Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 0089

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.Э

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч      Л.Ч

Нарийн бичгийн дарга                             Д.Одончимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Өд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Г овогт Д-н Ө.

Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-7 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Д.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Д-н Ө-г хэрэг хариуцах чадваргүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт зааснаар Д.Өд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар Д.Өыг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн энгийн дэглэмд 1 /нэг/ жилийн хугацаагаар албадан  эмчлүүлэхээр шилжүүлж, Д.Өыг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Д.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Э эсэргүүцэлдээ:

 

“ ... Шүүх Д.Өд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ ... хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буюу “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тухай заалтыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн.

Шүүх Д.Өыг хэрэг хариуцах чадваргүйд тооцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг буюу “гэмт хэргийн шинжгүй” гэх заалтыг давхар баримталж шийдвэрлэсэн, мөн шүүгдэгчид “ ... эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн боловч тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Д.Өыг ... албадан эмчлүүлэхээр шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “... эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Өыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-7 дугаар байрны 1 дүгээр орцонд Д.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг сэтгэцийн хувьд засрал, сайжралт олох хүртэл Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тусгай тасагт албадан эмчилгээ хийлгэхээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

 

Анхан шатны шүүх Д.Өыг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн энгийн дэглэмд 1 жилийн хугацаагаар албадан эмчлүүлэхээр шилжүүлж, Д.Өыг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Прокурор Л.Э нь дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн ...,  гэмт хэргийн шинжгүй гэсэн заалтыг давхар баримталж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” гэсэн агуулгатай эсэргүүцэл бичжээ.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх Д.Өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

 

Учир нь: Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн огноо харилцан зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Тухайлбал: Хохирогч Д.Г-н гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон хохирогчоор өгсөн мэдүүлэгт дээрх гэмт хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон /хх 8, 10-11/ гэж, гэрч П.О нь “ ... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө Г миний утас руу залгаж Ө намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд БОЭТ ороход 2 хавирга нь хугарсан байсан ...” гэж /хх 22/ тус тус мэдүүлсэн байх ба прокурор 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр” гэж дурджээ.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Г-н гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаас үзвэл түүний 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийлгэсэн рентгэн шинжилгээний хариунд ... баруун талын V хавирга суганы шугамаар зөрүүгүй хугарсан ...” гэж /хх 82/ тэмдэглэгдсэн байна.

 

Түүнчлэн хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 401 дугаартай дүгнэлтэд “... Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-7 дугаар байрны гадаа зодуулсан гэх...” /хх 26/ гэсэн бөгөөд мөн дүгнэлт хэсгийн 6-д: Гэмтэл нь 2019-10-29-нд үүссэн байж болно /хх 27/ гэж дурдсан байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг мөн “2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр” гэж дүгнэсэн нь буруу байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, энэ зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульд тодорхой заажээ.

 

Гэтэл мөрдөгч 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хохирогчоор тогтоох тухай тогтоол үйлдэхдээ 1100-2289 дугаартай гомдол мэдээлэлд хохирогчоор Х.Л-г тогтоож /хх 9/, Д.Г-т эрх, үүрэг тайлбарлахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих Д.Г-г хохирогчоор тогтоогоогүй атлаа түүнд эрх, үүрэг тайлбарлан мэдүүлэг авсан, улмаар түүний мэдүүлгийг хохирогчийн мэдүүлгээр тооцож шүүх нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх учиртай.

 

Харин прокурор мөрдөгчөөс шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүхий л асуудлуудыг хянах үүрэгтэй боловч энэ хэрэгт хяналт тавих үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнээс гадна шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн халамж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай Л.Ч-г тогтоосон атлаа мөрдөгч түүнээс мэдүүлэг авахдаа биеийн байцаалт хэсэгт “5 дугаар сургуулийн бага ангийн багш” гэж түүний эрхэлж байгаа ажил, албан тушаалыг зөрүүтэй бичжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурор Л.Э-н бичсэн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай...” эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Ө нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгааг дурдах нь зүйтэй байна.

            

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Шүүгдэгч Д.Ө нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа болохыг дурдсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР