, зүүн хөлийг дунд чөмөгний доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид зүүн хөлийг дунд чөмөгний доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 4.17.103.2-д зааснаар тогтонги 65% алдагдуулна. 5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1-р хх-н 41-42 дугаар хуудас/
9.Гэрч А.Ш-ийн: “Тухайн өдөр найзуудынхаа хамтаар бид 2 хүүхдүүдээ дагуулаад хамт орсон. Би гэрт ороод цай хоол унд идээд хүүхдүүд гадаа гараад тоглохоор нь би араас нь гараад гадаа сууж байсан. Анх бид нарыг орсноос хойш л наалдаж суугаад л манай нөхөр М руу чи яахын гээд л өдөх маягтай л юм яриад байхаар нь би та их согтсон байна шүү гэж хэлээд хажуунаас нь босоод гараад яваад өгсөн. Д-ийнд анх орох гээд хашаан дотор нь байхад гадаа Мөнгөнтулгыг М заамдаж аваад чи хаачих гээд байгаа юм гээд л зүгээр байлгахгүй байхаар нь салаад л цаашаа яваад өгсөн. Тэгээд орсноос хойш бас хажууд нь ирж налж суугаад л болохгүй манай хүн арай холдоод хүртэл суусан. Тэгээд сүүлдээ цай хоол идчихээд би хүүхдүүдээ харах гээд гадаа байхад л гэнэт шаагиад л яваад өгсөн. Би тухайн үед яг юу болсон талаар бол самгардаад сандраад мэдээгүй. Мын хөлөөс нь цус гараад л байсан. Удаа ч үгүй эмнэлэг ирээд л аваад явсан. Манай нөхөр бол даруухан. Хүн зүгээр байхад өдөж хоргоож ийм байдалд л хүргэчихлээ гээд л бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 дугаар хуудас/
10.Гэрч Х.Э-ийн: “Тухайн өдөр орой 17 цагийн үед Д-ийн гэрт найзууд нь болох Э, О, М нар орж ирсэн. Би Д-ийн гэрт нь байж байгаад орж гараад гал тогоо барьж байсан гэрээр л байсан. Намайг гэрээс орж гараад байхад тэр хэд цай хоол унд идээд л сууж байсан. Гэрт маргалдаж муудсан зүйл бол нээх ажиглагдаагүй. Гэнэт л хүмүүс орилолдоод л явахаар нь ороод очтол манай нөхрийн гуянаас цус гарч байсан. Юу болчхов оо гэтэл М хутгалчхлаа гээд манай нөхөр тэгж байсан. Хэн эмнэлэг рүү ярьж дуудсаныг мэдэхгүй нээх удаагүй эмч Пүрэвдорж гэх хүн яваад ирсэн. Эмнэлэг рүү эмч машиндаа хэвтүүлээд аваад явсан. М бол согтолт гайгүй байсан. Орж ирээд нээх удаагүй байсан. Манай нөхөр бол жоохон согтолттой байсан. ...ямар ч байсан маргаан болоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 дугаар хуудас/
11.Гэрч Б.П-ийн: “Тухайн асуудал болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд М нь миний утас руу залгаад та Д гэх айлд хурдан хүрээд ирээч гэсэн. Тухайн өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан учраас яаралтай очсон юм. Тэгээд намайг Д-ийн гадаа очиход гэрээс нэг хүн өргөөд гараад ирсэн, би өргүүлж гарч ирсэн хүнийг машиныхаа арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиж биед нь үзлэг хийхэд зүүн хөлийн гуяыг боосон байсан. Тухайн боолтыг тайлахад гуяны дотор талд хутгалуулсан шинэ шархтай байсан шархнаас нь цус олгойдож гарч байсныг боолт хийж цусыг тогтоон шархыг цэвэрлэж 4 оёдол тавьсан. Тэгээд Х аймгийн нэгдсэн эмнэлэг рүү утсаар ярьж мэдэгдэн хагалгааны баг гарч орой 22 цагийн орчимд аймгийн төвөөс хагалгааны баг ирж хагалгаа хийсэн. М, Э нар Мыг түшиж гарч ирээд машины арын суудал дээр хэвтүүлэн эмнэлэг рүү хамт явцгаасан. Их согтолттой байсан хүний хэлж ярьж байгааг ойлгох чадваргүй, цус тогтоох тариа хийлгэхгүй хоёр гараа савчаад нүүр ам руу цохьчих гээд байсан. М нь тухайн үед согтуу байсан гэх зүйл ажиглагдаагүй нэлээн сандарсан байдалтай ойр зуурын зүйл дөхүүлж өгөөд гүйгээд байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/
12.Гэрч С.Т-лын: “Тухайн асуудал болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчимд нөхөр бид хоёрын хуримын баярт ирсэн хүмүүс манайд байсан юм. Тэр хүмүүс дунд М гэдэг залуу байсан. М нь согтуу байсан. Найранд ирсэн хүмүүс рүү агсраад байсан. Тэгээд би нэг хашаанд байдаг хадам ээжийн гэр лүү орсон, тэгээд хэсэг байж байгаад эргээд гэр лүүгээ ороход манай гэрийн баруун хэсэг шалаар их хэмжээний цус гоожсон байсан. Тэгээд би гэрт байсан хүмүүсийн байгаа байдлаас нь ажиглаад Мыг гуя руугаа хутгаар дүрүүлсэн байна гэж мэдсэн юм. М түүний эхнэр Ширчинсүрэн, Э, М түүний эхнэр Э, О нар байсан. Би яг асуудал болох үед гэртээ байгаагүй хажууд нэг хашаанд байдаг хадам ээжийндээ байсан. Баруун хөлөөс цус гарсан байдалтай, их хэмжээний согтуу байсан, өөрийн гэсэн ухаангүй, хүн юм хэлэхэд ойлгох чадваргүй байсан. М нь эрүүл байсан, тухайн асуудал болохоос өмнө манайд орж ирээд удаагүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163 дугаар хуудас/
13. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №94 тоот шинжээчийн 1.Иргэн М-ын М /ЕБ97030814/ нь 2023 оны 10 дугаар 02-ны өдөр бусдад хутгалуулж зүүн хөлөө тайруулсан гэх хэрэгт тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлага бага гэх дүгнэлт /1-р хх-н 173-174 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17-18 цагийн хооронд Х аймгийн Г сумын 6 дугаар баг Ц-ы 01-04 тоотод оршин суух Б.Д-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Мыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар хутгалж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг буюу хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж: “...Хохирогч эрүүл мэндээрээ хохирсон. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.М үйлдсэн болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н-ээс “...хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийн хохирогчид учруулсан хүнд хохирлыг санаатай учруулсан нь тогтоогддоггүй, субъектив шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэх саналыг,
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “...Б.М нь санамсаргүй гэм буруутай байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Х аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Мын зүүн гуяны дунд 1/3 хэсгээр гуяны артерийг гэмтээсэн хутгалагдсан шарх, зүүн гуяны артерийн /A.Femoralis/ судасны тасрал, урагдал, зүүн хөлийг дунд чөмөгний доод 1/3 хэсгээр тайрах мэс заслын гэмтэл буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.М нь зэвсэг буюу хутга хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд маргаагүй, гагцхүү болгоомжгүйгээр учруулсан гэж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж,
3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17-18 цагийн хооронд Х аймгийн Г сумын 6 дугаар баг Ц-ы 01-04 тоотод оршин суух Б.Д-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Мыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
-хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд анх өгсөн: “...Орой 18 цагийн үед Д-ийн найз гэх 2-3 залуу гаднаас орж ирсэн юм. Би ч өглөөнөөс хойш архи уусан болохоор нэлээн согтож байсан. Би босоод нэг залуугийнх нь хажууд суутал гэнэт миний зүүн гуянаас цус олгойдоод эхэлсэн. Би тэгээд л ухаан алдсан, цаашаа юу болсон талаар санахгүй байна. Сая сэрэхэд эмнэлэгт сэрлээ. Би маш их согтолттой байсан болохоор юу ч мэдэхгүй байна. Маргаж муудсан зүйл бол байгаагүй. ...Мөнгөнөөгийн согтолт гайгүй байсан. Гаднаас орж ирээд их удаагүй тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,
“...2023 оны 10 дугаар сарын 02-ны орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Гаднаас Д-ийн найзууд болох Э, О, М, М-ын эхнэр нар дөрвүүлээ орж ирсэн. Орж ирээд цай хоол идээд сууцгаасан. Би О, Э нарын доор суугаад М болохоор тэр хоёрын дээд талд нь суугаад мах идэж байх шиг байсан. Маргаан бол нээх болоогүй гэж бодож байна. Би босоод аягатай цай аваад суух гэтэл өөдөөс нойтон юм үсрэх шиг болохоор нь цайгаа асгасан уу гэтэл гуянаас цус дээшээ олгойдож байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 16, 140 дүгээр хуудас/
-гэрч Б.Д-ийн: “...Би шинэ гэр бариад тусдаа гараад гэрийн найр хийж байсан юм. Тухайн өдөр бол найрын хоёр дахь өдөр байсан юм. Манай гэрт М, М, О бид 4 сууж байсан. ...М.М бол 10 дугаар сарын 01-ний орой ирээд ууж эхэлсэн. Маргааш өглөө нь босоод л шууд уусан болохоор нэлээн согтолттой байсан. Бид 3 бол харин согтолт гайгүй байсан. ...М М-ыг жоохон үгээр идээд хамаатан саднуудаа яриад л байх шиг байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 7 дугаар хуудас/
-гэрч М.Од-Эрдэнийн: “...Би тухайн өдөр М найзын хамтаар орой 16 цагийн үед найз Д-ийн гэрийн найранд очсон. Ороход М, Д хоёр сууж байсан. Ороод М бид хоёр хоол цай идээд бас мөнгөн аягаар 3, 3 аяга уугаад сууж байхад М ах жоохон агсрах маягтай нилээн согтолттой харагдаж байсан. ...Тухайн үед бол сүртэй маргалдаад муудаад байсан зүйл байхгүй. Бид хоёр гэрт нь ороод нээх удаа ч үгүй л байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/
-гэрч Ч.Э-ийн: “...Би тухайн өдөр найз Д-ийн гэрийн найранд 17 цагийн үед ганцаараа очсон. Намайг очиход гэрт О, М, М, Д 4 сууж байсан. ...Дараа нь эмнэлгийн гадаа М ирээд надад “найз нь мах идээд сууж байгаад цаашаа гэхдээ хутгатай гараараа түлхээд дүрчихсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/
-шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 10 цагийн үед найз Д-ийн гэрийн найраар ороод гарахад М нилээн согтсон байдалтай сууж байсан. Би ороод цай уучихаад буцаад гараад дэлгүүр ороод сүү авчихаад харих санаатай гарахад араас М гарч ирээд “танайхан бол хүн биш, танай хамаатнууд хүн биш, чи аавгүй” гээд заамдаад авахаар нь чи согтсон байна гэр рүү орж унт гээд яваад өгсөн. Би дэлгүүр орчихоод айлаар ороод жоохон сууж байгаад буцаад 13 цагийн үед буцаж ирээд их хүнтэй байхаар нь хажуу гэр болох Жагдагсүрэн гэх айлд хүлээгээд суусан. Бас манай хэдэн найзууд ирэх болохоор хүлээж байгаад хамт оръё гэж бодоод хүлээсэн юм. Тэгж байгаад 16 цагийн үед манай найзууд болох О, эхнэр Ширчинсүрэн нарын хамтаар орсон. Гэрт нь ороход Д, М хоёр сууж байсан. ...Д тэгээд жижиг мөнгөн аягаар О бид хоёрт 3, 3 хийж өгсөн. Тэрийг нь уучихаад би ууцны махнаас огтлоод идээд сууж байтал М өглөөний ярьснаа дахиад яриад “чи аавгүй, би ээжгүй, танай хамаатан ах дүү нар хүн биш” гээд “чаддаг юм бол чи зодчих, чи чадахгүй чам шиг юм чаддаггүй юм” гээд нилээн согтуу над руу дайраад байсан. ...Манай аав маань 2013 онд зуурдаар нас барсан юм. ...Ээж маань ах бид хоёрыг өсгөх гээд л их л зовж зүдэрсэн. Би тэр явдлыг бол мартаж чаддаггүй их эмзэг болж өссөн. Тэгээд энэ асуудлыг сөхөөд “аавгүй, танайхан хүн биш, ээж чинь хүн биш” гээд байхаар надад сэтгэл дотор их эвгүй болоод байсан юм. Тэгээд тэр орой 16 цагийн үед ороод сууж байхад өглөө тийм зүйл яриад байсан байж дахиад хүмүүсийн хажууд тэгж яриад байхаар надад маш их эмзэг тусаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 хуудас/
-гэрч А.Ш-ийн: “Тухайн өдөр найзуудынхаа хамтаар бид 2 хүүхдүүдээ дагуулаад хамт орсон. ...Анх бид нарыг орсноос хойш л наалдаж суугаад л манай нөхөр М руу “чи яахын гээд” л өдөх маягтай л юм яриад байхаар нь би “та их согтсон байна шүү” гэж хэлээд хажуунаас нь босоод гараад яваад өгсөн. Д-ийнд анх орох гээд хашаан дотор нь байхад гадаа Мөнгөнтулгыг М заамдаж аваад “чи хаачих гээд байгаа юм” гээд л зүгээр байлгахгүй байхаар нь салаад л цаашаа яваад өгсөн. Тэгээд орсноос хойш бас хажууд нь ирж налж суугаад л болохгүй манай хүн арай холдоод хүртэл суусан. ... Хүн зүгээр байхад өдөж хоргоож ийм байдалд л хүргэчихлээ гээд л бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 дугаар хуудас/
-гэрч Б.П-ийн: “Тухайн асуудал болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд М нь миний утас руу залгаад та Д гэх айлд хурдан хүрээд ирээч гэсэн. Тухайн өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан учраас яаралтай очсон юм. Тэгээд намайг Д-ийн гадаа очиход гэрээс нэг хүн өргөөд гараад ирсэн, би өргүүлж гарч ирсэн хүнийг машиныхаа арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиж биед нь үзлэг хийхэд зүүн хөлийн гуяыг боосон байсан. Тухайн боолтыг тайлахад гуяны дотор талд хутгалуулсан шинэ шархтай байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед найрын эзэн Б.Д-ийнд очоод буцаж яваад эргээд 16 цагийн үед очсон, хохирогч М.М 2 өдөр дараалан архи уусан согтолт ихтэй байсан, шүүгдэгч Б.Мд 10 болон 16 цагийн үед “чи аавгүй, танайхан хүн биш, танай ээж чинь хүн биш”, “чи чаддаг юм бол зодчих, чам шиг юм чаддаггүй л байхгүй юу” гэх зэргээр доромжилж агсам тавьсан, шүүгдэгч Б.М жижиг мөнгөн аягаар 3 удаа уусан, согтолт гайгүй байсан, найранд ороод нэг их удалгүй хохирогч М.Мыг хутгалсан, гуяны дотор талд хутгалуулсан шинэ шархтай байсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч, хохирогч, гэрч нар нь “шүүгдэгч Б.М, хохирогч М.М нарын хооронд нэг их маргаан болоогүй” гэж мэдүүлдэг боловч гэрч А.Ш-гийн “...Анх бид нарыг орсноос хойш л наалдаж суугаад л манай нөхөр М руу “чи яахын гээд” л өдөх маягтай л юм яриад байхаар нь би “та их согтсон байна шүү” гэж хэлээд хажуунаас нь босоод гараад яваад өгсөн. Д-ийнд анх орох гээд хашаан дотор нь байхад гадаа Мөнгөнтулгыг М заамдаж аваад “чи хаачих гээд байгаа юм” гээд л зүгээр байлгахгүй байхаар нь салаад л цаашаа яваад өгсөн. Тэгээд орсноос хойш бас хажууд нь ирж налж суугаад л болохгүй манай хүн арай холдоод хүртэл суусан. ... Хүн зүгээр байхад өдөж хоргоож ийм байдалд л хүргэчихлээ гээд л бодож байна...” гэх мэдүүлгээс харахад шүүгдэгч Б.М, хохирогч М.М нарын хооронд тодорхой хэмжээний маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хутгыг зөв буюу баруун гартаа барьж байсан, хохирогч М.Мын зүүн гуянд цаашаа гээд түлхэхэд л санаандгүй хутгалсан, санаатай гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байх ба хэргийн бодит байдал, хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт зэргээр дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Б.М хохирогч М.М нарын дунд гэрч М.О сууж байсан ба хохирогч М.Мыг босох шиг болоход цаашаа гээд түлхэх үйлдэл нь хохирогчийн гуян тус газар таарах болон хохирогчийн гуяны дотор талд хутгалагдах боломжгүй юм.
Түүнчлэн шүүгдэгч Б.М нь жижиг мөнгөн аягаар 3 удаа архи уусан, согтолт гайгүй байсан талаар гэрч, хохирогч нар болон шүүгдэгч өөрөө мэдүүлдэг тул түүнийг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын гаргасан “болгоомжгүйгээр учруулсан” гэх дүгнэлт үндэслэлгүй буюу шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн согтууруулах ундааны зүйл буюу архийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, зүй бус үг хэллэг, хоорондын харилцааны үл ойлголцол зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр 21,955,000 төгрөгийг шүүгдэгч Б.Мас нэхэмжилсэн байна. /1-р хх-ийн 206, 216 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.М нь хохирогч М.Мын эмчилгээний зардалд 10,780,000 төгрөг /2-р хх-ийн 71, 76 дугаар хуудас/-ийг “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн хамт хүлээлгэн өгч баримтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн, хохирогч М.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Одоо Б.Мд гомдол санал байхгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн, буцсан зардалд 280,000 төгрөг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэж мэдүүлэв.
Иймд шүүгдэгч Б.Мас 280,000 төгрөг гаргуулан хохирогч М.Мд олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Л овогт Б-ийн М-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчид учирсан хохирол, хор уршиг, хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н: “...Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг болон хувийн байдлыг нь харгалзан үзэж 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Б.М нь 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2-4 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдов.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохиролд 11,780,000 төгрөг төлсөн, мөн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцон хүлээлгэн өгсөн, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг болон хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 111 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 111 (нэг зуун арван нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн 2340000490065 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай нийт урт 21 см, ажлын хэсэг 10 см, ажлын өргөн 4 см, ажлын зузаан 2 мм 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мд 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 111 (нэг зуун арван нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгч Б.Мас 280,000 (хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулан хохирогч М.Мд олгосугай.
6.Эрүүгийн 23400004900... дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай нийт урт 21 см, ажлын хэсэг 10 см, ажлын өргөн 4 см, ажлын зузаан 2 мм 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
ШҮҮГЧИД Р.БАТБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ