Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

    2024         11           11                                        2024/ШЦТ/66

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч Г.А

 Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х хангай овогт Ч-ийн Бад  холбогдох эрүүгийн 24400000000... дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын 03-ны өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж. 5-00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгийн торгох ялаар,

- Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, Х хангай овогт Ч-ийн Б. /РД:0000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Х аймгийн Бсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-20” маркийн 24-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б “Би цэргийн тэтгэвэрт гараад 3 жил болж байгаа юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа, миний буруу. ...Өмнөх торгуулийн ял биелж дууссан. 2024 оны 10 дугаар сард үлдэгдэл 2,600,000 төгрөгийн торгуулийг төлж дуусгасан...” гэв.

 

Эрүүгийн 24400000000... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас /хх-ийн 10 дугаар хуудас/

2. Жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/

3.Гэрч Э.Х-ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянмөнх сумын 4 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр буюу 15 цагийн үед сумын төв хэсэг буюу "Оч" дэлгүүрийн үүднээс 23-24 ХЭА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд урд зүг рүү явахаар нь зогсоож шалгасан. Намайг шалгахад жолооч нь Б гэх иргэн жолоо бариад явж байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэхээр нь цагдаагийн байр луу авч ирж драгер багажаар үлээлгэхэд 3.41 хувийн согтолттой гарсан. Тээврийн хэрэгслийг түр саатуулан маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б сум руу очиж ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ц-д хүлээлгэн өгсөн...Машиндаа 5 хүн явж байсан. Хөдлөөд 5-6 метр л явсан байх…гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дугаар хуудас/

4.Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 9 дүгээр хуудас/

5. Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 13-15 дугаар хуудас/

6. Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 16-18 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-20” маркийн 24-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийн зохисгүй хэрэглээ нөлөөлсөн байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй  тул шүүгдэгч Ч.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бад энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

 

Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Ч.Б нь 43 настай, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, 3 жилийн өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон, ам бүл 6, эхнэр, 4-21 насны 4 хүүхдийн  хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

 

            Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, өмнө нь торгох болон зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар биелүүлэх, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих талан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд мөн шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор уг торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга Д.Хатанбаатарын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1947 дугаартай албан бичигт “...Ялтан Ч.Б нь торгох ялыг хэсэгчлэн төлөлт хийх хуваарийн дагуу 1,000,000 төгрөгийн төлөлт хийж 2,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 55 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ч.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Торгох ялын үлдэгдэл 2,600,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөх шаардлагатай гэж шаардсаны дагуу төлж дуусгасан...” гэх тайлбар гаргасан ба улсын яллагч “торгуулийн ялыг биелүүлж дууссан эсэхийг лавлахад бүрэн төлсөн хариуг шийдвэр гүйцэтгэгч өгсөн...” гэж тайлбарласан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Бад тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х хангай овогт Ч-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х хангай овогт Ч-ийн Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад цалин хөлс олгохгүйгээр, өдрийн 8 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлж, биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.

          5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

         7.Шүүгдэгч Ч.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бад авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ