Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2018/01817

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд; 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************** оршин суух, Т овогт Д-н Н / ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, Т овогт Л-ийн Д / д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Л.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Л.Дтэй 1997 онд танилцаж, 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 1998 оны 11 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид 1 охин төрүүлж өсгөсөн бөгөөд охин маань одоо 19 настай оюутан. Миний нөхөр Л.Д нь догшин ширүүн, харгис хэрцгий ааш араншинтай, уурлаж бухимдах л юм бол намайг зодож, цохиж, хэрүүл маргаан байнга үүсгэдэг. Би түүний энэ байдлыг олон жил тэсэж тэвчиж өнгөрүүлсэн боловч байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл дарамт миний сэтгэл зүйлд ч сөргөөр нөлөөлөх болж маш их мартамхай байнга айж түгшиж цочдог байдалтай байсныг улмаас зүрх мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах болсон. Би Л.Дийн үйлдлийг эхний жилүүдэд гэр бүлийнхэндээ хэлдэггүй, нуудаг байсан боловч сүүлдээ түүний эцэг, эхэд хэлдэг болсон ч огт тоохгүй, түүний хүчирхийлэл үргэлжилсээр байсан. 2016 онд мөн намайг зодож гэмтэл учруулсан боловч дахиж эхнэрээ зодохгүй гэдэг ам өгч өөрийн гараар бичиг бичиж өгсөн тул би уучилж байсан. Гэтэл энэ хүн засраагүй улмаар 2018 оны 5 дугаар сард гэртээ согтуу ирж намайг зодож ширээн дээр байсан аяга шидэж миний толгойг хагалж гэмтэл учруулсан. Түүнээс хойш би гэртээ дахин очоогүй. Би 20 жил гэр бүлийнхээ төлөө өөрийн эрүүл мэнд залуу насаа зориулж ажиллаж хөдөлмөрлөж өдий зэрэгт хүрсэн боловч Дийн хүчирхийллээс болж өөрийн гэр орондоо амгалан тайван амьдрах боломжгүй болж өөрийн гэсэн гэр оронгүй, зарцуулах хөрөнгөгүй айлд толгой хоргодон амьдарна гэдэг 40 нас хүрсэн эмэгтэй хүний хувьд маш хүнд байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хамтран өмчлөх дундын 89.150.000 төгрөгийн эд хөрөнгө мал байгаагаас өөрт ногдох хувь буюу 29.716.666 төгрөгийн эд хөрөнгө мал гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчтай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 11.400.000 төгрөгийн мал авахаар бид харилцан тохиролцож хамтран өмчлөх эд хөрөнгө дээрээ эвлэрсэн тул эвлэрлийг батлахад татгалзах зүйлгүй. Харин гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа. Учир нь миний хувьд энэ хүнийг засрах байх гэж бодож уучилж байсан. Хэд хэдэн удаа бид салж тусдаа амьдарч хүртэл үзэж байсан. Тэгээд одоо засарсан байх гэж бодоод очихоор яг л хэвээрээ байдаг.20 жил үр хүүхэд амьдралаа бодож өдийг хүргэсэн. Мөн бид Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй бөгөөд цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Нтэй 1997 онд танилцан, гэр бүл болж, 1999 оны 6 дугаар сарын 9-ний өдөр охин Лхагвасүрэн мэндэлсэн. Д.Н хамтран амьдрахад хэцүү залхуу хойрог намайг хэл амаар байнга доромжилдог. Д.Н надаас сална гэж яваад эргээд ирдэг байсан. 2016, 2018 онд Нг зодож гэмтэл учруулж байсан нь үнэн боловч байнга архи ууж зодож цохиод байсан зүйл байхгүй. Аль болох амьдралын төлөө зүтгэж явна.Охин маань оюутан цаашид хүнтэй сууж тусдаа гарах болоход ээж, аав хоёр нь салчихсан байвал ямар байх бол. Иймд гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хэрвээ гэрлэлт цуцлагдсан тохиолдолд Д.Нд хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс хонь 120 толгой, түүнээс 40 толгой эм хонь нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг, 20 толгой төлөгнөөс дээш насны хонь нэг бүрийн үнэ 150.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг, 20 толгой төлөг нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг, 40 толгой хурга нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг, ямаа 30 толгой, түүнээс эм ямаа 10 толгой нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 500.000 төгрөг, 10 толгой эр ямаа нэг бүрийн үнэ 70.000 төгрөг, нийт 700.000 төгрөг, 10 толгой ишиг нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт 200.000 төгрөг, бүгд 11.400.000 төгрөгийн үнэ бүхий мал өгөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Л.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Д.Нн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гэрлэгчид нь 1998 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж, 1998 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 115/003283 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран амьдрах хугацаанд 1999 оны 6 дугаар сарын 09-ны өдөр охин Д.Л төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 115/003282 дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-д Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй ... бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж тус тус заасан байх бөгөөд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Гэрлэгчид Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, нэхэмжлэгч Д.Н нь шүүх хуралдаанд Д нь догшин ширүүн зантай уурлаж бухимдсан үедээ намайг зодож цохиж хэрүүл маргаан байнга үүсгэдэг. Би түүний энэ байдлыг олон жил тэвчиж өнгөрөөсөн боловч байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл дарамт миний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх болсон. 2016 онд намайг зодсоноос болж надад гэмтэл учирч байсан боловч би амьдралаа үр хүүхдээ бодоод өөрөөр нь дахиж эхнэр Нг зодохгүй гэсэн бичиг бичүүлж аваад өнгөрч байсан боловч засраагүй. 2018 оны 5 сард мөн гэрт согтуу ирж намайг зодож миний толгойг аягаар цохиж гэмтээсэн.Үүнээс болж би толгойдоо оёдол тавиулсан. Надад гэмтэл учруулсан энэ байдлаа Д гэмшсэн байдал огт байдаггүй.Энэ хүнийг засрах байх гэж үр хүүхэд, босгосон амьдралаа бодож би 20 жил амьдарсан. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү... гэж тайлбарласан ба зохигч энэ талаар маргаагүй.

Дээрх үйл баримт нь талуудын хуралдаанд өгсөн тайлбар болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ...миний бие Д нь эхнэр Нг зодохгүй гэж амлалт өгсөн нь үнэн.Үүнээс хойш эд хөрөнгөө эвдэж сүйтгэхгүй өргөдөл гаргасан Д мөн болно... гэх дөрвөлжин дэвтрийн тал цаасан дээр хар өнгийн тосон балаар бичсэн 1 хуудас баримт, Д.Нн амбулаториор эмчлүүлэгсдийн картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дундын 89.150.000 төгрөгийн эд хөрөнгө байгаагаас өөрт ногдох 29.716.666 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж 11.400.000 төгрөгийн үнэ бүхий мал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба хариуцагч Л.Д нь хонь 120 толгой, түүнээс 40 толгой эм хонь нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг, 20 толгой төлөгнөөс дээш насны хонь нэг бүрийн үнэ 150.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг, 20 толгой төлөг нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг, 40 толгой хурга нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг, ямаа 30 толгой, түүнээс эм ямаа 10 толгой нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 500.000 төгрөг, 10 толгой эр ямаа нэг бүрийн үнэ 70.000 төгрөг, нийт 700.000 төгрөг, 10 толгой ишиг нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт 200.000 төгрөг, бүгд 11.400.000 төгрөгийн үнэ бүхий мал гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээрээ эвлэрч байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 267.5520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар Тогоруутан Дэлгэрдалайн Н, Т Л-ийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Н нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 29.716.666/ хорин есөн сая долоон зуун арван зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилснээс зохигч 11.400.000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий малын хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлсөн 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.550 төгрөг, нийт 376.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хангагдсан 11.400.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 197.350 төгрөг, нийт 267.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ