Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/78

 

       2024         12         20                                          2024/ШЦТ/78

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч Э.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч У.О нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт У-ийн Од  холбогдох эрүүгийн 2440000000066 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын 30ы өдөр Д аймгийн С суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Х аймгийн Д сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Х аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Г овогт У-ийн О. /РД:0000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.О нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Х аймгийн Д сумын 3 дугаар баг “Р” гэх газарт бэлчээрт байсан хонин сүргээс хохирогчС.Д-ийн 7 тооны хонийг машин механизм буюу улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” загварын мотоцикль ашиглан хулгайлж, түүнд 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.О “Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

           

Эрүүгийн 24400000000... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.ХохирогчС.Д-ийн “...Би хөгшинтэйгөө Д сумын 3 дугаар баг Цагаан тэмээт гэдэг газарт мал малладаг юм. Урд нь манайх нэг, хоёроороо мал алга болж л байдаг. Тэгээд хэн авсныг нь мэдэхгүй болохоор төвөг гээд орхичихдог байсан юм. Тэгээд сая 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай саахалтын Шаравын Алтанбуян намайг Д сумын 3 дугаар багт Р гэдэг газар хадлан хадаж байхад зорьж ирээд надад хандаж ...танай малыг хүн үймүүлээд байна. Танай малыг хулгай хийгээд байгаа хүн чинь хажууд чинь байна. Би нэр усыг нь хэлээд төвөг. Мал хуйгаа цэгцэлж ав... гэж хэлсэн. Тэгэхээр нь би лавлаад асуухад Д сумын 3 дугаар багт саахалт нутагладаг О гэдэг залуу танай хонийг хоньтойгоо нийлэхээр нь ялгаж байна гээд 10-аад хонь тасдчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би гэртээ дөнгөж ирээд О руу утсаар яриад дуудсан. О манайд ирсэн. Тэгэхээр нь би Од яагаад манай хонийг хөөгөөд, тасдаад байгаа талаар асуухад эхлээд үгүй гэж байгаад, чамайг хонь туугаад, тасдаж байхыг чинь хүн харсан байна... гэж хэлэхэд ...тиймээ ах уучлаарай. Би хонь мал аваагүй. Би хонин дундуур нь орохоор үргээд байсан гэж хэлэхээр нь би ...ядарсан амьтан арай мал хулгайлаагүй байлгүйдээ...” гэж бодоод ...битгий хонь үймүүлээд байгаарай... гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй хонио нэг бүрчлэн тоолоход 5 хонь дутсан. Тэгэхэээр нь би саахалт зусдаг Оыд хонь шүүхээр очиход О гэртээ байгаагүй. Эхнэрээс нь утсаар асуухад эхнэр нь би айлд байна. О ямааныхаа араас явсан. Манай маланд хонио шүү, шүү, танай хонийг авсан бол надад төлөх мал байхгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ Оы хонинд хонь шүүсэн чинь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр алга болсон 5 хонь, урьд өмнө алга болж байсан 2 хонь, нийт манай 7 хонь Оы хонинд им, зүсээрээ байж байсан. Тэгэхээр би өөрийнхөө 7 хонийг гэр рүүгээ тууж авч явсан. Энэ хүний хонь хулгай хийгээд байгаа үйлдлийг нь шалгуулахаар би цагдаад өргөдөл гаргасан юм. Би хулгайд алдсан 7 хонио зүс, имээр нь таниад буцаагаад Оы хониноос авсан. Надад хохирол байхгүй ч, энэ хонь, мал зүгээр байлгахгүй хулгай хийгээд байгаа нөхөрт хариуцлагыг нь хүлээлгэмээр байна..."

“...Манай алга болж Оы хонинд нийлүүлсэн гэх 7 хонь долуулаа бүдүүн эр хонь байсан. 4-5 настай том, тарган гэсэн хонинууд байсан. Манай бүх мал зөв төл нь ухам, буруу тал нь сам, эсвэл зөв тал нь сам, буруу тал нь ухам имтэй. Манай мал Оы малтай нийлэх боломжгүй бэлчээрт бэлчдэг. Тэгээд ч  нас бие гүйцсэн ямар ч мал сарниж бусад айлын маланд нийлдэгггүй. Харин хурга, ишиг бол айлын хонинд нийлж үлдэж магадгүй...Алтанбуян мотоцикльтой хүн танай хонийг үймүүлж байна. Мотоцикльтой хүний хажууд улаан хүзүүтэй, улаан тохомтой хонь бахардаад унасан байна, би сүүлнээс нь өргөж босгоод тасарсан хонинд нийлүүлсэн гэсэн утгатай юм ярьсан...”

“...Би өмнө нь 2 хонио хэдэн сарын хэдэнд хаанаас алга болсоныг бол тодорхой сайн мэдэхгүй байна. Ер нь хааяа манай хониноос ганц нэгээр хонь алга болдог, дутдаг байсан болохоор би сүүлд Оы хониноос хонио ялгаж авахдаа У.О аваад байсан юм болов уу гэж бодсон юм. Тэрнээс яг хараагүй...Би тоо алдсан байж болноо, хонио буруу тоолоод 5 тооны хонь гэж бодсон юм билээ, тухайн өдөр намайг очиход манай 7 тооны хонь нэг дор зогсож байсныг би ялгаж авсан юм...Манай хонь зөв чих урдаасаа ухам, буруу чих сам имтэй, нуруун дээрээ улаан будагтай байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 11, 87 дугаар хуудас/

2.Гэрч Ш.А-ны “...Би 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д сумын 3 дугаар баг “Улаан худаг” гэх газраас өөрийн адуугаа мотоциклоор туугаад Д сумын 3 дугаар баг “Р” гэх газар руу ертөнцийн зүгээр урдаас хойшоо явах замдС.Д-ийнхоос урагш мотоцикльтой хүн хэсэг хониноос хэдэн хонь тасдаж хөөгөөд байхаар нь сонирхоод очиход тасдсан хонинуудааС.Д-ийнхоос урагш хонь байгаа газраас баруун урагш хөөж байсан. Намайг очих үед нэг хонь бахардаад хэвтчихсэн байсныг нь би хараагүй юм байна лээ. Тэгээд тэр хонь хөөж байсан мотоцикльтой хүн намайг очиход мотоцикльноосоо буугаад тэр хонийг сүүл хэсгээс нь бариад босгоход тасдаж хөөсөн хонь руу нийлээд явчихсан. Тэгэхээр нь би Од хандаж, дүү юу хийж байгаа юм бэ гэхэд Д-ийн хонинд манай хэдэн хонь нийлсэн байна, ялгаж авч байна гэж хэлсэн...Эргэж адуун дээрээ очиход Д-ийн хэсэг хонь бас дахиад тасарсан байсан. Тэгээд тэр хэсэг тасарсан хонийг Д-ийн хонинд нийлүүлэхдээ харахад Д-ийн хонь, ямаа буруу тал нь ухам, зүүн тал нь сам имтэй, эсвэл зөв тал нь ухам, зүүн тал нь сам имтэй байна гэж харсан. Адуугаа туугаад харих замдаа Д-ийнд замаараа хэл хүргэхээр очсон... Мотоцикльтой хүн нь бидэнтэй саахалт нутагладаг О гэдэг залуу байсан. Оыг бол сайн танихгүй. Эхнэрийг нь сайн танина. Багаас нь мэднэ..."

“... У.О тухайн үед манай хоньС.Д-ийн хонинд нийлсэн байна гээд 6-7 тооны хонь тасдсан байсан. Тэр хонинуудаа баруун урагш хөөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 88-89 хуудас/

3. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дугаар хуудас/

4.Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 2024/ШД-319 дугаартай: ".. 7 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 1,480,000 төгрөг байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/

5.Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25ы өдрийн 2024/ШД-452 дугаартай: "..Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 500,000..." гэх дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн тул шүүгдэгч У.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг.Шүүгдэгчид гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.О нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Х аймгийн Д сумын 3 дугаар баг “Р” гэх газарт бэлчээрт байсан хонин сүргээс хохирогчС.Д-ийн 7 тооны хонийг машин мехаизм буюу улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” загварын мотоцикль ашиглан хулгайлж, түүнд 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч болон өмгөөлөгчөөс  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

 

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарласан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь “Мал хулгайлах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “...бусдын малыг хулгайлсан бол...” гэж тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг бүлэглэн, олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч У.О нь хохирогчС.Д-ийн 7 тооны хонийг  машин механизм буюу улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” загварын мотоцикль ашиглан хулгайлж, түүнд 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж,  С.Д-ийн бэлчээрт байгаа хониноос 7 тооны хонийг салгаж туух зорилгоор мотоцикль  ашигласан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн машин механизм ашиглан үйлдэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч У.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мотоцикль миний өөрийнх, том эгч авч өгсөн юм...” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ажил, орлогогүй байдал, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн шунахай санаа, түүний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн байна.  

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д овогт С Д-ийн Д /РД:ЕТ55122010/-д хөрөнгийн үнэлгээгээр 7 тооны хонины 1,480,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч С.Д нь шүүгдэгчийн малнаас өөрийн 7 хонийг  буцаан авсан, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч У.Од эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...” шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  өвчний учир хорих ялаас чөлөөлөх...” санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч  нь 47 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, охин, зээ 2 нь тархины өвчний улмаас группт байдаг, малчин, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, зүүн бөөрөө авхуулсан, баруун бөөрөндөө уйланхайтай, группт байдаггүй гэх хувийн байдал тогтоогдсон болно. 

 

           Шүүгдэгч У.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирогчид учирсан хохирол, шүүгдэгч нь 7 тооны хонийг биет байдлаар хохирогчид буцаан төлсөнөөр хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний хувийн байдлуудыг харгалзан үзэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх.”-өөр заасан бөгөөд 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж, 1.3 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;”-аар хуульчилсан байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хорих ялын доод хэмжээг “хоёр жил” гэж заасан.

 

           Шүүгдэгч У.Оы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол арилсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

           Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан өвчний учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, энэ талаар гаргасан улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй байна.

           Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд заасан ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн” шийдвэрлэхээр заасан байна.

           Өөрөөр хэлбэл: Ялтныг ялаас өвчний учир чөлөөлөх эсэх асуудал нь ял шийтгэгдсэний дараа   буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой асуудал юм.

            

           Иймд шүүгдэгч У.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, өөрийнх нь эзэмшлийн Х аймгийн Б сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байгаа “Даюун” маркийн улсын дугааргүй, LOPCKLYOP1136154 арлын дугаартай, DY162FMJ-2, P5132983 моторын дугаартай мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт У-ийн Ог Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан  “Бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г овогт У-ийн Од 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт У-ийн Од оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, өөрийнх нь эзэмшлийн Х аймгийн Б сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байгаа “Даюун” маркийн улсын дугааргүй, LOPCKLYOP1136154 арлын дугаартай, DY162FMJ-2, P5132983 моторын дугаартай мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

          6.Шүүгдэгч У.Од урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ