Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 162

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0165/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,  
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000225 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** /РД:***/, ***-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 46 настай, бүрэн дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч *** нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Найс” бааранд иргэн ***ыг пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Nice” нэртэй бааранд архи ууж байгаад иргэн ***ын тойлгой руу пивоны шилээр цохисон нь үнэн, энэ асуудалдаа гэмшиж байна.  
…миний хувьд ***ын ажилладаг баараар үйлчлүүлдэг байсан. Гэхдээ өмнө нь намайг бааранд орох гэхээр *** “та архи уусан байна” гэж хэлээд
оруулахгүй буцаагаад явуулдаг байсан тохиолдол бий. Хохирол төлбөрт 900000 төгрөг төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 23:40 цагийн үед ажлын цаг тарах гээд хөгжмөө унтрааж, баар хаахад бэлдээд хүмүүсээ гаргаж байтал *** ах согтуу байсан. Тэгэхээр нь би ***  ахыг баарнаас гаргах гэтэл миний толгой руу пивоны шил шидсэнээс болж надад хөнгөн гэмтэл учирсан. 
…Одоо биеийн байдал сайн байгаа, ямар нэгэн зовиур байхгүй. Хохирол төлбөртөө нийт 900000 төгрөг авсан. *** хэрэг гардаг өдрийн маргааш нь цагдаа дээр байхад ирж уучлалт гуйсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,  

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 6/, 

-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр найз ***ын хамт “Найс” бааранд 23 цагийн орчим орж үүдний ойролцоо байх баганы хажуугийн ширээнд сууж нэг, нэг пиво захиалж авсан. Тэгэхэд зах дээр арьс, нэхийний ченж хийдэг байсан зүс таних ***гэж залуу шилтэй пиво барьчихсан *** бид хоёрын сууж байсан ширээнд хүрч ирж суухад нь  “наана чинь хүн ирж сууна, чи яв” гэж хэлэхэд тэр, ширээ ширээн дээр очиж суугаад яваад байсан. Тэгээд *** бид 2 захиалж авсан пивоо ууж дуусчихаад 23 цаг 20 минутын орчим гарч явсан. Үүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна.  
…***нь *** бид хоёртой цуг байхдаа пивоны шил хүн рүү шидээгүй. Бид хоёрыг гарч явсны дараа энэ үйл явдал болсон юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би сурахынхаа хажуугаар “Найс” бааранд зөөгчөөр ажилладаг юм.  2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баар хаах үеэр 23 цаг өнгөрч байсан юм. Баарны хөгжим зогсчихсон байхад баарны хамгаалагч ***ах нэг залуутай заамдалцчихсан түүнийг үүд рүү чирээд гаргах гэж байгаа бололтой зууралцаж байсан. Энэ үед 3, 4 дүгээр ширээний орчим зогсож байсан нэг хүн чангаар орилоход нь би түүн рүү харахад тэр гартаа барьсан байсан пивоны шилийг хамгаалагчийн зүг шидэхэд хамгаалагч ***ахын толгойн тус газар нь цохиж шил хагарсан. Хамгаалагч ***ахын нүүрнээс нь цус гарч, тэр цусаа угаахаар угаалгын өрөө рүү орсон. Зөөгч Болормаа эгч цагдаа руу дуудлага өгсөн, хэсэг хугацааны дараа шил шидсэн хүнийг цагдаагийн хоёр албан хаагч ирж саатуулахаар авч явсан. 
…Би ариун цэврийн өрөөнд ***ахын толгойноос гарсан цусыг угаагаад үлдсэн ***ах тэр хүнийг цохиж зодсон үйлдлийг хараагүй. 
…***ах руу шил шидсэн хүн манай баараар хааяа үйлчлүүлдэг орж ирэх болгондоо ширээ, ширээн дээр очиж суугаад хүмүүсийн архи пивоноос уугаад үйлчлүүлэгч нараас тэр хүнийг баарнаас гаргаач гэсэн гомдлыг гаргадаг. Тийм болохоор бааранд орж ирчихсэн байвал хамгаалагч ***ахад хөөгдөөд гардаг байсан. Заримдаа түүнийг манай баараар үйлчлүүлэх гээд орж ирэх үед нь оруулдаггүй юм.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/, 

-Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 23 цаг 30 минутаас хойш энэ үйл явдал болсон. Тухайн үед баар хаах болоод хөгжмөө зогсоочихсон хүмүүсээ гаргаж байсан. Би тэйкний хажууд байдаг угаалтуурт стакан, бакал угааж байсан. Энэ үед 8 дугаар ширээний орчим баарны хамгаалагч ***хүмүүстэй маргалдаж нэг хүнтэй зууралцаад үүд орчим дөхөж ирсэн. Тэгэхэд 4 дүгээр ширээний орчим зогсож байсан нэг залуу баарны хамгаалагч залуу руу пивоны шил шидэхэд түүний толгойн тус газар онож, толгойноос нь их хэмжээний цус гарсан. Шил шидсэн хүн “хохь чинь” гээд орилоод байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шил шидсэн хүнийг цагдаагийн хоёр алба хаагч ирж авч явсан. 
…***руу шил шидсэн хүн манай баараар заримдаа орж ирж үйлчлүүлдэг. Орж ирчихээд ширээ хэсээд байдаг болохоор үйлчлүүлэгч нараас гомдол гаргаад байдаг.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21/

-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би түүнийг шил шидсэнийг нь хараагүй. ***ыг шилээр оносных нь дараа хүмүүс орилолдоод байхаар нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 22/, 

    -Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 23 цаг 30 минутын орчим хөгжмөө зогсоогоод ариун цэврийн өрөө орчихоод гараад иртэл ***хоёр залуутай маргалдаад нэг залууг нь үүд рүү гаргах гээд зууралдаад байж байсан. Би ***ад тусалж, тэр хүнийг үүд рүү дагуулж явсан. Үүдний гэрэл унтраалганы хажууд очих үед ***тай зууралдсан байсан залуу салаад явсан. Тэгэхэд хэн нэгний шидсэн пивоны шил ***ын толгойг цохиж, түүний нүүрнээс цус гарсан. Шил шидсэн зүг рүү харахад нэг залуу 4 дүгээр ширээ орчим зогсож байсан “хохь чинь пизда минь, чи намайг баар руугаа оруулдаггүй биз дээ” гэж хэлсэн. Тэр хүн дээр очиж “та яаж байгаа юм бэ” гээд бариад авсан. Тэгэхэд тэр залуу “яадаг юм бэ” гээд гарч явах гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,  

    -“…***ын биед дух, хамрын шарх, зүүн нүдний цус хуралт, зулгаралт, зөөлийн эдийн няцрал, дух, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын     2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүдний булгарал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29/, 

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44/, 
    -Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 72/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Найс” бааранд иргэн ***ыг пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Nice” нэртэй бааранд архи ууж байгаад иргэн ***ын тойлгой руу пивоны шилээр цохисон нь үнэн, энэ асуудалдаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би *** ахыг баарнаас гаргах гэтэл миний толгой руу пивоны шил шидсэнээс болж надад хөнгөн гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 6/, гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…нэг хүн чангаар орилоход нь би түүн рүү харахад тэр гартаа барьсан байсан пивоны шилийг хамгаалагчийн зүг шидэхэд хамгаалагч ***ахын толгойн тус газар нь цохиж шил хагарсан. Хамгаалагч ***ахын нүүрнээс нь цус гарч, тэр цусаа угаахаар угаалгын өрөө рүү орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/, гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…4 дүгээр ширээний орчим зогсож байсан нэг залуу баарны хамгаалагч залуу руу пивоны шил шидэхэд түүний толгойн тус газар онож, толгойноос нь их хэмжээний цус гарсан. Шил шидсэн хүн “хохь чинь” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21/, гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…***ыг шилээр оносных нь дараа хүмүүс орилолдоод байхаар нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 22/, гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…хэн нэгний шидсэн пивоны шил ***ын толгойг цохиж, түүний нүүрнээс цус гарсан. Шил шидсэн зүг рүү харахад нэг залуу 4 дүгээр ширээ орчим зогсож байсан “хохь чинь пизда минь, чи намайг баар руугаа оруулдаггүй биз дээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,  “…***ын биед дух, хамрын шарх, зүүн нүдний цус хуралт, зулгаралт, зөөлийн эдийн няцрал, дух, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хохирогч *** нь эмчилгээ хийлгэсэн талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч *** нь хохирол төлбөрт сайн дураар 900000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “…одоо биеийн байдал сайн байгаа, ямар нэгэн зовиур байхгүй. Нийт 900000 төгрөг авсан. *** хэрэг гардаг өдрийн  маргааш нь цагдаа дээр байхад ирж уучлалт гуйсан. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 44/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
 
Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “...одоо биеийн байдал сайн байгаа, ямар нэгэн зовиур байхгүй. Нийт 900000 төгрөг авсан, хэрэг гардаг өдрийн  маргааш нь цагдаа дээр байхад ирж уучлалт гуйсан. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
    
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000225 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай       
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ