| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/0064/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
2024 11 21 2024/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт П-ийн Нт холбогдох эрүүгийн 23400005200.. дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х аймгийн Бэрх суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-ын 3-00тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П-ийн Н. /РД:000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Н нь “Б” ХХК-ийн Х аймгийн Б суманд байрлах “П” шатахуун түгээх станцын эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахуунаас 2023 оны 5 дугаар сард 4,420,772 төгрөгийн шатахууны орлогыг хувьдаа завшсан, мөн 2023 оны 7 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд 1335 литр буюу 4,071,750 төгрөгийн түлшний орлогыг “Б” компанийн дансанд байршуулахгүй, хувийн хэрэгцээндээ зарцуулж, завшсан буюу нийт 8,492,522 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2340000520051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1. “Б” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 10 дугаар хуудас/
2.Хохирогч Б.Д-н “...Би “Б” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани нь шатахуун борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь 2022 оны 11 сард “П” нэртэй колонкийг Х аймгийн Б суманд барьж ашиглалтанд оруулсан. Тэгээд 3 түгээгч ажилд аваад нэг их удалгүй дахиж нэг түгээгч аваад П.Н гэх хүнийг эрхлэгчээр ажилд авч 2022 оны 12 сарын 01-ний өдөр тушаалыг гаргасан. Тэгээд 2023 оны хавар 4-5 cap, мөн 7-9 дүгээр саруудад дутагдал гараад байхаар нь шалгалт оруулсан. Тэгтэл Н нь Гантулга гэх хүнийг түлш авсан гэж бичээд өөрөө цааш нь хүнд өгсөн юм шиг байна лээ. Бас түлш хэмжилтүүдийн дугаарыг өөрчилж тавьдаг байсан гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 163 дугаар хуудас/
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Номинзулын “...Сүүлийн буюу 2023 онд 8 дугаар сард хийсэн тайлангаар нь 1335 литр буюу 946 килограмм дутсан байгаа. Энэний мөнгө болох 4,071,750 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан…” “…Одоо бол үлдэгдэл 4,420,772 төгрөгийг өгчихвөл ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75, 166 дугаар хуудас/
4. “Б” ХХК-ийн захирлын “Ажилд томилох тухай”, “Ажлаас халах тухай” тушаалын хуулбар, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” /хх-ийн 29-34 дүгээр хуудас/
5.Гэрч Л.Д-ий “...Би 2023 оны 08 дугаар сараас эхлээд одоог хүртэл түгээгчээр ажиллаж байна. Нийг танина. Шалгагдаж байгаа талаар мэдэхгүй. Тухайн үед би ажилд ороогүй байсан. Сүүлд ажил олгогчоосоо сонсоход эрхлэгч хийж байхдаа компанийг алдагдалд оруулж ажлаасаа халагдсан гэж байсан. Би бол буухдаа ээлж авч байгаа хүнтэйгээ хамт түлшний лүүк рүү ороод түлшний өндрийг хэмжиж хувийн жинг үзэж эрхлэгч Нт тоогоо хүлээлгэж өгдөг. Тухайн үед бол жижиг цаас авч гараад тоогоо хувийн жинтэйгээ бичээд Н-эгчид өгнө. Нараа эгч бүртгэж аваад нөгөө цаасыг хая хая гээд л нээх тоодоггүй байсан...Шууд хүний данс энэ тэр лүү хэдэн төгрөг хийчих гээд хэлдэг байсан. Өдөрт бол байнга ярьдаг хэдэн төгрөг хэрэг байна гээд л авдаг байсан. Надаас бол өдөрт л гэхэд 300,000 төгрөг авдаг байсан. Тэгээд маргааш нь ажлаасаа буугаад орлогоо тушаах гэхээр нөгөө авсан мөнгөө өгөхгүй тэгээд дараагийн түгээгчээ чи орлого орохоор энэ мөнгийг нөхөж хийгээд хотруу захирал руу орлогоо тушаа гээд байдаг. Би ажилд ороод 4 удаа хамт гарахад байнга л тийм асуудал үүсдэг байсан. Өдөр болгон л мөнгө авдаг байсан. Бусад нь ч гэсэн энэ талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/
6.Гэрч Г.Д-ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээгдээд тэрнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. ...Нийг танина. Би мэдсэн. Надад манай захирлын эхнэр буюу менежер Номинзул хэлж байсан. ...2023 оны 07 сараас 09 сарын хооронд 1335 литр түлш дутаасан талаар сайн мэдэхгүй байна. Ер нь бол сонссон. Түгээгчээр гарч байгаа болон бууж байгаа 2 ажилтан хамт очиж түлшний өндрийг хэмжиж хувийн жинг үзээд тэрийгээ жижиг цаасан дээр бичиж ирээд Н эрхлэгчид өгдөг байсан. Н эрхлэгч өөрөө компьютер дээр тооцоо тайлангаа хийгээд явуулдаг байсан. ...Ер нь яг гараан дээр өдөрт 50,000, 60,000 100,000 мэтээр бэлэн мөнгө авдаг байсан. Хааяа бол буцааж өгнө. Хааяа бол өгөхгүй л байдаг. Өөрөө цаашаа захирал руу мэдээгээ явуулдаг болохоор аргалаад л явуулаад байдаг гэж боддог. Ер нь бүх түгээгч нараас л авч байсан. Яг юунд зарцуулаад байдаг байсныг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/
7.Гэрч Г.Г-гын “...Захирал Д- болон эхнэр Н- нартай амаар ярьж тохироод зээлээр түлш аваад удахгүй буцаан төлдөг. Удлаа гэхэд нэг сарын дотор тооцоогоо хийж дуусгадаг юм. Би 2023 оны 01 сараас 2023 оны 12 сарыг дуустал түлш авсан. Гэхдээ сардаа 2-3 удаа л түлш аваад буцаагаад тооцоог нь хийдэг байсан. Надруу 2023 оны 06 дугаар сард Номинзул гэх хүн яриад “та яагаад тооцоогоо хийхгүй удаагаад байгаа юм” гэхээр нь би “тооцоогоо хийж байгаа одоо надад сүүлд авсан нэг л байгаа” гэж хэлсэн. Тэгтэл тань дээр авсан нилээн их байнаа гэхээр нь би тийм их аваагүй гэж хэлээд л тасалсан. Дахиж бол яриагүй. Тэрнээс хойш цөөхөн удаа л авсан...П.Н нь түлш авсан гэж бүртгээд түлш дутаасан асуудал шалгагдаж байгаа талаар мэдсэн. Би гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй...Энэ миний гарын үсэг биш байна. Бумбат-Өндөр транс гэсэн компанийн нэр дээр түлш авч байсан удаа байхгүй...Одоо бүр тооцоо дууссан. Ямар нэг өглөг, авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/
8.Гэрч Т.А-ын “...Би Х аймгийн Бэрх тосгонд жоншны уурхайн нөхөрлөл ажиллуулж амьдардаг бөгөөд 2023 оны 05 дугаар сард Хово маркийн 2 машинаар жонш шороо зөөвөрлөж Говьсүмбэр аймагт зарсан. Харин Говьсүмбэр аймгаас буцаж байх үед Б суманд явж байхдаа машинуудын минь түлш дуусахаар нь эхнэр П.С-гийн ихэр дүү нь болох П.Нийн ажиллаж байсан Шатахуун түгээх станцаас 1 тонн гаран түлшээр Хово маркийн 2 автомашиныхаа банкийг түлшээр цэнэглэсэн. Тухайн үед надаас жонш худалдан авсан хүн мөнгөө өгөөгүй байсан болохоор нь би Нээс 3 хоногийн хугацаатай зээлээр аваад Бэрх тосгонд ирсэн үедээ 4,500,000 орчим тегрөгийг Нийн дансруу 2 хувааж хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/
9. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000182047 дугаартай гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх-ийн 168-172 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч П.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Н нь “Б” ХХК-ийн Х аймгийн Б суманд байрлах “П” шатахуун түгээх станцын эрхлэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахуунаас 2023 оны 5 дугаар сард 4,420,772 төгрөгийн шатахууны орлогыг хувьдаа завшсан, мөн 2023 оны 7 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд 1335 литр буюу 4,071,750 төгрөгийн түлшний орлогыг “Б” компанийн дансанд байршуулахгүй, хувийн хэрэгцээндээ зарцуулж, завшсан буюу нийт 8,492,522 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл нь “Хөрөнгө завших” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч П.Н нь “Б” ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ШТС/ЗТ/22/12-01 дугаартай “Ажилд авсан тухай” тушаалаар Шатахуун түгээх станцын эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн байна. /хх-ийн 29 дүгээр хуудас/
Тэрээр “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г компанитай байгуулсан байх бөгөөд гэрээний “Нийтлэг үндэслэл”-ийн 1.1 дэх заалтад “Энэхүү гэрээний зорилго нь эд хөрөнгө хариуцах үүрэг хүлээсэн бөгөөд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхэд оршино.” гэж, 1.2 дахь заатад “Энэхүү гэрээ нь ажил олгогч болон ажилтан нарын хооронд үүсэх эд хөрөнгө, түүнээс үүсэх хариуцлагын харилцааг зохицуулах үндэслэл болно.” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч П.Н нь “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, ажил олгогч буюу “Б” ХХК-д 2023 оны 5 дугаар сард 4,420,772 төгрөгийн, 2023 оны 7 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд 1335 литр буюу 4,071,750 төгрөгийн хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба уг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б овогт П-ийн Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч “Б” ХХК-д 8,492,522 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч П.Н нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 4,071,750 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 88, 89 дүгээр хуудас/, 4,420,772 төгрөгний хохирол барагдуулаагүй байх ба 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд “4,420,772 төгрөгийн хохирлоос 1,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан...” гэж тайлбарласан боловч хохирол төлсөн талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хохирол төлөгдөөгүй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч П.Нийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэн эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах үед тэрээр үлдэгдэл хохирол төлж барагдуулахын тулд ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал ажлын 5 өдрийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан.
Тэрээр дээрх хугацаанд хохирол төлөөгүй, хохиролд 1,500,000 төгрөг төлсөн гэх боловч баримтыг ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нээс хохиролд 4,420,772 төгрөг гаргуулан хохирогч “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Нийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Улсын яллагчаас “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” саналтай гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч П.Н нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч П.Н нь 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 8-22 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсон.
Шүүгдэгч П.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирлын зарим хэсгийг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар буюу Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч П.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт П-ийн Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт П-ийн Нт 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар буюу Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.
5.Шүүгдэгч П.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Нээс 4,420,772 төгрөгийг гаргуулж хохирогч “Б” ХХК-нд олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ