Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 125/ШШ2022/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ариунаа,

Хариуцагч:  Ховд аймгийн Засаг дарга,

Хариуцагч:  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Батсүх нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбаяр, гуравдагч этгээд Б.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээдийн  өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ариунаа нь анх Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжийн 34-38 дахь заалтууд буюу Б.Батсүх, Б.Баярхүү, Б.Энх-Амгалан, Б.Энх-Амар, Б.Энхнаран нарын гэр бүлд Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-5б тоот 1200 кв метр газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад маргаан бүхий актуудын Б.Батсүхэд холбогдох хэсгээс давхцалтай 240м.кв газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.   

2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Баачаа овогтой Батсүх нь Базар овогтой Батсүхээс үйлдвэрийн байрыг худалдан авсан тул 1120 кв метр газрыг Баачаа овогтой Батсүхэд 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг газрыг Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжаар Б.Батсүх, Б.Баярхүү, Б.Энх-Амгалан, Б.Энх-Амар, Б.Энхнаран нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.

3. Нэхэмжлэгч Д.Ариунаа нь гуравдагч этгээд Б.Батсүхийн өмчлөлийн гэх маргаан бүхий Жаргалант сумын Алагтолгой багийн 1-5б тоот хашааны газартай давхцалтай 240 кв метр газрыг Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар 25 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон гэж тайлбарлан маргажээ.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2000 онд дээрх газрыг хүнээс тохиролцож авсан. Ингээд Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 6 сарын 14-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулсан.  Анх тухайн газарт аргал буулгаж, дараа нь тус газраа амьдарч эхэлсэн. Уг газарт манай 96 кв метр бүхий 2 өрөө байр байдаг. Ховд аймгийн Улсын бүртгэлий хэлтсээс уг орон сууцыг манай нөхөр Ж.Эрдэнэсүх, хүү Э.Галсанцэрэн бидний хамтын өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон. Нөхөр Ж.Эрдэнэсүх нь 2020 оны 12 сарын 15-ны өдөр нас барж түүний өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй хөрөнгө нь надад өвлөгдөж үлдсэн. Үүний дагуу нөхөр Ж.Эрдэнэсүхийн нэр дээр байсан Жаргалант сумын Алагтолгой багийн 1-16 тоот 336 кв метр газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2021 оны 1 сарын 28-ны өдөр гаргасан. Гэтэл Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нь дээрх газраас зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар буюу 96 кв метр газрыг таны эзэмшилд шилжүүлэх боломжтой, учир нь тус газар нь Б.Батсүхийн өмчлөлийн газар байна гэсэн. Ингээд Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжаар Б.Батсүхийн гэр бүлд манай эзэмшлийн газартай давхцуулан газар өмчлүүлсэн талаар олж мэдсэн. Энэхүү захирамж нь эзэмшүүлж өмчлүүлсэн газар нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцалгүй байх, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх, сумын Засаг даргаас санал авсан байх хуулийн шаардлага зөрчсөн хууль бус захиргааны акт юм. Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтэд Б.Батсүхийн өмчлөлийн гэх газар нь анх өмчлүүлсэн хэмжээ талбайгаас 461 кв метр газар илүү байгаа талаар дурдсан байдаг. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамж болон Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжаар Б.Батсүх, Б.Баярхүү, Б.Энх-Амгалан, Б.Энх-Амар, Б.Энхнаран нарын гэр бүлд өмчлүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-5б тоот 1200 кв метр газраас давхцалтай 240 кв метр газрыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу судлан үзэхэд Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтуудаар Б.Батсүх, Б.Баярхүү, Б.Энх-Амар, Б.Энхнаран нарт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-5б тоот 1200 кв метр газрыг өмчлүүлэхдээ Ж.Эрдэнэсүхийн эзэмшлийн газартай хэсэгчлэн давхцуулсан гэж үзэх боломжгүй юм.  Ж.Эрдэнэсүхийн эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэрэг, Б.Батсүхэд анх эзэмшүүлж, өмчлүүлсэн кадастрын зураг байхгүй давхцуулан олгосон гэдгийг нотлох болон үгүйсгэх баримт хангалтгүй байна. Гэвч Ж.Эрдэнэсүхэд газар эзэмших гэрчилгээ олгосон үндэслэл болох Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжид газрын хэмжээ, байршлыг тодорхой заагаагүй мөн газар эзэмших гэрчилгээнд газрын байршлыг хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн дэлгүүр агуулахын доорх гэж зөвхөн агуулахын байрлаж буй газрыг заасан байна. Жаргалант сумын газар зохион байгуулалтын 2004 оны төлөвлөгөөнд иргэн Б.Батсүхэд өмчлүүлсэн газар нь тусгагдсан ба 2005 онд үргэлжлүүлэн өмчлүүлэх газарт хамаарч байгаа тул хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан бүхий газрыг өмчлүүлэх үед одоогийнх шиг мэдээллийн сан байгаагүй. Газар өмчлүүлэхэд багийн Засаг даргаас тухайн газарт амьдарч байгаа эсэх талаар лавладаг, шаардлагатай тохиолдолд газар дээр очиж үздэг байсан. Тухайн үед газар давхцаж байгаа эсэх талаар харах боломжгүй байсан. Мөн тухайн үеийн газрын тойм зураг нь одоогийнх нь шиг нарийн байгаагүй. Газар өмчлөлийн саналыг газрын гэрээ, гэрчилгээг үндэслэж аймгийн Засаг даргын захирамжаар газар өмчлүүлдэг байсан. Газар давхцаж байгаа эсэх тодруулах боломжгүй байсан тул маргаантай асуудлыг шүүхээс шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдаг. Нэхэмжлэгч Д.Ариунаа нь дээрх газраа өөрийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан. Тухайн үед Д.Ариунаагийн эзэмшлийн гэх газрын байршлын зургийг гаргаж, хаана байрлалтай болохыг тодруулж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр давхцаагүй 96 кв метр газрыг өмчлөх боломжтой гэх хариуг өгч байсан.Жаргалант сумын газар зохион байгуулалтын 2004 оны төлөвлөгөөнд Б.Батсүхэд өмчлүүлсэн гэх газар нь тусгагдсан байдаг. Харин 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Б.Батсүхийн өмчлөлийн гэх газар тусгагдаагүй ба 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үргэлжлүүлэн 2005 онд газар өмчлүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь хуульд заасны дагуу холбогдох материалыг судалж Засаг даргын захирамж гарсан тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Гуравдагч этгээд Б.Батсүх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх нэгдэл дундын үйлдвэрийн мужаан цехийн гурав, дөрвөн барилгыг газартай нь худалдаж авсан. Тухайн барилгыг цехэд ажиллаж байсан хүнд хувьчилж өгсөн байсан. Тэр хүн надад газрыг авах талаар санал тавьсан тул би тухайн газрыг худалдан авч Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжаар 40 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, аймгийн Засаг даргын 2005 оны 118 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авсан. Дараа нь аймгийн Засаг даргын 2009 оны 8 сарын 07-ны өдөр хамран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлж, одоо тус газар нь зөвхөн миний өмчлөлд байдаг. Анх Д.Ариунаагийн өмчлөлийн гэх байшинг ав гэхэд нь би аваагүй. Газрыг худалдаж авсан хүн нь Д.Ариунаагийн өмчлөлийн гэх байшингийн газрыг оруулахгүйгээр, ил байгаа газрыг бүгдийг нь хэмжиж өгч надад шилжүүлсэн. Тухайн үед тус газрыг одоогийнх шиг нарийн хэмжиж байгаагүй ба тус хашаа анх ямар байсан одоо ч тэр хэвээрээ байгаа. Би Д.Ариунаагийн өмчлөлийн гэх байшингийн доорх газартай маргаагүй. Маргаан бүхий газарт амьдарч байгаагүй. Тухайн газрыг худалдаж авчхаад хашаандаа өөр айл буулгаж байсан гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч нь анх Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг 25 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Энэ нь одоог хүртэл хүчинтэй байгаа. Нэхэмжлэгчийн гэр бүл нь тухайн газраа амьдарч байсан. Тус газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууж байдаг ба тус орон сууцыг 2004 оны 7 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Ж.Эрдэнэсүх нь нас барж өвлөх гэрчилгээний дагуу 336 м.кв газрыг шилжүүлэн авах хүсэлтийг газрын албанд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан. Газрын албанаас нэхэмжлэгчид 96 м.кв газар давхцаагүй, үүнийг эзэмших эрхтэй гэсэн хариу өгсөн.Гуравдагч этгээд Б.Батсүх нь өөрийн газрыг тойруулж их хэмжээний газрыг хашаалж авсан. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтэд “...Б.Батсүх нь анх Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 47 дугаар захирамжаар 1000 кв метр газар эзэмших эрх олгож байсан бол аймгийн Засаг даргын 2005 оны 118 дугаар захирамжаар 1200 кв метр болгож, 200 кв метр газрыг нэмж өмчлүүлсэн,... одоо Б.Батсүхийн өмчлөлийн гэх газар нь 1661 кв метр талбай бүхий байгаа ба хууль ёсны өмчлүүлсэн 1200 кв метр газрыг хасахад 461 кв метр газар илүү байна...” гэсэн байдаг. Гуравдагч этгээд нь захирамжид заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар хашаалж авч болохгүй, гэтэл захирамжид заасан хэмжээнээс илүү газар хашаалж авсан нь маргаан бүхий газар хийсэн шүүхийн үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Мөн Б.Батсүхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын өмчлүүлсэн байдаг. Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 12 сарын 28-ны өдрийн тогтоолоор 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан ба уг төлөвлөгөөнд Алаг толгой багт усны турбоноос дээш 3 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр заасан нь Б.Батсүхийн өмчлөлийн гэх газарт хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Батсүх нь анх Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 47 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болж улмаар 2005 онд газар өмчлөх хүсэлтийг холбогдох баримтын хамт газрын албанд өгч тус газар өмчлөх эрхтэй болсон. Тухайн үед одоогийнх шиг нарийн хэмжиж газар эзэмшүүлдэггүй, модон метрээр хэмжиж, газрын хэмжээ талбайг тоймолж тодорхойлдог байсан. Б.Батсүхийн эзэмшил, өмчлөлийн газрын нэгж талбарын хувийн хэргүүд газрын албанд хадгалагдаж байсан нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Б.Батсүхийн өмчлөлийн газрын хашаа нь өнөөдрийг хүртэл анх ямар хэмжээтэй, байрлалтай байсан яг тэр хэмжээ, байрлалаа өөрчлөөгүй хэвээрээ байгаа.Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба ба шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан сансрын зургаас харахад ч энэ байдал нотлогдож байгаа. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан 461 кв метр илүү гэх газар нь гуравдагч этгээдийн буруу биш, тухайн үед газрын албанаас хэмжиж тогтоосон газрыг эзэмшиж , өмчилж авсан. Н.Эрдэнэсүхийн эзэмшлийн гэх 336 м.кв газар нь Б.Батсүхийн өмчлөлийн гэх газартай давхцаж байгаа гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Ж.Эрдэнэсүхэд тус газрыг эзэмшүүлсэн гэх баримт байгаа эсэхийг  шалгахад холбогдох баримт газрын албанд байхгүй гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Ж.Эрдэнэсүх нь Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 8 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон гэх боловч хаана, ямар байрлалтай газар болох нь тогтоогддоггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ариунаа 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар “Газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтад Б.Батсүх, Б.Баярхүү, Б.Энх-Амгалан, Б.Энх-Амар, Б.Энхнаран нарын гэр бүлд Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-5б тоот 1200 мкв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар “2005 оны Жаргалант сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралтын Б.Батсүх, Б.Баярхүү, Б.Энх-Амгалан, Б.Энх-Амар, Б.Энхнаран нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 177 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Батсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, шүүх хуралдаанд маргаан бүхий актуудын Б.Батсүхэд холбогдох хэсгээс давхцалтай 240м.кв газрыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч Д.Ариунаагийн нөхөр Ж.Эрдэнэсүхийн эзэмшилд байсан бөгөөд газар эзэмшигч нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0007 өвлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгчид газар өвлөгджээ. Иймд нэхэмжлэгч Д.Ариунаа нь нэхэмжлэл гаргах эрхтэй.

3. Нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт “2007100327 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрхийг шилжүүлж, хугацааг сунгах өргөдлийг гаргаж, уг газар нь бусдын өмчлөлийн газарт хамаарч байгаа талаар амаар хариу өгсөн тул маргаан бүхий актыг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хуулбарлан авч танилцсан гэж нэхэмжлэлдээ дурдаж 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар талууд мэдээгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид актын талаар мэдэгдээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг тооцох боломжгүй. Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар талууд маргаагүй, захиргааны байгууллага өргөдөл шийдвэрлэж хариу мэдэгдэх үүргээ хэрхэн биелүүлсэн талаар нотлоогүй, нэхэмжлэлд хавсаргаж өгсөн маргаан бүхий актад дарагдсан аймгийн Архивын тасгийн” хуулбар үнэн” тэмдэг нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ. 

 4. Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газарт давхцуулан Б.Батсүхэд газар өмчлүүлсэн гэж, хариуцагчаас тухайн үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүртгэгдээгүй байсан гэж, гуравдагч этгээдээс тухайн газрыг бусдын эзэмшлээс шилжүүлэн авч өмчлөх эрхээ баталгаажуулсан гэж тус тус тайлбарлан маргана.

 5. Нэхэмжлэгчийн газар эзэмшлийн талаар: Нэхэмжлэгчээс түүний нөхөр Ж.Эрдэнэсүх нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар “Газар эзэмшүүлэх ажил зохион байгуулах тухай” захирамжийг үндэслэн олгосон Алагтолгой баг 1-16 тоот хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн дэлгүүр агуулахын доорх 336м.кв газар газрыг гэр бүлийн хэрэгцээнд 25 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн гэх 2007100327 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1311 дугаартай газар эзэмших гэрээ, 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрээ байгуулж байсан гэжээ.

6. Б.Батсүхийн газар хамтран өмчлөгч нар нь 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийж нотариатчаар гэрчлүүлсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ зөвхөн түүний нэр дээр байгаа талаар тайлбар гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр зөвхөн Б.Батсүхийг оролцуулсан болно. Гуравдагч этгээдийн газар эзэмшлийн талаар: Ховд аймгийн Жаргалант Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Арнай” ХЭАА-н эзэн Б.Батсүхийн үйлдвэрийн байрыг худалдаж авснаар 1120м.кв газрыг шилжүүлэн эзэмшиж, Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар Б.Батсүх  болон түүний гэр бүлийн гишүүдэд 1200м.кв газрыг өмчлүүлснийг 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж газрын өмчлөгч болжээ.

7. Гуравдагч этгээд нь хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн хашаа, барилгыг, нэхэмжлэгч нь тухайн хашаанд байдаг дэлгүүр, агуулахын байрыг худалдаж авч эзэмшин өмчилсөн талаар талууд маргаангүй.

8. Шүүхээс хийсэн үзлэгээр гуравдагч этгээдийн өмчлөлийн гэх хашаалсан газрыг хэмжиж үзэхэд 1765м.кв, нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газрыг өөрийнх нь заасан байршлаар хэмжиж үзэхэд 263м.кв байсан. Гуравдагч этгээдийн өмчлөлийн хашаалсан газарт байгаа Д.Ариунаагийн өмчлөлийн барилгын доорх 96м.кв газар нь гуравдагч этгээдийн өмчлөлд үл хамаарах тул хэмжилт хийсэн газраас хасч тооцвол 1669м.кв ба аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хэмжээ 1661м.кв буюу өмчлүүлсэн хэмжээнээс 461мкв илүү байна.

9. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... хашаалсан газар нийт 1980м.кв, нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газрыг өөрийнх нь зааснаар хэмжилт хийхэд 338м.кв байсныг хасаж тооцвол 1642м.кв байна. Үүнээс гуравдагч этгээдийн хууль ёсны өмчлөлийн 1200м.кв газрын хасахад 442м.кв газар илүү байна. Маргаан бүхий газрын одоо үеийн зургийг 2006 оны 7 сарын байдлаар анх авагдсан сансрын зурагтай хэмжилтийг давхцуулан үзэхэд маргаан бүхий газрын хилийн заагт ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа нь харагдаж байна...” гэж тус тус дүгнэжээ. 

10. Иймд гуравдагч этгээдийн газар өмчлүүлсэн хэмжээнээс илүү байгаа болон маргаан бүхий газрын хашаалсан байдалд өөрчлөлт ороогүй, зөвхөн хашааны орц хэсгийн хаалгыг сольж шинээр хийсэн болох нь талуудын тайлбар, шүүхийн үзлэг, шинжээчийн дүгнэлт, газрын байршлыг харуулсан 2006, 2021 оны сансрын зураг, кадастрын зураглалаар тогтоогдож байна гэж үзлээ.

11. Шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 109 дэх талд/ “...Анхны газар олголтуудын байршлын зураг тодорхой бус байгаа учраас маргаан бүхий газрын давхцлыг нарийн тогтоох боломжгүй хэдий ч сансрын зургаас үзэхэд ертөнцийн зүгээр нэхэмжлэгчийн барилгын зүүн талд давхцалтай байх магадлалтай байна...” гээд 162м.кв хэмжээгээр давхцалтай байдлыг харуулсан зургийг хавсаргажээ.    

12. Нэхэмжлэгчийн заасан эзэмшлийн гэх газар нь шүүхийн үзлэгээр 263мкв, шинжээчийн дүгнэлтээр 338м.кв үүнээс давхцалтай 162м.кв гэж гарсан байх ч нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 336м.кв газраа эзэмжих эрхтэй гэж маргаж уг газраас өмчлөлийн барилгын доорх 96м.кв хасч тооцоод үлдэх 240м.кв газрыг гуравдагч этгээдэд давхцуулан өмчлүүлсэн гэж тайлбарлан маргаж байна.  

13. Нэхэмжлэгчийн 1996 оноос эзэмших эрхтэй болсон гэх 336м.кв газрын байршил нь газрын гэрчилгээнд бичсэнээр “хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн дэлгүүр, агуулахын доорхи газар”-т хамаарч байна. Уг газар дээрх барилгыг Д.Мөнхцоож 1992 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн явагдсан дуудлага худалдаагаар тухайн үеийн нэршлээр нэгдсэн захын конторын барилга, агуулах, зоорь, эд хогшил зэрэг хөрөнгийн хамт 1011 ширхэг бага хувьчлалын тасалбараар худалдан авсан болох нь Ховд аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 121 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. Улмаар  маргаан бүхий газарт байрлах агуулахын зориулалттай 96м.кв барилгыг 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр болох Ж.Эрдэнэсүхэд бэлэглэлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/ гээр бэлэглэсэн байх ба 2004 оны 7 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 0075926 дугаартай гэрчилгээ авчээ.

14. Уг барилга нь 1995 оноос 2001 он хүртэл өөр хүний эзэмшил байсан болох нь гэрч С.Хорлоогийн “...Д.Ариунаагийнх гэх байшинд  1995-аас 1999 онд манай хүргэнийх амьдарч байсан. Тэд Нэгдэл дундын үйлдвэрийн мужааны цехэд сахиул мужаанаар ажиллаж байхдаа цалиндаа тооцуулж хувьцаагаар авсан гэж ярьж байсан. 1999 оноос манайх ундааны цех ажиллуулж байгаад 2001 оны үед Ж.Эрдэнэсүхэд зарсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 90-91 дэх тал/, нэхэмжлэгчийн “ 2000 оноос 2008 онд тус байранд амьдарч байсан” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.    

15. 1996 оны газар эзэмших эрхийн гэрчилгээнд агуулахын байрны доорх газар заасан. Гэтэл байрны доорх газар нь бодит байдалд 336м.кв бус 96м.кв байгаа. Нэхэмжлэгчийн эзэмшил газрын хувийн хэрэг газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагын архив, мэдээллийн санд байхгүй байна. 

16. Маргаан бүхий газрыг хашаалсан байдлаар анхны эзэмшигчийн мэдээлэл, газрын хувийн хэрэг байхгүй ч, гуравдагч этгээдийн тайлбар,  өмчлөлийн газрын хувийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл бусдаас газрыг шилжүүлэн эзэмшихэд нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцаж байгаа талаар мэдээлэл байгаагүй, харин гуравдагч этгээд нэхэмжлэгчийн байшинг бусдын өмчлөлийн гэдгийг мэдэж байсан учраас эзэмшил газарт оруулахгүйгээр зураглалыг гаргаж газрыг эзэмшсэн байна.   

17. Хариуцагчаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээд хууль ёсоор эзэмшиж өмчилсөн болох нь газрын хувийн хэрэгт авагдсан баримт, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж баталгаажсан байдлаар нотлогдож байгаа, харин нэхэмжлэгчийн газар эзэмшлийн мэдээлэл, газрын нэгж талбарын хувийн хэрэг бүртгэлгүй, кадастрын зураг хийгдээгүй, газар эзэмшүүлсэн гэх 1996 оны 8 дугаар захирамжид газар эзэмшүүлсэн эсэх талаар тодорхой заагаагүй, тухайн онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь шинэчлэгдээгүй, нэхэмжлэгч газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагад хандаж байсан нь тогтоогдохгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд гуравдагч этгээдэд газар давхцуулан өмчлүүлсэн гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй.

18. Учир нь нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийг хашаалсан газрыг эзэмшихээс өмнө хашаан доторх барилгыг эзэмшиж байсан нь маргаангүй ч Газрын хуулийн дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулсан хугацаанаас хамаарч газар эзэмшлийн талаар маргах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор газар эзэмших эрх хэнийх эхэлж үүссэнээс хамаарч давхцалтай эсэхийг тогтооно.

19. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-д газар эзэмших хүсэлтэд эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харъяалал, хэмжээ, зааг байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг ирүүлэхээр заасан. Нэхэмжлэгчийн нөхөр анх газар эзэмшихдээ захиргаанд гаргаж байсан хүсэлт, хавсаргасан баримтууд болон газрын хууль тогтоомжийн өөрчлөлтэй холбоотойгоор газрын кадастрын зураг хийлгэх, бусдын эзэмшил, өмчлөлийн газрын давхцалтай эсэхийг тодруулах, гэрчилгээг шинэчлэн солиулах, газрын төлбөр төлөх, эзэмшил газраа өмчилж авах талаар хүсэлт гаргах зэрэг газрын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байсан эсэх талаар баримт байхгүй байх тул хууль ёсоор газар эзэмшиж байсан эсэхийг нотлох боломжгүй байна.

20. Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө болох барилгыг 2003 онд бусдаас бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан байхад доорх газрыг 1996 онд эзэмшиж байсан гэх үндэслэлгүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээнд “хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн дэлгүүр, агуулахын доорхи газар” гэсэн атлаа 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1311 дугаартай газар эзэмших гэрээнд “нэгдэл дундын үйлдвэрийн хашааны дэлгүүрийн хажуу талын газарт хувийн сууц барих, гэр барих зориулалтаар 500м.кв” гэж, 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрээнд газрын байршил заагаагүй, харин газрын хэмжээг 336м.кв гэж тус тус бичигдсэн нь ойлгомжгүй.

21. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаас үзвэл газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгохоор байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3-д “Нэгж талбар бүх эрхийн гэрчилгээтэй байна”   гэж  заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх шийдвэрт заасан газрын байршил, хэмжээгээр газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ бичигдэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэх 1996 оны 08 дугаар захирамжид энэ талаар зохицуулаагүйгээс гэрчилгээнд заасан газрын байршил, хэмжээ зөрүүтэй бичигдсэн байхыг үгүйсгэхгүй. 

22. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй болсон гэх 1996 оны газрын гэрчилгээнд заасан газрын байршил буюу барилга нь одоо хэвээр байгаа бөгөөд түүний доорх газар 96м.кв байх тул 336м.кв газар хэрхэн эзэмшүүлсэн болохыг тогтоох боломжгүй бөгөөд гуравдагч этгээдэд газар давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлсэн гэж хариуцагчийг буруутгахааргүй байна.

23. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн хашаалсан газар нь өмчлүүлсэн хэмжээнээс илүү байгаа гэж маргасан нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй бөгөөд хэн нэгний эзэмшил, өмчлөлд байхгүй газрын талаар шүүхээс шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй болохыг дурдах нь зүйтэй.  

24. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзэмшил газарт гуравдагч этгээдэд газар давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. 

25. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д” иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус зааснаас дүгнэвэл гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

26. Иймд  Батсүх нарт газар эзэмшүүлсэн болон Б.Батсүхэд газар өмчлүүлсэн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

27. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв. 

28. Шинжээч нь дүгнэлт гаргахаар ажилласан ажлын хөлс, бусад зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ариунаагийн “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжийн хавсралтын 34-38 дахь заалт Б.Батсүх, Б.Баярхүү, Б.Энх-Амгалан, Б.Энх-Амар, Б.Энхнаран нарт холбогдох хэсэг, Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Батсүхэд холбогдох хэсгээс тус тус давхцалтай 240м.кв газрыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ