Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2021/00200

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2021/00200

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ш-т холбогдох,

Хамтын амьдралтай байсан байдал, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 106.500.000 / нэг зуун зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Г.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.О би Г.Штой 2013 онд Хөвсгөл аймгийн Хот тохижилт үйлчилгээний төвд ажиллаж байхдаа танилцаж 2013 оны 4 сараас үерхэж, 2013 оны сүүлчээс хамтран амьдарч эхэлсэн. Би Г.Штой амьдрахдаа 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ш.Э охиноо, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ш.Э хүүгээ төрүүлсэн юм. Г.Шийн ааш араншин 2016 оноос өөрчлөгдөж, Б.О надад гар хүрч, гудамжинд үсдэж чирэх, зодох, хутга шидэх, байнга хардаж, хэл амаар доромжилж, элдвээр хараан зүхэж гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж ирсэн.

Миний бие дээрх байдлыг удаа дараа тэвчсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд эрүүлдээ болон согтуудаа 2 өдөр зодож олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан тул арга буюу цагдаагийн байгууллагад дуудлага өгч өөрийгөө хамгаалуулсан бөгөөд энэ хэргийн улмаас Г.Ш нь 600,000 төгрөгийн торгуулийн ял авч байсан. Үүнээс хойш гар хүрэхээ больсон ч хэл амаар доромжлох, гэр бүлээсээ гадуур харилцаатай байх нь зогсоогүй, Г.Шийн эцэг, ах дүүгийн зүгээс миний хөгжлийн бэрхшээлтэй байдлаар доромжлох, дорд үзэх байдал үргэлжилж 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус, тусдаа амьдарч эхэлсэн. Би цаашид Г.Шийн болон түүний ар гэрийн доромжлолд 2 хүүхдийнхээ хамт амьдарч чадахгүй тул хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах, Г.Штой хамтран амьдрах явцад үүсгэсэн эд хөрөнгөөс өөртөө болон 2 хүүхдүүддээ ногдох хувийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна.

Учир нь Г.Штой хамтран амьдарч байх үед буюу 2015 онд дундын хөрөнгөө нийлүүлэн 25,000,000 төгрөгийн үнэ бүхий КОВШ механизмыг П.Цэнд-Аюушаас худалдан авсан бөгөөд тухайн механизмын төлбөрт миний бие автомашинаа 8,000,000 төгрөгийн төлбөрт бартераар тооцон П.Цийн эхнэр Д.Дд өгч, үлдсэн төлбөр дээр хугацаа тогтоон улмаар 2016 оны 2 дугаар сар хүртэл төлбөрийг төлж барагдуулахад Б.О би 2,981,000 төгрөгийн тэтгэврийн зээл, 5,900,000 төгрөгийн цалингийн зээл авч, нийт 16,881,000 төгрөгийн хөрөнгө нийлүүлж худалдан авсан. Энэхүү КОВШ механизмаар Г.Ш ажил хийж бид 2016 онд хашаа байшинтай болж, 2017 онд Хово ачааны автомашин, Сrown180 автомашин, 2018 онд ачааны чиргүүл, 2019 онд орон сууц зэрэг хөрөнгийг үүсгэж бий болгон миний бие хүүхдүүдээ асрахын зэрэгцээ хөдөлмөрлөж Г.Шийн хувьд эхнэрийн үүргийг гүйцэтгэж ирсэн.

Цаашид хоёр хүүхдийнхээ амьдрал, ахуйн хувьд хүнд нөхцөл байдал үлдээж, үүсгэхгүйн тулд эцэг Г.Шоос нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Г.Штой хамтын амьдралын явцад үүсгэсэн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувийг гаргуулахаар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Үүнд:

1-рт : Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Б.О би Г.Шийн Э, Г.Шийн Э нарыг төрүүлсэн бөгөөд цаашид хүүхдүүдээ өөрөө асрах хүсэлтэй тул өөр дээрээ хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдүүдийн эцэг болох Ганхуягийн Г.Шоос хүүхэд тус бүртээ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

2-рт: Хамтын амьдралын явцад үүссэн 142,000,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувь болох 106,500,000 төгрөгийн эд хөрөнгийг Г.Шоос гаргуулах тухайд:

Г.Ш бид нар 2013 оны сүүлчээс хамтран амьдарч, улмаар 2 хүүхэдтэй болж албан ёсоор гэрлэлтээ батлуулалгүй өдийг хүрсэн ч миний бие Г.Шийн болон үр хүүхдүүдийнхээ бүхий л хэрэгцээг хангаж, амьдралын төлөө зүтгэж явсны хувьд зөвхөн хамтран амьдрах хугацаанд үүссэн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдүүддээ ногдох хувийг шударгаар тооцон гаргуулах эрхтэй хэмээн үзэж үүссэн эд хөрөнгө болон ногдох хувийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Хашаа, байшин:

М сумын 1-р баг, 42-р гудамжны 07 тоотод байрлах 671200 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Ү-17230 дугаартай үл хөдлөх хөрөнгийг мэргэжлийн байгууллагаас гаргасан Хөрөнгө үнэлгээний тайлан-д тусгасан үнэ болох 32,800,000 төгрөгөөр үнэлж өөрт болон хоёр хүүхэддээ ногдох хувь болох 24,600,000 төгрөгийн хөрөнгийг гаргуулах,

2. Орон сууц:

Г.Шийн өмчлөлд 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр бүртгэлтэй, Ү-1723000200 улсын бүртгэлийн дугаартай М сумын 8-р багийн 17-р байрны 55 тоотод байрлах 18 м2 орон сууцыг 25,000,000 төгрөгөөр үнэлж Г.Шоос гаргуулах,

3. ZL 30Е маркийн 2007 үйлдвэрлэгдсэн, 0000 УБ улсын дугаартай 25,000,000 төгрөгийн үнэ бүхий механизм / Ковш /-ыг 2015 оны 6 сард хамтын амьдралын явцад үүсгэсэн эд хөрөнгөөс Паламын Ц гэх хүнээс худалдан авсан тул энэхүү эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдүүддээ ногдох хувь болох 18,750,000 төгрөгийн хөрөнгийг Г.Шоос гаргуулах,

4. Хово самосвол маркын 0000 ХӨҮ улсын дугаартай, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ачааны авто автомашиныг Г.Ш нь 2017 онд худалдан авсан тул энэхүү эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдүүддээ ногдох хувь болох 30,000,000 төгрөгийн эд хөрөнгийг Г.Шоос гаргуулах,

5. 30 тоннын даац бүхий 3 тэнхлэгтэй, 9x60 багтаамжтай, 10 дугуйтай ачааны чиргүүлийг 2018 онд 12,000,000 төгрөгөөр худалдан авч байсан тул тухайн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхэддээ ногдох хувь болох 9,000,000 төгрөгийн эд хөрөнгийг Г.Шоос гаргуулах,

6. CROWN 180 маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг 2017 онд 7,200,000 төгрөгөөр худалдан авсан тул тухайн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхэддээ ногдох хувь болох 5,400,000 төгрөгийн эд хөрөнгийг Г. Г.Шоос гаргуулах, нийт 106,500,000 /зуун зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг Г.Шоос гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Г.Шийн охин, хүү болох Ш.Э, Ш.Э нарыг тэдний эх болох Б.О миний асрамжид үлдээж, Ш.Э, Ш.Э нарт тэдний эцэг болох Г.Шоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Г.Ш болон Б.О нарын хамтын амьдралын явцад үүссэн 142,000,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдүүддээ ногдох хувь болох 106,500,000 төгрөгийн эд хөрөнгийг Г.Шоос гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Б.О Г.Штой 2013 онд Хот тохижилт үйлчилгээний төвд ажиллаж байхдаа 2013 оны 4 сараас үерхэж 2013 оны 08 сараас хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Ш.Э, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ш.Э нар төрсөн. Хамтын амьдралын хугацаанд бид хамтдаа 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн Хот Тохижилт Үйлчилгээний Төв-д ажиллаж өмнөх сард нь Ковш 0000 УБ механизм Улаанбаатар хотоос авчирсан. Г.Ш ковшоор ажил хийж эхэлсэн байсан тул 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие Хот тохижилт үйлчилгээний газарт ажиллаж амьдрал ахуйгаа авч явж хүүхдүүдээ тэжээж тэтгэсээр ирсэн.

Иймд Г.Штой хамтын амьдралтай байсныг /2013 оны 08 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 01 -ны өдрийг хүртэл/ тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Хот тохижилт үйлчилгээний төвд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нарийн бичгийн даргаар ажилд орсон. Ингээд удалгүй гэрэлтүүлгийн ажлыг давхар хариуцаж ажиллаж байхдаа Г.Штой танилцсан. Тухайн үед Г.Ш нь Хот тохижилт, үйлчилгээний төвд ковшийн жолоочоор ажиллаж байсан юм. Бид хоёр 2013 оны 4 дүгээр сараас үерхэж эхлээд мөн оныхоо намар нь М сумын 5 дугаар баг, 7 дугаар гудамж, 9 тоотод байрлах Г.Шийн гэрт нь хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр том охин О.Энхзаяа маань төрсөн. 2016 оны 5 дугаар сард би Хот тохижилт, үйлчилгээний төвийн Дотоод хяналтын даргаар, Ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан учир байгууллагын ковшоор хувийн ажил хийж болохгүй байна гээд ковштой болох саналыг гаргасан. 2016 оны 6 дугаар сард Ipsum 2016 оны 6 дугаар сард ковш авахаар Улаанбаатар хот руу явсан. Би өөрийн машинаа ковшийн 8,000,000 төгрөгийн оронд өгч үлдэгдэл мөнгийг нь 2016 онд багтааж төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. 2016 оны 8 дугаар сард хашаа байшингаа барьсан. Гэхдээ хашаа байшин барьж байхад Г.Ш байгаагүй. Энэ хүн 2016 онд ковш аваад мөнгө олж эхлээд л ааш зан нь хувирсан. Газар, шорооны ажил эхлэхэд яваад намар ирдэг. Миний баруун хөл мэдээгүй, хүүхэд төрүүлж болохгүй гэсэн. Энэ хооронд би хүүхдээ тээгээд байнга эмнэлэгт хэвтдэг. Ийм хэцүү байхад Г.Ш миний хажууд байгаагүй. Бид хоёрын 7 жилийн хамтын амьдралын хугацаанд Г.Ш сүүлийн 5 жилд нь гэртээ байгаагүй, намар нь ирдэг байсан. 2016 онд ковш авсны дараа Хово маркийн машин авсан. Энэ машины 11,700,000 төгрөгийн үнийг Г.Ш төлсөн ба түүний дансны хуулгаар нотлогддог. Хариуцагч хариу тайлбартаа аав нь 12,000,000 төгрөгийн цалингийн зээл, ээж нь 2,000,000 төгрөгийн цалингийн зээлээ төлсөн гэдэг. Дараа нь 2018 онд Тоёота Кроун маркийн суудлын авто машиныг манай хамаатны хүн болох н.Гөөс 7,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх машины үнийг Г.Ш 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр н.Гийн данс руу 2,500,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г.Шийн данснаас н.Гийн данс руу 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Үлдэх 200,000 төгрөгт нь уг машин эйр кондишн байхгүй байсан учир моторыг нь худалдаж авсан юм. 0000АЧ тавцант чиргүүл худалдаж авсныг Г.Ш маш сайн мэдэж байгаа. 4303ТЧ чиргүүлийг Л.П гэх хүнээс 2017 онд 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд энэ нь ЗИЛ-130 маркийн авто машины жижиг чиргүүл байсан. Энэ чиргүүлийг Г.Ш өвөлжин нүүрсэнд авч яваад чиргүүл жижигдээд байна гээд Д.Г 5,500,000 төгрөгөөр худалдсан юм. Уг 5,500,000 төгрөг дээр 4,000,000 төгрөг нэмээд 6891АЧ ачааны чиргүүлийг Ц.Батсайхан гэх хүнээс 2019 оны намар 12,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 онд н.Пүрэвжавын данс руу чиргүүлийн үнэ 500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Л.Пүрэвжавын данс руу чиргүүлийн үнэ 1,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ц.Батсайханы данс руу чиргүүлийн үнэ 2,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 350,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д.Ганхуягийн Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 50,000 төгрөгийн орлого, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 2,000,000 төгрөгийн орлого, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 300,000 төгрөгийн орлого, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 230,000 төгрөгийн орлого, 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 250,000 төгрөгийн орлого, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 250,000 төгрөгийн орлого, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 1,500,000 төгрөгийн орлого, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 370,000 төгрөгийн орлого, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 440,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 1,200,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Д.Ганхуягийн данснаас Г.Шийн данс руу 100,000 төгрөгийн орлогууд Г.Шийн 5890824618 дугаартай дансанд орсон байдаг. Ц.Батсайханы мэдүүлэгт О.Ганхуягаас 7,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэсэн байдаг. Гэхдээ энэ мэдүүлэг нь худал юм. Учир нь Г.Ш Ц.Батсайханы данс руу 2,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээрээ чиргүүлийн үнэ гээд шилжүүлсэн. Г.Ш нь орон сууцны үнийг дараах байдлаар төлж байсан. Үүнд: Ч.Эрдэнэчимэгийн 5890027689 тоот данснаас түүвэрлэж авсан юм. 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Г.Шийн 5890824618 тоот данснаас О.Ганхуягийн 5890519423 тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлж, уг данснаас Ч.Эрдэнэчимэгийн данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Г.Шийн данснаас 606,000 төгрөгийг О.Ганхуягийн дансанд, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Д.Бадамхандын 5890319616 тоот дансанд 400,000 төгрөгийг орлого хийгдэж, О.Ганхуяг нь Ч.Эрдэнэчимэгийн данс руу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г.Шийн данснаас О.Ганхуягийн данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлж, тус данснаас Ч.Эрдэнэчимэгийн данс руу 1,000,000 төгрөгийг 99997694 гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Шийн данснаас О.Ганхуягийн данс руу 2,900,000 төгрөгийг шилжүүлж, тус О.Ганхуягийн данснаас Ч.Эрдэнэчимэгийн данс руу 2,000,000 төгрөгийн гүйлгээ, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.Шийн данснаас О.Ганхуягийн данс руу 12,800,000 төгрөгийг шилжүүлж, тус данснаас Ч.Эрдэнэчимэгийн данс руу 9,640,000 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн байдаг. Ингээд нийт 15,640,000 төгрөгийг шилжүүлж байрны үнэ төлсөн. Г.Ш тайлбартаа би нэг ч удаа байрны зээл төлж байгаагүй гэх худал мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Хаан банк ХХК-иас авсан 25,000,000 төгрөгийн зээл авч ковшийн засвар буюу мотор авахад 13,000,000 төгрөг, 1904ХӨҮ Хово машины мотор авахад 9,000,000 төгрөг, бусад сэлбэг авахад 3,000,000 төгрөг зарцуулсан гэж худал мэдүүлэг өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Шийн данснаас н.Чинзоригийн данс руу ковшийн 8,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Энэ Хово машиныг авахад би Г.Штой Улаанбаатар хот руу хамт явсан. Миний бие хүүхэд тээх боломжгүй байсан тул машины ард ор засаад явж байсан юм. Харин машин авахад нь би цуг байж чадаагүй. М сумын 1 дүгээр хороо, 42 дугаар гудамж, 7 тоотод байрлах хашаа байшингийн хувьд анх Хот тохижилт, үйлчилгээний 12 ажилтанд Хөх толгойн ойролцоо газар олгоход хамрагдаж чадаагүй. Ингээд би Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхэд хүсэлт гаргаж 1 дүгээр хороонд газартай болсон. 2016 оны 8 дугаар сард н.Ганзориг, н.Цэцэнбилэг, н.Бямбаа гэх 3 хүнээр 6,000,000 төгрөгийн ажлын хөлстэй, 32,600,000 төгрөгийн өртөгтэй тухайн хашаа байшинг барьсан юм. Г.Шийн зүгээс уг хашаа байшинд 6,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн ямар ч замын зардалгүй Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хот руу явж байшингийн дотоод засал чимэглэлийн материал авсан. Тэр үед манай төрлийн ах Эрээнээс бараа авчирдаг байсан юм. Үлдсэн мод, палкийг би цалингийн зээл аваад хүнтэй тохирон хямд үнээр авсан. 2015 онд байшин, 4 тал хашаа барихад Г.Ш байгаагүй юм. Жижиг зүйл дээр хэрүүл үүсгээд явчихдаг байсан. Ингээд намар нь хүйтрэхээр л ирдэг. Хүүхдүүдийнхээ яаж хэл, хөлд орсныг мэдэхгүй. Бага хүүхдээ төрүүлээд сард 2 удаа эмнэлэгт хэвтэж байхад нэг ч удаа эргэж ирээгүй, утсаар ч яриагүй. Хүүхдээ төрөхөд нь хажууд байдаг юм. Цагаан сар, шинэ жилийн баяраар л хүүхдүүдтэйгээ цуг байдаг. Ажилгүй, мөнгөгүй болсон үедээ л гэртээ ирдэг. Хүүхдийн баяр, төрсөн өдөр, 9 сарын 01 гээд баяруудаар аавгүй юм шиг л байсан. Манай аав 19 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. Хааяа архи уудаг юм. Тухайн өдөр нэг хүн утасдаад аавыгаа ирээд ав согтуу байна гэсэн. Аав нэлээн согтуу бид нар орон дээр аав газар унтаж байсан. Гэтэл аав орны урд сөхрөөд суучихсан байсан. Охиныг маань хөлөөс нь татаад чирсэн юм байхгүй, харин гараа хөнжил рүү нь оруулсан юм. Г.Ш над руу чат бичихдээ аав чинь чамайг оролддог биз дээ гэсэн. Манай хоёр хүүхдийг аав маань харж асардаг. Хүүхдүүд минь өвөөдөө дургүй биш. Г.Ш надтай хамт амьдрахаасаа өмнө ковш авахгүй яасан гэж хэлмээр байна. Би ковш авах саналыг өөрөө гаргаад Улаанбаатар хот руу явсан. Тэр үед бүгд ажилтай цалингийн зээл авах боломжтой үе байсан. Мөрөн сумын 1 дүгээр хороо, 42 дугаар гудамж, 7 тоотод байрлах хашаа байшинг манай ах дүү нар ирж барилцсан гэлээ. Би энэ хашаа байшинг байгууллагынхаа мужааныг гуйж 100,000 төгрөг өгч бариулсан юм. Г.Шийн ээж чамайг байшингаа барихыг чинь харна аа гэж хэлж байсан. Тэгэхэд манай ээж борц нүдээд Г.Шийг холын тээвэрт явдаг юм гээд өгөхөд хадам ээж борцыг нь аваад явсан. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш энэ хүмүүс нэг ч удаа надтай уулзаагүй. Хоёр хүүхэд нь амьдралгүй, ач нь аавгүй болох гээд байхад санаа зовохгүй байгааг гайхаж байна. Би өмгөөлөгчдөө шүүх хуралдааны танхимд орох л юм бол энэ хүмүүстэй эвлэрнэ гэж байхгүй гэж хэлсэн. Би Г.Шийн тайлбарыг маш их хүлээж байсан. Тайлбартаа гэр бүлээ цуцлуулахгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй гээд гуйгаад ирэх байх гэж намайг гүтгээд хүнтэй явалддаг, н.Пүрэв-Очир гээд жолоочтой машин дотор нь янз бүр болж байхыг би харсан гэсэн байсан. Ийм зүйл болоогүй гэдгийг хэлмээр байна. н.Поос гэрчийн мэдүүлэг авхуулах гэсэн боловч цар тахлын улмаас хөл хорионд орсон. Г.Ш н.П манайд анх удаа ирэхэд өглөөгүүр яасан их хаалга нүддэг юм гээд зодож байсан.н.П үүнээс болж Г.Шийг цагдаад өгсөн юм. Ингээд түүнд 500,000 төгрөгийн хахууль өгч өргөдлийг нь буцаалгасан байгаа. Ковш авснаас хойш л эдгээр эд хөрөнгүүдийг худалдаж авч эхэлсэн юм. 2016-2020 оны хооронд Г.Шийн дансанд нийт 393,000,000 төгрөгийн орлого орсон байдаг. Энэ орлогыг олохдоо гэр бүлдээ 10,000,000 төгрөг зарцуулсан. Аавдаа 61,000,000 төгрөг, ээждээ 30,000,000 төгрөг, төрсөн ахдаа 4,500,000 төгрөг, төрсөн дүүдээ 32,000,000 төгрөг зарцуулсан. Дансны хуулга дээр 24,000,000 төгрөгийн бэлэн мөнгө авсан харагддаг. Энэ мөнгөөр машин, механизмын төлбөрийг төлөх боломжтой байсан гэж ойлгож байна. Учир нь гүйлгээний утга нь ойлгомжгүй регистрийн дугаараар нь гарч ирсэн. Бэлэн мөнгөний машинаас карт уншуулж мөнгө авсан. Хадам ээж эмчилгээндээ 30,000,000 төгрөг зарцуулсан байх. Гэр бүлдээ 10,000,000 төгрөг зарцуулаа л биз би тоохгүй байна. Гэхдээ миний хувьд Г.Шид өнгөрсөн жилд би Казакстан улсын бариачид очиж саажилттай хөлөө бариулъя, нэг хүний зардал 5,000,000 төгрөг байдаг юм байна, би зардлыг нь даая 2-уулаа яваад ирье гэж хэлсэн юм. Гэтэл хүлээж аваагүй. Хөлийн маань зургийг аваад өгөөч, бичлэг хийгээд өгөөч гэхэд тоохгүй байсан. Ингээд би энэ асуудлыг орхисон. Хоёр хүүхдийнхээ төлөө л амьдаръя гэж бодсон. Ханилсан хань маань тоохгүй болохоор өөртөө итгэлгүй, хүний нутагт очоод алуулчих ч юм бил үү гэж бодсон. Манай гэр бүлийнхэн маш их дэмжиж байсан юм. Гэр бүлээ тэжээх нь чиний үүрэг гэж хэлмээр байна. Би ч гэсэн жирэмсний амралттай байхдаа цалингийнхаа зээлийг төлөх гээд 1 настай хүүхдээ 3 настай эгчээр нь харуулаад Мөрөн бетон ХХК-д ерөнхий санхүүчээр ажилласан. Цалингийн зээлээ төлөхгүй бол төсвийн байгууллага цалин муутай тул ингэж ажилласан юм. Г.Ш миний цалингийн зээлийг байнга төлж байсан гэсэн. Ингэж худлаа ярьж болохгүй. Охиноо 3 сартай байхад нь ажилдаа буцаж орсон юм. ... Миний хувьд тэр простер машиныг унаж чадахгүй юм байна лээ. Тэр машиныг бол авахгүй... Мөрөн сумын 1 дүгээр баг, 42 дугаар гудамж, 7 тоотод байрлах хашаа байшин, ковш механизм, Тоёота Кроун маркийн машин байхгүй тул оронд нь өгсөн Форестер машиныг зараад 7,200,000 төгрөгийг надад өгөх харин Г.Ш өөрөө 8 дугаар баг, 17 дугаар байр, 55 тоотод байрлах орон сууц, Хово маркийн машин, 6891АЧ дугаартай чиргүүлийг авахыг зөвшөөрч эвлэрч байна. Хүүхдүүдээ би авна. Хүүхдүүддээ эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулна. ...Г.Шийн аав, ээжийн гэрт амьдарч байсан. Ер нь бол манай аав ээжийнд ирж очин байдаг байсан. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хотгор зам ХХК-иас 9,300,000 төгрөгийн ковшийн түрээсийн мөнгө орж ирээд хашаа байшингаа барьж эхэлсэн юм. Г.Штой 2-уулаа цуг хамт амьдарч эхэлсэн хугацаа нь 2016 оны 7 дугаар сараас эхэлсэн юм. ... гэв.

Хариуцагч Г.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ганхуяг овогтой Г.Ш нь нэхэмжлэгч Б Б.Оээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэгч Б.Отэй 2013 онд танилцаж үерхэж байгаад 2013 оны сүүлчээс нэг гэртээ орж амьдарсан. Бид дундаасаа хоёр хүүхэдтэй болж 2014 оны 08 дугаар сарын 31 ний өдөр охин Ш.Э, 2017 дугаар сарын 27-ны өдөр хүү Ш.Э төрсөн. Нэхэмжлэгч Б.О нь надаас 9 насаар эгч , надаас өмнө хүнтэй сууж нэг хүүтэй болсон байгаад, нөхрөөсөө салсан байсан. Б.О нь салж үзсэн, яаж эд хөрөнгийг нь салгахаа мэддэг энэ тал дээрээ бол гаршсан эмэгтэй байгаа юм. Б.О нэхэмжлэлдээ арай хэтэрхий зүйл бичжээ, бид 6 жил орчим амьдрахдаа түүний нэхэмжлэлд дурдсан шиг энэ их хөрөнгийг бий болгож чадах уу? яагаад ч чадахгүй, надтай амьдрах үедээ Б.О Хот тохижилт үйлчилгээний төвд бичиг хэрэг, гэрээт ажилтан, дотоод хяналт хариуцсан ажилтнаар ажилладаг байсан ба 2 жилийн өмнөөс "О" ХХК-д нягтлангаар ажиллаж байсан. Одоо бол эрхэлсэн ажилгүй байгаа. Б.О тэр ажлуудыг хийхдээ цалин хөлс авч байсан байх. Гэхдээ надад тэдэн төгрөгийн цалин хөлс авдаг гэдгээ хэлж байгаагүй надаар л сар болгон цалингийн зээлээ хийлгэдэг байсан. Би Б.Отэй анх нийлэхдээ Хот тохижилт үйлчилгээний газарт Ковшийн жолоочоор ажиллаж байгаад хувьдаа Ковш машин аваад уг машинаараа газар шорооны ажил хийж, нэг ч өдрийг би амарч, зугаа цэнгэлд зарцуулж байгаагүй, амьдралын төлөө л зүтгэж байсан. 0000 ХӨҮ улсын дугаартай SHAANXI маркийн том оврын автомашин миний эцэг Одогмэдийн Ганхуягийн эзэмшилд байдаг ба 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Даваасүрэнгийн Тэлмэн гэдэг хүнээс 22 сая төгрөгт тооцож авсан. Уг машиныг авахдаа аав Ганхуяг нь Хот тохижилт үйлчилгээний төвд жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкнаас цалингийн 12,848,495 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авч 12 сая төгрөгийг машины өртөгт өгч, миний төрсөн ах Г.Цэдэндоржийн эзэмшлийн О ХӨҮ улсын дугаартай HARRIER маркийн автомашиныг 8,000,000 төгрөгөнд тооцож өгсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нь Хөвсгөл аймагт ирээд наймаа хийсэн Тэлмэн гэдэг хүн рүү аав шилжүүлж байсан. Уг 2.000.000 төгрөгийг ээж Д.Бадамханд аавын зээл авсан өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тэтгэврийн зээлээ нэмж 2.200.000 төгрөг авснаасаа өгсөн юм. Миний зүгээс уг тээврийн хэрэгслийг авахад аав О.Ганхуяг, ээж Д.Бадамханд, Б.О нарын хамт явсан. Б.О ч өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. Уг автомашиныг би зээл авахын тулд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Ингээд автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байгаад 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр аав О.Ганхуягийн нэр дээр шилжүүлсэн. М сумын 8-17- 55 тоотод байрлах 18 м2 орон сууц нь миний эцэг О.Ганхуяг, эх Д.Бадамханд нарын өмчлөлийн эд хөрөнгө юм. Яагаад миний нэр дээр энэ Мөрөн сумын 8-17- 55 тоотод байрлах 18 м2 орон сууц нь шилжих болсон гэвэл аав О.Ганхуяг, эх Д.Бадамханд нар нь 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл авахдаа лизингийн болон тэтгэврийн зээл авсан байгаад байр зээлээр авах боломжгүй болоод байрыг миний нэр дээр авсан. Би 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон М сумын 8-17- 55 тоотод байрлах 18 м2 орон сууцыг 25 сая төгрөгөнд барьцаалж Хаан банкнаас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээл авсан. Энэ зээлж авсан 25 сая төгрөгөөс Ковш маркийн 0000 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ буюу моторонд ээлж солих, 4 дугуй авахад нийт 13 сая төгрөг зарцуулсан. Мөн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мотор авахад 9 сая төгрөг, сэлбэг авах бусад замын зардалд 3 сая орчим төгрөг нь зарцуулагдсан. Байр хэдий миний нэр дээр байдаг ч аав, ээжийн өмчлөлийнх учраас аав, ээж өөрсдөө уг байрны зээлийг төлж барагдуулж дууссан. Би нэг ч удаа уг байрны зээлээс төлж байгаагүй. Яагаад 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мотор авах болон сэлбэг авахад миний зүгээс мөнгө зарцуулсан гэвэл аавын биеийн байдлаас шалтгаалан Ковш машин эвдрэлтэй явах боломжгүй үед би уг 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа ачиж мөнгө, төгрөг олж өр зээлээ дардаг, амьдрал ахуйдаа нэмэр болдог байсан учраас мотор, сэлбэг авах болсон. Цаашид ч энэ машиныг би ашиглах тул заавал засварлах, эд анги авах шаардлагатай юм. 0000 АЧ дугаар бүхий ачааны чиргүүлийг аав О.Ганхуяг нь өөртэй байсан хуучин ачааны чиргүүлээ 5 сая төгрөгөнд Д.Ганхуяг гэдэг хүнд зараад дээр нь 2 сая төгрөг нэмээд мөнгөө бэлнээр нь Батсайхан гэдэг хүнд өгч уг чиргүүлийг авч байсан. Уг чиргүүл ч миний эд хөрөнгө биш аав, ээжийн л эд хөрөнгө юм. Аав Ганхуягийн нэр дээр уг ачааны чиргүүл байдаг. Ачааны чиргүүлийг манай хашаанд аав хэсэг байлгасан нь үнэн. Гэтэл Б.О нь надаас салах, эд хөрөнгө хуваах, хүүхдийн тэтгэлэг төлүүлэх асуудал ярихын зэрэгцээ миний эцэг, эхийн эд хөрөнгөнд халдаж болохгүй биз ээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан байр, машиныг миний нэр дээр болгосныг Б.О үнэндээ гаршсан байдлаараа өөр ашиглаж, эцэг, эхийн эд хөрөнгөнд халдаж байгааг миний болон эхийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин М сумын 1-42-07 тоотод байрлах хашаа байшин, 0000 УБ улсын дугаартай Ковш механизм, CROWN 180 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бид хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө тул энэ хөрөнгийг албан ёсны үнэлгээг нь гаргуулаад хоёр хүүхэд, Б.О, өөрт оногдох хэсгийг хуваахад татгалзах зүйл байхгүй. Өмч хөрөнгийн хувьд үнэн зөвөөр нь тайлбар гаргалаа. Эхнэр Б.Оийн тухайд: Бид эхний жилүүдэд таарамжтай, тохиромжтой сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд Б.Оийн ааш хувирч намайг тайван байхын аргагүй хэл амаар доромжилж, намайг ажлаа хийгээд олон хоногоор яваад ирэхэд хаагуур банзалдаж, янхандаж яваад ирсэн гэх мэтээр хэлж байнгын гар утас шалгаж, намайг зогсохгүй миний эцэг, эх, ах дүүсийг хэл амаар доромжилдог болсон. Түүгээр ч зогсохгүй ээж Бадамхандын надад авч өгсөн гар утсыг хулгай хийж авчхаад би аваагүй гэх мэтээр үгүйсгэж байсан. Миний гар утсыг хулгай хийгээд авсныг хүүхдүүдийг хардаг Мөнх-Учрал ч хэлж байсан. Надад зодуулсан талаараа дурджээ. Б.О 2018 оны 11 дүгээр сард машин дотроо хамт ажилладаг байсан жолооч Пүрэв-очир гэдэг залуутай хувцас хунараа тайлсан байж байхаар нь би арай хэтэрхий доромжлуулж байна гээд биеэ барилгүй нэг удаа алгадаад, үүнээсээ болж Цагдаагийн байгууллагад шалгагдаж торгуулийн хариуцлага хүлээсэн. Б.О Пүрэв- Очир гэдэг залуутай байнгын харьцаатай байж намайг гэртээ байсаар байхад өглөө ирж гэрийн хаалга нүдээд байдаг байсан. Намайг гэр бүлээс гадуур харьцаа бусадтай үүсгэдэг гэж нэхэмжлэлдээ дурдаж, харин ч эсрэгээсээ Б.О өөрөө гэр бүлээс гадуур харьцаа бусадтай үүсгэж байж л өөрөө алгадуулж, би хариуцлага хүлээгээд л өнгөрсөн. Б.Оийн энэ ааш авир хэцүү байдлаас болоод миний эцэг, эх, ахан дүүс, найз нөхөд манайд ирэхээ байсан. Танайд очихоор л бөөн хэрүүлийн асуудалд орсон байх юм гээд эмээгээд очихоо байсан. Миний зүгээс М сумын 1 -2-07 тоотод байрлах хашаа байшин, 0000 УБ улсын дугаартай Ковш механизм, CROWN 180 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бид хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө тул эд хөрөнгийн албан ёсны үнэлгээг нь гаргуулаад хоёр хүүхэд болон Б.От, өөрт оногдох хэсгийг хуваахад татгалзах зүйл байхгүй. Мөн Б.Оээс гэр бүлээ цуцлуулах, хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин М сумын 8-17- 55 тоотод байрлах 18 м2 орон сууц, 0000 ХӨҮ улсын дугаартай SHAANXI маркийн том оврын автомашин, 0000 ТЧ дугаар бүхий ачааны чиргүүл нь эцэг Ганхуяг, эх Д.Бадамханд нарын эд хөрөнгө юм. Иймд нэхэмжлэлийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариу тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г.Ш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Миний бие Г.Ш нь нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Би Б.Отэй 2013 онд танилцан үерхэж байгаад охин Ш.Э төрсний дараа буюу 2015 оноос байнгын хамтран амьдрах болсон. Түүнээс өмнө хэн, хэнийхээрээ орж гарч байсан. 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр охин Ш.Э, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Ш.Э төрсөн. Б.О бидний хамтын амьдрал 2013 оны 8 дугаар сараас биш охин төрсний дараа буюу 2015 оноос эхэлсэн юм гэжээ.

Хариуцагч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин Ш.Эг өөрийн асрамжид үлдээх шалтгаан гэвэл Б.Оийн аав Баасанжав нь манай охиныг хүчиндэх гэж байгаа юм шиг бүх хувцсаа тайлаад дайрч байсан. Хадам аав айлд согтуу байна гэхээр нь байгаа айлаас нь очоод авчирч гэрт нь унтуулсан юм. Бид хэд газар унтаж байтал хадам аав бүх хувцсаа тайлчихсан нүцгэн охиныг маань хөлөөс нь татаж сугалаад хөнжлөөс нь гаргасан. 5 настай хүүхэд рүү маань ийм байдлаар дайрах надад хэцүү байсан. Хадам аав гаж донтой ч юм шиг үйлдэл үзүүлсэн. Б.О гудамжинд явж байсан хүүхдэд ковш авч өгөөд амьдралаа босгосон юм шиг том том юм ярьж байна. Бид хоёр М сумын 5 дугаар баг, 7 дугаар гудамж, 6 тоотод амьдарч байсан. Энэ хашаа байшинг 10,000,000 төгрөгөөр худалдаж үүний 8,000,000-9,000,000 төгрөгийг нь ковш авахад зарцуулсан юм. Энэ талаар ерөөсөө ярихгүй өөрөө л худалдаж авсан баян авгай шиг яриад байна. Аав, ээж хоёрыг би түрээсийн байранд оруулаад ковш авахаар Улаанбаатар хот руу явсан юм. Санааг нь гаргасан гэлээ. Тийм зүйл байхгүй. Би 18 настайгаасаа эхэлж ковш жолоодож сурсан. Ковш авна гэж бодож байсан юм. Аав ээж хоёр түрээсийн байранд амьдарч байгаад 10 дугаар баг, 18 дугаар гудамж, 22 тоотод хашаа байшин худалдаж авсан юм. Ковшийг самосвал, тэвштэй машинууд дагалддаг тул өөрсдөө машинтай болъё гээд аавыг ажлаас нь гаргасан юм. Ингээд 10 дугаар баг, 18 дугаар гудамж, 22 тоотод байх хашаа байшингаа зарж мөнгөөр нь Хово худалдаж авсан. Энэ үед бас цалингийн зээл, тэтгэврийн зээл авч байсан. он сар, өдрүүд нь ч хүртэл таарч байгаа. Аав бид хоёрын хувьд байнга цуг ажилладаг тул санхүүгийн хувьд нэг болчихдог. Өөрөөр хэлбэл тухайн ажлыг хэнтэй ярина, тэр хүний данс руу нь л мөнгө нь ордог юм. Аав бид хоёр хийсэн ажлынхаа орлогыг хувааж авдаг байсан. Энэ байдлыг аав, ээж хоёртоо мөнгө өгдөг мэтээр ойлгоод байх шиг байна. Аав ээж хоёр хашаа, байшингаа худалдаад Ч.Эрдэнэчимэг гэх хүнтэй байр авахаар ярилцсан байсан. Байранд орохдоо мөнгө төлөөгүй, бие биеэ таньдаг тул шууд орсон. Миний мөнгийг хэсэгчлээд төлж байсан, дансны хуулгаар ч тодорхой бий. Аав, ээжийнхээ гэр орныг худалдаж бараг гудамжинд гаргасан учир мөнгө өгөх үедээ өгч байсан үе байгаа. Бүх асуудлаа Б.От ярина гэж байхгүй. Бид хоёрыг ковш авч байхад хадам аав ээжийн зүгээс нэг санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй. 2019 онд Хово машины мотор эвдрээд Хаан банк ХХК-иас 25,000,000 төгрөгийн зээл авч байсан юм. Тухайн үед зээлгүй нь би учир өөрийнхөө нэр дээр зээл авсан. Миний нэр дээр ямар нэг барьцаа хөрөнгө байхгүй. Харин аавын орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж байж зээл авахаас өөр арга байгаагүй. Зээлээс байрны үлдэгдэл 9,640,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөөр нь шар машинд мотор авсан, үлдсэн мөнгөөр нь Б.Оийн хамаатнаас Тоёота Кроун маркийн машин авсан боловч кроп нь Эрдэнэтэд явж байхад эвдрээд нэлээд засвар хийлгэсэн. Хашаа байшинг манай аав, ах нар нийлж бариад хундамыг нь цутгаж байсан. Ингэж худал ярьж болохгүй. Байшин барих гээд Эрээнээс бүх материалыг нь авчирсан юм. Манай хамаатны ах мужаан хийдэг барих гэж байтал ингэж барьдаггүй юм гэж том том юм яриад хэрүүл болсон. Ингээд би авчирсан хүмүүсээ буцаасан. Би Хатгалд газар шорооны ажил гараад явсан. Ирэхэд хашаа, байшингаа барьчихсан байсан. Үүний дараа бид хоёр эвлэрсэн юм. Дансны хуулгаар далимдуулж эцэг эхийн маань хөрөнгө руу дайрч болохгүй. Б.Оийн яриагаар бол манай аав, ээж хоёр юу ч үгүй хүмүүс байсан юм шиг санагдаж байна. Би одоо 1 дүгээр хороонд амьдрахгүй байгаа. Аав бид хоёр н.Пүрэвжав гэх хүн дээр очиж чиргүүл худалдаж авч байсан. Аав бид хоёрын орлого нэг болохоор миний данснаас мөнгө орж гарч байсан зүйл байдаг. Тэр чиргүүлийг Д.Ганхуягт зараад Ц.Батсайханаас том чиргүүл авсан юм. Чиргүүл авахад Б.О цуг явж л байсан. Аавынхаа данс руу мөнгө шилжүүлсэн гэдгийг тайлбарламаар байна. Аав бид хоёр нэг ажил хийдэг учраас нэг данстай байдаг. Ээжийн данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь ээж 2010 оноос хойш 8-9 удаа хагалгаанд орсон тул хэрэглээний мөнгө л байсан байх. Мөнгөтэй үед нь авч байсан, өгч байсан үе бий. Аав, ээж хоёрыг нэг ч удаа утсаар яриагүй гэлээ. Б.О тэр хоёртой амьдарч байгаа биш заавал ярих шаардлагагүй гэж бодож байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Б.О өөрөө юм. Манай эцэг эх шүүхэд өг гэж хэлээгүй. Хөлийнх нь зургийг авч бичлэг хийж өгсөн гэж хэлмээр байна. Ингэж худлаа ярьж болохгүй... Мөрөн сумын 1 дүгээр баг, 42 дугаар гудамж, 7 тоотод байрлах хашаа байшин, ковш механизм, Тоёота Кроун маркийн машин байхгүй тул оронд нь өгсөн Форестер машиныг зараад 7,200,000 төгрөгийг Г.Ш нь нэхэмжлэгч Б.От шилжүүлэх, харин Г.Ш нь 8 дугаар баг, 17 дугаар байр, 55 тоотод байрлах орон сууц, Хово маркийн машин, 6891АЧ дугаартай чиргүүлийг авахаар эд хөрөнгийн тал дээр эвлэрэх боломжтой гэж бодож байна. 2016 оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан гэсэнтэй маргах зүйлгүй. Хоёр хүүхдээ ээжийн нь асурамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хоёр хүүхэддээ тэтгэлэг төлнө ... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Ш холбогдуулан хамтын амьдралтай байсан байдал болон хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 106.500.000 /нэг зуун зургаан сая таван зуун мянга / төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Г.Ш нь ... дундын өмчөөс М сумын 1 -42-07 тоотод байрлах газар, хашаа байшин, 0000 УБ улсын дугаартай Ковш механизм, CROWN 180 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бид хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө тул эд хөрөнгийн албан ёсны үнэлгээг нь гаргуулаад хоёр хүүхэд болон Б.От, өөрт оногдох хэсгийг хуваахад татгалзах зүйл байхгүй. Мөн Б.Оээс гэр бүлээ цуцлуулах, хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин М сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 55 тоотод байрлах 18 м2 орон сууц, 0000 ХӨҮ улсын дугаартай SHAANXI маркийн том оврын автомашин, 0000 ТЧ дугаар бүхий ачааны чиргүүл нь эцэг Ганхуяг, эх Д.Бадамханд нарын эд хөрөнгө тул зөвшөөрөхгүй ... гэж маргасан боловч шүүх хуралдаанд зохигчид хүүхдүүдийн асрамж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар харилцан тохиролцож эвлэрсэн болно.

Хэрэгт:

Нэхэмжлэгч Б.Оээс 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ш.Э, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ш.Э нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийг эрүүл өсөж бойжиж байгаа талаарх Дэлгэрмөрөн ӨЭМТ-ийн их эмчийн тодорхойлолт, Б.Оийн М сумын 1 дүгээр багийн 42 дугаар гудамжны 07 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт оршин сууж байгаа талаарх багийн засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, Тоёота кроун маркийн авто машины гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, даатгалын байгууллагын танилцуулга, Төрийн мэдээллийн сангаас авсан эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, тэтгэврийн болон барьцаат зээлийн гэрээнүүд, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоол, хариуцагчийн бусадтай цахим хэлбэрээр харьцсан зурвасууд, хамтын амьдралын явцад авхуулж байсан гэр бүлийн фото зурагууд, 2528 ӨВО улсын дугаартай, 7721ХӨВ улсын дугаартай авто машинуудын өмнөх өмчлөгчийн талаарх лавлагаа хавсралт бичиг 3 хуудас, Г.Шийн 5890824618 тоот дансанд түүвэр хийсэн тухай 8 хуудас баримтуудыг,

Хариуцагч Г.Шоос Гөрөөчин овогт Одогмэдийн Ганхуягийн иргэний үнэмлэхний лавлагаа, 7818УНМ дугаартай автомашины оношлогоо хийлгэхэд мөнгө төлсөн баримт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, даатгалын байгууллагын танилцуулга, Боржгон Дулмаан Бадамхандын иргэний үнэмлэхний лавлагаа,Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн тодорхойлолт,тавцант чиргүүлийн гэрчилгээ,өөрөө буулгагч 0000ХӨҮ авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, О.Ганхуягийн Хаан банкин дахь харилцах дансны хуулбар, барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, Хөвсгөл аймгийн хот тохижуулах үйлчилгээний төвийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалын хуулбар 1 хуудас, Дулмаагийн Бадамхандын Хаан банкин дахь харилцах дансны хуулбар 6 хуудас, Дулмаагийн Бадамхандын иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар баримт 10 хуудас, О.Ганхуяг Д.Бадамханд нарын оршин сууж байгаа багийн засаг даргын тодорхойлолт, Г.Шийн Хаан банкны Дэлгэрмөрөн тооцооны төвд зээлийн үлдэгдэлтэй байгаа талаарх албан бичиг зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нараас хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсний үндсэн дээр хэрэгт Ч.Эрдэнэчимэг, О.Ганхуяг, Ц.Батсайхан, Ц.Зоригт, Ц.Ганзориг нараас авсан гэрчийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/998 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн дарга Ө.Баттулгын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 143 дугаар албан бичиг, хавсралтаар тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчөөр гаргасан лавлагаа 1 хуудас, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан хавсралт баримтууд 17 хуудас, автотээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Далайтуяагийн гаргасан тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн лавлагаа 6 хуудас, Ч.Эрдэнэчимэгийн Хаан банкин дахь харилцах дансны хуулбар 32 хуудас, Г.Шийн Хаан банкин дахь харилцах дансны хуулбар, 5890027689, 5890814618 тоот дансны эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нийт 66 хуудас, авто тээврийн үндэсний төвийн програмд үзлэг хийсэн баримтууд нотлох баримтаар авагджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Г.Ш нар нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болон тэдний хамтын амьдарлын явцад 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр охин Ш.Э, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Ш.Э нар төрсөн болох нь нэхэмжлэгч Б.Оийн шүүх хуралдаанд гаргасан ... Г.Шийн аав, ээжийн гэрт амьдарч байсан. Ер нь бол манай аав ээжийнд ирж очин байдаг байсан. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хотгор зам ХХК-иас 9,300,000 төгрөгийн ковшийн түрээсийн мөнгө орж ирээд хашаа байшингаа барьж эхэлсэн юм. Г.Штой 2-уулаа цуг хамт амьдарч эхэлсэн хугацаа нь 2016 оны 7 дугаар сараас эхэлсэн юм... гэх тайлбар, хариуцагч Г.Шийн ...2016 оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан гэсэнтэй маргах зүйлгүй... гэх тайлбар, 6701000750 дугаарт бүртгэн олгосон Гөрөөчин овогтой Г.Шийн Энхзаяа /2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн/-гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 6701000859 дугаарт бүртгэн олгосон Гөрөөчин овогт Г.Шийн Энхдөлгөөн /2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн/-ий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, гэрч Ц.Ганзориг, Ц. Зоригт нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.О нь хамтын амьдарлын явцад бий болсон дундын хөрөнгөөс 106.500.000 төгрөгийг хариуцагч Г.Шоос гаргуулахаар нэхэмжилсэн ба зохигчид хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад зохигчид М сумын 1 дүгээр багийн 42 дугаар гудамжны 07 тоотод байрлалтай гэр бүлийн зориулалттай Б.Оийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, түүний дээр байрлах 32.872.400 /гучин хоёр сая найман зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэлгээтэй 110,4 мкв хэмжээтэй өвлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө / сууцны байшин/, 2007 онд үйлдвэрлэгдсэн 0000 УБ улсын дугаартай 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй маркийн механизм /ковш/ зэргийг нэхэмжлэгч Б.От, М сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 55 тоотод байрлалтай 30.855.300 /гучин сая найман зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэлгээтэй 18мкв хэмжээтэй орон сууц, 1999 онд үйлдвэрлэгдсэн 6891АЧ улсын дугаартай НСН маркийн 9000000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээтэй тавцант чиргүүл, 2012 онд үйлдвэрлэгдсэн 0000ХӨҮ улсын дугаартай Shaanhi /хово/ маркийн 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй авто машин зэргийг хариуцагч Г.Шид тус тус үлдээхээр, хариуцагч Г.Шоос хамтын амьдарлын явцад бий болсон гэх Тоёото кроун маркын авто машины үнэ болох 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.От өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно.

Иймд талуудын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар эвлэрсэн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.О нь 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ш.Э, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ш.Э нарын өөрийн асрамжиндаа авах, тэдэнд эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Г.Ш нь хүүхдүүдээ эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно.,

40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,

40.1.2-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Б.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй тул 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ш.Э, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ш.Э нарыг эх Б.Оийн асрамжинд үлдээж, хүүхдүүдийг 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Шоос хүүхэд бүрт тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамжид 899.278 төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 899.278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Шоос хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 55.572.400 төгрөг /Б.О авч үлдэхээр харилцан эвлэрсэн эд хөрөнгийн үнийн дүн/-өнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 435.812 төгрөгийг хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70.200.төгрөг, хүүхдүүдээ асрамжиндаа авах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70.200 төгрөг, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 68.428 төгрөг нийт 644.640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар  Г.Ш, Б.О нарын 2016 оны 7 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Гөрөөчин овогт Г.Шийн Э, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.Шийн Э нарыг эх  Б.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар  охин Г.Шийн Э, хүү Г.Шийн Э нарыг 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт хариуцагч  Г.Ш-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эд хөрөнгийн талаар зохигчид М сумын 1 дүгээр багийн 42 дугаар гудамжны 07 тоотод байрлалтай гэр бүлийн зориулалттай Б.Оийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар, түүний дээр байрлах 32.872.400 /гучин хоёр сая найман зуун далан хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэлгээтэй 110,4 мкв хэмжээтэй өвлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө / сууцны байшин/, 2007 онд үйлдвэрлэгдсэн 0000 УБ улсын дугаартай 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй маркийн механизм /ковш/ зэргийг нэхэмжлэгч Б.От, М сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 55 тоотод байрлалтай 30.855.300 /гучин сая найман зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэлгээтэй 18мкв хэмжээтэй орон сууц, 1999 онд үйлдвэрлэгдсэн 6891АЧ улсын дугаартай НСН маркийн 9000000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээтэй тавцант чиргүүл, 2012 онд үйлдвэрлэгдсэн 0000ХӨҮ улсын дугаартай Shaanhi /хово/ маркийн 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй авто машин зэргийг хариуцагч Г.Шид тус тус үлдээхээр, хариуцагч Г.Шоос 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.От өгөхөөр харилцан эвлэрсэн эвлэрлийг баталсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 899.278 /найман зуун ерэн есөн мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Шоос 644.640 /зургаан зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.МӨНХТУЯА