Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2019/00195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ц овогтой Н ид холбогдох

4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 155/2019/00159/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Энхбаяр, хариуцагч Ц.Н  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль 1940 онд байгуулагдсан. 320 хүүхдийн хичээлийн байр нь чанарын шаардлага хангахгүй болж их засвар хийгдэхээр төсөвт суусан байдаг. Энэ байрны их засварын зураг төсөв хийлгэнэ хэмээн Хөвсгөл хүрмэн ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн Загал ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4.400.000 төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл уг засварын ажлыг Барилга архитектур-Барилга бүтээц ХХК-ийн инженер Г.Баасанжавын хийсэн зураг төсвөөр Хөвсгөл Жугнай ХХК гүйцэтгэсэн байна. Санхүү хяналт аудитын алба нь уг асуудлыг хянаад Хөвсгөл Жугнай ХХК нь БаБаБ ХХК-ийн инженер Г.Баасанжавт 500.000 төгрөг тохиролцож өгсөн байгаа гэсэн асуудлыг манайд ирүүлсэн. Улмаар Санхүү хяналт аудитын алба шалгалтынхаа хүрээнд дүгнэлт гаргаж Загал Хайрхан ХХК-аар төлүүл гэсэн шаардлага өгсөн. Энэ авлага одоо хүртэл он дараалсаар ирсэн ба өр авлага барагдуулах шаардлага аймгийн Санхүү хяналт аудитын алба, Боловсрол соёл урлагийн газраас байнга өгдөг. Гэтэл Загал Хайрхан ХХК-ийн эзэн Г.Оюунгэрэл нь уг мөнгийг О ХХК-д шилжүүлсэн гэдэг тайлбар өгдөг. О ХХК-ийн захирал Ц.Н  төлбөр тооцоог хийхгүй явсаар өдийг хүрлээ. Гэтэл 2018.12.15-ны өдрийн 08 тоот албан бичгээр Ц.Н ийн уг төлбөрийг би хариуцах нь үнэн гэсэн гар бичмэлийг ирүүлсэн байна. Иймд уг төлбөрийн 4.400.000 төгрөгийг О ХХК-ийн захирал Ц.Н оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Жаргалант сумын ерөнхий боловсорлын сургуулийн захирлын ажлыг авсан. Өмнө нь энэ сургуульдаа багшилж байсан. Энэ өр манай сургуульд нэлээд хэдэн жил явсан. 2018 оны 12 дугаар сард Санхүү аудитын дүгнэлт гарснаар би шүүхэд хандсан. Ямар учиртайг судлаад үзэхээр 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн байранд засвар хийгдэхээр болсон. Тэр үед зураг төсөв хийлгэе гэж яриад сурагчийн хоол хүнсний зардлаас 4.400.000 төгрөгийг гаргасан байдаг боловч энэ мөнгөн дүнгээр зураг төсөв хийгдсэн үү гэхээр хийгдээгүй байдаг юм билээ. Зураг төсвийг гаргаж өгсөн БаБаБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид 500.000 төгрөг өгсөн гэж ярьдаг боловч тодруулахаар тэр мөнгөөр хийгдсэн нь ч тодорхойгүй юм билээ. Загал Хайрхан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн данс руу тэр мөнгийг шилжүүлсэн гэсэн учраас О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлаас 4.400.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч Ц.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О ХХК-ийн захирлын ажлыг 2011 оноос одоог хүртэл хийж байгаа юм. 2012 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоотой дотуур байр шатсан юм. Гал тогоотой дотуур байр шатсаны дараа Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналт, Төр захиргааны байгууллагын ажилтан, Аудитын ажилтан зэрэг ажлын комисс Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирээд манай компанийн байранд дотуур байрны гал тогоог ажиллуулахаар болж намайг няраваар ажилла, ажиллахдаа дотуур байрны хүнсийг даа гээд тэр жилийн буюу 2012-2013 оны хүнсний бүх зарлага надаар дамжсан. Хүнсний зарлага нь 1 жилийн дотор 100 сая төгрөг төсөвлөгдсөн. Энэ 100 сая төгрөг дотор нэхэмжлэлд дурдсан 4.400.000 төгрөг орсон байдаг юм. Нэхэмжлэлд дурдсан 4.400.000 төгрөг нь сургуулийн байр заслын зураг төслийн мөнгө юм. Гэтэл 2012 онд Хөвсгөл аймгийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цогтоо нь энэ зураг төслийн 4.400.000 төгрөгийг засварт оруулна, БаБаБ ХХК-ийн захирал Баасанжаваар үнэгүй хийлгүүлнэ гээд энэ талаар энэ Баасанжав гэдэг хүнтэй тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Пүрэвжил, аймгийн хурлын нарийн бичгийн дарга Цогтоо болон миний бие уулзсан. Уулзаад зураг төслийн мөнгөөр сургуулийн шалны паркетыг сайжруулъя, түрүүн авсан байсан паркет нь 1 жилийн чанарын баталгаатай юм байна үүнийг 5 жилийн баталгаатай шалны паркетаар солъё гэдэг асуудал яригдаад бүгд зөвшөөрсөн. Зөвшөөрлийн үндсэн дээр би тухайн үед няраваар ажиллаж байсны хувьд урьд авсан байсан шалны паркетыг аваад Хөвсгөл аймгийн Мөрөн сум орж Баянсүмбэр барилгын материалын эзэн Бат-Эрдэнэтэй уулзах гэхэд БНХАУ-ын Эрээн хотод байгаа гэсэн тул өөртэй нь утсаар яриад, худалдагч танихгүй эмэгтэйд шалны паркетыг өгч сайн чанарын паркет авч зөрүү мөнгө болох 4.400.000 төгрөгийг өгсөн. Паркетыг авч сургуульд өгсөн. Миний зүгээс 2012-2013 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн хүнсний няраваар ажиллаж байхдаа төсөвлөгдсөн хүнсний 100 сая төгрөгөөс 4.400.000 төгрөгийг дээр нэр дурдсан хүмүүсийн зөвшөөрлөөр сургуулийн засварт буюу паркетан шаланд зарцуулсан. Би сургуулийг хохиролд оруулаагүй, дээр нэр дурдсан хүмүүсийн зөвшөөрлөөр мөнгийг зарцуулсан юм. Тендерийн хуулиар бол зураг төслийн 4.400.000 төгрөгийг тендерийн байгууллагад захиалга өгч, улсаас авах ёстой атал энэ талаар захиалга өгөөгүй, мөнгийг улсаас аваагүй тул улсыг хохироогоогүй гэдгийг тодруулж хэлмээр байна. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг Улаанбаатар хотод байх үед эхнэр Энхжаргал асуудлыг буруу ойлгосны улмаас Дотоод хяналт аудитын албанд 2012-2013 онд сургуулийн хүнсний няраваар ажиллаж байхдаа Загал хайрхан ХХК-ийн 5896450129 тоот дансанд 4 сая төгрөгийг дамжуулан зарцуулсан нь үнэн. Энэ мөнгөний зарцуулалтын тайланг би өөрөө хариуцна. Загал хайрхан ХХК-ийн Оюунгэрэлд ямар ч хамааралгүй болохыг тодорхойлов гэж миний өмнөөс бичсэн байгаа юм. Энэ гар бичмэлийг би өөрөө бичээгүй, эхнэр асуудлыг буруу ташаа ойлгосны улмаас бичсэн гэдгийг мөн тодруулж хэлэхийг хүсэж байна. Нэхэмжлэлд дурдагдсан 4.400.000 төгрөгийг би хувьдаа ашиглаагүй талаараа хариу тайлбар гаргаж байна. Бас нэг зүйлийг тайлбарлахад энэ нэхэмжлээд байгаа 4.400.000 төгрөг хэмнэлтээс гарсан мөнгө байгаа юм. Үүнийгээ би гэрчилж тайланг шүүхэд өгөх болно гэжээ.

Хариуцагч Ц.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сургуулийн дотуур байрыг ашиглах боломжгүй болсон тул манай компанийн байранд сургуулийн хүүхдийн үдийн цайг бэлтгэж хийхээр болсон. 2011 оноос 2013 оны 9 сар хүртэл манай байранд сургуулийн гал тогоо байрласан. Байр барьтал гэрээ хийж, би хүнсний тооцоог хийдэг байсан. Хоёр жилийн хугацаанд хүнсний мөнгө төгрөг надаар дамжин гарч байсан. Зарим үед миний данс руу, зарим үед нь компанийн данс руу ордог байсан. Жилийн 100 гаруй сая төгрөг миний дансаар орж гарсан. Би тэр үеийн явдлыг мэдэхгүй. Цогтоо гээд манай сумын нутгийн зөвлөлийн дарга хийдэг хүн энэ засвар дээр санаа тавиад туслаад өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд шалны паркет чанарын шаардлага хангахгүй байна, чанартай паркетаар солино гээд надаар паркетыг солиулсан. Зураг төслийг БаБаБ ХХК-ийн инженер Баасанжав үнэгүй хийж өгнө гэж тохиролцсон юм байна лээ. Хандив маягаар хийж өгье гэсэн юм билээ. Төсөвлөгдсөн мөнгөн дээр 6 сая төгрөг нэмж сургуулийн байрны шалны паркет авсан. Би өөрөө Мөрөнд ирж Баянсүмбэр барилгын материалын дэлгүүрээс авч явсан. Худалдагчдаа бэлэн мөнгө өгсөн. Анх авсан паркет нь нимгэн чанар муутай байсан учраас сольсон. Энэ паркетыг солиход дээрх 4.400.000 төгрөг орсон. Үүнээс өөрөөр надад мэдэх зүйл байхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ц.Н ид холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр болох 4.400.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ц.Н  нь ...Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүнсний няраваар ажиллаж байхдаа төсөвлөгдсөн хүнсний 100.000.000 төгрөгөөс 4.400.000 төгрөгийг сургуулийн захирлаар ажиллаж байсан Пүрэвжил, аймгийн хурлын нарийн бичгийн дарга Цогтоо нарын зөвшөөрлөөр сургуулийн засварт буюу паркетан шаланд зарцуулсан, хувьдаа авч ашиглаагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагч нь Загал Хайрхан хязгаарлагдмал хариуцлагатай компаниар 4.400.000 төгрөгийг төлүүл гэсэн албан шаардлага өгсөн боловч Загал Хайрхан хязгаарлагдмал хариуцлагатай компаний эзэн Г.Оюунгэрэл нь уг мөнгийг О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дансанд шилжүүлсэн гэсэн тул уг компанийн захирал Ц.Н оос 4.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлагад нэр дурдагдсан компаниас бус иргэнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хариуцагч Ц.Н оос 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.БЯМБАСҮРЭН